Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 202

 

 

                               

                        

 

                               

 

 

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                             

 Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн, улсын яллагч Н.Энхтуяа, шүүгдэгч Г.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн “Б“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Гэлэнхүүгийн Ганбаатарт холбогдох эрүүгийн 201625031922 дугаартай, 186/2016/0209/э индекстэй хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны  өдөр хүлээн авч шүүн  хэлэлцэв.                                                         

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Зиг Заг” ХХК-нд хамгаалагч ажилтай, ам бүл 4, ээж, эхнэр, хүүгийн  хамт Чингэлтэй дүүрэг, 10 дугаар хороо, Дэнжийн 2-436 тоотод  оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан бүрэн гэх Боржигон овогт Гэлэнхүүгийн Ганбаатар /РД:НЦ93041717/, 

            Холбогдсон хэргийн талаар:

Г.Ганбаатар нь 2016 оны 09 дүгээр сарын 20-ны орой 20 цагийн орчим Чингэлтэй дүүрэг, 10 дугаар хороо, Дэнжийн 2-436 тоот хашааны үүдэнд бэр эгчийнхээ дүү Ц.Мөнхбаяртай хувийн таармжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож биед нь уруулын салстад язрал, цус хуралт, доод уруулын салстад цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч Г.Ганбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Мөрдөн байцаалт, прокурорын шатанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн, өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэв.

Хоёр: Шүүгдэгчийг мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Мөнхбаярын:..2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр цалин буугаад ээжийнхээ гэрт очиход Ганболд хүрч ирээд Чинхүслэнг аваад явсан гэж хэлэхээр нь Ганболд ахтай уулзахаар буцаж гараад гэрт  нь очиход тэдний гэрт  хадам талынхан нь нэг хөгшин байхаар нь Ганболд ахыг асуухад Чинхүслэнг хүргэж өгөхөөр дүүгээ дагуулаад танай ээжийн гэрлүү явсан гэж хэлэхээр нь буцаад ээжийнхээ гэрт ирэхэд манай эгч Ууганчимэг Чинхүслэнг тэвэрчихсэн уйлаад сууж байхаар нь Ганболд ах, дүүгийнхээ хамт ирчихээд агсам тавьж байна гэж бодоод байшингийн коридорт байсан сүхийг аваад гэрт очиход эгч уйлчихсан Ганболд ах орон дээр сууж байхаар нь агсам тавиад байгаа юм уу гэж асуухад тийм юм байхгүй гэж хэлэхээр нь сүхээ гаргаж тавьсан. Ганболд ахыг яах гэж ирсэн юм бэ гэж асуухад Чинхүслэнг үлдээгээд охин Эмүжинг аваад явна гэхээр нь дуртай үедээ хаячихаад дураа хүрэхээр авна гэдэг чинь юу гэж байгаан бэ 2 хүүхдээ хоёуланг нь аваад яв гэж хэлэхэд хөхүүл хүүхэд тэгээд ч өдөржин уйлаад байна би авч чадахгүй гэж хэлээд охин Эмүжингээ аваад гарахаар нь би хүргээд өгье гэж хэлэхэд миний машинд суухгүй алхаад явсан би Чинхүслэнг машиндаа авч суугаад Ганболд ахын дүүгийн гэрт очиход тэр 2 ирээгүй байсан учраас гэрт нь хүлээгээд сууж байхад Ганбаатар гаднаас орж ирээд фодвалка тайлаад гутлынхаа үдээсийг чангалаад доошоо суухаар нь надтай л маргалдах гэж байна гэж бодоод ахынхаа хүүхдийг ав гэж хэлэхэд чи муу ер нь яах гээд гараад ир гэж хэлээд намайг заамдаж гэрээс гаргахад Ганболд хашааны хаалгаар орж ирсэн. Дүү нь намайг чирж гаргаад газарт хавсарч унагаахаар нь чи өшөө намайг яамаар байна гэж хэлэхэд хэд хэд хавсарч унагаасан. Босож ирсэний дараа миний нүүрийг мангастахад Ганболд ах одоо боль гэж хэлж байсан. Дүү Ганбаатар нь намайг боож дахиж хавсарч унагаагаад нуруулуу 1 удаа өшиглөсөн. Хашааны гадна байхад Ганбаатарын эхнэр зогсож байсан эхнэр нь бид 2 дээр ирээд болиулах гээд дийлээгүй Ганболд миний араас тэврээд зогсож байсан. Ганбаатар миний захнаас заамдаад байхаар нь чи өшөө яамаар байна гэж хэлээд нүүрлүү нь 2-3 удаа нулимсан. Ганболд бид хоёрыг салгаад Ганбаатар хашааны гадна нүүрээ угааж байхаар нь очоод нэг удаа нүүрлүү нь алгадахад намайг буцааж боогоод чирэхэд манай 2 дүү ирэхээр нь та 2 битгий оролц та  хоёрын оролцох асуудал биш харин цагдаа дууд гэж хэлээд явуулсан. Зодоон дууссаны дараа гар утас, цаг хоёроо үзэхэд алга болсон байхаар нь Ганбаатартай цуг тэр хавиар хайсан . Манай 2 дүү 10-р хорооны цагдаагийн хэсэг дээр очиход хүнгүй байсан юм байна лээ тэндээсээ Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст очиж уулзахад хоёрдугаар хэлтсийн харъяа гэж хэлээд явуулсан байсан гэх мэдүүлэг. /хх 12-13/

