Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 417

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Нн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/02285 дугаар шийдвэртэй, Д.Нн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Сд холбогдох, худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 35 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батболд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Unegui.mn” сайтаас Массажны газар зарна. Үнэ 35 000 000 төгрөг. Харилцах утас 99940724 гэсэн зарын дагуу холбогдоход М.С нь 35 000 000 төгрөгт үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээ, массажны тоног төхөөрөмжөөр мэргэжлийн ажилтан нар үргэжлүүлэн ажиллаж, орлогын 30 хувийг авна, манайх 3 жил ажиллаж үйлчлүүлэгчээ татсан, байрлал олны танил болсон гээд, өмчлөгчтэй би ярьж, 2 жилийн хугацааны түрээсийн гэрээ байгуулах асуудлыг шийдэнэ. Харин надтай худалдах, худалдан авах гэрээг, өмчлөгчтэй түрээсийн гэрээ байгуулж, түрээсийн хөлс сард 2 000 000 төгрөгийг өмчлөгчид өгнө гэсэн. Ингээд бид уулзаж уг газрыг үзээд гэрээ байгуулж мөнгө өгөхөөр тохирч урьдчилгаа төлбөрт 6 000 000 төгрөгийг шилжүүлсэн.

Миний хувьд тоног төхөөрөмж гол биш, төвд байршилтай, мэргэшсэн ажилчидтай, ойр орчимд ижил төрлийн үйлчилгээ явуулах байгууллага байхгүй байсан нь таалагдсан, гэрээ байгуулах гэхэд Д.Бавуудорж 2 хоног завгүй уулзах боломжгүй учраас энэ хугацаанд хоёулаа бусад ажлаа амжуулъя гээд үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж, 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 29 000 000 төгрөг, түрээсийн хөлс 1 600 000 төгрөг, нийт 30 600 000 төгрөгийг бэлнээр авсан.

2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр М.С, Д.Бавуудорж нартай гэрээ байгуулах гэж уулзах үед Д.Бавуудорж чамтай гэрээ байгуулахгүй, байр хоосон байхад М.С түрээсэлж массажны үйл ажиллагаа явуулахаар засварлаж бүх зүйлийг өөрчилсөн, 5 жилийн түрээсийн гэрээг дуусгамаар байна, чамтай ярих юм байхгүй, М.С гэрээг үргэлжлүүлэхгүй гэвэл 240 000 000 төгрөгөөр шүдний эмнэлэг ажиллуулах хүнд байраа зарна гэж уурлаад явсан. Ингээд М.Сг худлаа хэлж мөнгө авсан байна, мөнгөө буцаая гэхэд чи ажлаа явуулж бай, байдал эргэж болно, Д.Бавуудоржтой яриад аргална гэсэн.

Гэрээнээс татгалзаж, өгсөн мөнгөө авъя гэсэн боловч гуйгаад байхаар нь итгэж үйл ажиллагаа эхлүүлсэн, нөхөр Д.Батболд нь наймаа хийх гээд мөнгийг үрчихсэн, 1 000 000 төгрөгөөр сар бүр өгнө, Д.Бавуудоржтой ууж идээд, зодолдоод ч хамаагүй шийдэнэ гээд байсан. М.Сгийн хувьд өмчлөгч Я.Дэлгэрмаатай 5 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан байтал байрны эзэн нь Д.Бавуудорж гэж итгүүлж хуурсан гэдгийг мэдэж 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр цагдаад хандсан. 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Д.Бавуудорж ирж энэ сарын түрээсийн төлбөрийг та хоёрын хэнээс авахаа мэдэхгүй байна, байраа зарна, түрээсийн гэрээ байгуулахгүй, байр чөлөөл гээд хөөж гаргасан. Цагдаа М.С бид хоёрыг дуудаж уулзахад 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл түрээсийн төлбөрийг өгөөгүй байсан гээд Д.Бавуудоржид төлбөрийг өгсөн. Үүнээс хойш ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байтал 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Д.Бавуудорж түрээсийн гэрээ хийхгүйг анхааруулъя. Шүдний эмнэлгийнхэн өөрсдөө засвар хийгээд орохоор болсон гэсэн мессеж ирүүлсэн.

