| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2018/00755/И |
| Дугаар | 890 |
| Огноо | 2018-08-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 890
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух Э- овгийн С- Г- гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******холбогдох
Хууль бус шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож, Дархан-Уул аймгийн ******* тоот хаягтай 2 өрөө орон сууцыг С.Г-надад буцаан олгож, С.Г- уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Г-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Нандинцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүдэрчулуун, гуравдагч этгээд Ш.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Г- шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие эхнэр ******* болон хүүхдүүдтэйгээ Дархан-Уул аймгийн ******* тоотод байрлах 2 өрөө орон сууцыг өмчлөн 2010 оноос хойш одоог хүртэл амьдран оршин сууж байгаа билээ. Миний эхнэр ******* нь 2012 онд *******-аас 11.000.000 төгрөгний зээл авсан бөгөөд бидний дундын өмчлөлийн уг орон сууцыг барьцаалсан байдаг. Гэтэл ******* нь уг үл хөдлөх хөрөнгөний хамтран өмчлөгч болох миний зөвшөөрөлгүйгээр барьцаат зээлийн гэрээ байгуулж миний эрх ашгийг зөрчсөн. Би өөрийн эхнэр *******ийг тус ББСБ-аас зээл авсан талаар тухайн үедээ мэдээгүй байсан бөгөөд 2014 онд*******-аас иргэний шүүхэд хандан зээлийн үүргийг гүйцэтгүүлэх нэхэмжлэл гаргаж хариуцагчаар намайг болон миний эхнэр *******ийг татан оролцуулахад л би энэ бүхнийг мэдсэн. Тухайн үед шүүхийн шатанд би өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаанд тавьж гарын үсэг зураагүй гэдгээ нотолж нотлох баримтуудаа гаргаж өгсөн. Анхан шатны шүүх хуралдаанд ******* нь би зээл авсан нь үнэн, зээлээ төлж барагдуулна, зээлээ төлж барагдуулахдаа уг орон сууцаа оролцуулахгүйгээр өөрөө төлж барагдуулна гэж мэдүүлсэн бөгөөд*******-аас уг нөхцөлийг зөвшөөрч эвлэрлийн гэрээг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1132 дугаартай шүүгчийн захирамж гарсан. Тухайн үед би шүүх хуралдаанд оролцохдоо энэ гэрээнд би гарын үсэг зураагүй учраас надад хамаарахгүй, өмчлөлийн орон сууцаа буцаан авна гэж маргаж сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэтэл миний сөрөг нэхэмжлэлийг авч үзэлгүйгээр ******* болон*******-ийн хоорондох эвлэрлийг баталсан. Шүүгч тайлбарлахдаа миний эрх ашгийг хөндөхгүйгээр буюу уг орон сууцыг үүргийн гүйцэтгэл хангуулахгүйгээр зөвхөн ******* уг зээлээ өөрөө төлж барагдуулахаар тохиролцож ******* болон*******-ийн хооронд эвлэрлийн гэрээ байгуулж байгааг хэлсэн. Гэтэл******* нь уг захирамжаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт өгсөн байсан бөгөөд намайг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд албадан дуудаж оролцуулж байсан бөгөөд тухай бүрт нь би хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ тэмдэглэж гарын үсэг зурж байсан. Гэтэл 2018 оны 03 дугаар сарын 26-нд*******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох ******* гэдэг хүнээс шүүхэд намайг болон эхнэр *******ийг хариуцагчаар татан нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлийн утга нь Дархан-Уул аймгийн ******* тоот хаягтай 2 өрөө *******ийн өмчлөлийн орон сууцнаас албадан гаргуулах тухай гэсэн байсан бөгөөд бидний өмчлөлийн орон сууц ******* гэдэг хүний нэр дээр шилжсэн байна.*******-аас авсан барьцаат зээлийн гэрээнд би огт хамааралгүй бөгөөд уг хэрэгт би хариуцагчаар оролцоогүй юм. Гэтэл уг орон сууцыг төлбөрт барагдуулахдаа *******ийн өмчлөл хэдэн хувь болохыг шүүхээр тогтоогоогүй бөгөөд хамтран өмчлөгч миний уг орон сууцыг худалдан авах давуу эрхийг эдлүүлээгүй, хэрэгжүүлэлгүй дуудлага дуудлага худалданд оруулж, төлбөр авагчид бүхлээр нь шилжүүлсэн байна. Уг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд миний бие хариуцагчаар оролцоогүй бөгөөд барьцаат зээлийн гэрээн дээр гарын үсэг зураагүй гэдэг нь шүүхийн шинжээчийн дүгнэлтээр тодорхойлогдсон байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд заасны дагуу миний бие төлбөр төлөгч биш