2.2. Мөрдөн байцаалтын шатанд  гэрч Г.Уранчимэгийн:..2016 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр манай нөхөр Ганболд яриад хүүгээ авъя гэж хэлэхээр нь би долоо хоног эмнэлэгт хэвтэх гэж байгаа юм чинь чи долоо хоног авчих гэж хэлсэн юм, Ганболд хүүгээ авахаар манай гэрт ирэхээр нь ээжтэйгээ цуг гаргаж хүүгээ өгсөн юм. Охинтойгоо орой гэртээ байж  байхад Ганболд 19:00 цагийн үед хүү Чинхүслэнг тэвэрчихсэн уйлаад болохгүй байна хүүгээ ав би охиноо авъя гэж хэлээд сууж байхад манай дүү Мөнхбаяр гаднаас орж ирээд охиноо авч явах гэж байгаа бол хоёуланг нь аваад яв гэж хэлэхэд хүүгээ зургаан сар хүргэчихээд авъя гэж хэлэхэд Ганболд охиноо дагуулаад гарсан араас нь Мөнхбаяр Чинхүслэнг тэврээд гарсан,  орой 21 цагийн үед манай дүү Мөнхбаяр гэрт ирэхдээ Ганбаатар намайг зодчихлоо гэсээр орж ирсэн ба амнаас нь цус гарчихсан хүзүү нь улайгаад хувцас нь урагдсан байсан учраас цагдаад өргөдөл гаргасан юм. Манай дүү ирсэний дараа Ганбаатар надруу залгаад дарамталсан араа даагаарай гэж хэлсэн гэх мэдүүлэг. /хх 18-19/

2.3. Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Цэцэгмаагийн:...2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Ганболд манай охин руу яриад хүү Чинхүслэнгээ аваад гараад ир гэж ярьсан байсан. Би тухайн үед охиноо дагаад зээ хүүгээ тэврээд гарахад манай охин би 7 хоног эмнэлэгт хэвтэх гэсэн юм чи хүүгээ харж чадах уу гэж асуухад би чадна гэж хэлээд хүүгээ надаас булааж аваад жолооныхоо ард хүүтэйгээ цуг суугаад аваад явсан. Тэр орой нь намайг байхгүй байхад Ганболд хүүгээ өгөөд охиноо аваад явсанаас болж Мөнхбаяр эгчийнхээ хүүхдийг Ганболдод өгөх гэж очоод Ганбаатартай маргалдсаны улмаас манай хүүг Ганбаатар зодсон байсан гэх мэдүүлэг. /хх 20-21/

