Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 878

 

С.Гт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ундрах,

шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Б.Золзаяа,

хохирогч Т.Гэрэлчулуун, Ц.Далай,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Т.Алтантуяа, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 516 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Б.Золзаяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар С.Гт холбогдох эрүүгийн 1808025401210 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

...................., 1983 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Тээвэрчдийн 7-5 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 25 дугаар гудамжны 26 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /....................../;

С.Г нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоогийн 30-21 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Т.Гэрэлчулууныг “хоолоо оройтуулж хийлээ” гэсэн шалтгаанаас болж маргалдан улмаар хэвлийн тус газар нь зэвсэг буюу хутгаар 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь “хэвлийд нэвтэрч бүдүүн гэдсийг гэмтээсэн” хүнд хохирол санаатай учруулсан,

2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр, 2017 оны 6 дугаар cap, 2017 оны 11 дүгээр cap, 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Т.Гэрэлчулууныг тус тус зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

2017 оны 8 дугаар сард иргэн Х.Энхцэцэг, В.Лхам нарт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай газрыг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч иргэн Х.Энхцэцэгээс 1.000.000 төгрөг, иргэн В.Лхамаас 4.000.000 төгрөг авч залилсан,

2016 оны 8 дугаар сараас 2017 оны 7 дугаар сарын хооронд иргэн Ц.Далайд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт гэх газарт газар авч өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурч, нийт 10.650.000 төгрөгийг авч залилсан,