Үйл ажиллагаа эрхлэх бодит боломжгүй болж 35 000 000 төгрөгөөр хохирсон нөхцөл байдал үүссэн. М.С үүргээ биелүүлээгүй зөрчсөн нь гэрээнээс татгалзах үндэслэл болсон. Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хариуцагч М.Сгаас 35 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Түрээсийн төлбөрт өгсөн 1 600 000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Д.Н ажил дээр ирж энэ газраа зарчих, авгай архи уугаад намайг хөөчихсөн. Дүү нь орох оронгүй хэцүү байна, эндээ байрлаж ажиллана гэж өдөржин гуйсаар 45 000 000 төгрөгөөр зарах гэж байсныг 35 000 000 төгрөгөөр авахаар тохирч 6 000 000 төгрөгийг миний дансанд хийсэн. Үйл ажиллагаа эрхлэх нэр шилжингүүт үлдэгдэл тооцоог хийе, сарын түрээсийн төлбөрийг тогтмол 2 сая байх талд туслаарай, гэрээг би өөрөө шийдээд явчихна гэсэн. Үүний дагуу би гоо сайхны салон, офиссоо 2 хоногт нүүлгэсэн. 270 000 төгрөгийн орлогыг орсныг Д.Нн Хаан банкны 5751196456 тоот дансанд хийсэн. 2017 оны 4 дүгээр сарын 26-нд уулзаж үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, галын дүгнэлт, ажлын 88821192 дугаарын утас, капитал банкны поссын машин зэргийг шилжүүлж өгсөн.

Үүний дараа үлдэгдэл 29 сая төгрөгөө 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөр 1 600 000 төгрөгийн хамт бэлнээр хийгээд эд хөрөнгө хүлээлцэж, үйл ажиллагааны мэдээллээр бүрэн хангаад ресепшн С.Октябрийг бүх ажлаа мэддэг, хамтарч ажиллаарай гээд амжилт хүсээд салсан. Түрээслүүлэгчтэй хийх гэрээг дүүргээс зөвшөөрлийн бичиг баримт гарсаны дараа хийхээр болсон. 2017 оны 5 дугаар сарын 01-нд түрээслүүлэгчтэй уулзаж 2 жилийн хугацаанд 2 000 000 төгрөгөөс хэтрэхгүй байх талаар гуйж зөвшөөрүүлсэн.

Ингээд 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 05 хүртэл хугацаанд гэрээ хийхэд нь туслах зорилгоор түрээслүүлэгч Бавуудорж, ресепшн С.Октябрийн хамт 3-4 цаг хүлээсэн, ирж байна, амжихаа болилоо гэх мэтээр худал хэлэх эсвэл утсаа унтраах зэргээр ажил алдагдуулсан. 2 хоногийн дараа түрээслүүлэгч отож байгаад яг одоо нотариат орж гэрээ хийе, үгүй бол боль гэхэд дүү нь ажил орчихоод ирье гээд булан тойроод зугтсан гэсэн. 2017 оны 5 дугаар сарын 20-с 23-ны хооронд бид гэрээ хийхээр 3 удаа тохирсон ч ирээгүй, түрээслүүлэгч уурлаж түрээслэхгүй гэсэн байна лээ. Гэтэл удалгүй гэрээ хийхгүй байна, залилан хийсэн гэж худал гүжирдэн цагдаад шалгуулсан ч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Нэхэмжлэгчийн буруугаас гэрээ хийгдээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 220 дугаар зүйлийн 220.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Сгаас 35 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Нд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Сгаас улсын тэмдэгтийн хураамжид 332 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Нд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Д.Н нь үйл ажиллагааны 4 зөвшөөрөл, гоо сайханы бүх эд хөрөнгө хүлээн авч, 15 хоног ажиллуулж 6 000 000 төгрөгийн ашиг олчихоод, ажилчинтай зүй бусаар харьцаж, бэлгийн дарамт үзүүлснээс ажиллах хүнгүй болж, ажлаа удирдаж чадахгүйд хүрч шалтаг гарган гэрээнээс татгалзах санал тавьсныг шүүх хэт нэг талыг барьж буруу шийдвэрлэсэн.

Зохигчдын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр худалдах, худалдан авах ам хэлцэл байгуулагдсан талаар шүүхийн шийдвэрт “энэ талаар маргаагүй” гэж дүгнэсэн атлаа Д.Нг түрээслэн ажиллуулах нөхцөлгүй болсон, гэрээг зохицуулах боломжгүй болсон гэж үзэж гэрээнээс татгалзах эрхтэй гэж тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар зохигчдын хооронд худалдах, худалдан авах ажиллагаа явагдсан. Худалдсан газрын эд хөрөнгө биет байдлын доголдолгүй, эрхийн ямар нэгэн зөрчилгүй, энэ талаар Иргэний хуульд заасан шаардлагыг хангасан байсан.

