Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 00319

 

Б.О-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2017/02295 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.О-ийн нэхэмжлэлтэй

 Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохиролд 3 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: прокурор Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Б.О-ийг бусдын эд хөрөнгийг бүлэглэн дээрэмдсэн үндэслэлээр эрүүгийн хэрэгт 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан хүнд гэмт хэрэгт сэжигтнээр тооцож, яллагдагчаар татсан. Улмаар 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 286 дугаартай прокурорын тогтоолоор Б.О-д холбогдох үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 3 сар гаруй хугацаанд Б.О-д бусдын батлан даалтанд авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж, мөрдөн байцаалт болон прокурорын хяналтанд өдөр бүр цагаа бүртгүүлж, гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа сэтгэл санаа болон эд материалын хохирол хүлээсэн боловч хуульд зааснаар өөрт учирсан хохирол болох хууль зүйн туслалцаа авахад төлсөн 3 000 000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулж өгнө үү гэжээ.

Төрийг төлөөлж оролцсон прокурор Ч.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 286 дугаар “Эрүүгийн хэргээс зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Прокурорын тогтоолоор яллагдагч Б.О, О.Б, Д.М нар 2012 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Баруун хөшөөт” ХХК-ийн засварын газар ажилладаг Вьетнам улсын иргэдийн эд зүйлсийг дээрэмдсэн гэх хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад Б.О, О.Б, Д.М нар дэлгүүрт очер дайрлаа гэх шалтгаанаар Вьетнам улсын иргэн Pham Quoc Phong, Dang Quoc Huy, Hoang Van Dong, Huynh The Tan нартай маргалдаж улмаар Б.О, О.Б нар дэлгүүрээс гарч тамхи татаж зогсож байхад нь Вьетнам залуучууд дэлгүүрээс гарч ирэхэд Вьетнам залуугийн хөл дээр нь уйгаржин Монгол бичгээр бичсэн шивээсийг арилга гэж хэлснээс хоорондоо маргалдаж хохирогч нар чулуу шидэж зугтааснаар яллагдагч Б.О, О.Б, Д.М нар араас нь хөөж Вьетнам улсын иргэдийг зодсон байдаг.

Д.М нь хохирогч нарыг зодож байх явцдаа эд зүйлсийг нь дээрэмдэж 120 000 төгрөгийн хохирол учруулсан боловч дээрх дээрмийн гэмт хэрэгт яллагдагч Б.О, О.Б нар хамтран оролцсон нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдоогүй тул яллагдагч Б.О, О.Б нарт холбогдох бусдыг зодож танхайрсан гэх үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хууль зөрчсөн ажиллагаа байхгүй тул хууль зүйн туслалцаа авахад төлсөн 3 000 000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулах үндэслэлгүй гэжээ.

          Шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирол 3 000 000 төгрөг гаргуулах тухай Б.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

          Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлйн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчиж шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, үндэслэл болгосон баримтыг буруу үнэлсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан яллагдагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгож прокурор шийдвэрлэсэн байхад хохирол нөхөн төлүүлэх эрхгүй гэж шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иргэнийн хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг хэрэгт яллагдагчаар татан шалгагдаж байх үед хүчин төгөлдөр байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсэгт заасныг зөрчиж мөрдөн байцаагч хангалттай нотлох баримтгүйгээр хууль бусаар яллагдагчаар татсан гэж үзнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.О хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохиролд өмгөөлөгчийн хөлс 3 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 286 дугаар “Эрүүгийн хэргээс зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол гаргажээ. Уг тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, шалгагдсан сэжигтэн Б.О, О.Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.О-д 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх 4-5,7/

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокурорыг төрийг төлөөлж оролцуулсан байх боловч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор төрийг төлөөлж оролцох талаар хуулийн зохицуулалт байхгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр прокурор оролцуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасан байхад уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Чингэлтэй дүүргийн прокурорыг оролцуулах арга хэмжээг шүүх өөрийн санаачилгаар авсан нь буруу. /хх 18/

Чингэлтэй дүүргийн прокурор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн ямар оролцогчоор оролцож байгаа нь тодорхой бус буюу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцох тохиолдолд түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар бие даасан хэргийн оролцогч гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд прокурор төрийг төлөөлж оролцдог болно.

Иймд Б.О-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор хэргийн оролцогч болоогүй, мэтгэлцэх зарчим хангагдаагүй гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлд зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаагч, прокурорын буруутай ажиллагаатай холбоотой хохирлыг төрөөс гаргуулахаар шаардсан тохиолдолд төрийг төлөөлөн оролцох хариуцагчийг зөв тодорхойлох шаардлагатай байна.

Хэргийн оролцогчийн эрх зүйн байдал тодорхойгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2017/02295 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               ШҮҮГЧИД                                            А.МӨНХЗУЛ

                                                                                                            Д.БАЙГАЛМАА