Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түндэвийн Энхмаа |
Хэргийн индекс | 159/2024/0048/З |
Дугаар | 221/МА2024/0597 |
Огноо | 2024-09-11 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2024/0597
МЗХНН
УБТЗ-ын гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А;
Гомдол гаргагч: МЗХНН УБТЗ
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.М нар;
Гомдлын шаардлага: “Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.М-ын МОХНН УБТЗ д ногдуулсан 0693*** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай;
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 0052 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,
Хариуцагч Д.М нар;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 154/2024/0048/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гомдол гаргагч МЗХНН УБТЗ нь Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.М-д холбогдуулан “...улсын байцаагч Д.М-ын МОХНН УБТЗ-д ногдуулсан 0693*** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 0052 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.3, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус баримтлан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-аас давж заалдах гомдолдоо:
3.1. Шийдвэрийн Үйл баримтын талаар хэсгийн 1 дэх хэсэгт “Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.М нь УБТЗ-ын мод боловсруулах үйлдвэр 25,740,000 төгрөгийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлээгүй үндэслэлээр...” гэж, 7 дахь хэсэгт “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэр, энэ хуульд заасан харьяаллын дагуу явуулна” гэж зааснаар УБТЗ-ын мод боловсруулах үйлдвэр нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа харьяаллын дагуу явагдсан гэж үзнэ” гэж анхан шатны шүүх буруу дүгнэсэн. Учир нь Иргэний хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Хуулийн этгээдийн ерөнхий захиргаа байршин байгаа газрыг түүний оршин байгаа газар гэнэ” гэж зааснаар “УБТЗ-ын” ХНН-ийн үндсэн захиргаа нь Улаанбаатар хот, Баянгол дүүрэгт байрлаж байхад Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт байх тасаг, цехэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа харьяаллын дагуу явагдсан гэж дүгнэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэж заасныг зөрчиж байна. Мод боловсруулах үйлдвэр нь бие даасан хуулийн этгээд биш. Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-д “Хуулийн этгээдийн салбар төлөөлөгчийн газар нь хуулийн этгээдийн эрхгүй байна”, Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ” гэж заасан байхад үүнийг шүүгч анхаарсангүй.
3.2. 9 дэх хэсэгт “... уг байгууллагын дарга Хишигжаргалын Хэрлэн байх бөгөөд зөрчлийн хэргийн холбогдогч гэж үзэхээр байна” гэж буруу дүгнэсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ” гэж заасан байхад анхан шатны шүүхийн шүүгч хуулийн дээрх заалтыг зөрчиж дүгнэсэн.
3.3. Шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн 13-т “...зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2-т шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны шийдвэр хууль ёсны шаардлагыг биелүүлэх”, 3.3-т “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх” гэж заасныг зөрчилд холбогдогч зөрчиж, эрх бүхий албан тушаалтан болох Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.М-ын дуудсан цагт хүрэлцэн ирээгүй, шийдвэр, хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан зэрэг хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй зөрчсөн байна” гэж буруу дүгнэсэн. Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.М нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх бүхий албан тушаалтан зөрчил гарсан байдлыг тодруулах, зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг олох зорилгоор мэдүүлэг авна” гэж заасныг зөрчин холбогдогчоос мэдүүлэг авалгүйгээр шийтгэлийн хуудас ногдуулсан байхад шүүгч үүнийг анхаарсангүй. Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.М нь шийтгэлийн хуудас ногдуулахдаа хуульд заасан холбогдогчийн эрх, үүргийг эдлүүлээгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилуулан оролцуулаагүй, холбогдогчийг хуульд заасан эрхээ эдлэх боломжоор хангаагүй.
3.4. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.” гэж, хуулийн 27.2-д “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд хүргүүлнэ.” гэж тус тус заасан. Гэтэл хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нь үйлдэгдсэн гэх зөрчилд захиргааны акт (шийтгэлийн хуудас) гаргахаас өмнө хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжоор хангаагүй, холбогдогчийг гомдлын материалтай танилцуулаагүй. Эрх бүхий албан тушаалтан нь шийтгэлийн хуудас ногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явагдаагүй тул дээрх захиргааны акт нь хууль бус байхад гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасанд нийцэхгүй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №0693*** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар хэргийг бүхэлд нь хянав.