            2.4. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Үүрийнтуяагийн:…2016 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр ажлаасаа буугаад 12 цаг өнгөрөөд гэртээ ирэхэд Ганболд ах 3 сартай Чинхүслэнг аваад ирсэн байхаар нь асуухад хүүгээ санаад гэртээ аваад ирлээ гэж хэлж байсан. Чинхүслэн өлсөөд уйлаад байхаар нь угжаар угжсан дараа нь өөрийнхөө хөхөө хөхүүлсэн. Би ажлаас бууж ирээд өдөржин хүүхдийг нь тэврээд ядрахдаа та өөрөө харж чадахгүй байж хүүгээ аваачиж өг гэж хэлэхэд хүүгээ санаад байна жаахан байлгая гэж хэлэхэд Ганбаатар манай эхнэр хонож ажлаад ирж байхад та яагаад хүн боддоггүй юм бэ  тэгээд ч хөхүүл биз дээ ээжид нь аваачиж өг гэж хэлэхэд Ганболд ах Чинхүслэн хоёрыг авч гарсан. Ганбаатар бид хоёр 7 буудалд үлдээд Ганболд ах хүүгээ хүргэж өгөхөөр хадмынхаа гэрлүү явсан. Ойролцоогоор 30 минутын дараа Ганболд ах руу залгахад охин Алтанзултайгаа автобусны буудал дээр зогсож байна гэж хэлэхээр нь та наанаа байж бай бид 2 очоод авъя гэж хэлээд очоод авсан. Тэгээд гэрлүүгээ харих гээд явж байхад манай нөхрийн талын хадам хөгшин надруу залгаад Чинхүслэнтэй адилхан хүүхдийг Урнаагийн дүү тэвэрчихсэн байна Чинхүслэн юм шиг байна гэхээр нь арай биш байхаа Ганболд ах сая хүргэж өгчихөөд бид нар явж байна гэж хэлээд Ганбаатарт Чинхүслэнтэй адилхан хүүхэд байна гэж худлаа хэллээ гэхэд гайхаад байсан. Тэгээд гэрийн үүдэнд очоод Ганбаатар гэрлүү түрүүлж орсон Ганболд ах бид 2 хашааны хаалга хаагаад араас нь ороход Ганбаатар Мөнхбаярыг заамдчихсан  зогсож байгаад газар хавсраад унагаасан. Мөнхбаяр босож ирээд Ганбаатартай барьцалдаж  аваад өшөө өшөө гэж хэлээд тэр хоёр хашааны гадна гарсан. Мөнхбаяр манай нөхрийн нүүрлүү хэд хэдэн удаа нулимаад нүүрийг нь алгадаж авахад Ганбаатар Мөнхбаярыг хавсарч унагаасан. Би тэр хоёрыг салгах гээд ойртоход чамд хамаагүй чи цаашаа байж бай гэхээр нь чи хүний гэр оронд ирчихээд битгий ингээд бай гэж хэлэхэд Ганболд ах чи жирэмсэн байж хүмүүсийн дундуур орж цохиулах гэж байгаа юм гэхээр нь холдож зогссон. Та хоёр хүмүүсийн амьдралд оролцож ингэж маргалдах ямар шаардлага байгаа юм гэж хэлэхэд тэр хоёр миний үгийг сонсохгүй байсан. Мөнхбаяр Ганбаатарыг цохих гэж байхад нь би дундуур нь орж таараад зүүн талынхаа бөөрлүү өвдөглүүлсэн. Тэр хоёрын зодоон салсаны дараа Мөнхбаяр миний гар утас, бугуйн цаг алга болсон байна гэхээр нь хашаа, байшин гудамжаар машины гэрэл тусгаж хайгаад бид нар олоогүй гэх мэдүүлэг. /хх 22-23/      

