| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2022/0165/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/165 |
| Огноо | 2022-11-03 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/165
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д,
улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор Я.Д-,
насанд хүрээгүй шүүгдэгчийн өмгөөлөгч А.С-,
насанд хүрээгүй шүүгдэгч Б.Н- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор Я.Д-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б-ын Н-д холбогдох эрүүгийн 2213002370215 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Насанд хүрээгүй шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2006 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын ....... дугаар сургуулийн 11 дүгээр ангид суралцдаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт оршин суух хаягтай, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт амьдардаг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт Б-ын Н-, регистрийн дугаар БК................
Холбогдсон хэргийн талаар:
Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Н- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн нутагт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 18-99Г БӨА улсын дугаартай, “Toyota crown” загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 б, 3.5 г, 3.7 а, 12.3 дахь заалтыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас хамт зорчиж явсан хохирогч Ж.Е-ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч Я.Д- шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна” гэв.
2. Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Н- мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид дахиж ийнхүү үйл явдлаа давтахгүй гэдгээ амлаж байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна” гэв.
3. Насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч А.Б- мэдүүлэхдээ: “Хуулийн хүрээнд хийгдэж байгаа ажилд ямар нэгэн эсэргүүцэл байхгүй. Хүүхэд маань хүүхэд зангаасаа болж ийнхүү хэрэгт холбогдсон байна. Тухайн өдөр би Баяннуур суманд явах гэж байхад хөдөөгөөс ирсэн хамаатандаа машиныхаа түлхүүрээ үлдээгээд явсан байна. Тэгээд машины түлхүүр нь дотор нь байсан болохоор тухайн тээврийн хэрэгслийг жолоодсон байна. Мөн хохирогч Е-ы эцэг бид хоёр ах, дүү хүмүүс, харин Е-, Б.Н- хоёр хамт нэг ангид суралцдаг. Цаашдаа дахиж ийнхүү алдаа, зөрчил гаргахаас урьдчилан сэргийлгэх болно. Шүүхээс хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна” гэв.
4. Насанд хүрээгүй шүүгдэгчийн өмгөөлөгч А.С- шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй.” гэв.
5. Эрүүгийн 2213002370215 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
6. Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
7. Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 02-06 дахь тал/,
8. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 43-46 дахь тал/,
9. Насанд хүрээгүй хохирогч Ж.Е-ы иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 49 дэх тал/,
10. Насанд хүрээгүй хохирогч Ж.Е-ы насыг тоолсон тэмдэглэл /хавтаст хэргийн 50 дахь тал/,
11. Насанд хүрээгүй хохирогч Ж.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58, 61 дэх тал/,
12. Гэрч Х.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 64-65 дахь тал/,
13. Гэрч Х.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,
14. Шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 641 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 69-71 дэх тал/,
15. “Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн БӨА-22-0281 дугаартай үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 96-100 дахь тал/,
16. Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн магадлагаа /хавтаст хэргийн 107 дахь тал/,
17. Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Н-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 124-125 дахь тал/,
18. Иргэний хариуцагч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 128 дахь тал/,
19. Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Н-ы төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 20 дахь тал/,
20. Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Н-ы насыг тоолсон тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 34 дэх тал/ зэргийг,
21. Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Н-ы өмгөөлөгч А.С-аас:
