Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 876

 

Ү.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Отгонсүрэн,

шүүгдэгч Ү.Б, түүний өмгөөлөгч А.Очбадрал,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 435 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Х.Эрдэнэтуяагийн бичсэн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаартай эсэргүүцлээр Ү.Бд холбогдох эрүүгийн 1910005390302 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

........................, 1985 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 129а тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.........................,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 cap 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 54 дугаартай магадлалаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт заасан хэргийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хэргийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, цагдан хоригдсон 125 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож сулласан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 406 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.

 

Ү.Б нь 2019 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хорооллын S-14 дүгээр байрны 3-2 тоотод оршин суух иргэн О.Ууганбаярын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 40 инчийн Самсунг загварын зурагтыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 566.940 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ү.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ү.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, ................... бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ү.Бг 6 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ү.Бд оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ү.Бгийн цагдан хоригдсон 61 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ү.Б нь хохирогч О.Ууганбаярт 280.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ү.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Х.Эрдэнэтуяа бичсэн эсэргүүцэлдээ: “Шүүгдэгч Ү.Б нь “бусдын байнга амьдрах орон байранд нэвтэрч” буюу хохирогч О.Ууганбаярын гэрт нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон. Үүнд:

1. Хохирогч О.Ууганбаярын “...2019 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймаг руу явсан. Би явахдаа Батболд, Тэрбиш хоёрт очих газар байхгүй, уг нь ганц хоёр хоногоос хөдөө явна гэхээр нь яаж найзуудаа орон гэргүй үлдээх вэ гэж бодоод Батболдод “за би чамд итгээд гэрийн түлхүүрээ үлдээлээ шүү, наад Баярмагнай чинь ямар гэдгийг мэдэж байгаа биздээ, гэрт ганцааранг нь үлдээх, эсхүл гэр орны түлхүүр өгч огт болохгүй шүү” гэж хэлсэн чинь “заза ойлголоо” гэж хэлээд түлхүүр аваад үлдсэн. Би Дархан-Уул аймагт очоод байтал шинийн нэгний орой буюу 2 дугаар сарын 05-ны орой Баярмагнай над руу залгаад “нөгөө хоёр чинь намайг орхиод Дорнод руу явчихлаа” гэхээр нь “за чи гэр орны юм авчихваа наанаа аятайхан байгаарай, тэгээд одоо чи наанаа байгаад яахав дээ гэр орон руугаа явахгүй юу даа” гэж хэлсэн чинь “тэгнээ, энд ганцаараа жаахан уйтгартай байна” гэж хэлсэн. Би Батболд руу залгахад утас нь холбогдохгүй байсан бөгөөд хүн итгээд түлхүүр өгч байхад яах гэж Баярмагнайг гэрт үлдээсэн юм бол гэж бодсон. Би буцаад 2 дугаар сарын 10-ны орой гэртээ ирээд илүү түлхүүрээр гэрээ онгойлгоод ортол гэрт байсан “Самсунг” загварын 40 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт байхгүй байсан. ...Намайг явахад Баярмагнай гэрт үлдсэн боловч Батболд, Тэрбиш хоёрыг явах үед явна биз гэж бодсон. Тэгтэл Тэрбиш, Батболд хоёроос гэрийн түлхүүрийг хулгайлаад авсан байсан. Би юу гэж Баярмагнайг гэртээ ганцааранг нь байлгах юм бэ, дандаа дэл сул юм аваад явчихдаг зангийн мэднэ шүү дээ. Би Тэрбиш, Батболд хоёрт л гэрийнхээ түлхүүрийг үлдээсэн. Баярмагнайд ямар ч түлхүүр өгөөгүй. Би тэр хоёрт түлхүүрээ үлдээхдээ “та хоёр гарахдаа сайн цоожлоод түлхүүрээ аваад явж бай, дараа уулзахаараа авья, гэрийн түлхүүрийг хэнд ч өгч болохгүй шүү” гэж өгсөн. Батболд хэлэхдээ “Баярмагнай уг нь бид хоёрыг унаанд суулгаж өгнө гэж хэлээд хамт гарсан, тэгээд замд миний халааснаас түлхүүр авчихсан юм байна, тэрнээс би юу гэж өгч байхав дээ” гэж хэлсэн. Баярмагнайгийн гэр орон нь хотод байдаг шүү дээ. Очих газар байгаа. Тэрбиш, Батболд хоёр хөдөө явсан тохиолдолд Баярмагнай өөрийнхөө гэр рүү явах ёстой байсан.” гэх мэдүүлэг /хх 5-9/,