Нэг. Маргаан бүхий шийтгэлийн хуудасны талаар:
1.1. Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.М нь 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 0693*** дугаартай шийтгэлийн хуудас гаргахдаа
-1 дэх заалтаар “МЗХНН УБТЗ ГХОХХК” нь улсын байцаагчийн хууль ёсны шаардлага биелүүлээгүй” болох нь актын биелэлтийг гаргаж ирүүлээгүй Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1-д заасны дагуу 500 нэгжээр торгох шийтгэл оногдуулж,
-2 дахь заалтаар “оногдуулсан шийтгэлийн 500,000.00 мянган төгрөгийг Төрийн сангийн ... тоот дансанд, хохирол нөхөн төлбөрийн 25,740,000.00 төгрөгийг Төрийн сангийн .... тоот дансанд ....төлж биелүүлэхийг даалгаж” шийдвэрлэснийг зөрчилд холбогдогч “МЗХНН “УБТЗ” /цаашид “УБТЗ-ын” ХНН гэх/ эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргасан байна.
Хоёр. Маргаан бүхий үйл баримтын талаар:
2.1.Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.М нь Сэлэнгэ аймаг, Мандал сум /43030/-д үйл ажиллагаа явуулдаг УБТЗ-ын “Мод боловсруулах үйлдвэр” хуулийн этгээдэд 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хяналт, шалгалт хийж Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн 144.3 дахь заалтыг зөрчсөн зөрчил илрүүлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2.5 дахь заалтыг үндэслэн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 07/29-02/139-01 дугаартай “Төлбөр барагдуулах тухай” улсын байцаагчийн акт тогтоожээ.
2.2. Уг актын 1 дэх заалтаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажиллуулаагүйн нөхөн төлбөр болох 25,740,000 төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангийн 100130037010 тоот дансанд төвлөрүүлэхийг Үйлдвэрийн дарга Ю.Г хариуцан барагдуулах,
2 дахь заалтаар Актын биелэлтийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны дотор Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ирүүлэх, дурдсан хугацаанд актын биелэлтийг гаргаж ирүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1-д заасны дагуу хариуцлага тооцохыг Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах УБТЗ-ын мод боловсруулах үйлдвэрийн дарга Ю.Г-т тус тус анхааруулж, танилцуулсан байна.
Гурав. Хууль хэрэглээний талаар;
3.1. Эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулах ёстой.
3.2. Хавтас хэрэгт авагдсан зөрчлийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр /Мягмар гаригт/ нээж, 05 дугаар сарын 31-ний /Баасан гаригт/ өдөр дуусгавар болгож шийдвэрлэсэн “хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал”-аас үзвэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулаагүй болох нь дараах байдлаар тогтоогдлоо. Үүнд
-Эрх бүхий албан тушаалтан Д.М-аас 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах УБТЗ-ЫН “Мод боловсруулах үйлдвэр” нь “Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй” гэх зөрчлийн ХХ-15 дугаартай гомдол мэдээлэлд холбогдогч “МЗХНН УБТЗ ” ГХОХХК-ийн дарга Х.Х-д “Танд хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгөв” гэсэн тэмдэглэл үйлдсэн байх бөгөөд /хх-ийн 35 дахь талд/ зөрчилд холбогдогчийг өөрийг нь байлцуулалгүйгээр хуульд заасан эрх, үүргийг хэрхэн яаж тайлбарлаж өгсөн болох талаар баримт хэрэгт авагдаагүй, мөн тэмдэглэлд оролцсон хүний гарын үсэг зуруулаагүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар зүйлийн 2-т “Тэмдэглэлд эрх бүхий албан тушаалтан, ажиллагаанд оролцсон хүн гарын үсэг зурна. Тэмдэглэл хэд хэдэн хуудастай бол ажиллагаанд оролцсон хүн хуудасны нүүр тус бүрд гарын үсэг зурна” гэснийг зөрчжээ.
-Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь зөрчил хаана гарсныг үл харгалзан энэ хуулийн дагуу явагдана.” гэж зааснаар Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын улсын байцаагч Д.М нь ХХ-15 бүртгэлийн дугаартай Зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэхдээ энэ хуулийн хүрээнд шалгах үүргийг хүлээсэн байна.
3.3. Гэтэл эрх бүхий албан тушаалтан Д.М дээрх зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэхдээ зөрчил үйлдсэн гэж буруутгаж буй холбогдогчийн ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх, энэ талаарх мэдээллийг эрх бүхий албан тушаалтнаас асуух, өөрийгөө өмгөөлүүлэх,зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах, нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, зөрчлийн хэрэгтэй танилцах, гомдолтой танилцаж тайлбар гаргах зэргээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т заасан эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангаагүй хууль зөрчиж зөрчлийн хэргийг зөрчилд холбогдогчийг оролцуулалгүй ганцаараа хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бүртгэлийн дугаар ХХ-15 “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал”-аар нотлогдож байна.
