Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 204

 

 

                               

                        

 

 

 

 

                       

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                             

 Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга , А.Болор, улсын яллагч Ж.Энхжаргал, шүүгдэгч А.Зул, түүний өмгөөлөгч Д.Бадам, Б.Ганбаатар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Мөнгөнсар, түүний өмгөөлөгч Г.Бат-Отгон нарыг оролцуулан тус шүүхийн “Б“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Жалайр овогт Алагийн Зулд холбогдох эрүүгийн 201624000835  дугаартай, 186/2016/0189/э индекстэй хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч шүүн  хэлэлцэв.                                                           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:                                            

Монгол Улсын иргэн, 1947 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт төрсөн, 69 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, инженер, улс төрч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2 , эхнэрийн хамт Баянгол дүүрэг 19 дүгээр хороо, 57-124 тотод оршин суух , ял шийтгэлгүй, улсаас авч байсан гавьяа шагналгүй, Жалайр овогт Алагийн Зул /РД:ЧЛ47020571/,

            Холбогдсон хэргийн талаар:                                                                                            

А.Зул нь 2016 оны 09 дүгээр сарын 07-ны орой 18 цаг 27 минутын орчим Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, “М” плазагийн урд замд “Тоёото Приус” маркийн 92-06 УНА улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Алаг овогтой Зул нь явган зорчигч Баянбаатар овогтой Намуунлхамыг мөргөж түүний биед  зүүн шаант, тахилзуур ясны доод 3/1-ийн өсөлтийн бүс дайрсан ташуу, бага зөрүүтэй далд хугарал, зүүн тохойд зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч А.Зул  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 5 дугаар сургууль дээрээс гэр бүлийнхээ хүнийг аваад ажлынхаа газраар орж бичиг баримтаа авсан. Би 3 дугаар эгнээнд явж байсан. Миний баруун гар талаас зүүн тал руу 3 хүн яваад өнгөрсөн. Өөр явж байгаа хүн харагдаагүй. Тэгээд би хөдлөөд явсан боловч гэнэт миний хажуу талаас ирээд хүн мөргөсөн. Тэгээд машинаа зогсоогоод гараад харахад хүүхэд зам дээр сууж байсан. Би тухайн үед сандраад яах учраа олохгүй байсан. Тэгээд нэг залуутай хохирогчийг өргөөд замын боржур дээр суулгасан. Би замын цагдааг, нөгөө залуу маань түргэн тусламж дуудсан гэв.

1.2. Хохирогчийн хууль  ёсны төлөөлөгч С.Мөнгөнсар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Намайг ажлаа хийгээд байж байхад хүүхэд чинь аваарт орчихсон байна гэж хэлсэн. Би хүүхэд рүүгээ залгахад түргэний тэргэнд явж байна гэхээр нь би эмчтэй нь шууд утсаар ярьсан. Эмч нь хүүхдийн тань хөл нь хугарсан байна гэж надад хэлсэн. Тэгээд би нөхрөө шууд эмнэлэг рүү явуулахад хүүхэд тань хагалгаанд орох шаардлагатай байна гэж хэлсэн. Эмнэлэгт хэвтсэн өдрөө хагалгаанд орж чадаагүй, төлөвлөгөөт хагалгааны өдөр хагалгаанд орсон. Хүүхдийн тань туялзуур савхан яс нь хугарсан. Энэ хугарал нь хүүхдийн өсөлтийн цэгийг дайрсан байна гэж эмч хэлсэн. Зул даргыг би өмнө нь таньдаг байсан. Одоо ингээд шүүгдэгчийн суудал дээр сууж байгааг нь харах их хэцүү байна. Зул дарга цаашид хагалгаа хийлгэвэл явц дунд нь хохирлыг нь барагдуулж өгнө гэсэн боловч би хүүхдээ бодож байна. Миний хүүхэд өсч яваа мөн охин хүүхэд болохоор доголон болчих вий дээ гэж санаа маань маш их зовж байна. Би одоо 8.000.000 төгрөг нэхэмжилж байна. Цаашид гомдол санал,  байхгүй, би А.Зул даргатай эвлэрч байна. Цаашид гарах эмчилгээний зардлаа би иргэний журмаар нэхэмжилнэ гэв.        