 2.5. Мөрдөн байцаалтын шатанд гэрч  Г.Ганболдын:...2016 оны 09 дүгээр сарын 20-ний өглөө ажлаасаа бууж ирэхэд манай эхнэр Уранчимэг манай дүүгийн хадам Чимгээ эгч рүү мессеж явуулсан байсан. Мессежийг нь уншихад хүүхдийн хувцас аваад ир гэж явуулсан байсан. Тэгэхээр нь дүүгийн машиныг бариад хүүхдийнхээ хувцсыг өгөхөөр хайлаастаар даваад 7-н буудал дээр ирчихээд эхнэр лүүгээ залгахад зам дээрээ байж бай гэж хэлсэн удалгүй манай эхнэр, хадам ээж хүүг маань тэвэрчихсэн гарч ирсэн тэгээд эхнэртэйгээ жоохон хэрэлдэхэд машины хаалга хаалгахгүй байхаар нь хаалга татаж хаагаад сууж байхад Уранчимэг гартаа чулуу барьчихсан дүүгийн чинь машины цонхыг хагална гэхээр нь наадах чинь төлбөр тооцоотой шүү гэж хэлэхэд хүүгээ аваад явъя гэсэн. Тэр өдөр дүүгийн машины дугаар явдаггүй өдөр байсан учраас орой 20 цаг хүртэл хүүхдээ гэртээ харсан дугаарын хязгаарлалт дууссаны дараа манай  хоёр дүү Ганбаатар, Үүрээ хоёр 7-н буудлаас юм авна гэхээр нь цуг машинд суугаад 7-н буудал дээр буугаад тэр хоёр тэндээ үлдээд би хүүгээ аваад хадмынхаа гэрлүү явсан. Уранчимэг охинтойгоо цуг байсан Чинхүслэнг өгөхдөө хөхнөөс гараагүй хүүхэд арай амжихгүй юм байна охиноо аваад явъя гэж хэлэхэд охиноо ч, хүүгээ ч өгөхгүй гээд аваад үлдсэн. Намайг хадмын гэрээс  гарах гэж байхад Мөнхбаяр гаднаас орж ирэхдээ сүх барьчихсан танай дүү Ганбаатартай нэгийгээ үзнэ хоёр шээсээ аваад яв гэхээр нь би охиноо авч явж чадна гэж хэлэхэд Уранчимэг, Мөнхбаяр хоёр хүүхдийг маань хувцасласан. Мөнхбаяр Чинхүслэнг түрүүлж авч гарсан ба би араас нь охиноо авч гарахад Мөнхбаяр хажуу талын суудал дээр 4 сартай хүүг маань хэвтүүлээд аваад явсан тэгэхдээ машинд суучих хүргээд өгье гэхээр нь би чамаар хүргүүлэхгүй дүүгээ чамтай уулзуулмааргүй байна гээд машинд суугаагүй. Би охиноо аваад 7-н буудал руу явж байхдаа  Ганбаатар, Үүрийнтуяа хоёрлуу залгаад хаана байгааг нь асуухад гүүр даваад хүрээд ир гэж хэлэхээр нь буцаж очиж алхаж суусан. Тэгээд машинд сууж байхад Ган-Өлзийгийн хадам ээж Чимгээ Үүрээлүү залгаад надтай ярихдаа танай хадам дүү ирчихсэн чамайг хүлээгээд сууж байна гэж залгаж хэлэхээр нь би хадам ээж рүүгээ залгаад Мөнхбаяр манай гэрт ирчихсэн Ганбаатартай муудна гэж сууж байна, хүүхдээ зодоон хийхээс өмнө салгаж аваач гэж хэлэхэд манай хадам ээж Цэцэгмаа надад хамаагүй гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд дүүгийн гэрт очиход Ганбаатар түрүүлж машинаас буугаад Үүрийнтуяа бид хоёр араас нь орсон. Манай дүү гэрлүү түрүүлж ороод би машинаа тавьчихаад охиноо аваад дүүгийнхээ эхнэртэй цуг гурвуулаа ороход Ганбаатар, Мөнхбаяр 2 хэрэлдээд зогсож байснаа Мөнхбаяр ахынхаа шээсийг ав гэж хэлэхээр нь хүүгээ Мөнхбаяраас авсан. Тэр хоёр хэрэлдээд заамдалцаад гарахаар нь хүүгээ орон дээр тавьчихаад араас нь гарахад Ганбаатар Мөнхбаярыг хавсараад унагачихаад дээр нь гарчихсан байхаар нь тэр хоёрыг салгаад Ганбаатарыг авгай Үүрийнтуяа нь аваад би Мөнхбаярыг босгоод цаашаа аваад явсан. Тэгсэн дахиад энэ 2 барьцалдаж аваад дээр доороо орсон тэгж байгаад хашаанаас гараад барьцалдаж авахад нь салгасан. Ганбаатарыг эхнэр нь аваад би Мөнхбаярыг гарнаас нь бариад явж байхад дүү Баянханд нэг машинтай залуутай цуг ирсэн байхаар нь ахыгаа аваад яв гэж хэлэхэд Мөнхбаяр миний цаг байхгүй байна цагаа хайгаадахъя гэж хэлээд миний гарыг тавиулаад хашааруу явсан. Тухайн үед Үүрийнтуяа Ганбаатарыг хашаа руу аваад явж байхад Мөнхбаяр Ганбаатарын араас очоод дахиж зууралдаад байхаар нь Үүрийнтуяа бид 2 тэр хоёрын дундуур орж салгахад Мөнхбаярын амнаас цус гарчихсан байсан хувцас, эрүү нь цус болсон байсан. Үүрийнтуяа Ганбаатарыг аваад гэрлүүгээ орсон би Мөнхбаярыг аваад гудамжны үзүүрт явж байхад гар утас, цаг алга байна гэж хэлэхээр нь Мөнхбаяртай цуг 30 гаран минут гар утас, цагийг нь хайгаад олоогүй. Анх барьцалдсан газраас эхлээд хашааны үүд хүртэл би ганцаараа хайсан, хашаанаас гараад Мөнхбаяртай цуг хайж байхад Үүрийнтуяа гарч ирж цуг хайсан. Хадам ээжийн гэрт хүүгээ өгөхөд Уранчимэг Мөнхөө танай гэрт очсон байгаа гэж хэлэхээр нь утас руу нь залгахад утас нь холбогдохгүй байсан төд удалгүй Мөнхбаяр орж ирсэн гэх мэдүүлэг.           /хх 24-25/                                                                