2017 оны 4 дүгээр сараас 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн хооронд
Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн клиник
сувиллын ажилчдад газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий
болгож, хуурч иргэн Б.Уянгаас 180.000 төгрөг, Ш.Саруултуяагаас 180.000 төгрөг, Ч.Энхбаатараас 90.000 төгрөг, Б.Дуламаас 90.000 төгрөг, Ө.Болорцэцэгээс 90.000 төгрөг, Б.Баасанжаваас 90.000 төгрөг, Э.Отгонцэцэгээс 90.000 төгрөг, Л.Лүгжидмаагаас 90.000
төгрөг, Б.Энхтуяагаас 90.000 төгрөг, П.Ариунтуулаас 90.000 төгрөг, Н.Ганчимэгээс 90.000
төгрөг, С.Мөнгөнцэцэгээс 180.000 төгрөг, Д.Отгонцэцэгээс 90.000 төгрөг, Л.Эрдэнэбулагаас 90.000 төгрөг, Б.Халтараас 90.000 төгрөг, Б.Балдандоржоос 180.000 төгрөг, Б.Нэргүйгээс 180.000 төгрөг, Б.Нанжидмаагаас 180.000 төгрөг, Н.Эрдэнэчимэгээс 180.000 төгрөг, Д.Бат-Эрдэнээс 90.000 төгрөг, Ц.Уранчимэгээс 90.000 төгрөгийг /нийт 2.790.000 төгрөг/ залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: С.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дахь заалтад зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ......................... хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дахь заалтад заасан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, С.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дахь заалтад зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жил, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8 жил 6 сарын хорих ялын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт тус тус зааснаар С.Гт оногдуулсан 8 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар С.Гийн цагдан хоригдсон 209 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасч, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Т.Гэрэлчулуунд энэ тогтоолоор төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар 1808 0254 01210 дугаартай хэргийн хамт ирсэн хар цагаан өнгийн иштэй хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар С.Гөөс 18.470.000 төгрөг гаргуулж, хохирогч Ц.Далайд 10.650.000 төгрөг, В.Лхамд 4.030.000 төгрөг, Х.Энхцэцэгт 1.000.000 төгрөг, Б.Уянгад 2.790.000 төгрөгийг тус тус олгож, давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Намайг хийгээгүй хэрэгт хүчээр ял тулгасанд маш их гомдолтой байна. Намайг Дорнод аймагт явахад 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэнэт ямар ч зөвшөөрөлгүй баривчилсан. Тэгээд аймгийн цагдаагийн хэлтэс дээр буюу эрүүлжүүлэх байранд 2 хоног байлгаж байгаад 10 дугаар сарын 13-ны өглөө хот руу авч явсан. Хотод орж ирээд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн байцаагч Мягмардорж тосож аваад цагдаагийн хэлтэс дээр аваачиж архи, пиво уухыг шаардаж, өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхийг шаардаж мэдүүлэг авсан. Тухайн үед шөнийн 23 цаг өнгөрч байсан. Надад Боргио нэртэй 0.5 летрийн пиво гурвыг уулгаж мэдүүлэг авсан. Тухайн орой намайг эрүүлжүүлэх байранд хонуулсан. Миний бие архи, пиво огт уудаггүй амархан согтдог гэж хэлсэн. Тэгэхэд байцаагч залуу “манай эхнэр жирэмсэн өвдөөд байна, та пиво уугаад мэдүүлэг өгөөд эрүүлжүүлэхэд хоночих” гээд гуйгаад байсан. Энэ байдлаар намайг цагдаагийн хэлтэс дээр 5 хоног байлгаж байгаад 10 дугаар сарын 18-нд цагдан хорих шийдвэр гаргасан. Намайг цагдан хоригдсоноос хойш ямар ч мөрдөн байцаах ажиллагаа явуулаагүй бөгөөд 3 өөр байцаагч ирж гарын үсэг зуруулсан. Би хохирогч Гэрэлчулуунаас салаад 1 жил 2 сар болж байсан. Хохирогчийг хутгалах гэмтээх ямар ч өс хонзонгийн зүйл байхгүй. Хохирогч өөрөөс нь салж өөр хүнтэй суусанд өс санаж маш олон муухай зүйл хийж байсан. Намайг аав, ээж, ах, эгч, дүү нартайгаа нийлж гэмт хэрэгт гүтгэж, гэмт хэрэгтэн болгосонд маш их гомдолтой байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх цаг хугацаанд хохирогч Гэрэлчулуунтай би огт хамт байгаагүй, хамт байгаагүйг нотлох маш олон баримт байхад огт мэдүүлэг авч хавтас хэрэгт оруулаагүй. Миний бие 2017 оны 3 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл Хархорин захын байр хөлсөлж, мөн гадаадад болон Дорнод аймагт байсан болно. Гэтэл гэрч гэх Гэрэлчулууны аав Торгууд, эгч Даваабал, Ундрах, Баасанцэрэн, ээж Нямаахүү эгч Сарандулам, дүү Ариунтунгалаг, Хоролхүү нар бүлэглэн худал мэдүүлэг санаатай өгч намайг гэмт хэрэгтэн болгосон. Тухайн хүмүүс үнэхээр намайг тухайн цаг үед гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байхад яагаад цагдаад мэдэгдээгүй 1 жил 3 сарын дараа худал мэдүүлэг зохиож өгсөн. Даваабал, Баярбат нар надаас 2016 оны 10 сараас 2017 оны 8 дугаар сарын 30-ны хооронд нийт 26.500.000 төгрөгийг байранд оруулах зорилгоор авсанаа бүтэхгүй болохоор мөнгө нэхээд ирэхээр хүнийг дүүтэйгээ гэмт хэрэгт гүтгэсэнд тухайн надаас мөнгө авсан хэргийг 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсээс шалгаж эхэлсэн бөгөөд надаас мэдүүлэг авсан байгаа. Миний холбогдсон залилангийн гэмт хэрэг тухайн хүмүүсээс нийт 7.750.000 төгрөгийг өөрийн дансаар авч Х.Бадамгарав гэх залууд шилжүүлсэн баримтыг өгсөн боловч тухайн баримт хавтас хэргээс алга болж Х.Бадамгарав гэрч болон хувирсан. Сувилалын цэцэрлэгийн асуудал мөн л надад огт хамаагүй бөгөөд би Уянга гэх хүнийг огт харж байгаагүй, би ажлаа хийж явсан. Би тухайн хүмүүсээс огт мөнгө авч байгаагүй, манай дарга тухайн цэцэрлэгт тойргийнхоо хүүхдүүдийг хамруулдаг байсан. Дарга ажилчдад амины хэрэгцээний газар өгөхөөр болж кадастрын зураг хийлгэсэн. Тухайн кадастрын зургийг Сүхээ, Түмэнбаяр нар хийж өгсөн. Би тухайн хийж өгсөн зургийг даргын туслах Р.Отгонбаяр эгчид бүрэн хүлээлгэж өгсөн. Сүхээ, Түмэнбаяр нар нь мөнгө авсан гэсэн мэдүүлэг өгөөд байхад би яагаад хэрэгтэн болов, хохирогч Лхам гэх хүнийг би огт танихгүй. Лхам нь мэдүүлэг өгөхдөө мөнгө Энхцэцэг гэдэг хүнд өгсөн гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд прокурор байцаагч хэргийг бүх талаас нь сайтар хянан шийдвэрлэнэ, шалгана гэсэн байх бөгөөд хийгээгүй хэрэг тулгаж, нотлох баримт байхгүй хэрэг тулгаж, архи, пиво уулгаж мэдүүлэг авч, мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтас хэргээс зарим эд мөрийн нотлох баримт хууль бусаар алга болсон, мөн миний бие өөрт тулгасан гэмт хэргийн хавтас хэрэгтэй огт танилцаагүй, прокурор, байцаагч тухайн хэргийг шалгахдаа яллах, буруутгах талыг баримталж миний эрх зүйн байдлыг эрс дордуулсан байна. Иймд миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эрс эсэргүүцэж байна.” гэв.