Хоёр: Шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарыг мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч Б.Намуунлхамын:..2016 оны 09 дүгээр сарын 07-ны орой 18 цагийн орчим ангийн найз Дэлгэрмааг гэрт нь хүргэж өгчихөөд хичээлээ хийчихээд гэртээ харих гэж ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй “М” плазагийн урд замаар явган хүний замаар зам хөндлөн гарах гээд явж байсан би замын зорчих хэсгийн 1, 2 дугаар эгнээний машинуудыг зогсохоор зам руу гүйж ороод зорчих хэсгийн 3 дугаар эгнээний машинд мөргүүлсэн. Би замын хойно зогсож байгаад 1, 2 дугаар эгнээний машинуудыг зогсохоор замруу ороод 3 дугаар эгнээний машин зогсолгүй ирээд намайг дайрчихсан. Би машинд мөргүүлээд газар унасан. Нэг ах ирээд 103-т дуудлага өгсөн. 10 орчим минутын дараа цагдаа ирсэн. Машин миний зүүн хөл хэсгээр машиныхаа баруун урд хэсгээр мөргөсөн гэх мэдүүлэг./ хх-34/,

2.2. Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Мөнгөнсарын:.. Миний 10 настай охин Намуунлхам нь 2016 оны 09 дүгээр сарын 07-ны орой 18 цагийн орчим машинд мөргүүлж гэмтсэн. Би ослын талаар ар талын байрны эмэгтэйгээс сонссон тэгээд охин Намуунлхам руу залгахад охин маань түргэний машинаар эмнэлэг рүү явж байна гэсэн би машинд мөргүүлчихлээ гэж хэлсэн. Би түргэний эмчтэй нь яриад биеийн байдлыг нь асуухад хөл нь хугарсан байна гэж хэлсэн. Тэгээд нөхрөө гэмтлийн эмнэлэг рүү явуулсан. Эмнэлэгт бүх зургийг нь авхуулахад хөл нь хугарсан хадуулж хагалаанд орно гэж хэлсэн. Эмнэлэг дээр ирээд зургийг нь харахад хөл нь ташраараа хугарсан ба эмч таны охины хөлийн хугарал өсөлтийн зоон дайрсан гэж хэлээд заавал хагалгаанд орно гэж хэлсэн,  гомдолтой байна. Өсөж байгаа охины өсөлтийн бүс нь гэмтсэн эмч нар надад 100 хувийн баталгаа өгөөгүй, энэ гэмтэл нь бүрэн гүйцэт эдгэрээд өсөлтийн цэг нь нөхөгдөөд хөл нь урт богино болохгүй гэх баталгаа надад хэн ч ямар ч эмч хэлж чадахгүй байна. Эмчилгээний зардал сэтгэл санаа, хүүхдийн сургуулийн алдагдалыг нэхэмжилнэ. 5-6 сарын дараа дахин хагалгаанд орно. Тэр болтол таягтай явна гэсэн. өдөр болгон дусал залгуулж, эм ,тариа хэрэглэж байгаа гэх мэдүүлэг /хх-35/

             2.3. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Оюунгэрэлийн:…2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн орой 18 цагийн орчим манай нөхөр Зул намайг 5 дугаар сургуулийн үүднээс өөрийнхөө эзэмшилийн Тоёота Приус маркийн 92-06 УНА улсын дугаартай автомашинаар аваад гэртээ харих гээд ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй зорчих хэсгийн 3 дугаар эгнээнд “М” плазагийн урд замаар явж байтал гэнэт машиныг нэг юм ирээд мөргөчихсөн,  юу болвоо гээд нөхөр машинаа зогсоогоод бид хоёр машинаас буухад замын урд талын хашлаганы ойролцоо эмэгтэй хүүхэд газар уйлаад сууж байсан. Тэнд зам хөндлөн гарч явсан залуу 103-т дуудлага өгсөн. Охиныг замаас гаргах гэтэл охин хөдөлж чадахгүй байсан. Охин өөрөө мөлхөөд замын хашлаган дээр суусан. Удаагүй түргэн ирээд охины хөлийг хугарсан байна гээд эмнэлэг рүү аваад явсан. Би охинтой хамт явсан. Нөхөр Зул цагдаа нарыг хүлээгээд үлдсэн гэх мэдүүлэг  /хх-36/,

2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12529 тоот акт:

1. Б.Намуунлхамын биед зүүн шаант, тахилзуур ясны доод 1/3-ийн өсөлтийн бүс дайрсан ташуу  бага зөрүүтэй далд хугарал, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.                                                                                                                                               2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.                             3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шинжээч эмч Ц.Бадрал гэсэн дүгнэлт  /хх-38/

2.5.Техникийн шинжилгээ хийлгэсэн 127 дугаар тогтоол:

1. Хэргийн газрын үзлэг, схем зураг, фото зураг, жолооч, явган зорчигч нарын тайлбар зэргийг уншиж танилцахад “Тоёота Приус” маркийн 92-06 УНА улсын дугаартай автомашины жолооч Алаг овогтой Зул нь Монгол улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 13.1-р заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байна.                                                                                                         2. Явган зорчигч Баянбаатар овогтой Намуунлхам нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл заалт зөрчөөгүй байна. Цагдаагийн ахмад Ч.Болдбаатар гэсэн дүгнэлт  /хх-40/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

3.1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-7/, жолоочийн согтуурлыг шалгасан магадлагаа /хх-8/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол /хх-22/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 24-32/,  А.Зулын сэжигтнээр тооцсон, яллагдагчаар татсан тогтоол, тэмдэглэлүүд /хх 47-52/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-53/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-55/, хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд зэрэг  нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхи хуульд заасан журмын  дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: энэ хэрэгт мөрдөн байцаалтын  шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын  шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах  үйл баримтуудыг тогтоов.

