| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2022/0715/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/708 |
| Огноо | 2022-10-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/708
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,
улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн******* холбогдох эрүүгийн ............ дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,******* оны******* дугаар сарын*******-ны өдөр******* хотод төрсөн,******* настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөлбөмбөгийн холбоонд жижүүр ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Дарамийхан овогт Хэнмэдхэвийн Ганзориг (РД:ХМ68021371)
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөлбөмбөгийн талбайн орчим иргэн*******тэй маргалдаж улмаар нүүр хэсэг рүү нь гараараа цохих, хөл цээж хэсэг рүү хөлөөрөө өшиглөх зэргээр халдаж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн хугарал, хамарт цус хуралт, зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн шанаа, баруун гарын долоовор хуруу, ядам хурууд зулгаралт, баруун шилбэнд шарх зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч *******: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...би 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байх өөрийн ажиллуулдаг дугуй засвараа 21 цагийн үед хаагаад хамт ажилладаг Пүүжээгийн хамтаар нэг шил архи ууя гээд замын эсрэг талд байх Си Юу дэлгүүрээс 1 литрийн Соёрхол архи нэг ундаатай аваад гарч байхад Хөлбөмбөгийн холбооны манаач Ганзориг ах өнөөдөр ажиллаж байгаа очъё гээд би Пүүжээ ахын хамтаар Хөлбөмбөгийн холбооны байрны гадаа байх асарт суугаад Ганзориг ахыг дуудаж бид гурав нэг шил архи хувааж уусан архи ууж байхдаа Пүүжээ ахыг явъя гэж хэлээд бид гурав цугтаа Хөлбөмбөгийн холбооны хаалгаар гараад явж байтал Ганзориг ах юу ч ярилгүй шууд баруун гараараа миний хамар руу 2 удаа цохисон би больё гэж хэлсэн боловч зогсохгүй цээж, хөл рүү хөлөөрөө өшиглөөд байж байгаад намайг орхиод ажил руугаа яваад цээж, хөл рүү хөлөөрөө өшиглөөд байж байгаад намайг орхиод ажил руугаа яваад орчихсон. Намайг зодуулж байхад Пүүжээ ах гүйгээд яваад өгчихсөн байсан би буцаад Ганзориг ахын ажлын байр руу очиход эргүүл хийгээд явж байсан эргүүлийн 2 цагдаа ирээд араас нь 103 ирж миний биеийн байдлыг үзээд явсан” гэх мэдүүлэг...” (хавтас хэргийн 15-16 дахь тал)
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8-р сарын 11-ний өдрийн шинжээчийн 10929 дугаар “...Н.Энхтүвшиний биед хамар ясны хугарал, таславчийн хугарал, хамарт цус хуралт, зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн шанаа, баруун гарын долоовор хуруу, ядам хурууд зулгаралт, баруун шилбэнд шарх зулгаралт гэмтэл тогтоогдлоо...мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ...хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...хөнгөн зэрэгт хамаарна...” (хавтаст хэргийн 29-27 дахь тал) гэсэн дүгнэлт
Яллагдагчаар ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...би тогтоолтой уншиж танилцсан яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...хажууд сууж байхаар нь би очоод араас нь нэг удаа өшиглөхөд Түвшээ урагш нүүрээрээ унасан...Н.Энхтүвшинд учирсан гэмтлийг миний бие учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” (хавтас хэргийн 38-39 дэх тал) гэсэн,
Шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 44-48 дахь тал)
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 49 дэх тал) зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөлбөмбөгийн талбайн орчим иргэн*******тэй маргалдаж улмаар нүүр хэсэг рүү нь гараараа цохих, хөл цээж хэсэг рүү хөлөөрөө өшиглөх зэргээр халдаж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн хугарал, хамарт цус хуралт, зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн шанаа, баруун гарын долоовор хуруу, ядам хурууд зулгаралт, баруун шилбэнд шарх зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******, хохирогч******* нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон үйл явдлын талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны №10929 дугаартай дүгнэлт зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч******* эрүүл мэндэд нь “...биед хамар ясны хугарал, таславчийн хугарал, хамарт цус хуралт, зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн шанаа, баруун гарын долоовор хуруу, ядам хурууд зулгаралт, баруун шилбэнд шарх зулгаралт...” бүхий гэмтлийг шүүгдэгч ******* түүний нүүр хэсэг рүү нь гараараа цохих, хөл цээж хэсэг рүү хөлөөрөө өшиглөх үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******, хохирогч Н.Энхтүвшиний эрүүл мэндэд нь “...биед хамар ясны хугарал, таславчийн хугарал, хамарт цус хуралт, зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн шанаа, баруун гарын долоовор хуруу, ядам хурууд зулгаралт, баруун шилбэнд шарх зулгаралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
2. Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Иймд дээр дурдсан нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал (хавтаст хэргийн 44, 58 дахь тал), прокурорын гаргасан санал дүгнэлтийг шүүх харгалзан үзэж, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар *******т оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Энхтүвшиний эрүүл мэнд биед хамар ясны хугарал, таславчийн хугарал, хамарт цус хуралт, зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн шанаа, баруун гарын долоовор хуруу, ядам хурууд зулгаралт, баруун шилбэнд шарх зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь гэмтэлтэй холбоотой эмнэлгийн үйлчилгээ, шинжилгээ үйлчилгээ зэрэг баримт мөрдөн шалгах ажиллагаа, хэрэг хянан шийдвэрлэх явцад гаргаагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ
Эрүүгийн 2210019581056 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дарамийхан овогт Хэнмэдхэвийн Ганзоригийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******т торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч *******т оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