Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 418

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Угийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/03377 дугаар шийдвэртэй, Б.Угийн нэхэмжлэлтэй, хариуцагч Монголын үндэсний олон нийтийн радио, телевизид холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.У,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Мөнхцэцэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийцэцэг, өмгөөлөгч Ц.Одмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Санхүү, орлого бүрдүүлэлтийн газрын захирлаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж, 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр МҮОНРТ-ийн дэд захирал бөгөөд Стратеги, санхүүгийн газрын захирлаар томилогдон 2015 оны 1 дүгээр сард бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн учир Санхүү, орлого бүрдүүлэлтийн хэлтсийн дарга, 2016 оны 4 дүгээр сараас Бодлого төлөвлөлт, маркетингийн хэлтсийн ерөнхий менежерийн ажилд тус тус томилсон. МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн Б/46 дугаартай тушаалаар намайг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2017 оны 1 дүгээр сарын 26, 30-ны өдрүүдэд ажил тасалсан гэх үндэслэлээр үндсэн цалинг 2 сарын хугацаатай 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/01300 дугаартай шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон.

Гэтэл МҮОНРТ-ийн ерөнхий захирлын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/234 дугаар тушаалаар намайг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны хооронд ажлын 8 өдөр ажил тасалж хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас халах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан. Үүнд гомдолтой байгаа бөгөөд тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй. Ажил тасалсан гэх өдрүүдэд ажил таслаагүй, өвчтэй байсан талаар тухайн үеийн удирдлагуудад мэдэгдэж, цагийн бүртгэлийн дагуу цалинг аваагүй, 0875197 тоот эмнэлгийн хуудсаар хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг ажил олгогчоос бодуулж авч байсан тул сахилгын шийтгэл хүлээлгэсэн тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.У нь МҮОНРТ-ийн Бодлого, төлөвлөлт маркетингийн хэлтэст Ерөнхий менежерийн ажлыг гүйцэтгэж байхдаа 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны хооронд ажлын 8 өдөр шалтгаангүйгээр ажил тасалж ноцтой зөрчил гаргасан. Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.3 дах хэсэгт ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах зохицуулалт байдаг. 5.3.1-т ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах бол Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 38, 40, 131.1.3 дугаар зүйлүүдийг үндэслэхийн зэрэгцээ дор дурдсан зөрчлүүдийг ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар ямар нэгэн болзолгүйгээр шууд цуцална гэж заасан.

Мөн 5.3.1-ийн в хэсэгт "Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэг сарын дотор нэг ба түүнээс дээш өдөр ажил тасалсан, эсхүл ажил тасалсан цагууд нийлбэрээр нэг өдрийн ажлын цагт хүрсэн, ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон шалтгаанаа нэгжийн даргадаа шалтгаантай хугацаандаа мэдэгдээгүй бол ажил тасалсанд тооцох” гэсэн зөрчил байна. Б.У нь ажилдаа хүрэлцэн ирээгүй шалтгаанаа удирдлагад зохих ёсоор мэдэгдээгүй байна. Иймд Ерөнхий захирлын Б/234 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал хууль, журмын дагуу үндэслэлтэй гарсан тул нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Уг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Бодлого төлөвлөлт маркетингийн хэлтсийн ерөнхий менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагч Монголын үндэсний олон нийтийн радио, телевизээс 6 060 744 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Угийн ажилгүй байсан хугацааны Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б.У нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 111 921 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Б.У нь МҮОНРТ-ийн Бодлого, төлөвлөлт маркетингийн хэлтэст ерөнхий менежерээр ажиллаж байхдаа 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 8 хоног шалтгаангүйгээр ажил тасалсан. Энэ тухайгаа өвчтэй байсан гэж мэдэгдэн байгууллагаас болон нийгмийн даатгалын байгууллагаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авсан байдаг. Уг эмнэлгийн магадлагаа нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 10-ны хооронд эмчлүүлсэн магадлагаа байсан. Гэтэл нэхэмжлэгч нь 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын хилээр гарсан мэдээллийг хил хамгаалах Ерөнхий газраас ирүүлсэн. 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр улсын хилээр гарчихсан байхад 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд эмчлүүлсэн магадлагааг Баянзүрх эмнэлэг ХХК-иас гаргаж өгч хууль бусаар нотлох баримт бүрдүүлээд байгаа нь илт байхад шүүх үүнийг анзаараагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх заалтыг зөрчиж илт хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Түүнчлэн Б.У нь Солонгос улсад эмчлүүлсэн гэх боловч ямар эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн, ямар эмчийн эмчилгээ заавраар эмчлүүлсэн, энэ нь хөдөлмөрийн чадвараа түр алдсан тэтгэмж авах өвчин эсэх нь тодорхойгүй, эмчлэгч эмчийн гарын үсэг байхгүй, орчуулга бүхий 1 хуудас баримт дээр байгууллагын тамга тэмдэг байхгүй, гоо сайхны хагалгаа хийлгэсэн үү, өвчний улмаас хагалгаа хийлгэсэн үү, яг өвчтэй байсан эсэхийг нотолсон зүйл байхгүй байхад өвчтэй байсан, эмчилгээ хийлгэсэн байна гэж шүүхээс дүгнэж байгаа нь огт үндэслэлгүй. Хариуцагч талаас Б.У өвчтэй гэж амаар хэлчихээд, ирээд эмнэлгийн магадлагаа өгөөд тэтгэмж авахад түүнийг ажлаа таслаад, хуурамч бичиг баримт бүрдүүлээд явж байсныг тухайн үед мэдэх боломжгүй байсан.

