| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2022/0922/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/966 |
| Огноо | 2022-10-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 2022/ШЦТ/966
2022 10 12 2022/ШЦТ/966
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,
улсын яллагч Н.Булганчимэг,
Хохирогч Г.Ц,
шүүгдэгч Г.Ө,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү нарыг оролцуулан эрүүгийн ... дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 20.. оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... 1 дүгээр курсын оюутан, ам бүл 5, эцэг, эх, ах, эгчийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / ... овогт Г.Ө нь:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Сүхбаатар дүүргийн ... урд талын замд 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 20 цагийн орчим насанд хүрээгүй хохирогч Г.Ц-г мөргөсөн гэх шалтгаанаар нүүрэн тус газар нэг удаа цохиж, хамар ясны баруун, зүүн хажуу хана, хянганы хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамрын нурууны цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ө мэдүүлэхдээ: ...08 дугаар сарын 19-ний өдөр Улсын их дэлгүүрийн урд явж байтал эрэгтэй, эмэгтэй хоёр хүн өөдөөс гарч ирээд У.тай энэ залуу мөргөлцөөд надад цүнхээ өгөөд дайрахаар нь У. надаас чанга цохих байх гээд нүүрэнд нь алгадсан. Тэгээд айсандаа зугтаасан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ц мэдүүлэхдээ: ...Тухайн өдөр би найз охинтойгоо талбай дээр сууж байгаад бие засахаар явахдаа нарийхан зам дээр өндөр залуутай шүргэлцсэн. Гэтэл яагаад байгаа юм бэ гэхээр нь яасан юм гэхэд намайг цохиод авсан. Үүнээс болоод миний хамар хугарсан учир эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. С. эмнэлэгт 4.500.000 төгрөгний хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа тул нэхэмжилж байна. Шүүгдэгч шүүх хуралдаанд 191.000 төгрөгийг төлж барагдуулсан гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Ц-гийн мэдүүлэг / хх10-11 /, гэрч Г.Г-ийн мэдүүлэг / хх 13 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 11537 дугаартай дүгнэлт / хх 18-19 /, яллагдагч Г.Ө-ын мэдүүлэг / хх 25 /, иргэний үнэмлэхийн лавлагаа / хх 30 /, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 28 / зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Ө нь 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 20 цагийн орчим Сүхбаатар дүүргийн ... хороо, .. дэлгүүрийн урд талын замд насанд хүрээгүй хохирогч Г.Ц-г мөргөсөн гэх шалтгаанаар нүүрэн тус газар нэг удаа цохиж, хамар ясны баруун, зүүн хажуу хана, хянганы хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамрын нурууны цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд: ...
Хохирогч Г.Ц-гийн / хх10-11 / “...2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Улсын их дэлгүүрийн урд найз охин Н. ы хамт явж байсан бөгөөд би нойл орох шаардлагатай болж пантамын дэргэдэх С. гэх газрын нойл орох гээд ганцаараа явж байтал урдаас үл таних 3 залуу гарч ирсэн. Би тухайн 3 залуугийн өндөр биеэрхүү, нүдний шилтэй залууг хажуугаар нь зөрөхдөө мөрөөрөө шүргэсэн бөгөөд намайг хөөе чи яагаад байгаа юм гэж араас дуудсан. Тэгээд тухайн залуучууд дээр очиж би яасан юм бэ гэхэд тухайн 3 залуугийн хар хувцастай, 170 см орчим өндөртэй залуу нь намайг энэ ямар охин шиг банди вэ гээд миний нүүр хамар хэсэг рүү нэг удаа баруун гараараа цохьсон” гэх мэдүүлгээр,
Гэрч Г.Г-гийн / хх 13 / “...Өчигдөр би ажлаасаа тараад гэртээ ирээд байж байтал манай найз болох Г.Ө, У. нар над руу чат бичээд Сүхбаатарын талбай дээр уулзъя гэж хэлсэн. Тэгээд бид гурав Ленин клубын урд байрлах задгай пабад орж хүний 3 пиво уусан. Тэгээд бид 3 гараад Их дэлгүүрийн тийшээ явахад урдаас эмэгтэй, эрэгтэй хүн ирж байсан. Тэгээд бид нарын хажуугаар өнгөрөхдөө Г.Өыг эрэгтэй нь мөрлөсөн. Тэгэхэд Г.Ө чи яагаад хүн мөрлөөд байгаа юм гээд Г.Ө нь хамар хэсэг рүү нь алгадсан. Тэгэхэд тэр залуугийн хамраас цус гарсан чинь Г.Ө зугтаагаад яваад өгсөн” гэх мэдүүлгээр,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 11537 дугаартай дүгнэлтэд:
1. Г.Ц-гийн биед хамар ясны баруун, зүүн хажуу хана, хянганы хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамрын нурууны цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйилйн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. / хх 18-19 /
Яллагдагч Г.Ө-ын / хх 25 / “...Тухайн өдөр Их дэлгүүрийн урд найз У., Г. нарын хамт явж байтал нэг залуу, охин хоёр урдаас ирж байсан. Тэгээд тухайн залуу У. бид хоёрын дундуур мөрлөөд гарахад нь чи яагаад байгаа юм гэхэд У. хажуунаас маргаж би тухайн залуугийн нүүрэн тус газар нь нэг удаа цохиж гэмтээсэн” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Ө-т холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Шүүхээс шүүгдэгч Г.Ө-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:
Шүүгдэгч Г.Ө-т ял шийтгэл оногдуулахад анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Ө нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, сургуульд сурдаг, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэв.
Шүүгдэгч Г.Ө нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэв.
Бусад асуудлаар:
Хохирогч Г.Ц нь эмчилгээний зардалд баримтаар 191.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч уг хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул шүүгдэгч Г.Ө нь төлөх төлбөргүй байна.
Шүүх хуралдаанд хохирогч Г.Ц нь УБ С. эмнэлэгт хагалгаанд орно гэж 4.500.000 төгрөгний нэхэмжлэх гаргаж өгсөн боловч уг хагалгааг хийлгээгүй, хангалттай баримтаар нотлогдоогүй байх тул хохирогч Г.Ц нь энэ хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлж, иргэний журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Г.Ө нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдав.
Шүүхээс шүүгдэгч Г.Ө-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,
37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ... овогт Г.Ө-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хохирогч Г.Ц нь энэ хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлж, иргэний журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар нь Г.Ө нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Г.Ө-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Ө-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