Шүүгдэгч С.Гийн өмгөөлөгч Б.Золзаяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль нь гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн олж тогтоох, шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх хууль ёсны эрх ашгийг хамгаалах зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино гэж заасан. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нь дараах хууль бусад хуулийг чанд сахина. Мөн үйл ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зарчимд нийцнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох 1.7.1-д “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, 1.7.2-д “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.”, мөн хуулийн 1.8.1-д “Энэ хуульд заасан үндэслэл журмаас гадуур хэнийг ч нэгжих баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлах, өмчлөх эрхэд нь халдах, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хориглоно.”, 1.15.1-д “Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй.”, 1.15.2-д “Эрүүгийн хэрэгт хамааралтай нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, шүүгдэгч, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэснийг мөрдөн байцаагч, прокурор, шүүгч анхаарч хянан үзэхгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим алдагдаж байна. Шүүхээс С.Гт дараах ял шийтгэл оногдуулсан. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дахь заалтад зааснаар зүйлчлэн ялласан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл, 16.2.1-д “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно” гэснийг илт зөрчсөн байна. Гэмт хэрэг гарсан байдал гэмт хэргийг хаана, хэзээ, яаж үйлдсэн эсэхийг, мөн гэмт хэргийг хэн үйлдсэн эсэхийг, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-д “гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр нь хуульд заасан хэлбэрээр тогтоогдоогүй”, 1.6-д гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тогтоогоогүй нь нотолбол зохих байдлыг нотлоогүй байна. Гэмт хэрэг гарах үед тухайн цаг хугацаанд С.Г нь Т.Гэрэлчулууныг хутгалж байсныг харсан үзсэн хэн ч байхгүй. Мөн бусад эд мөрийн нотлох баримт байхгүй. /хутгыг нотлох баримтанд тооцохгүй болсон/ Тухайн хэрэг болсон үед Гэрэлчулууныг гэртээ байх үед орж ирсэн гэрчүүд болох Гэрэлчулууны дүү, түүний нөхрөөс нь мэдүүлэг аваагүй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-д зааснаар мэдүүлгийг сэжигтэн, яллагдагч мэдүүлэг өгөгч хохирогч, гэрчүүд, мэдүүлгийн эх сурвалжийг зааж чадаагүй зөрүүтэй мэдүүлэг өгсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3.3-д заасан “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэснийг илт зөрчсөн байна. Мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 4.6-д зааснаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзсан гэрч, хохирогчоос 16.3.4-т зааснаар мэдүүлэг авч болохгүй байдлыг зөрчсөн. Дээрхи нөхцөл байдлууд нь 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн яллах дүгнэлтэнд тодорхой харагдаж дараах байдлаар тогтоогдож байна. Хохирогч Т.Гэрэлчулууны “...бараан царайтай, 160 см өндөртэй, бараан хувцастай хүн чи Гантөмөрийн эхнэр мөн үү гээд гэдэс рүү цохих шиг болсон” /1хх 27/ гэх мэдүүлэг, хохирогч Т.Гэрэлчулууны “...одоо мэдүүлэг үнэн зөвөөр өгье, Гантөмөр шууд босож ирээд ширээн дээр байсан хутгыг аваад зүүн талын хэвлий хэсэгт хатгаад авсан” /1хх 30-37/ гэх мэдүүлэг, мөн Т.Гэрэлчулууны “...манай хоёр охин Оюун-Эрдэнэ, Номин-Эрдэнэ нар унтаж байсан” /1хх 24/ гэх мэдүүлэг, гэрч Т.Даваабалын “Гэрэлчулуун Гантөмөр хутгалчихаад дараа нь цусыг нь угааж байсан гэж хэлж” /1хх 67/ хэлсэн зэрэг мэдүүлгүүд нь зөрүүтэй, эх сурвалж нь тодорхойгүй байдал нь С.Г хохирогч Т.Гэрэлчулууныг хутгалсан гэдгийг дангаар нотлож чадахгүй байна. 1 хавтас хэргийн 58, 60 дугаар талд гэрч Т.Нямаахүүгийн мэдүүлэг, хавтас хэргийн 42 дугаар талд гэрч Т.Баасанцэрэнгийн мэдүүлэг, хавтаст хэргийн 79 дүгээр талд гэрч Ж.