2.6. Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Энхтуяагийн:..2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Ганболд 4 сартай хүү Чинхүслэнг аваад ирсэн байхаар нь хүү маань яаж байгаа юм бэ хөхнөөсөө гараагүй хүүхдийг яах гэж авчирсан юм бэ гэж асуухад маргааш аваачиж өгнө гэж хэлж байсан. 2016 оны 09 дүгээр сарын 20-ны орой Ганболд хүүгээ өгөхөөр дүү Ганбаатар, бэр Үүрийнтуяа нартайгаа явсан хойгуур нэг залуу орж ирээд Гангаагийн гэр мөн үү гэж асуухаар нь тиймээ гэж хэлтэл тэр залуугийн хажууд Урнаагийн том хүү Эрдэнэхүү байхаар нь миний хүү юу хийж яваа юм бэ гэж асуухад тэр залуу Эрдэнэхүүг аваад юу ч хэлээгүй буцаад гарсан Би зээгээ салхилуулаад явж байхдаа Үүрийнтуяа руу залгаад  хэзээ ирэх гэж байна гэж асуухад 7 буудал дээр ажил хөөцөлдөөд явж байна гэл үү юм худалдаж авч байна гэл үү нэг юм хэлж байсан. Тэгээд охиноо аваад хашаанынхаа үүдэнд зогсож байтал хүүхэд тэвэрсэн залуу хажуугаар өнгөрөхөөр нь надтай адилхан залуу байна даа гэж бодтол зүс харсан залуу байхаар нь юу билээ гэж бодсон чинь түрүүн орж ирээд гарсан залуу байсан.  Тэгсэн тэр залуу манай хашаа руу орохоор нь би араас нь явж ороод  яасан бэ миний хүү гэж асуухад хүүхэд орхиж явах гэсэн юм гэхээр нь би авч үлдэхгүй шүү гэж хэлэхэд би танд үлдээхгүй ээ гэж хэлэхээр нь гарч Үүрийнтуяа руу залгаад Чинхүслэнг тэврээд Урнаагийн дүү ирсэн байна та нар ирж байна уу  гэж асуухад Ганбаатар, Үүрийнтуяагийн утсыг аваад байлгаж байгаарай   бид нар очиж байна гэж хэлээд утсаа тасалсан. Урнаагийн дүү жаахан хүүхэд тэвэрчихээд хэрүүл уруул битгий хийгээрэй Ганбаатар том биетэй хүүхэд шүү гэж хэлсэн гэх мэдүүлэг. /хх 26-27/,