2. Гэрч Л.Тэрбишийн “...би Батболд, Баярмагнай нарын хамт найз Ууганбаярын “Вива сити” хороололд байх гэрт нь хэд хоносон юм. Ууганбаяр болохоор 2 дугаар сарын 03-ны өдөр золголт хийнэ гэж хэлээд Дархан-Уул аймаг руу явсан байсан. Явахдаа гэрийн түлхүүрээ Батболд бид хоёрт “та хоёр аваарай” гэж хэлээд үлдээсэн юм. Бид хоёр 2019 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймаг руу золголт хийхээр явсан. Ууганбаярын гэрээс бид гурав хамт гараад Батболд түлхүүрээр цоожилсон бөгөөд Баярмагнай бид хоёрыг гаргаж өгнө гэж хэлээд хамт автобусанд суугаад замдаа “би ерөөсөө эндээ буулаа, та хоёр сайн яваарай” гэж хэлсэн. Тэгээд Батболд бид хоёр унаанд суугаад Дорнод аймаг руу оччихоод Ууганбаярын гэрийн түлхүүрийг хайгаад олоогүй. Тэгтэл маргааш нь билүү Ууганбаяр залгаад “та хоёр гэрийн түлхүүр яах гэж Баярмагнайд өгч байгаа юм вэ, наадах чинь одоо гэр орноос юм авчихна шүү дээ” гэж хэлсэн. Тэгтэл хэд хоногийн дараа зурагтыг нь аваад явсан байна гэж мэдсэн. Батболд бид хоёр Баярмагнайд гэрийн түлхүүр өгөөгүй. Харин хамт автобусанд суухдаа Батболдын халааснаас авчихсан юм билээ. Тэрийг тухайн үед бид хоёр мэдээгүй. Мэдсэн бол юу гэж өгч явуулах билээ. Түлхүүр нь Батболдын халаасанд байсан ба Дорнод аймагт очиход түлхүүр алга болсон байна гэхээр нь Баярмагнайг авсан байна гэж мэдсэн. Тэрнээс түлхүүр үлдээсэн, өгсөн асуудал байхгүй.” гэх мэдүүлэг /хх 13-14/,

3. Гэрч Ц.Батболдын “...Багын найзууд болох Баярмагнай, Тэрбиш, Ууганбаяр нартай уулзаад Ууганбаярын “Вива сити” хороололд байдаг гэрт нь очсон. Тэндээ 2-3 хоног архи ууж байгаад гэрийн эзэн Ууганбаяр “би Дархан-Уул аймаг явж шинэлнэ, та нар яах юм бэ” гэхээр нь би “надад хотод очих газар байхгүй” гэж хэлсэн чинь “заза тэгвэл би гэрийн түлхүүрийг үлдээчихье, чи явахдаа гэрээ өөрөө цоожлоод түлхүүрээ аваад яваарай” гэсэн. Би түлхүүрийг нь авч үлдээд шинийн нэгэнд Тэрбиш бид хоёр Дорнод аймаг найзтайгаа уулзахаар явсан. Би Ууганбаярын гэрээс гарахдаа цоожлоод гарсан. Тэрбиш, Баярмагнай бид гурав хамт гарсан. Баярмагнай бид хоёрыг унаанд чинь суулгаж өгнө гэж хамт автобусанд сууж яваад замдаа “би ерөөсөө эндээ буулаа” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр цаашаа явсан. Дорнод аймагт очоод юм хумаа үзэж байтал халаасанд хийсэн байсан Ууганбаярын гэрийн түлхүүр байхгүй байсан. Ууганбаяртай утсаар ярьсан чинь “Баярмагнайд яагаад түлхүүр өгч байгаа юм бэ, тэр чинь манайд байна гээд над руу яриад байх юм” гэхээр нь “би уг нь өгөөгүй, надаас хулгайлаад авсан байна” гэж хэлсэн. Ууганбаяр нилээд ууртай байсан бөгөөд “Баярмагнай явсан газраа дандаа юм хум авчихдаг зантай болохоор наадах чинь гэр орны юм зарж үрэх вий дээ, чи яасан найдваргүй юм бэ” гээд уурлаад байсан. Хэд хоногийн дараа Ууганбаяр над руу залгаад “гэртээ иртэл зурагт байхгүй байна, чи авсан уу” гэхээр нь “үгүй ээ, би наанаас чинь гарахад байсан” гэж хэлсэн. Хэд хоногийн дараа Баярмагнай Ууганбаяртай утсаар яриад “зурагтыг чинь ломбарданд тавьсан байгаа, өөрөө авчих” гэж хэлээд 280.000 төгрөг шилжүүлсэн гэсэн.” гэх мэдүүлэг /хх 12/,