3.4. Уг материалд зөвхөн улсын байцаагч гарын үсэг зурсан байх бөгөөд зөрчлийн холбогдогчид албан ёсоор танилцуулж гарын үсэг зуруулж, танилцуулсан баримт зөрчлийн материалд авагдаагүй байна.
3.5. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар “... эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн ирэх” үүрэгтэй бөгөөд зөрчилд холбогдогч Х.Х-ийн “8611-0000” дугаарын утас руу 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 12 цаг 47 минутад 2 удаа, мөн өдрийн 15 цаг 55 минутад 1 удаа тус тус залгахад дуудлагыг аваагүй гэх,
-“9811-**** ” дугаарын утас руу “viber”-аар залгахад холбогдох боломжгүй /хх-ийн 41 дэх талд/ гэх тэмдэглэгээ бүхий баримтуудаас үзвэл, эрх бүхий албан тушаалтны дуудан ирүүлэх мэдэгдлийг зөрчилд холбогдогч хүлээн авсанд тооцох үндэслэлгүй юм.
3.6. Гэтэл хариуцагчаас зөрчилд холбогдогч Х.Х-ийн 8611-**** дугаарт дуудлага үйлдэж, “viber”-аар дуудан ирүүлэх хуудас болон холбогдогчийн эрх, үүргийг тайлбарлан өгсөн баримтыг явуулсан гэж үзэж тэмдэглэл үйлдсэн нь үндэслэлгүй.
3.7. Зөрчилд холбогдогчоос мэдүүлэг аваагүй хуульд заасан эрх, үүргийг нь эдлүүлэлгүйгээр тэмдэглэл үйлдэж, шийтгэл ногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан зөрчил гарсан байдлыг тодруулах, зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг олох зорилгоор мэдүүлэг авна” гэснийг зөрчжээ.
3.8. Хариуцагчийн УБТЗ-ын Модны үйлдвэрт тавьсан 07/29-02/139-01 дугаартай актын биелэлтийг биелүүлэхийг Модны үйлдвэрийн дарга Ю.Г-т үүрэг болгосон атлаа ямар учраас “УБТЗ-ын” ХНН-ийн дарга Х.Х актын биелэлтийг хэрэгжүүлэн хариуцах ёстой болох, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан “ажил олгогч” гэж зааснаар тэрээр Модны үйлдвэрийн ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулдаг эсэхийг хариуцагч хөдөлмөрийн байцаагч тодруулалгүйгээр маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “...хохирол нөхөн төлбөрийн 25,740,000.00 төгрөгийг Төрийн сангийн .... тоот дансанд ... төлж биелүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн” нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
4. Тодруулбал, эрх бүхий албан тушаалтан зөрчилд холбогдогчийг “... улсын байцаагчийн 2024 оны 07/29-02/139-01 дугаартай актыг биелүүлээгүй, биелэлтийг гаргаж ирүүлээгүй” гэх үндэслэлээр буруутган 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр шийтгэл оногдуулахдаа “УБТЗ-ын ” ХНН нь Сэлэнгэ аймгийн модны үйлдвэрт тавьсан хөдөлмөрийн улсын байцаагчийн актын биелэлтийг хэрэгжүүлэх үүрэг бүхий хуулийн этгээд мөн эсэх, зөрчил үйлдсэн эсэхийг нотолсон баримт хангалттай бүрдсэн эсэх, тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хууль /Төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааны эсрэг зөрчил болох/-ийн 15.2 дугаар зүйл. /“Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах.”/-ийн 1.1-д “тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй ... хуулийн этгээдийг ...торгоно” гэж заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх, зэрэг нөхцөл байдлыг тогтоогоогүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйл “шийтгэл оногдуулах.”, мөн зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна:”, 1.1-д “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх;”, 1.3-т “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх;” гэж тус тус заасантай нийцээгүй, хууль бус захиргааны акт байна.
5. Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх шийдвэрлэх хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 159/ШШ2024/0052 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2, 4.8 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасныг тус тус баримтлан МЗХНН УБТЗ-ын гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.М-ын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 0693*** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Т.ЭНХМАА