Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1167

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Р.Мягмардорж, шүүгдэгч Л.Г*** нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 1337 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ц*** овгийн Л***ийн Г*** , *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Х*** аймгийн Ж*** суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, операторч мэргэжилтэй, хувиараа угаалгын газар ажиллуулдаг гэх, ам бүл дөрөв, эх, хоёр дүүгийн хамт С*** дүүргийн *** дүгээр хороо, Н*** дугаар гудамж *** тоотод оршин суух хаягтай, регистрийн дугаар: ***, урьд

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 307 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, уг ялыг биелүүлсэн.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Л.Г*** нь 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулах “Жи Эм Жи” караоке дотор иргэн М.М***тай хувийн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан эрүүл мэндэд нь “дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, баруун нүдний гадна буланд цус хуралт, зүүн нүдний алимын салстад цус харвалт, хамар, хүзүү, зүүн эгэм, баруун шилбэнд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Цэцэгт овгийн Лантуугийн Г***  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Жи Эм Жи” караоке дотор иргэн М.М***тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний цохиж зодон, бие махбодод “дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, баруун нүдний гадна буланд цус хуралт, зүүн нүдний алимын салстад цус харвалт, хамар, хүзүү, зүүн эгэм, баруун шилбэнд зулгаралт” бүхий бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

​​​​​​​1.2. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, хохирогч М.М***ын: “ …2022 оны 07 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад эхнэр Ц***ын хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жи Эм Жи төвийн баар орж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байтал манай эхнэр Ц***  тэр баарны текин дээр зогсож байсан залуу дээр байна байна очоод наалдаад байхаар нь би эхнэр Ц*** ыг хардаад эхнэр Ц*** ыг дуудаад эхнэртэйгээ маргалдаад чи яагаад текиний залуутай маяглаад байгаа юм бэ гэсэн чинь текиний залуу хүрээд ирсэн ба ирснээ чи яагаад эхнэртэйгээ маргалдаад байгаа юм бэ гэхээр нь миний уур хүрээд текиний залуутай барьцалдаж аваад тэр текиний залуу миний хүзүүг боохоор нь би текиний залуугийн нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон чинь текиний залуу миний нүүр лүү гараараа 2-3 удаа цохиод авсан. Надад ямар нэгэн нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал), гэрч Х.Ц***ын: “...2022 оны 07 дугаар сарын 29-нөөс 30-ныг шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад би нөхөр М***ын  хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жи Эм Жи төвийн караокед ороод бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байтал караокед текэний залуу өөр хүн харагдаагүй хүн багатай байсан ба текэний залуу бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн кассны машинаа уншуулж чадахгүй байна гээд намайг текэний залуу дуудаад байхаар нь би явж очоод кассны машиныг 3 удаа уншуулж өгсөн. Тэгсэн чинь намайг манай нөхөр М*** хардаад яах гээд текэний залуу дээр байна байна очоод байгаа юм бэ гэхээр нь би юу яриад байгаа юм бэ гээд бид хоёр хоорондоо маргалдаад байж байтал текэний залуу хүрч ирээд манай нөхөр М*** тэр текэний залуутай маргалдаад хоорондоо барьцалдаж аваад тэр М*** текэний залуугийн нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон чинь тэр текэний залуу манай нөхөр М***ын  нүүр лүү нь гараараа 2-3 удаа цохиж зодсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 10612 дугаартай “…М.М***ын биед дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, баруун нүдний гадна буланд цус хуралт, зүүн нүдний алимын салстад цус харвалт, хамар, хүзүү, зүүн эгэм, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дэх тал) зэрэг нотлох баримтууд хэргийн бодит байдлыг тогтооход хүрэлцээтэй байв.

Түүнчлэн, шүүгдэгч Л.Г*** нь яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. 2022 оны 07 дугаар сарын 29-өөс 30-ны шилжих шөнө 01 цагийн орчимд намайг ажил дээрээ буюу Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жи Эм Жи төвийн В1 давхарт байрлах Жи Эм Жи бааранд байхад гаднаас хоёр эрэгтэй, нэг эмэгтэй эхэлж орж ирээд нэг эрэгтэй нь түрүүлээд гараад явсан ба эрэгтэй эмэгтэй буюу эхнэр нөхөр байсан. Тэгээд манайхаар хааяа үйлчлүүлдэг эмэгтэй хүрч ирээд удалгүй гараад яваад өгсөн. Тэгсэн чинь тэр эхнэр нөхөр хоёр сууж байгаад эхнэр нь над дээр буюу текэн дээр ирээд надаас юм асуугаад байсан чинь нөхөр нь эхнэртэйгээ маргалдсан ба надтай эхнэрээ хардаад байх шиг байсан. Тэгсэн чинь нөхөр нь хүрч ирээд чи яагаад манай эхнэртэй сээтгэнээд маяглаад байгаа юм бэ гээд намайг заамдаж авахаар нь зөрүүлээд заамдаж аваад байж байтал нөхөр нь миний нүүр лүү гараараа нэг удаа цохиод авахаар нь би зөрүүлээд тэр нөхрийнх нь нүүр лүү 2-3 удаа цохисон. Тэр үед миний баруун нүд бага зэрэг хөхөрсөн, бас баруун гар шалбарсан байсан. Би өөрийн хүсэлтээр шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй.  ...” гэж (хавтаст хэргийн 58-59 дэх тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйлгүй” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

​​​​​​​1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Л.Г*** нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

​​​​​​​1.4. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 10612 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Л.Г*** ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч М.М***ын биед халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Л.Г***ын хохирогчийн нүүр лүү гараараа 2-3 удаа цохисон үйлдэл болон хохирогч М.М***ын биед учирсан дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, баруун нүдний гадна буланд цус хуралт, зүүн нүдний алимын салстад цус харвалт, хамар, хүзүү, зүүн эгэм, баруун шилбэнд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Л.Г***ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

​​​​​​​1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч М.М*** нь “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Л.Г***ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч Л.Г***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 4 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй...” гэв.

Шүүгдэгч: “...хэлэх саналгүй...” гэв.

​​​​​​​2.2.Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Л.Г*** нь хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 24 дэх тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 29-31 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 34 дэх тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 35 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 36 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 37 дахь тал), Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 38-41 дэх тал), шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны албан тоот (хавтаст хэргийн 70 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Анхан шатны шүүх улсын яллагчийн саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г***т найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

Шүүгдэгч Л.Г***т оногдуулсан найман зуун мянган төгрөгөөр торгох ялыг түүний орлогын хэмжээг харгалзан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоногийн үндсэн хугацааг нэмэгдүүлж, дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоолоо.

​​​​​​​1.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Г*** нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Ц*** овгийн Л***ийн Г*** ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г***т найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г***т оногдуулсан найман зуун мянган төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай. 

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Г***т сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Г*** нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Л.Г***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

​​​​​​​ДАРГАЛАГЧ                                    Б.БАТАА