Шүүгдэгч  А.Зул нь 2016 оны 09 дүгээр сарын 07-ны орой 18 цаг 27 минутын орчим Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, “М” плазагийн урд замд “Тоёото Приус” маркийн 92-06 УНА улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 13.1-р заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчиж  зам хөндлөн гарч явсан явган зорчигч Баянбаатар овогтой Намуунлхамыг мөргөж түүний биед  зүүн шаант, тахилзуур ясны доод     3/1-ийн өсөлтийн бүс дайрсан ташуу, бага зөрүүтэй далд хугарал, зүүн тохойд зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч Б.Намуунлхам, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Мөнгөнсар, гэрч Ч.Оюунгэрэл нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12529 тоот дүгнэлт,  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын техникийн шинжээчийн 127 дугаартай дүгнэлт, шүүгдэгч А.Зулын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ  хүлээн мэдүүлж  байгаа  мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдов.

 Шүүгдэгч А.Зул нь хэргийн  талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээсэн  нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар яллах үндэслэл болж байгааг тэмдэглэж байна.

Иймд тээврийн прокурорын газраас шүүгдэгч А.Зулд холбогдуулан   Эрїїгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зїйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэн ирүүлсэн нь хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А.Зулыг тээврийн  хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний  улмаас хохирогч Б.Намуунлхамыг мөргөж биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга  ёсны эрүүгийн  хариуцлага гарцаагүй  байх зарчмуудыг баримтлан, эрүүгийн  хариуцлага хүлээлгэн ял шийтгэл оногдуулах  хууль зүйн үндэслэлтэй  байна гэж  шүүх дүгнэв.

            Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Мөнгөнсар  нь  шүүгдэгч А.Зулаас  хохиролд 1902940 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд 1.400.000 төгрөг, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 8.000.000 төгрөг  нийт  9.400.000 төгрөгийг  өгсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, хоорондоо сайн дураар эвлэрэн тохиролцож  тул А.Зулд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож  өгнө үү гэсэн хүсэлтийг  бичгээр гаргаж  өгсөн тул шүүгдэгчийг бусдад  учруулсан  хохирлын сайн дураар нөхөн төлсөн, гэм  хорыг арилгасан байна гэж  шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгчийг  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг  тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  55 дугаар зүйлийн 55.1.1., 55.1.3., 55.1.9 дэх хэсэгт зааснаар  анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов. Шүүгдэгч А.Зулын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул А.Зулын эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1. дэх хэсэгт  зааснаар хэргийг  хохирогч, шүүгдэгчтэй  сайн  дураар эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй  болгож  шийдвэрлэх нь  хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.                                                 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэргийн хугацаа дуустал хадгалах, шүүгдэгч А.Зулын ¹2323 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг буцаан олгох, “Тоёота Приус” маркийн 92-06 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг цуцалж, тээврийн хэрэгслийн гэрчилгээг А.Зулд буцаан олгох, А.Зулын Төрийн банкны 106700031017, 104400323752 дансуудыг битүүмжлэлээс чөлөөлж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар  эвлэрсэн тул тээврийн хэрэгсэл  жолоодох эрхийг хасахгүйгээр, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус  дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 294, 297, 298  дугаар зүйлүүдийг удирдлага болгон                                                                                                                                                             

                                                                                                          ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жалайр овогт Алагийн Зул нь тээврийн хэрэгслийн  хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж бусдын  бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар А.Зулд  тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч, шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар А.Зулыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн  88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар А.Зулын ¹2323 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, “Тоёота Приус” маркийн 92-06 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,  “Тоёота Приус” маркийн 92-06 УНА улсын дугаартай автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж  буцаан олгосугай.

4. Шүүгдэгч А.Зулын Төрийн банкны 106700031017, 104400323752 дансуудыг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.

5. Насанд хүрээгүй хохирогч Б.Намуунлхам нь  цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус  дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Зулд урьд нь авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг  хүчингүй болгосугай.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Зулд бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                             С.БАТЖАРГАЛ