Сарандуламын мэдүүлэг, хавтаст хэргийн 75 дугаар талд гэрч Т.Ундрахын мэдүүлэг зэрэг. Мөрдөгч гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.6-д дахь хэсэгт заасан мөрдөгч мэдүүлэг өгөх гэж байгаа хүнд өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй талаар тайлбарлаж өгөөгүй нь дээрх заалтыг ноцтой зөрчсөн байна. Мөн хуулийн 25.1.13-д зааснаар “мэдүүлэг авахдаа хөтлөж, эсвэл тулгаж асуулт тавихыг хориглоно.” гэснийг ноцтой зөрчсөн байна. Хавтас хэргийн 43 дугаар талд насанд хүрээгүй гэрч Г.Оюун-Эрдэнээс асуусан мэдүүлэг зэргээр С.Гийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” үйлдлийг зүйлчлэн ялласан байна. Т.Гэрэлчулууны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “С.Г нь 2017 оны 6 дугаар сард намайг зодсон. Тэгэхээр нь шүүх эмнэлэгт үзүүлээд хөнгөн гэмтэл гараад ахмад Дашбат байцаагч дээр шалгагдаж байгаад 14 хоногийн баривчилгаанд яваад ирсэн. Намайг хутгалахаас өмнө намайг хоёр удаа багалзуурдсан. Би цагдаад дуудлага өгөөгүй өнгөрсөн. Дээрх багалзуурдсан асуудал 2017 оны 4 дүгээр сард болсон. Зодуулж байхыг нэг удаа Лхагва гэх хүн харсан. ...Намайг 2 удаа багалзуурдсаныг хэзээ болсон талаар нь сайн мэдэхгүй байна. 2017 оны 11 дүгээр сард болж байсан санагдаж байна. Тухайн үед би цагдаад дуудлага өгч байгаагүй...” /1хх 32-33/ гэх мэдүүлэг, энэ хэрэгт С.Г нь урьд ял шийтгэгдэж 14 хоногийн хугацаатай баривчлагдсан. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5-д “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна.” гэсэн шудрага ёсны зарчимд нийцэхгүй байна. Мөн гэрч Т.Нямхүү /1хх 55-56/, Ч.Торгууд /1хх 46-48/, Н.Баярбат /1хх 63-66/, Т.Даваабал /1хх 69-71/, Б.Лхагвасүрэн /1хх 76-77/, Т.Ариунтунгалаг /1хх 81/, Б.Хоролхүү /1хх 72-73/ мэдүүлгүүд нь хэргийг давтан хоёроос дээш удаа үйлдсэн гэдгийг бүрэн дүүрэн нотлож чадахгүй бусад баримтаар давхар нотлогдохгүй байна. 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 239 дугаартай яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт бусдыг хуурч, зохиомол байдлыг бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдын төөрөгдөлд оруулж залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр тус тус зүйлчлэн шийтгэсэн. Мөн хохирогч Х.Энхцэцэгийн мэдүүлэгт “1 сая төгрөг авсан” /1хх 196-200/ гэх мэдүүлэг, В.Лхамын “АТМ-ээс 2.100.000 төгрөг бэлнээр авч Энхцэцэгт өгсөн” /1хх 208-209/ гэх мэдүүлэг, хохирогч Б.Уянгын “ажилчдаас мөнгө хурааж аваад С.Гт 960.000 төгрөг, 1.440.000 төгрөг өгсөн, би ажилчдаас хурааж авсан мөнгөө буцааж өөрөө өгсөөр байгаад дуусгасан.” /1хх 247-249/, хохирогч Ц.Далайгийн “...8.000.000 төгрөгөөр газар худалдаж авахаар болоод” /2хх 131-138/ гэх мэдүүлэг, гэрч Б.Түмэнбаярын “Тэгээд ажлын хөлсийг аваад 50 хувийг нь С.Г надад өгөөд” /2хх 142-143/ гэх мэдүүлэг, гэрч Х.Бадамгаравын “...Гантөмөрөөс 1.500.000 төгрөг авсан талаар хэлдэг” /2хх 161/ гэх мэдүүлэг, гэрч Т.Энхмаагийн “хохирогч нарын Уянгад мөнгөө хураалгасан, мөнгө өгсөн талаар ямар нэгэн баримт байхгүй” /2хх 165-166/ гэх мэдүүлэг зэргээс С.Г нь ажил үүргийн хүрээнд тодорхой ажил үүргийг гүйцэтгэж байсан байдал харагддаг. Энэ байдлаас хохирлын хэмжээ тодорхойгүй, хариуцах этгээд нь мөн тодорхойгүй байдал харагдаж, иргэд байгууллага хоорондын иргэний эрх зүйн маргаан гэж үзэх болох үндэслэл байна. Хохирлын хэмжээ 18.470.000 төгрөгийг С.Гөөс нотлох баримтгүйгээр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иймд нотлох баримтгүйгээр хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй, хууль бусаар хилсээр хэрэг хүлээлгэж, гэмт хэрэгтэн болгож буй нөхцөл байдал, С.Гт баримт материалтай танилцах, нотлох баримт гаргаж өгөх боломжоор хангаагүй, хэргийн материалтай танилцуулаагүй. Шүүгдэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн нөхцөл байдал, гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд буцааж өгнө үү.” гэв.