4. Яллагдагч Ү.Бгийн “...Тухайн үед цагаан сар болоод би золголтын мөнгөгүй болчихсон бөгөөд яах ч аргагүй байдалд ороод авч гараад такси бариад өөрийнхөө бичиг баримтаар ломбарданд тавьсан. Хаана ямар нэртэй ломбарданд тавьсанаа мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх 36/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Ууганбаяр, гэрч Ц.Батболд нарын мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болно. Дээрх нотлох баримтуудаар хохирогч О.Ууганбаяр нь шүүгдэгч Ү.Бг урьд өмнө түүнийг бага сага эд зүйл зөвшөөрөлгүй авдаг гэдгийг мэддэг байсан учраас гэрийнхээ түлхүүрийг түүнд итгэж үлдээгээгүй, өөрөөр хэлбэл түүнийг өөрийнхөө байнга амьдрах орон байранд орохыг зөвшөөрөөгүй. Мөн Ү.Б нь Улаанбаатар хотод оршин суух тодорхой хаягтай, түүндээ амьдардаг ба гэртээ харих боломжтой байсан. Харин гэрч Ц.Батболд, Л.Тэрбиш нар нь Улаанбаатар хотод амьдардаггүй, очих газаргүй байсан, мөн тэдэнд хохирогч О.Ууганбаяр нь итгэж гэрийнхээ түлхүүрийг үлдээж, тэднийг өөрийнхөө гэрт байхыг зөвшөөрсөн байдаг. Гэрч Ц.Батболд, Л.Тэрбиш нарын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тэд шүүгдэгч Ү.Бд хохирогч О.Ууганбаярын гэрийн түлхүүрийг өгөөгүй ба түүнийг О.Ууганбаярын гэрт орохыг зөвшөөрөөгүй болох нь тогтоогддог. Улсын Дээд шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаартай тогтоолд “...тодорхой цаг хугацаанд байх эрх бүхий этгээд өөр цаг хугацаанд зөвшөөрөлгүйгээр орсон байвал орон байранд нэвтэрч гэж үзнэ” гэсэн ба шүүгдэгч Ү.Б нь урьд өмнө хохирогч О.Ууганбаярын гэрт хонодог байсан ч өөрөө Дархан-Уул аймаг явахдаа шүүгдэгч Ү.Бг орон байрандаа орохыг зөвшөөрөөгүй, түүнд түлхүүрээ үлдээгээгүй байхад түлхүүрийг нь Ц.Батболдын халааснаас хулгайлан авч хохирогчийн орон байранд хууль бусаар нэвтэрсэн. Ү.Б нь өөрийнхөө гэрт очих боломжтой байсан. Гэтэл Ц.Батболд, Л.Тэрбиш нарыг Дорнод явах унаанд нь суулгаж өгөхөөр автобусанд явж байгаад гэнэт буугаад гэр рүүгээ очилгүй хохирогч О.Ууганбаярын гэрт очсон нь анхнаасаа хулгай хийх буюу эд зүйлийг авах санаа зорилготой, орон байранд нь хэнд ч мэдэгдэлгүй, нууцаар нэвтэрсэн болох нь харагдаж байна. Мөн тэр хохирогчийн гэрт орохоосоо өмнө хохирогч руу яриад танай гэрт орлоо шүү гэж хэлээд зөвшөөрөл авах боломжтой байсан. Гэтэл орж хоноод маргааш нь гарахдаа хохирогчид утасдаж хэлж байгаа нь мөн өөрийнхөө хууль бус үйлдлийг нуун дарагдуулах санаа зорилготой байсан нь харагдаж байна. Ү.Бгийн бусдын байнга амьдрах орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байхад шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эргэлзээ төрж байна” гэдэг үндэслэлээр зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь үндэслэлгүй ба шүүх Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 435 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Прокурор Ц.Отгонсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Хохирогч нь гэртээ найз Тэрбиш, Батболд нарын хамт байж байгаад золголт хийхээр явахдаа найз нартаа түлхүүрээ үлдээсэн байдаг. Тухайн үед хохирогчийн гэрт Тэрбиш, Батболд, шүүгдэгч Ү.Б нар үлдсэн байдаг. Тэрбиш, Батболд нар нь Дорнод аймаг руу явахаар хохирогчийн гэрийг цоожлоод гарсан. Үүний дараа тэд нар автобусанд хамт явж байхад шүүгдэгч Ү.Б гэрч Батболдын халааснаас хохирогчийн гэрийн түлхүүрийг авсан байдаг. Үүний дараа шүүгдэгч Ү.Б нь бусдын байнга амьдрах орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байхад анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эргэлзээ төрж байна” гэдэг үндэслэлээр зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилсөн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр хэргийг буцааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ү.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын яллагчийн шийдвэртэй санал нийлэхгүй байна. Миний бие найзынхаа халааснаас түлхүүрийг нь авснаа хүлээн зөвшөөрч байна. Би хулгайлах талаар огт бодоогүй. Найзыгаа ирэхээс нь өмнө барьцаанд тавьчихаад авч өгөх гэж байсан боловч амжаагүй юм.” гэв.

