Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 125/ШШ2021/0002

 

ГУРАВДАГЧ ЭТГЭЭДИЙН БИЕ ДААСАН

ШААРДЛАГААСАА ТАТГАЛЗСАН ТАТГАЛЗАЛ,

ХАРИУЦАГЧИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ ТУС ТУС БАТАЛЖ,

 ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл би “МО ЭН КО” ХХК-нийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн Дарви сумын Засаг даргад холбогдох “Гэр бүлийн хүмүүс болох иргэн Х овогтой Б-д 500 кв метр газар, Б овогтой Ж-д 792 кв метр газрыг тус тус өмчлүүлэх шийдвэр гаргасан Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2018 оны А/05 дугаартай захирамж, газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2018 оны А/05 дугаартай захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй, гуравдагч этгээд Х.Б, Б.Ж нарын Ховд аймгийн Дарви сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2009 оны 12 сарын 02-ны өдрийн 127 дугаар, 2010 оны 7 сарын 05-ны өдрийн 73 дугаар “Газар ашиглуулах тухай” захирамжуудын Х.Б, Б.Ж нарын өмчлөлийн газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн бие даасан шаардлагатай захиргааны хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х.Б, Б.Ж нар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Гуравдагч этгээд болох Х.Б, Б.Ж бид 2019 оны 12 сарын 18-ны өдөр Мо Эн Ко ХХК болон Ховд аймагтай 2020 оны 9 сарын 19-ны өдөр Хөшөөт багийн оршин суугчдын нүүлгэн шилжүүлэх тухай 176 тоот гэрээг байгуулсан. Хуучин хөшөөт багаас бүрэн нүүсэн болно.

Бидний зүгээс Мо Эн Ко ХХК-аас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй болно.

Иймд Х.Б-д 500 кв метр Б.Ж 792 кв метр газрыг тус тус өмчлүүлэх шийдвэр гаргасан Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2018 оны А/05 дугаартай захирамж, Х.Б-д 500 кв метр Б.Ж-д 792 кв метр газрыг тус тус эзэмшүүлэх шийдвэр гаргасан Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2018 оны А/05 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2021 оны 01 сарын 04-ний өдрийн 01 дүгээр захирамжид: Иргэн Х.Б, Б.Ж нарын Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтийг тус тус харгалзан Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2018 оны 01 сарын 18-ны өдрийн “Газар өмчлүүлэх тухай” А/05, 2018 оны 01 сарын 18-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/05 дугаартай захирамжуудыг тус тус хүчингүй болгосугай гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн “МО ЭН КО” ХХК нь Ховд аймгийн Дарви сумын Засаг даргад холбогдуулан гэр бүлийн хүмүүс болох иргэн Х.Б-д 500 кв метр газар, Б. Ж-д 792 кв метр газрыг тус тус эзэмшүүлэх, өмчлүүлсэн Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2018 оны А/05 дугаартай захирамжуудыг тус тус хүчингүй болгуулахаар, гуравдагч этгээд Х.Б, Б.Ж нар Ховд аймгийн Дарви сумын Засаг даргад холбогдуулан Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2009 оны 12 сарын 02-ны өдрийн 127 дугаар, 2010 оны 7 сарын 05-ны өдрийн 73 дугаар “Газар ашиглуулах тухай” захирамжуудын Х.Б, Б.Ж нарын өмчлөлийн газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулахаар тус шүүхэд бие даасан шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х.Б,Б.Ж нараас “МО ЭН КО” ХХК-нийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох “...Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/05 дугаартай “Газар өмчлүүлэх тухай” захирамж, Дарви сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/05 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамж...”-ыг тус тус хүчингүй болгохыг зөвшөөрч, “...2020 оны 9 сарын 18-ны өдөр 176 дугаартай “МО ЭН КО” ХХК болон Ховд аймагтай “Хөшөөт багийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх” гэрээ байгуулж, хуучин хөшөөт багаас бүрэн нүүсэн,  “МО ЭН КО” ХХК-иас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй...” талаар хүсэлт, холбогдох баримтыг шүүхэд ирүүлжээ.

МО ЭН КО” ХХК-наас 2020 оны 9 сарын 18-ны өдрийн 176 дугаар “Хөшөөт багийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх” гэрээ, хөрөнгийн үнэлгээний тооцоолол, газар чөлөөлсөн акт, хөрөнгийн үнэлгээний үнэ шилжүүлсэн баримт, фото зураг зэргийг ирүүлсэн ба гуравдагч этгээд нар нь 2020 оны 9 сарын 18-ны өдрийн 176 дугаар “Хөшөөт багийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх” гэрээнд гарын үсэг зурж, маргаан бүхий газраа чөлөөлж холбогдох нөхөн төлбөрийг “МО ЭН КО” ХХК-наас гаргуулж авсан байна.

Иймд гуравдагч этгээд Х.Б, Б.Ж нар бие даасан шаардлагаасаа татгалзсан гэж үзэх үндэслэлтэй ба энэ талаар саналаа илэрхийлсэн байх тул гуравдагч этгээд нарын “Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2009 оны 12 сарын 02-ны өдрийн 127 дугаар, 2010 оны 7 сарын 05-ны өдрийн 73 дугаар “Газар ашиглуулах тухай” захирамжуудын Х.Б, Б.Ж нарын өмчлөлийн газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн бие даасан шаардлагаас татгалзсаныг батлах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн хариуцагч Ховд аймгийн Дарви сумын Засаг дарга нь “Мо Эн Ко” ХХК-нийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр захирамжаар Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/05 дугаартай “Газар өмчлүүлэх тухай” захирамж, Дарви сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/05 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно. 67 дугаар зүйлийн 67.1-д ”Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.

Иймд гуравдагч этгээд нарын бие даасан шаардлагаасаа татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хэргийн оролцогчдын хүсэл зорилгод нийцсэн, хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул татгалзал, зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүхээс бие даасан шаардлагаасаа татгалзсан татгалзал, хариуцагчийн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 48 дугаар зүйлийн 48.1-д тус тус зааснаар гуравдагч этгээд нарын шүүхэд урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас гаргуулж олгох нь зүйтэй байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар гуравдагч этгээд нар нь татгалзсан шаардлагын асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй, харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд Х.Б, Б.Ж нарын Ховд аймгийн Дарви сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “...Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2009 оны 12 сарын 02-ны өдрийн 127 дугаар, 2010 оны 7 сарын 05-ны өдрийн 73 дугаар “Газар ашиглуулах тухай” захирамжуудын Х.Б, Б.Ж нарын өмчлөлийн газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах...”-ыг хүссэн бие даасан шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан “МО ЭН КО” ХХК-нийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн Дарви сумын Засаг даргад холбогдох “Гэр бүлийн хүмүүс болох иргэн Х овогтой Б-д 500 кв метр газар, Б овогтой Ж-д 792 кв метр газрыг тус тус өмчлүүлэх шийдвэр гаргасан Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2018 оны А/05 дугаартай захирамж, эзэмшүүлсэн шийдвэр гаргасан Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2018 оны А/05 дугаартай захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч / Ховд аймгийн Дарви сумын Засаг дарга/-аас гаргаж нэхэмжлэгч / МО ЭН КО ХХК/ -д олгосугай.

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                                   С.ОЮУНГЭРЭЛ