 

Хохирогч Т.Гэрэлчулуун тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд гомдолтой байна. С.Г ойлгомжтой хэрэг дээр яагаад давж заалдах гомдол гаргаад байгааг ойлгохгүй байна. Болсон үйл явдлыг өөрөө маш сайн мэдэж байгаа. Үүний оронд хэргээ хүлээсэн нь дээр гэж бодож байна. Хүний урманд надаас нэг ч удаа уучлалт гуйгаагүй.” гэв.

 

Хохирогч Ц.Далай тус шүүх хуралдаанд “...хэлэх тайлбар байхгүй.” гэв.

 

Прокурор Н.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хэргийг зөв хянан шийдвэрлэсэн. Шүүгдэгч С.Гийн үйлдсэн гэмт хэргүүд нь хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд, хамтарсан багийн хурлын тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл шуурхай удирдлагын төвд ирүүлсэн дуудлагын лавлагаа, өвчний түүхийн хуулбар, Х.Энхцэцэгийн Хаан банкны дансны хуулга, асап сангийн лавлагаа, нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, кадастрын зургууд зэрэг баримтуудаар хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тогтоосон. 2017 онд баривчлагдаж байсан. Энэ нь зөрчлийн хуулиар арга хэмжээ авагдаж байсан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа нь тусдаа гэдгийг ойлгох нь зүйтэй. С.Гийг эрүүдэн шүүсэн, хэрэг тулгасан асуудал байхгүй бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэргүүдийн шинжийг бүрэн хангасан, хэргийн зүйлчлэл тохирсон, шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь тохирсон. Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

С.Г нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан овоогийн 30-21 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Т.Гэрэлчулууныг “хоолоо оройтуулж хийлээ” гэсэн шалтгаанаас болж маргалдан улмаар хэвлийн тус газар нь зэвсэг буюу хутгаар 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь “хэвлийд нэвтэрч бүдүүн гэдсийг гэмтээсэн шарх, цус алдалт 650 мл” хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь:

хохирогч Т.Гэрэлчулууны “...орой 22 цагийн үед гэртээ ирсэн чинь нөхөр С.Г “хоол унд оройтчихлоо” гээд аашилсан. Тухайн үед том охин Г.Оюун-Эрдэнэ унтаагүй сэрүүн байсан. ...Би махаа хэрчих гээд хар иштэй хутгаа ширээн дээрээ гаргаад тавьчихсан байсан. Тэгтэл Гантөмөр босч ирээд ширээн дээр байсан хутгыг аваад шууд зүүн талын хэвлийд нэг удаа хатгаад авсан. ...” /1хх 26-29, 30-31/,

насанд хүрээгүй гэрч Г.Оюун-Эрдэнийн “...Өчигдөр орой ээж хоол хийж байтал аав ээжтэй хэрэлдэж байгаад аав ээжийг /баруун бөөр орчим гэж гараараа зааж байлаа/ хутгаар хатгасан. ...” /1хх 43/,

гэрч Т.Нямаахүүгийн “...хүргэн Гантөмөр “ээжээ яанаа Гэрэлчулуун гаднаас хутгалуулчихаад гэртээ ороод ирлээ” гээд уйлсаар орж ирсэн. Бид нар хамт гэрт нь яваад очиход манай охин Гэрэлчулуун шкафныхаа урд сөхрөөд суучихсан гэдэснээс нь цус гараад бөөлжсөн байдалтай байсан. ...Оюун-Эрдэнээс юу болсон талаар асуухад “аав ээжийн гэдэс рүү хутгаар ёо ёо болгосон” гэж хэлсэн. ...” /1хх 55-56/,