22. Хавтаст хэргийн 20 дугаар талд авагдсан төрсний гэрчилгээний хуулбар, 34 дүгээр талд авагдсан насанд хүрээгүй шүүгдэгч Б.Н-ы насыг тоолсон мөрдөгчийн тэмдэглэл, 57 дугаар талд авагдсан насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлгүүд, 64 дүгээр талд авагдсан гэрч Х.А-ийн мэдүүлэг, 128 дугаар талд авагдсан иргэний хариуцагч А.Б-ын мэдүүлэг, 132 дугаар талд авагдсан Өлгий сумын 10 дугаар талд авагдсан Засаг дарга, ангийн багшийн тодорхойлолт, гэрч А-гийн мэдүүлэг, 149 дүгээр талд авагдсан Н-ийн мэдүүлэг, 151 дүгээр талд авагдсан Г-ын мэдүүлэг, 161 дугаар талд авагдсан Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаар лавлагаа зэрэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
23. Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Н- болон түүний хууль ёсны төлөөлөгч А.Б- нараас нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
24. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
25. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу насанд хүрээгүй шүүгдэгч Б.Н-д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, насанд хүрээгүй шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Хэргийн үйл баримт:
26. Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Н- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн нутагт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 18-99Г БӨА улсын дугаартай, “Toyota crown” загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 б, 3.5 г, 3.7 а, 12.3 дахь заалтыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас хамт зорчиж явсан хохирогч Ж.Е-ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
27. Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
28. Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 02-06 дахь тал/,
29. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 43-46 дахь тал/,
30. Насанд хүрээгүй хохирогч Ж.Е-ы иргэний үнэмлэхний хуулбар /хавтаст хэргийн 49 дэх тал/,
31. Насанд хүрээгүй хохирогч Ж.Е-ы насыг тоолсон тэмдэглэл /хавтаст хэргийн 50 дахь тал/,
32. Насанд хүрээгүй хохирогч Ж.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр үеэл болох Б.Н-ы гэрт очиход тэрээр гэртээ байхгүй гэрт нь түүний ээж Х.А-, түүний охин дүү Б.Р- нар байсан ба би түүнийг хүлээгээд цай уугаад сууж байхад Б.Н- ирсэн. Тэгээд бид хоёр утсаар холбогдож тоглох уу гэхэд би утсаа гэртээ үлдээчихсэн байсан. Тэгээд Б.Н-ы хашаанд байсан хөдөө байдаг хамаатан ах Ш-гийн мотоциклийг Б.Н- жолоодож бид хоёр Х.Ж-ийн гэрт очиход тэрээр өөрийн машинаа угааж байхад гэрэл нь асчихсан байсан тул машины аккумлятор суучихсан учраас Б.Н- бид хоёр түүний машиныг асаах холбогч олох гэж хөрш рүү нь очиж асуухад байхгүй гэсэн. Тэгээд бид хоёр буцаад мотоциклийг Б.Н-ы хашаанд тавиад тэдний гал тогооны өрөөний ширээн дээр байсан аавынх нь машин болох Тоёота Кроун загварын машины түлхүүрийг аваад ахиад Х.Ж-ийн машиныг асаах гэж очсон боловч холбогч олдоогүй тул машиныг асааж чадаагүй учраас машиныг Б.Н- жолоодож би жолоочийн хажуугийн суудалд сууж, Х.Ж- арын суудалд суусан. Бид гурав замдаа Махсат гэх дэлгүүрээс 2 литрийн кола ундаа авч машинд уух гэхэд Б.Н- ууланд гарч ууя гээд засмал зам руу гараад Зайд сургууль өнгөрөөд явж байхад машин гэнэт хоёр тал руу савлаж эхэлсэн. Тэгээд би Б.Н-ыг машин битгий савлуулаад байгаач гэж хэлээд явж байхад машин замаас гарч онхолдсон. Дараа нь юу болсон талаар санахгүй байна. Машин онхолдох үед би ухаан алдчихсан юм. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. ...Гомдолгүй тул хохирол нэхэмжлэхгүй. ...Эмчилгээний зардалд 1,000,000 төгрөгийг барагдуулж өгсөн. Цаашид ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58, 61 дэх тал/,
33. Гэрч Х.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие тус өдөр Б.Р-гийн хамт гэртээ байж байхад нөхрийн ахын хүүхэд болох Ж.Е- манай гэрт хүү Б.Н-ыг асууж ирсэн тэр үед би тэрээр үсээ засуулах гээд гарсан ирээгүй байна гэхэд манай гэрт ирэхийг хүлээсэн. Тэгээд хүлээгээд байж байхад хүү Б.Н- гэртээ ирсэн. Тэгээд би манай хашаанд байдаг С-гийн гэрт сууж байхад тэр хоёр тэдний гэрт орж ирэхэд нь би Б.Н-д хашаанд байгаа мотоцикл дээр байгаа насосыг хөдөө ах руугаа өгч явуул гэж хэлээд гаргасан. Тэр хоёр намайг хөрш С-гийн гэрт байж байхад мотоциклийг унасан юм шиг байсан. Сүүлд хүү надад хэлсэн. Тэгээд дахиад хашаанд байсан нөхрийн машины түлхүүрийг гэрээс авч машиныг жолоодож яваад зам тээврийн осол гаргаж эмнэлэгт хүргэгдсэн байна гэж Ж.Е-ы ээж надад утсаар хэлэх үед мэдсэн. Би эмнэлэг дээр очиход Ж.Е-ыг яаралтай тусламжийн тасгийн өрөө лүү оруулсан байсан. Харин хүү Б.Н-, түүний найз Х.Ж- нар үүдэнд байсан. ...Ж.Е-ы эмчилгээний төлбөрт 1,000,000 төгрөгийн тусламж үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 64-65 дахь тал/,