Харин 2016 оны 4 сард мэдээд дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс рүү албан бичиг хүргүүлэхэд Б.Угийн тэтгэмж авахад бүрдүүлсэн баримт, тэтгэмж олголтын үндэслэлийг шалгах боломжгүй байгаа талаар хариу ирүүлсэн. Үүний өмнө бид албан бичгээ өгч, утсаар лавласан бөгөөд уг албан бичгийг ирүүлэхдээ өмнө нь энэ талаар тайлбар хүргүүлж байсан гэж дурдсан байдаг. Эмчийн магадлагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар хуурамч нотлох баримт гаргасан буюу хууль бус аргаар цуглуулсан нотлох баримт тул мөн хуулийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

Нэхэмжлэгчийн өвчтэй байсан гэж ажил таслан хуурамч нотлох баримт бүрдүүлэн, сахилгын ноцтой зөрчил гаргасан байхад шүүх “Б.Уг ямар шалтгаанаар гадаад улс руу явсан, хуурамч нотлох баримт бүрдүүлсэн болохыг ажил олгогч, эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогоогүй байхад ажил тасалсан гэж үзэж хөдөлмөрийн гэрээ цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан байна” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Ажил олгогчийн зүгээс ажилтны бүрдүүлсэн баримт хуурамч, өвчтэй биш, ажлаас таслаад гадаад явсан гэдгийг эрх бүхий байгууллагад албан бичиг хүргүүлж, тогтоосны үндсэн дээр ажлаас халсан байхад ийм дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй.

Байгууллагын дотоод журмын 5.3.1-ийн в-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэг сарын дотор нэг ба түүнээс дээш өдөр ажил тасалсан” бол ноцтой зөрчилд тооцно гэж тодорхойлсон байтал “байгууллагын дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан нь тодорхойгүй байхад хөдөлмөрийн гэрээ цуцласан нь үндэслэлгүй” гэж дүгнэсэн байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээг хуульд заасны дагуу нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч Монголын үндэсний олон нийтийн радио телевизид холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/234 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Уг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.2, 131.1.3, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6.3, 31.6.6, Хөдөлмөрийн дотоод журмын 5.3.1 в, 7.1 в-д заасныг үндэслэн Бодлого төлөвлөлт, маркетингийн хэлтсийн ерөнхий менежерийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. /хх117/

 

Анхан шатны шүүх ажил олгогчийн гаргасан тушаал, хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам болон холбогдох бусад нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг тал бүрээс нь харьцуулан үнэлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэлийн талаар хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч А.Ундраа нь ажил тасалсан гэх 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд өвчний улмаас эмнэлгийн чөлөө олгогдсон талаар эрх бүхий албан тушаалтанд мэдэгдсэн, улмаар Солонгос улсад эмчлүүлсэн, хариуцагчийн хувьд өвчтэй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс тэтгэмж олгосон үйл баримт тогтоогджээ.

 

Иймд ажил олгогч нь тухайн ажилтныг хуурамч бичиг баримт бүрдүүлэн ажил тасалж, гадаад явсан нь ноцтой зөрчилд тооцогдоно гэх үндэслэлээр Хөдөлмөрийн дотоод журмын 5.3.1 в, 6.2.4-т зааснаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүх хууль бус аргаар бүрдүүлсэн, хуурамч баримт гэх үндэслэл тогтоогдоогүй болно. Тухайлбал тушаалд дурдсан хугацаанд Солонгос улсад эмнэлгийн үзлэг шинжилгээ хийлгэж, төлбөр төлсөн талаарх баримтыг орчуулгын хамт ирүүлсэн, Баянзүрх дүүргийн эмнэлэгийн 02/698 дугаартай тодорхойлолт, Баянгол дүүргийн Эрүүл мэнд,  нийгмийн даатгалын хэлтэс 1025 дугаар албан бичиг, Хил хамгаалах ерөнхий газрын шүүхэд ирүүлсэн албан тоот зэргээс үзвэл нэхэмжлэгчийг хуурамч баримт бүрдүүлж, хүндтэгтэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэхгүй.

 

Энэ агуулгаар шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгч Б.Уг Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Бодлого төлөвлөллт маркетингийн хэлтсийн ерөнхий менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 6 060 744 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт бичилт хийхтэй холбоотой шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Иймд хариуцагчаас “А.Ундраагийн эмчийн магадлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дэх хэсэгт зааснаар хуурамч нотлох баримт бөгөөд готлох чадваргүй, шүүх хуульд заасан журмаар нотлох баримтыг үнэлээгүй гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/03377 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                    Т.ТУЯА