гэрч Т.Даваабалын “...Гэрэлчулуун эмнэлгээс гараад манайд байдаг байхдаа “Бөмбөгөр дээрээс худалдаж авсан хутгаар Гантөмөр намайг хутгалчихаад дараа нь цусыг нь угааж байсан” гэж хэлж байсан. ...” /1хх 69-71/ гэх мэдүүлгүүд,

гэрч Т.Баасанцэрэн, Т.Ундрах, Ж.Сарандулам нарын мэдүүлгүүд /1хх 40, 75, 78-79/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6683, 3858 дугаартай дүгнэлтүүд /1хх 84, 88-91/, цэргийн төв эмнэлгийн өвчний түүх /1хх 160-169/ зэрэг нотлох баримтуудаар,

 

С.Г нь 2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр, 2017 оны 6 дугаар cap, 2017 оны 10 дугаар capд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Т.Гэрэлчулууныг тус тус зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн нь:

хохирогч Т.Гэрэлчулууны “...Гантөмөр 2017 оны 6 дугаар сард намайг зодсон. ...намайг хутгалахаас өмнө 2 удаа багалзуурдсан. ...дээрхи багалзуурдсан асуудал 2017 оны 4 дүгээр сард болсон. Би өөрийн дугаараар дуудлага өгч байсан. Зодуулж байхыг нэг удаа Лхагва гэдэг хүн харсан. ...2017 оны 6, 7 сарын үед Сонгинохайрхан дүүргийн хажууд Гантөмөрт зодуулж нүд хөхөрсөн байдалтай аавынд очиход Н.Баярбат ах байсан. ... ” /1хх 32-33, 36-37/,

гэрч Т.Нямүүгийн “...2017 оны 6 дугаар сард манай охиныг Гантөмөр зодож гараас нь хазаж байсан. ...” /1хх 55-56/,

гэрч Ч.Торгуудын “...манай охин жилдээ 2-3 удаа муудалцсан, зодуулсан гээд гэртээ гүйгээд ирдэг. ...2017 онд Гантөмөр намайг зодчихлоо гээд Гэрэлчулуун 3, 4 удаа гэртээ ирж байсан. ...” /1хх 46-48/,

гэрч Н.Баярбатын “...2017 оны 6, 7 сарын үед Гэрэлчулууны нүд хөхөрчихсөн хоёр охиноо дагуулаад ирсэн. Асуусан чинь нөхөр Гантөмөр нь урьд өмнө гар хүрч байсан гэж эхнэр Даваабал надад хэлсэн. ...” /1хх 63-64/,

гэрч Т.Даваабалын “...2017 оны хавар байсан дүү Гэрэлчулуун Гантөмөрт зодуулчихлаа гэж такситай хүүхдийн хамт ирсэн. ...Үүнээс өмнө 2017 оны өвөл Хоролхүүг байхад Гантөмөр Гэрэлчулуун хоёр хэрэлдэж хутга барьж дайрсан гэж хэлж байсан. ...” /1хх 69-71/ гэх мэдүүлгүүд,

гэрч Б.Лхагвасүрэн, Т.Ариунтунгалаг, Б.Хоролхүү нарын мэдүүлэг /1хх 76-77, 81, 72-73/, Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл мэдээллийн сангийн баримт /1хх 221/ зэрэг нотлох баримтуудаар,

 

С.Г нь 2017 оны 8 дугаар сард иргэн Х.Энхцэцэг, В.Лхам нарт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай газрыг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч иргэн Х.Энхцэцэгээс 1.000.000 төгрөг, иргэн В.Лхамаас 4.000.000 төгрөг авч залилсан,

2016 оны 8 дугаар сараас 2017 оны 7 дугаар сарын хооронд иргэн Ц.Далайд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт гэх газарт газар авч өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурч, нийт 10.650.000 төгрөгийг авч залилсан,

