Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/947

 

 

 

 

 

 

 

  2022       10          05                                      2022/ШЦТ/947

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,   

улсын яллагч Н.Булганчимэг,

шүүгдэгч Н.Х,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин нарыг оролцуулан эрүүгийн ... дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19.. оны 11 дүгээр сарын 03-ны өдөр У...т хотод төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, программист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, ... тоотод оршин суух хаягтай, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн ... оны 06 дугаар сарын 02-ны өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .. оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгийн торгох,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, уг ялаа биелүүлээгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / ... овогт Н.Х нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

2022 оны 08 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт хамтран амьдрагч З.О-ыг хардаж улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Х мэдүүлэхдээ: ... Хэрэг болдог өдөр миний бие 2 найзын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Удалгүй ажил дээр очтол хамтран амьдрагч З.О байхгүй байхаар нь гар утасныхаа “...” буюу байршил тогтоогч ашиглаж байршлыг нь тогтоон очтол тэрээр өөр залуутай машинд нүцгэн сууж байснаас болоод маргаан үүсгэж эрүүл мэндэд нь халдсан. Одоо хохирогчтой эвлэрсэн, алдаагаа ухамсарлаж уучлалт хүссэн. Бид одоо хамтран амьдарч байгаа гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч З.О-ын мэдүүлэг / хх 16-17 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 11423 дугаартай дүгнэлт / хх 25-26 /, яллагдагч Н.Х-ийн мэдүүлэг / хх 34-35 /, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа / хх 36 /, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 40 / зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Х нь 2022 оны 08 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт хамтран амьдрагч З.О-ыг хардаж улмаар зодож, биед дух, зүүн нүдний алим, хоёр нүдний зовхи, баруун чих, хоёр шанаа, эрүү, баруун сарвуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд: ...

 

Хохирогч З.О-ын / хх 16-17 / “...Би 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 14-50 тоот гэрээсээ гараад Сүхбаатар дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Наадам зоог гэх цайны газарт ажлын байран дээрээ 14 цагийн орчимд хамтран амьдрагч Н.Х-ийн хамт ирээд ажлаа хийж байхад Н.Х-ийн найз нь эхнэрийн хамт ирсэн. Тэгээд Н.Хийн 2 найз нь гол явъя гэхээр нь би ажилтай байсан учраас яваагүй. Тэгээд Н.Х 2 найзынхаа хамт 17 цагийн орчимд ажлаас гараад явсан. Намайг ажил дээр байхад манай найз Э. мөн нэг найзаа дагуулж ирээд бид 3 пиво ууцгаасан. Тэгээд 23 цагийн орчимд манай найз залуу Н.Х гаднаас согтуу ажил дээр орж ирэхээр нь унтуулчихаад би ганцаараа ажлын урд байрлах Си Юү дэлгүүр орж пиво аваад ажил руу алхаж явахад Н.Х гэнэт машинтайгаа миний хажууд ирж зогсоод, миний барьж явсан тортой зүйлийг авч шидээд, намайг машинд чирч суулгаад ямар нэгэн шалтгаангүйгээр цохиж зодсон...” гэх мэдүүлэг, 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 11423 дугаартай дүгнэлтэд:

1. З.О-ын биед дух, зүүн нүдний алим, хоёр нүдний зовхи, баруун чих, хоёр шанаа, эрүү, баруун сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. / хх 25-26 /

 

Яллагдагч Н.Х-ийн / хх 34-35 / “...Миний бие хамтран амьдрагч З.О-ыг хардалтын улмаас нүүрэнд нь хоёр гараараа ээлжилж 4-5 удаа цохьсон. 2 удаа алгадсан. Би З.О-ыг зодож биед нь гэмтэл учруулсан нь үнэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Н.Х-ид холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Х-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

Шүүгдэгч Н.Х-ид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Х нь гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ санаатай гэмт хэрэг үйлдсэн, урьд торгох ялаар шийтгүүлсэн боловч өөрийн үйлдэлд дүгнэлт хийгээгүй дахин гэмт хэрэг үйлдсэн, ажил хөдөлмөр эрхэлдэг гэх боловч энэ талаар нотолсон баримтыг гаргаж өгөөгүй, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэв.

 

Шүүгдэгч Н.Х нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэв.  

 

Шүүгдэгч Н.Х нь урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, уг ялаа биелүүлээгүй байна.

 

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж, мөн зүйлийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж зааснаар Н.Х-ид Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1.000.000 төгрөгний торгох ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэв.  

 

Бусад асуудлаар:

Хохирогч З.О нь хавтаст хэрэгт хохирол төлбөртэй холбоотой баримт гаргаж өгөөгүй бөгөөд шүүхээс түүнд хурлын тов мэдэгдэхэд шүүх хуралд оролцохгүй, гомдол саналгүй гэсэн тул түүнийг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч нь төлөх төлбөргүйг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Н.Х нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдав.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Хийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ... овогт Н.Х-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Н.Х-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Н.Х-ид Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1.000.000 төгрөгийн торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Н.Х нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүйг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар нь Н.Х нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Н.Х-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Х-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