Уг байрыг цаашид худалдан авагчид түрээслүүлэх талаар туслалцаа үзүүлэхээр Д.Бавуудоржтай харилцан тохиролцсон. Гэтэл шүүх зохигчдын худалдах, худалдан авах ажиллагааны талаар дүгнэлт хийлгүй зөвхөн “орон сууцны өмчлөгч Я.Дэлгэрмаагийн нөхөр Д.Бавуудорж Д.Нтай түрээсийн гэрээ байгуулахаас татгалзсан, улмаар 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр түрээсийн байр чөлөөлөх шаардлага тавьж, байрнаас хөөн гаргаснаар нэхэмжлэгчид М.Сгаас худалдан авсан массажны газрын үйл ажиллагааг явуулах зөвшөөрөл, худалдан авсан эд зүйлс ямар ч ач холбогдолгүй болсон байна” гэж худалдах, худалдан авах хэлцэлтэй хамааралгүй дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.

Массажны газрыг худалдсан болохоос түрээслүүлэгч Я.Дэлгэрмаагийн байрыг Д.Нд түрээслэх ёстой гэсэн шаардлага худалдах, худалдан авах хэлцэлд хамааралгүй юм. Нэхэмжлэлийн шаардлага худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 35 000 000 төгрөг гаргуулах гэсэн атал Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт заасан үндэслэл бий болоогүй байхад шүүхээс нэхэмжлэгчийг татгалзах эрхтэй гэж тайлбарласан нь хуулийг буруу хэрэглэсэн. Байрны эзэн Д.Бавуудорж Д.Нтай түрээсийн гэрээ байгуулахаас татгалзсан гэжээ. Д.Бавуудорж нь түрээсийн гэрээ байгуулах хүсэлтийг нэхэмжлэгчид анхны өдрөөс эхлээд тавьсан нь баримтаар нотлогдоно. Иймд “Цахир” массажны газрыг М.С нь Д.Нд худалдсан хэлцэл нь хууль зөрчөөгүй, тэрээр өөрөө санаачилга гаргаж гэрээ хийгээгүй нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч М.Сд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, уг гэрээний үүрэгт шилжүүлсэн 35 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу М.С нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, НҮБ-ийн гудамж, 3 дугаар байрны 60 тоотод байрлах “Цахир” массажны газрын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, тоног төхөөрөмж болон холбогдох шаардлагатай бичиг баримтыг Д.Нд 35 000 000 төгрөгөөр худалдсан үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Нэхэмжлэгч “2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тус байрны өмчлөгч түрээсийн гэрээ байгуулахгүй гэсэн ба үүнээс хойш үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон бол хариуцагч “нэхэмжлэгчийн буруугаас түрээсийн гэрээ хийгдээгүй” гэж маргажээ.

 

Талуудын маргааны зүйлээс үзвэл дээрх гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгийг ашиглах боломжтой байсан эсэх, үүнтэй холбоотойгоор гэрээнээс татгалзаж буй нөхцөл байдал хэний буруугаас болсон, улмаар гэрээнээс татгалзсан тохиолдолд үүсэх үр дагаврыг шүүх шийдвэрлэх ёстой.

 

Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зохицуулсан ба нэхэмжлэгчийг тодорхой хугацаанд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж, ашиг орлого олсон нь тогтоогдсон гэж холбогдох нотлох баримтыг шүүх хуралдааны явцад хариуцагч тал гаргажээ. /хх87-90/

 

Шүүх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудад хэрэгт авагдсан нотлох баримтуудыг танилцуулж, гарын үсэг зуруулсан,  2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд зохигчдоос шинээр гаргасан баримтуудыг харилцан танилцуулсан гэж хэргийг шийдвэрлэсэн боловч хэргийн 48 дахь талаас хойш авагдсан баримттай танилцсан талаар баримтгүй байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх, 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн материалтай танилцах талаар зохицуулсан хэргийн оролцогчийн эрх зөрчигдсөн буюу талуудын тэгш байдлыг шүүх хангаагүй гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлээр талууд гомдол гаргаагүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/02285 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                    Т.ТУЯА