бөгөөд миний эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа байна. Иймээс миний бие эрх ашиг зөрчигдсөн гуравдагч этгээд байх тул хуулийн дагуу иргэний шүүхэд хандаж байна. Иймд уг хууль зөрчсөн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож, миний өмчлөлийн Дархан-Уул аймгийн ******* тоот хаягтай 2 өрөө орон сууцыг надад буцаан олгож, уг орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Дархан-Уул аймаг дахь шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүдэрчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сум дунын 7 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1132 дугаар захирамжаар Г.*******ээс 14.000.000 төгрөг гаргуулж*******-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийг 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэлд барьцаалагдсан, хамтран өмчлөлийн Дархан-Уул аймаг, Шарын гол сум Дархан баг 14 дүгээр байр 20 тоот орон сууцыг 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр битүүмжлэн, 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 42/09 дүгээр тогтоолоор хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авах ажиллагаа зохион байгуулахад төлбөр төлөгч Г.*******, хамтран өмчлөгч С.Г-нар нь дээрх үл хөдлөх эд хөрөнгөнд 25.000.000 төгрөгөөр үнэлэх талаар бичгээр санал ирүүлснийг төлбөр авагч ******* нь хүлээн зөвшөөрсөн байна. Иймд талуудын харилцан тохиролцсон үнэлгээ болох 25.000.000 төгрөгнөөс тооцож, тогтоон Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудын харилцан тохирсон үнэлэгдсэн үнэлгээний 70 хувь буюу 17.500.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр оруулахад худалдан борлогдоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д заасны дагуу талуудын харилцан тохирсон үнэлэгдсэн үнэлгээний 50 хувь буюу 12.500.000 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр оруулахад худалдан борлогдоогүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төлбөр төлөгч Г.*******, хамтран өмчлөгч С.Г-нарыг оролцуулан дуудлага худалдаанд худалдан борлогдоогүй эд хөрөнгиийг төлбөр авагчид санал болгох хурлыг зохион байгуулж тус хурлаар эд хөрөнгийг төлбөр авагч ******* шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.11-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх шилжүүлсэн шийдвэрт гараагүй бол худалдан авагч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болно гэж тогтоосон. Төлбөр төлөгч Г.*******, хамтран өмчлөгч С.Г-нарт дуудлага худалдаа болон санал болгох хурлын талаар мэдэгдсэн бөгөөд тус ажиллагааны явцад ямар нэгэн гомдол, санал гаргаагүй тул С.Г-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Ш.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие*******-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж Г.*******ийн зээлийн төлбөрийг барагдуулахаар ажиллаж байсан болно.*******-ын нэхэмжлэлээр Дархан-Уул аймгийн Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар 08-ны өдрийн 1132 дугаартай шүүгчийн шийдвэрээр Г.*******ээс 14.227.000 төгрөгийн төлбөр гаргуулах захирамж гарсан. Г.******* нь сайн дураар төлбөрийг барагдуулахгүй байсан тул Сум дундын 7-р шүүхийн 2015 оны 01 сарын 20-ны 324 тоот албадан гүйцэтгэх захирамж, 51 тоот гүйцэтгэх хуудас гаргуулж******* 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Шийдвэр гүйцэтгэх албанд хандсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай 2015 оны 02 дугаар сарын 27-нд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах болон шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах гэрээ байгуулан ШШГА нь төлбөр төлөгч Г.*******ээс төлбөр төлүүлэх ажиллагаа эхэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь Г.*******ээс төлбөр төлүүлэх ажиллагаа эхэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дээрх ажиллагааны үр дүнд Г.*******, С.