34. Гэрч Х.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б.Н- аавынхаа Тоёота Кроун загварын 18-99 БӨА улсын дугаартай хар өнгийн тээврийн хэрэгслийг жолоодож Е- урд нь суучихсан ирсэн. Тэгээд миний машиныг холбож асаах гэтэл асахгүй байсан. Тэгтэл Б.Н- машин чинь асахгүй юм байна. Гурвуулаа энэ машинаар уул руу гаръя гэхээр нь би тухайн машины арын суудалд ганцаараа суугаад Б.Н- машин жолоодоод Е- урд нь суугаад явсан. Тэгээд Зайд сургуулийн харалдаа явж байхад машин баруун гар тал руу замаас гарч шороон дээр 2 удаа өнхрөөд машины 4 дугуй дээш харсан байдалтай байсан. Тухайн машинаас Б.Н- бид хоёр өөрсдөө гарч, урд суудалд сууж байсан Е-ы бүсэлхий хэсэг машин дотор, цээжин хэсэг нь машинаас гарсан байдалтай байхаар нь би түүнийг татаж гаргасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,
35. Шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “...Ж.Е-ы биед тархины битүү гэмтэл, доргилт, зүүн өвдөг ясны үе дайрсан хугаралтай, зүүн тохой ясны үе дайрсан хугаралтай, хамрын яс хугарсан, зүүн талын ухархайн доод хана дотогшоо цөмөрсөн хугаралттай, зүүн талын зовхиор нэвчдэс хавантай, зулайн орчим хуйханд цус хуралттай, духны хамрын нүүрний хэсгийг хамаарсан шархтай, хамрын нурууны мурийлттай, дээд уруулд шархтай, хавантай, баруун бугуй орчим шархтай, баруун шилбэний гадна талд шархтай, баруун ба зүүн нүд битүү хавантай, баруун ба зүүн нүдний дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо. Иргэн Ж.Е-ы дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх 641 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 69-71 дэх тал/,
36. “Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн БӨА- 22-0281 дугаартай үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 96-100 дахь тал/,
37. Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “...Жолооч Б.Н- нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.4 б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 3.5 г/тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах, 3.7 а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг тус тус зөрчсөний улмаас Б.Н- нь жолоодох эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь зам тээврийн осол гарах гол шалтгаан нөхцөл болсон байна” гэх магадлагаа /хавтаст хэргийн 107 дахь тал/,
38. Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Н-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 124-125 дахь тал/,
39. Иргэний хариуцагч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ж.Е-ы эмчилгээний зардалд 1,000,000 /нэг сая/ төгрөгийг бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 128 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрх зүйн дүгнэлт:
40. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
41. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
42. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заажээ.
43. Хэргийн үйл баримтаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Н- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн нутагт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 18-99Г БӨА улсын дугаартай, “Toyota crown” загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 б, 3.5 г, 3.7 а, 12.3 дахь заалтыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас хамт зорчиж явсан хохирогч Ж.Е-ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримтуудаар эргэлзээгүй нотлогдон тогтоогджээ.
44. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм.
45. Уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.
46. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “захиргааны хэм хэмжээний акт” нь замын хөдөлгөөний дүрэм мөн болох нь дараах байдлаар нотлогдож байна.
47. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д ”Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно”, 4.2-д “Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газар батална” гэж заасан байна. 8. Дээрх хуульд заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 239 дугаартай “Дүрэм шинэчлэн батлах тухай” тогтоолын хавсралтаар “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийг хуульд нийцүүлэн шинэчлэн баталсан байх тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь бүх нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн халдлагын зүйл болох бөгөөд шүүгдэгч М.Ерлан нь автотээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлах үүрэгтэй байна.