2017 оны 4 дүгээр сараас 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн хооронд
Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн клиник
сувиллын ажилчдад газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий
болгож, хуурч иргэн Б.Уянгаас 180.000 төгрөг, Ш.Саруултуяагаас 180.000 төгрөг, Ч.Энхбаатараас 90.000 төгрөг, Б.Дуламаас 90.000 төгрөг, Ө.Болорцэцэгээс 90.000 төгрөг, Б.Баасанжаваас 90.000 төгрөг, Э.Отгонцэцэгээс 90.000 төгрөг, Л.Лүгжидмаагаас 90.000
төгрөг, Б.Энхтуяагаас 90.000 төгрөг, П.Ариунтуулаас 90.000 төгрөг, Н.Ганчимэгээс 90.000
төгрөг, С.Мөнгөнцэцэгээс 180.000 төгрөг, Д.Отгонцэцэгээс 90.000 төгрөг, Л.Эрдэнэбулагаас 90.000 төгрөг, Б.Халтараас 90.000 төгрөг, Б.Балдандоржоос 180.000 төгрөг, Б.Нэргүйгээс 180.000 төгрөг, Б.Нанжидмаагаас 180.000 төгрөг, Н.Эрдэнэчимэгээс 180.000 төгрөг, Д.Бат-Эрдэнээс 90.000 төгрөг, Ц.Уранчимэгээс 90.000 төгрөгийг /нийт 2.790.000 төгрөг/ залилсан гэмт хэргийг үйлдсэн нь:

хохирогч Ц.Далай /2хх 130-138/, В.Лхам /1хх 206-207/, Х.Энхцэцэг /1хх 195-200/, Б.Уянга /1хх 247-249/, Х.Алтанчимэг /3хх 79-80/, П.Ариунтуул /3хх 70-70/, Б.Баасанжав /3хх 58-59/, Д.Бат-Эрдэнэ /3хх 109-110/, Ө.Болорцэцэг /3хх 55-56/, Н.Ганчимэг /3хх 73-74/, Б.Дулмаа /3хх 52-53/, Л.Лүгжидмаа /3хх 64-65/, Д.Отгонцэцэг /3хх 85-86/, Э.Отгонцэцэг /3хх 61-62/, Ц.Уранчимэг /3хх 113-114/, Б.Халтар /3хх 91-92/, Ч.Энхбаатар /3хх 49-50/, М.Энхдулам /3хх 76-77/, Б.Энхтуяа /3хх 67-68/, Б.Балдандорж /3хх 94-95/, С.Мөнгөнцэцэг /3хх 82-83/, Б.Нанжидмаа /3хх 101-102/, Б.Нэргүй /3хх 97-99/, Л.Эрдэнэбулаг /3хх 88-89/, Н.Эрдэнэчимэг /3хх 106-107/, Ш.Саруултуяа /3хх 104/, гэрч Д.Цээсүрэн /2хх 144-146/, Я.Цэрмаа /2хх 153-154/, Ц.Гэрэлмаа /2хх 148-150/, Б.Түмэнбаяр /2хх 139-141/, Х.Бадамгарав /2хх 161-162/, Г.Батзориг /2хх 164/, Т.Энхмаа /2хх 165/, С.Тува /2хх 168-169/, Р.Отгонбаяр /2хх 163/, Н.Батбаатар /1хх 211/ нарын мэдүүлгүүд, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулгууд /2хх 214, 228, 211-212, 213, 1хх 188-189/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус хөдөлбөргүй тогтоогджээ.

 

Шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Б.Золзаяа нар нь “...Гэмт хэрэг гарах үед тухайн цаг хугацаанд С.Г нь Т.Гэрэлчулууныг хутгалж байсныг харсан үзсэн хэн ч байхгүй. Мөн бусад эд мөрийн нотлох баримт байхгүй. /хутгыг нотлох баримтанд тооцохгүй болсон/ Тухайн хэрэг болсон үед Гэрэлчулууныг гэртээ байх үед орж ирсэн гэрчүүд болох Гэрэлчулууны дүү, түүний нөхрөөс нь мэдүүлэг аваагүй байдаг. ...Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.6-д дахь хэсэгт заасан мөрдөгч мэдүүлэг өгөх гэж байгаа хүнд өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй талаар тайлбарлаж өгөөгүй нь дээрх заалтыг ноцтой зөрчсөн байна. Мөн хуулийн 25.1.13-д зааснаар “мэдүүлэг авахдаа хөтлөж, эсвэл тулгаж асуулт тавихыг хориглоно.” гэснийг ноцтой зөрчсөн байна. Хавтас хэргийн 43 дугаар талд насанд хүрээгүй гэрч Г.Оюун-Эрдэнээс асуусан мэдүүлэг зэргээр С.Гийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлгүй байна. ...Т.Гэрэлчулууны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “С.Г нь 2017 оны 6 дугаар сард намайг зодсон. Тэгэхээр нь шүүх эмнэлэгт үзүүлээд хөнгөн гэмтэл гараад ахмад Дашбат байцаагч дээр шалгагдаж байгаад 14 хоногийн баривчилгаанд яваад ирсэн. Намайг хутгалахаас өмнө намайг хоёр удаа багалзуурдсан. Би цагдаад дуудлага өгөөгүй өнгөрсөн. Дээрх багалзуурдсан асуудал 2017 оны 4 дүгээр сард болсон. Зодуулж байхыг нэг удаа Лхагва гэх хүн харсан. ...Намайг 2 удаа багалзуурдсаныг хэзээ болсон талаар нь сайн мэдэхгүй байна. 2017 оны 11 дүгээр сард болж байсан санагдаж байна. Тухайн үед би цагдаад дуудлага өгч байгаагүй...” /1хх 32-33/ гэх мэдүүлэг, энэ хэрэгт С.Г нь урьд ял шийтгэгдэж 14 хоногийн хугацаатай баривчлагдсан. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5-д “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна.” гэсэн шудрага ёсны зарчимд нийцэхгүй байна. Мөн гэрч Т.Нямхүү /1хх 55-56/, Ч.Торгууд /1хх 46-48/, Н.Баярбат /1хх 63-66/, Т.Даваабал /1хх 69-71/, Б.Лхагвасүрэн /1хх 76-77/, Т.Ариунтунгалаг /1хх 81/, Б.Хоролхүү /1хх 72-73/ мэдүүлгүүд нь хэргийг давтан хоёроос дээш удаа үйлдсэн гэдгийг бүрэн дүүрэн нотлож чадахгүй бусад баримтаар давхар нотлогдохгүй байна. ...бусдыг хуурч, зохиомол байдлыг бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдын төөрөгдөлд оруулж залилсан үйлдлийг... С.Г нь ажил үүргийн хүрээнд тодорхой ажил үүргийг гүйцэтгэж байсан байдал харагддаг. Энэ байдлаас хохирлын хэмжээ тодорхойгүй, хариуцах этгээд нь мөн тодорхойгүй байдал харагдаж, иргэд байгууллага хоорондын иргэний эрх зүйн маргаан гэж үзэх болох үндэслэл байна. Хохирлын хэмжээ 18.470.000 төгрөгийг С.Гөөс нотлох баримтгүйгээр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иймд нотлох баримтгүйгээр хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй, хууль бусаар хилсээр хэрэг хүлээлгэж, гэмт хэрэгтэн болгож буй нөхцөл байдал, С.Гт баримт материалтай танилцах, нотлох баримт гаргаж өгөх боломжоор хангаагүй, хэргийн материалтай танилцуулаагүй. Шүүгдэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолыг ноцтой зөрчсөн нөхцөл байдал, гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд буцааж өгнө үү.” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

 

Хохирогч Т.Гэрэлчулуун, Ц.Далай, В.Лхам, Х.Энхцэцэг, Б.Уянга, Х.Алтанчимэг, П.Ариунтуул, Б.Баасанжав, Д.Бат-Эрдэнэ, Ө.Болорцэцэг, Н.Ганчимэг, Б.Дулмаа, Л.Лүгжидмаа, Д.Отгонцэцэг, Э.Отгонцэцэг, Ц.Уранчимэг, Б.Халтар, Ч.Энхбаатар, М.Энхдулам, Б.Энхтуяа, Б.Балдандорж, С.Мөнгөнцэцэг, Б.Нанжидмаа, Б.Нэргүй, Л.Эрдэнэбулаг, Н.Эрдэнэчимэг, Ш.Саруултуяа, гэрч Д.Цээсүрэн, Я.Цэрмаа, Ц.Гэрэлмаа, Б.Түмэнбаяр, Х.Бадамгарав, Г.Батзориг, Т.Энхмаа, С.Тува, Р.Отгонбаяр, Н.Батбаатар, Г.Оюун-Эрдэнэ, Т.Нямаахүү, Т.Даваабал нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хохирогч, гэрчээр байцааж авсан мэдүүлгүүд нь шинжээчийн дүгнэлтүүд, банкны дансны дэлгэрэнгүй хуулгууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдсон, уг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүхээс шүүгдэгч С.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дахь заалт, тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор оногдуулсан ял нь, хорих ялыг эдлүүлэхээр заасан дэглэм нь тус тус хуульд нийцсэн гэж үзэв.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 516 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Б.Золзаяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 516 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Б.Золзаяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                            Б.ЗОРИГ

 ШҮҮГЧ                                            Л.ДАРЬСҮРЭН

  ШҮҮГЧ                                           Д.МЯГМАРЖАВ