Г-нар нь зээлийн төлбөрөө төлөөгүй, орон сууцаа суллаж өгөөгүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Монгол улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу дээрх ажиллагаануудыг хийж, тус хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу төлбөр авагчид төлбөрийн дүнд санал болгох хурлыг хийж, хурлын шийдвэрээр *******тоот хаягтай орон сууцны зориулалттай 29 м2 талбайтай Y-2001000191 тоот улсын бүртгэлийн дугаар, ГД-000116155 гэрчилгээний дугаар бүхий 2 өрөө орон сууцыг 14.507.000 төгрөгийн төлбөрт тооцуулан төлбөр авагч ******* шилжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Төлбөрийн дүнд санал болгох хуралд Г.******* болон С.Г-нар оролцож өөрсдөө зөвшөөрсөн. Иймд дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг *******-ын нэр дээр 2016 оны 09 дүгээр сарын 05-нд шилжүүлж Улсын бүртгэлийн байгууллагаас улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулсан. Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь Монгол улсын Иргэний болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн дагуу үйл ажиллагааг явуулсан гэж үзэж байна. Орон сууцны гэрчилгээг ББСБ-н нэр дээр шилжсэнийг ШШГА болон Г.*******, С.Г-нар мэдэж байсан. 2016 оны 01 дүгээр сард ******* нь М.Одончимэг гэдэг хүний нэр дээр шилжиж тус ББСБ-ын Хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ш.Отгонцэцэг энэ ББСБ-д хамааралгүй болсон тул дээрх орон сууцны гэрчилгээг*******-н итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байсан ******* регистрийн дугаартай Шаравдорж овогтой *******ийн нэр дээр 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шилжүүлсэн юм. Ер нь өөрийн өмчлөлд шилжиж ирсэн орон сууцыг хэний нэр дээр шилжүүлэх нь*******-н мэдлийн асуудал гэж ойлгож байна. ББСБ-г шилжүүлэх үед Ш.Отгонцэцэг хугацаа хэтэрсэн чанаргүй зээлүүдээ шилжүүлээгүй ба захирал Ш.Отгонцэцэг олгосон чанаргүй зээлийн төлбөрөө өөрөө авахаар харилцан тохирсоноор М.Одончимэг*******-н нэр дээр шилжсэн орон сууцыг Ш.Отгонцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.*******ийн нэр дээр шилжүүлэн авахыг зөвшөөрсөн юм. Г.******* нь өнөөдөр хүртэл зээлийн төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй, хэрвээ байраа алдахгүй гэж байгаа бол зээлээ төлөх хангалттай хугацаа байсаар байхад хуулийн байгууллагын шийдвэрийг эс биелүүлж, зээл авснаас хойш 7 жил, Шүүхийн шийдвэр гарснаас хойш 4 жил ШШГА-ны шийдвэрээр орон сууц ББСБ-н өмчлөлд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 2 жил гаруй болж төлбөрөө төлөхгүй шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба улсын бүртгэлийн байгууллага зэрэг төрийн болон хуулийн байгууллагыг хууль зөрчдөг хэмээн үзэж байгаа нь өөрсдөө үүргээ биелүүлэх бодолгүй байгааг харуулж, хугацаа авах гэсэн арга заль гэж үзэж байна.******* болон Ш.******* миний өмчлөлд эрх нь шилжсэн уг орон сууц хууль зүйн дагуу шилжин ирсэн ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хууль бус үйлдэл хийгээгүй гэж би үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч С.Г-нь хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэлийн албанд холбогдуулан хууль бус шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож, Дархан-Уул аймгийн ******* тоот хаягтай 2 өрөө орон сууцыг С.Г-надад буцаан олгож, С.Г- уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн гомдлыг шаардлага гаргажээ.
Хариуцагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ш.*******ийн хүсэлтийг хүлээн авч шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан бөгөөд хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг дэмжиж шүүх хуралдаанд оролцсон болно.
Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1132 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар*******-ын нэхэмжлэлтэй Г.*******, С.Г-нарт холбогдох зээлийн төлбөр 26 327 940 төгрөг гаргуулах, С.Г-ийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч Г.******* нь 14 000 000 төгрөгийг*******-д төлөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж шийдвэрлэжээ.
Дээрхи шүүгчийн захирамжийн дагуу Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 324 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, 51 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Г.*******т холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ.