48. Гэтэл насанд хүрээгүй шүүгдэгч Б.Н- нь 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан захиргааны хэм хэмжээний акт болох Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 б, 3.5 г, 3.7 а, 12.3 дахь заалтыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас хамт зорчиж явсан хохирогч Ж.Е-ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр бүрэн нотлогдон тогтоогдсон байна.
49. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокуророос насанд хүрээгүй шүүгдэгч Б.Н-д холбогдуулан үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл тохирчээ.
50. Иймд насанд хүрээгүй шүүгдэгч Б.Н-ыг “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
51. Энэ гэмт хэрэг гарахад насанд хүрээгүй шүүгдэгч Б.Н-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байдал, мөн хайхрамжгүй, хариуцлагагүй байдал, эцэг, эх, асран хамгаалагчдын хүүхдэд тавих хяналт сул зэрэг нь шууд нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
53. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
54.Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Н-ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Е-ы эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-т заасан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.
54. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй шүүгдэгч Б.Н-ы хууль ёсны төлөөлөгчөөс хохирогч Ж.Е-ы бодит хохирол, хор уршигт нийт үнийн дүнгээр 1.000.000 төгрөгийг төлж өгсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
55. Харин хохирогч Ж.Е- нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн насанд хүрээгүй шүүгдэгч Б.Н-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
56. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас насанд хүрээгүй шүүгдэгч Б.Н-д “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах хорих ял оногдуулж, уг ялыг оногдуулахдаа Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоох” гэх дүгнэлтийг,
57. Насанд хүрээгүй шүүгдэгчийн өмгөөлөгч А.С-аас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг нэг жилийн хугацаагаар тэнсэж, хянан хүмүүжүүлэх арга хэмжээ авч өгнө үү. Энэхүү арга хэмжээг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар дамжуулан хэрэгжүүлж өгнө үү” гэх дүгнэлтийг,
58. насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч А.Б-аас “Ямар нэгэн санал байхгүй” гэх тайлбарыг гаргасан болно.
59. Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Н- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
60. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан насанд хүрээгүй шүүгдэгч Б.Н-ы үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
61. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
62. Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт учруулсан хохирлыг төлж өгсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
63. Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Н-ы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
64. Насанд хүрээгүй шүүгдэгчийн өмгөөлөгч А.С-аас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг нэг жилийн хугацаагаар тэнсэж, хянан хүмүүжүүлэх арга хэмжээ авч өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Н-ы үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байдал, эрхийн үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон, насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.
65. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн насанд хүрээгүй шүүгдэгч Б.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг төлж барагдуулсан байдал зэрэг нөхцөл байдал тус бүрт дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
66. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй хүнд энэ хуулийн 5.5 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана.” гэж заасныг үндэслэн насанд хүрээгүй шүүгдэгч Б.Н-д оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хоёр дахин багасгаж, 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр тогтов.
67. Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Н-д улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн гэр бүлийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх бодит үр нөлөөтэй гэж үзэв.
68. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа:
Эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох;
Эрх бүхий байгууллагын хяналтад тодорхой газар очихыг хориглох;
Эрх бүхий байгууллагын хяналтад шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих;
Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх;
Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих гэсэн үүргүүдээс нэгийг, эсхүл хэд хэдийг сонгож хүлээлгэхээр хуульчилжээ.
69. Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Н-д оногдуулсан 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтов.
70. Тодруулбал, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Н- нь зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлснээс хойш 3 /гурав/ сарын хугацаанд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд оршин суух газраа өөрчлөх бол, мөн хаа нэгтээ зорчих бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналт тавьж буй албанаас заавал зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд хэрэв ажил хөдөлмөр эрхлэхээр болсон тохиолдолд ажил гэр хоорондын зорчих хөдөлгөөний зөвшөөрлийг авсан байх үүргийг хүлээнэ.
71. Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Н- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулах нь зүйтэй.
72. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Н-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
73. Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй шүүгдэгч Б.Н- нь баривчлагдаж, цагдан хоригдоогүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, энэ хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон энэ хэргээс тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна.
74. Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Н-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Насанд хүрээгүй шүүгдэгч Х овогт Б-ын Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Н-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Н-д оногдуулсан 3 /гурав/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Н- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан насанд хүрээгүй шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Н- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК