Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 120/2024/0001/З |
Дугаар | 221/МА2024/0601 |
Огноо | 2024-09-12 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2024/0601
“СГС” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэгч шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн өмгөөлөгч Б.О
Нэхэмжлэгч “СГС” ХХК
Хариуцагч: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал
Нэхэмжлэлийн шаардлага: “Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Зарим газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” 14/05 дугаар тогтоолын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн №******, №******, №****** тоот тусгай зөвшөөрлүүдийн талбайтай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, өмгөөлөгч Б.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 120/2024/0001/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “СГС” ХХК-аас хариуцагч Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Зарим газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” 14/05 дугаар тогтоолын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн №******, №******, №****** тоот тусгай зөвшөөрлүүдийн талбайтай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр: “...Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “СГС” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж...” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн өмгөөлөгч Б.О дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2, 3-д “...газрыг тусгай хэрэгцээнд авахтай холбоотой үндэслэлээ нотлоогүй тул ...тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй, бодит байдалд тохирсон гэж үзэх боломжгүй байна...” гэжээ. Гэтэл хэргийн бодит байдал дээр тухайн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн №******, №******, №****** тоот тусгай зөвшөөрлүүдийн талбайд Соёлын өвийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасан түүх соёлын үл хөдлөх дурсгал, 5 дугаар зүйлийн 5.1.5, 5.1.6-д заасан булш, сүм хийдийн үлдэгдэл зэрэг түүх соёлын дурсгалт зүйл байгаа нь МУИС-ийн Шинжлэх Ухаан, Технологийн Улаанбаатар паркийн судалгаа мэдээлэл зэргээр нотлогддог бөгөөд нэхэмжлэгч компани нь цаашид үйл ажиллагаа явуулах юм бол энэхүү түүх соёлын дурсгалт зүйлс устах эрсдэлтэй байгааг шүүх анхаарч үзэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.
3.2. Мөн шүүх шийдвэрийнхээ үндэслэлд хариуцагчийг өөрийн бүрэн эрхэд хамаарахгүй асуудлаар шийдвэр гаргасан гэсэн байх боловч Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-д тус тус зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд газар нутгаа тусгай хэрэгцээнд авсан байх тул шийдвэрийн тус хэсгийг үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй байна.
3.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсгийн 13, 14-д сонсох ажиллагаа хийгээгүй тул Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Зарим газар нутгийг тусгай хэрэгцээнд авах тухай” 14/05 дугаар тогтоолын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн №******, №******, №****** тоот тусгай зөвшөөрлүүдийн талбайтай давхацсан хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй гэжээ.
3.4. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5-д “газрыг тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыг газар эзэмшигч болон тухайн шатны Засаг даргатай тохиролцсоны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх” гэж заасан бөгөөд эндээс тусгай хэрэгцээнд авах газрыг бусад этгээд эзэмших, өмчлөх эрхтэйгээр эзэмшиж байгаа тохиолдолд тэдэнд мэдэгдэж сонсох ажиллагаа хийнэ гэсэн агуулга илэрхийлэгдэж байна. Иймээс нэхэмжлэгч нь тус газрыг Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 3.1.3-д зааснаар өмчлөх, эзэмших эрхтэй этгээд биш тул Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэгдсэн “Зарим газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” асуудлыг мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулах үүрэггүй байна. Мөн хариуцагч нь тухайн нөхцөлд ЗЕХ-ийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасан сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзсэн байна.
Иймд Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгчээс хариуцагчийн гомдлыг үгүйсгэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:
2.1. Нэхэмжлэгч “СГС” ХХК-иас Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдуулан “Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 12/05 дугаартай “Зарим газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.
2.2. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаас “Зарим газар нутгийг орон нутгийн хэрэгцээнд авах тухай” 12/05 дугаар тогтоолыг гаргасан байх бөгөөд уг тогтоолоор тус сумын Засаг даргын саналыг хэлэлцээд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 23 дугаар зүйлийн 23.1.2, 23.3, 28 дугаар зүйлийн 28.3, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.15, Байгаль орчны сайдын 2000 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 07 тоот “Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай журам”-ыг тус тус үндэслэн тус сумын Баясах багийн нутаг дэвсгэрт орших Ихэр нэртэй 1110,49 га, Билүүт, Хадат, Цагаан эрэг, Баянхошуу орчмын 22262 га газар нутгийг байгалийн унаган төрх, хэв шинжийг хадгалах, усны эх үүсвэр, нэн ховор амьтан, ургамал бүхий газар, Баясах багт хийгдсэн археологийн нарийвчилсан судалгааг үндэслэн түүх соёлын дурсгалт газрын ангиллаар 15 жилийн хугацаатайгаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэжээ.
2.3. Хариуцагч буюу Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасан эрх хэмжээний хүрээнд 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.6, 16.1.7, 16.1.11, 16.1.16, 16.1.17, 16.1.19-д дурьдагдсан газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болох эрхийг олгосон атал маргаан бүхий тогтоолыг мөн хуулийн 16.1.15-д заасныг үндэслэсэн гэж тайлбарлаж байгааг хүлээж авах боломжгүй төдийгүй хариуцагчид түүх, соёлын дурсгалт газрын ангиллаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах эрхийг хуулиар олгоогүй гэж үзнэ.
2.4. Учир нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Засгийн газар түүх, соёлын үл хөдлөх дурсгалын бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах, харагдах сүр барааг хадгалах зорилгоор хамгаалалтын бүс тогтооно. Хамгаалалтын бүсийн хилийн заагийг тогтоох шалгуур үзүүлэлтийг хот байгуулалтын болон соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална” гэж зааснаар хамгаалалтын бүс тогтоосон түүх, соёлын дурсгалт газрыг тусгай хэрэгцээнд авах эрхийг Засгийн газарт олгосон байх тул хариуцагч захиргааны байгууллага маргаан бүхий тогтоолоор өөрийн бүрэн эрхэд хамаарахгүй асуудлаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баясах багийн нутаг дэвсгэрт орших Ихэр нэртэй 1110,49 га, Билүүт, Хадат, Цагаан эрэг, Баянхошуу орчмын 22262 га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд уг хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
2.5. Түүнчлэн маргаан бүхий тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн талбайн хэмжээг нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл бүхий талбайн хэмжээгээр бүхэлд нь тусгаснаар талбайн зарим хэсэг зэргэлдээх Ноён сумын нутаг дэвсгэрт хамаарагдсан талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчаас тухайн сумын нутаг дэвсгэрт хамаарахгүй газрыг тусгай хэрэгцээнд авахаар ийнхүү шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
2.6. Энэ талаарх анхан шатны шүүх “...хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа өөр нутаг дэвсгэрийн нэгжид хамаарах газар нутгийг буюу нэхэмжлэгчийн эзэмшдэг №******, №****** дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн Ноён сумын нутаг дэвсгэрт хамаарах хэсгийг хамтад нь тусгай хэрэгцээнд авсан болох нь хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан...бид энэ талбайд уул уурхайн үйл ажиллагаа явуулахгүйн тулд тусгай зөвшөөрлийн талбайн координатаар тусгай хэрэгцээний газрын хилийн цэсийг тогтоохдоо өөр сумын газар нутагт орсон байсныг анзаараагүй, алдаа гаргасан... гэх агуулга бүхий тайлбараар тогтоогдох ба энэ нь хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг зөрчжээ...” гэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
2.7. Хэдийгээр хариуцагчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдолдоо “...нэхэмжлэгч компанийн ашигт малтмалын №******, №******, №****** тоот тусгай зөвшөөрлүүдийн талбайд түүх соёлын дурсгалт зүйл байгааг шүүх анхаарч үзээгүй” гэж тайлбарлаж байх боловч энэ нь хариуцагч захиргааны байгууллагад хуулиар олгосон эрх хэмжээг хэтрүүлэн гаргасан хууль бус шийдвэрийг зөвтгөх үндэслэл болохгүй юм.
2.8. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно” гээд 28.1.1-д “Нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол” гэж заасан бөгөөд хариуцагчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэгч нь тус газрыг өмчлөх, эзэмших эрхтэй этгээд биш тул хариуцагч шийдвэр гаргахын өмнө мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулах үүрэггүй, мөн хуулийн энэ заалтын дагуу сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй хэмээн гомдол гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй.
2.9. Тухайн тохиолдолд хуулийн дээрх заалтыг Захиргааны ерөнхий хуулийн тайлбарт сонсох ажиллагаа хийснээр нийтийн ашиг сонирхолд сөрөг нөлөөлөл үүсэх тохиолдлыг хамруулан үзэхээр нэгэнт тайлбарласан тул “...эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж, эрх зүйн үр дагавар нь чиглэгдэж буй этгээдэд урьдчилан мэдэгдэж, гаргах гэж буй шийдвэрийнхээ үндэслэлийг тодруулах зорилгоор тухайн этгээдийн тайлбар, саналыг сонсох, хэрэв үндэслэлтэй бол шийдвэр гаргахдаа харгалзан үзэж, ингэснээр захиргааны шийдвэр хууль ёсны байх зарчмыг хангах байжээ” гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Анхан шатны шүүх дээрх байдлаар хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэхээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн эрхлэн явуулсан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Б.О-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Д.ОЮУМАА