Шүүгдэгч Ү.Бгийн өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр нь гурван хүнд түлхүүр үлдээсэн ба гурван хүн гурвуулаа нэвтрэх эрхтэй талаар дурдсан. Иймд анхан шатны шүүх тухайн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ашигтайгаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ, шүүгдэгч Ү.Бгийн 2019 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хорооллын S-14 дүгээр байрны 3-2 тоотод оршин суух иргэн О.Ууганбаярын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 40 инчийн Самсунг загварын зурагтыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 566.940 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй байна.

Хохирогч О.Ууганбаяр “...2019 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймаг руу явсан. Би явахдаа Батболд, Тэрбиш хоёрт очих газар байхгүй, уг нь ганц хоёр хоногоос хөдөө явна гэхээр нь яаж найзуудаа орон гэргүй үлдээх вэ гэж бодоод Батболдод “за би чамд итгээд гэрийн түлхүүрээ үлдээлээ шүү, наад Баярмагнай чинь ямар гэдгийг мэдэж байгаа биздээ, гэрт ганцааранг нь үлдээх, эсхүл гэр орны түлхүүр өгч огт болохгүй шүү” гэж хэлсэн чинь “заза ойлголоо” гэж хэлээд түлхүүр аваад үлдсэн. ...Баярмагнай над руу залгаад “нөгөө хоёр чинь намайг орхиод Дорнод руу явчихлаа” гэхээр нь “за чи гэр орны юм авчихваа наанаа аятайхан байгаарай, тэгээд одоо чи наанаа байгаад яахав дээ гэр орон руугаа явахгүй юу даа” гэж хэлсэн чинь “тэгнээ, энд ганцаараа жаахан уйтгартай байна” гэж хэлсэн. Би Батболд руу залгахад утас нь холбогдохгүй байсан бөгөөд хүн итгээд түлхүүр өгч байхад яах гэж Баярмагнайг гэрт үлдээсэн юм бол гэж бодсон. ...Намайг явахад Баярмагнай гэрт үлдсэн боловч Батболд, Тэрбиш хоёрыг явах үед явна биз гэж бодсон. Тэгтэл Тэрбиш, Батболд хоёроос гэрийн түлхүүрийг хулгайлаад авсан байсан. Би юу гэж Баярмагнайг гэртээ ганцааранг нь байлгах юм бэ, дандаа дэл сул юм аваад явчихдаг занг нь мэднэ шүү дээ. Би Тэрбиш, Батболд хоёрт л гэрийнхээ түлхүүрийг үлдээсэн. Баярмагнайд ямар ч түлхүүр өгөөгүй. Би тэр хоёрт түлхүүрээ үлдээхдээ “та хоёр гарахдаа сайн цоожлоод түлхүүрээ аваад явж бай, дараа уулзахаараа авья, гэрийн түлхүүрийг хэнд ч өгч болохгүй шүү” гэж өгсөн. Батболд хэлэхдээ “Баярмагнай уг нь бид хоёрыг унаанд суулгаж өгнө гэж хэлээд хамт гарсан, тэгээд замд миний халааснаас түлхүүр авчихсан юм байна, тэрнээс би юу гэж өгч байхав дээ” гэж хэлсэн. ...Тэрбиш, Батболд хоёр хөдөө явсан тохиолдолд Баярмагнай өөрийнхөө гэр рүү явах ёстой байсан. ...” гэж /хх 5-9/,

гэрч Л.Тэрбиш “...явахдаа гэрийн түлхүүрээ Батболд бид хоёрт “та хоёр аваарай” гэж хэлээд үлдээсэн юм. ...Ууганбаярын гэрээс бид гурав хамт гараад Батболд түлхүүрээр цоожилсон бөгөөд Баярмагнай бид хоёрыг гаргаж өгнө гэж хэлээд хамт автобусанд суугаад замдаа “би ерөөсөө эндээ буулаа, та хоёр сайн яваарай” гэж хэлсэн. Тэгээд Батболд бид хоёр унаанд суугаад Дорнод аймаг руу оччихоод Ууганбаярын гэрийн түлхүүрийг хайгаад олоогүй. Тэгтэл маргааш нь билүү Ууганбаяр залгаад “та хоёр гэрийн түлхүүр яах гэж Баярмагнайд өгч байгаа юм вэ, наадах чинь одоо гэр орноос юм авчихна шүү дээ” гэж хэлсэн. ...Батболд бид хоёр Баярмагнайд гэрийн түлхүүр өгөөгүй. Харин хамт автобусанд суухдаа Батболдын халааснаас авчихсан юм билээ. Тэрийг тухайн үед бид хоёр мэдээгүй. Мэдсэн бол юу гэж өгч явуулах билээ. ...Тэрнээс түлхүүр үлдээсэн, өгсөн асуудал байхгүй. ...” гэж /хх 13-14/,

гэрч Ц.Батболд “...гэрийн эзэн Ууганбаяр “би Дархан-Уул аймаг явж шинэлнэ, та нар яах юм бэ” гэхээр нь би “надад хотод очих газар байхгүй” гэж хэлсэн чинь “за за тэгвэл би гэрийн түлхүүрийг үлдээчихье, чи явахдаа гэрээ өөрөө цоожлоод түлхүүрээ аваад яваарай” гэсэн. Би түлхүүрийг нь авч үлдээд шинийн нэгэнд Тэрбиш бид хоёр Дорнод аймаг найзтайгаа уулзахаар явсан. Би Ууганбаярын гэрээс гарахдаа цоожлоод гарсан. Тэрбиш, Баярмагнай бид гурав хамт гарсан. Баярмагнай бид хоёрыг унаанд чинь суулгаж өгнө гэж хамт автобусанд сууж яваад замдаа “би ерөөсөө эндээ буулаа” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр цаашаа явсан. Дорнод аймагт очоод юм хумаа үзэж байтал халаасанд хийсэн байсан Ууганбаярын гэрийн түлхүүр байхгүй байсан. Ууганбаяртай утсаар ярьсан чинь “Баярмагнайд яагаад түлхүүр өгч байгаа юм бэ, тэр чинь манайд байна гээд над руу яриад байх юм” гэхээр нь “би уг нь өгөөгүй, надаас хулгайлаад авсан байна” гэж хэлсэн. Ууганбаяр нилээд ууртай байсан бөгөөд “Баярмагнай явсан газраа дандаа юм хум авчихдаг зантай болохоор наадах чинь гэр орны юм зарж үрэх вий дээ, чи яасан найдваргүй юм бэ” гээд уурлаад байсан. ...” гэж /хх 12/ тус тус мэдүүлжээ.

 

Анхан шатны шүүх дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлгийг үгүйсгэсэн үндэслэлийг нотлох баримтад тулгуурлан заалгүйгээр, Ү.Бгийн үйлдлийг хүн байнга амьдрах орон байранд нэвтрээгүй гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсөн нь үндэслэлгүй болжээ.

Гэмт хэрэг үйлдэх санаа зорилго, сэдэлт, гэмт хэрэг үйлдсэн арга зэргийг анхааран үзэж, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан байж болох үйлдэлд хууль зүйн дүгнэлт өгвөл зохино.

Анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 435 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Х.Эрдэнэтуяагийн бичсэн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаартай “зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлсэн” тухай эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч Ү.Бд холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 435 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ү.Бд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэх хүртэл шүүгдэгч Ү.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                Л.ДАРЬСҮРЭН

 

            ШҮҮГЧ                                                Д.МЯГМАРЖАВ