2.7. Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Баянхандын:..2016 оны 09 дүгээр сарын 20-ны орой ээж залгаад Мөнхбаяр ахыг чинь хүн зодох гээд байна Ганбаатар юм шиг байна. Цэгцбаатар та хоёр очоодох гээд утсаар ярьсан. Тэгээд дүү бид хоёр такси бариад Ганбаатарын гэрийн ойролцоо очиход Мөнхбаяр ахын араас Ганболд ах тэвэрчихсэн ахын зүүн гарнаас Ганбаатарын эхнэр барьчихсан Ганбаатар манай ахын хоолойг багалзуурдаад нүүрлүү нь хэд хэдэн удаа цохиод авсан тэгэхээр нь би болиоч гэж хэлэхэд Ганбаатар битгий хуц өнөөдөр би энийг чинь ална гэж хэлэхэд Мөнхбаяр ах цагдаа дууд гэхээр нь дүү Цэгцбаатар авч яваад Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр очоод уулзахад 17 дугаар цагдаагийн хэлтэс рүү гомдлоо гарга гэж хэлэхээр нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр очсон. Удалгүй манай ах араас ирээд цагдаад өргөдлөө өгсөн гэх мэдүүлэг. /хх 29-30/,  

2.8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13145 тоот актын:                                                            

            1. Ц.Мөнхбаярын биед дээд уруулын салстад язрал, цус хуралт, доод уруулын салстад цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч О.Болормаа гэсэн дүгнэлт  /хх-32/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Эд зүйлийн үнэлгээ /хх 9-10/, Г.Ганбаатарыг сэжигтнээр тооцсон тогтоол /хх-36/, сэжигтнийг байцаасан тэмдэглэл /хх 37-38/, сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол /хх 39-47/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх-48/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-50/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-51/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-52/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Дээрхи  хуульд заасан журмын  дагуу цугларсан  нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн  байцаалтын  шатанд  хийгдвэл зохих ажиллагаа бүрэн  хийгдсэн бөгөөд шүүх  шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад  тулгуурлан дараахи үйл баримтыг  тогтоов.

Шүүгдэгч Г.Ганбаатар нь 2016 оны 09 дүгээр сарын 20-ны орой 20 цагийн орчим Чингэлтэй дүүрэг, 10 дугаар хороо, Дэнжийн 2-436 тоот хашааны үүдэнд бэр эгчийнхээ дүү Ц.Мөнхбаяртай хувийн таармжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож биед нь уруулын салстад язрал, цус хуралт, доод уруулын салстад цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэргийг үйлдсэн  болох нь хохирогч  Ц.Мөнхбаяр, гэрч Г.Уранчимэг, П.Цэцэгмаа, Г.Үүрийнтуяа, Г.Ганболд, С.Энхтуяа, А.Баянханд нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13145 тоот акт шүүгдэгч Г.Ганбаатарын  шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ  хүлээн мэдүүлж  байгаа  мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдов.

 Шүүгдэгч Г.Ганбаатар нь хэргийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээсэн нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар яллах үндэслэл болж байгааг тэмдэглэж байна.               

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Ганбаатарт холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн нь хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Ганбаатарыг  бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, эрүүгийн  хариуцлага гарцаагүй  байх зарчмуудыг  баримтлан эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул  шүүгдэгчийг бусдад  учруулсан хохирлыг  төлж барагдуулсан, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх  үзлээ.                                                                                

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг  тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  55 дугаар зүйлийн 55.1.1., 55.1.3., 55.1.9 дэх хэсэгт зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов. Шүүгдэгч Г.Ганбаатар нь Ц.Мөнхбаярын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул Г.Ганбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1. дэх хэсэгт зааснаар хэргийг хохирогч, шүүгдэгчтэй  сайн  дураар эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй  болгож  шийдвэрлэх нь  хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэн ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдаж  шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286,  294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон                                                                                                                                                             

                                                                                                          ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Боржигон овогт Гэлэнхүүгийн Ганбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Г.Ганбаатарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн хэргийг хохирогч  шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Г.Ганбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

            3. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг  тус тус  дурдсугай.

            4. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Ганбаатарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

            5. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            6. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх  хүртэл шүүгдэгч Г.Ганбаатарт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          С.БАТЖАРГАЛ