Хариуцагч Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр төлбөр төлөгч Г.*******тэй төлбөрөө төлөх талаар утсаар ярьсан тухай тэмдэглэл үйлдэж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдэл хүргүүлж, 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол үйлдэн, 2015 оны 6 дугаар сарын 11, 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр тус тус төлбөр төлөгч Г.*******тэй утсаар ярьсан тэмдэглэл үйлдсэн байна.
Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны даргын 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/03 дугаартай тушаалаар үл хөдлөх эд хөрөнгө албадан дуудлага худалдаа зохион байгуулах комисс томилж, 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр эд хөрөнгө хураасан талаар тэмдэглэл үйлдэн Шарын гол сумын Дархан баг 14-р байрны 20 тоот, 29.0 мкв талбайтай, орон сууцыг хураасан тэмдэглэлд Г.*******, С.Г-нар гарын үсэг зурсан байх бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Г.*******, С.Г-нар орон сууцыг 25 сая төгрөгөөр үнэлэх талаар үнийн саналаа ирүүлснийг төлбөр авагч зөвшөөрч дуудлага худалдаа явуулах мэдэгдлийг 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Г.*******, С.Г-нар баталгаат шуудангаар хүргүүлжээ.
Шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлбөр төлөгч сайн дураар төлөөгүй үндэслэлээр Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба барьцаа хөрөнгийг битүүмжилж, хурааж, дуудлага худалдаа хийх мэдэгдлийг хүргүүлсэн нь 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 ...эд хөрөнгийг битүүмжлэх, хураах, худалдан борлуулах, 36 дугаар зүйлийн 36.1.1 эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх, эсхүл худалдан борлуулах, 36.5 тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй бол битүүмжилсэн, барьцаалсан эд хөрөнгийг хураан авна, 39 дүгээр зүйлийн 39.1 хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 39.5-д зааснаас бусад эд хөрөнгийг худалдан борлуулах ажиллагааг түүнийг хураан авснаас хойш 2 сарын дотор гүйцэтгэнэ гэсэн хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 он/ 43 дугаар зүйлийн 43.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг Иргэний хууль болон энэ хуульд заасан журмаар явуулна.” гэж заасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн ... 70 хувиар тооцон тогтооно ...”, 177.4-т “Хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон ... зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно.” гэж заасан.
Хариуцагч нь дээрхи хуулинд зааснаар хоёр дахь дуудлага худалдааны мэдэгдлийг хүргүүлж, орон сууцыг 12500 000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулсан боловч санал ирээгүй, худалдан борлогдоогүй тул Г.*******, С.Г-нарыг оролцуулан 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Шийдвэр гүйцэтгэх албаны санал болгох комиссын хурлын тэмдэглэл үйлдэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7, 54 дүгээр зүйлийн 54.2-т зааснаар төлбөр төлөгч Г.*******ийн төлбөрт хураагдсан орон сууцыг 14 227 950 төгрөгийн төлбөрт болон холбогдон гарсан зардалд тооцон төлбөр авагч Дархан өсөх ББСБ-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6-д “Бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд эд хөрөнгийг худалдан борлуулах ажиллагааг зөвшөөрөхгүй бол шүүхэд гомдлоо гаргана”, 47 дугаар зүйлийн 47.2.2-т эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд бие даасан шаардлага гаргах эрхтэй өмчлөгч албадан дуудлага худалдаанд оролцож болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч С.Г-т шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой мэдээлэлийг мэдэгдэж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь хуулинд заасан эрхээ хэрэгжүүлээгүй байна.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна.” гэж заасан. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Дархан өсөх ББСБ нь өмчлөх эрхээ эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан байх тул Шарын гол сумын Дархан баг 14-р байрны 20 тоот, 29.0 мкв талбайтай, орон сууцны өмчлөгч гэж үзнэ.
Хариуцагч нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 он/ 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөгч, өмчлөгч Г.*******, С.Г-нараас үнийн санал авч анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааг явуулж, өмчлөх эрхийг төлбөр авагчид шилжүүлсэн нь хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6, 48 дугаар зүйлийн 48.7-т зааснаар нэхэмжлэгч С.Г-ийн хариуцагч Дархан-Уул аймаг дахь ******* холбогдуулан гаргасан Хууль бус шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож, Дархан-Уул аймгийн ******* тоот хаягтай 2 өрөө орон сууцыг С.Г-надад буцаан олгож, С.Г- уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэнийхэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА