Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/140

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Байгалмаа

Улсын яллагч Ц.Батзаяа

Шүүгдэгч Л.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т ургийн овогтой Л-н Э-д холбогдох 2216000000175 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1968 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгийн Төгрөг суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхийн хамтаар Говь-Алтай аймаг, Төгрөг сумын Тунгалаг 5 дугаар баг Оргил 0-000 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ДЙ00000 регистрийн дугаартай, Т ургийн овогт Лийн Э,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Э нь согтуурсан үедээ 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 21 цагийн орчим Говь-Алтай аймгийн Төгрөг сум, Тунгалаг 5-р багийн 00-0 тоотод хамт архи согтууруулах ундаа хэрэглэсэн Н.Н-г“намайг гэрээсээ хөөж зайл гэж хэллээ” хэмээн маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь “.цээжний битүү гэмтэл, цээжний зөөлөн эдийн няцрал, 2 нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, зүүн шанаа, эрүүний зүүн булан, зүүн бугалганд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Л.Э нь согтуурсан үедээ 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 21 цагийн орчим Говь-Алтай аймгийн Төгрөг сум, Тунгалаг 5 дугаар багийн 11-1 тоотод хамт архи согтууруулах ундаа хэрэглэсэн Н.Н-г“намайг гэрээсээ хөөж зайл гэж хэллээ” хэмээн маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөж эрүүл

мэндэд нь “цээжний битүү гэмтэл, цээжний зөөлөн эдийн няцрал, 2 нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, зүүн шанаа, эрүүний зүүн булан, зүүн бугалганд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

 

Тус үйл баримт нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхэд халдаж хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүхээс дүгнэв.  

 

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Л.Э гэм буруутай болох нь:

 

Хохирогч Н.Нгийн мөрдөн байцаалтад өгсөн “...Тухайн өдөр манайх гэрээ буулгаад барьж байсан, тэгээд үдээс хойш нөхөр Б тэмээ гаргаж ирэх гээд хөдөө явчихсан хойгуур Э, М-Энар халамцуу манайд хүрээд ирсэн тэгээд бид 3 гадаа хэсэг юм ярьж сууж байгаад Э архи байна уу гэхээр нь би гэрт ороод авдар дотроосоо 1 шил “Хараа” нэртэй 0,5 литртэй архи гаргаж ирээд тэгээд тойруулаад дууссан. Хэсэг хугацааны дараа Э, М-Э-ийг 1 шил архинд явуулсан байх бас сайн санахгүй байна. Ямартай ч 0,5 литртэй 1 шил “Хараа” байсан дэлгүүрээс авч ирээд уугаад сууж байсан чинь нөхөр Б гаднаас ороод ирсэн. Тэгээд нөхөр гараа угаачхаад М-Этэй юм яриад сууж байсан. Харин би зүүн талын орны хажууд Этай юм яриад сууж байсан чинь намайг хоосон ядуу гэж дуудахаар нь би чамаас юу гуйсан юм зайл гэсэн чинь л намайг 2 гараас барьж аваад мөргөчихсөн. Тэгээд л нүд харанхуйлаад явчихсан. Харин М-Этухайн үед Эыг аваад гарсан. Тун удалгүй тэр 2 манайд хоносон. Э нь миний зүүн бугалга дээрээс татаж ирээд миний нүүрэн хэсэг рүү мөргөчихсөн чинь 2 нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, зүүн шанаа, эрүүний зүүн булан, зүүн бугалганд цус хуралт үүссэн. Харин тухайн үед мөргөхөд би ардаа нүүрээ дараад унасан чинь Э миний цээжин дээр хүчтэй дараад давхралдаад уначихсан юм ...Эмчилгээний зардал гэж Л.Э надад 500.000 төгрөг өгсөн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх 33-36 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Бийн мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 06-ны орой би 20 цаг өнгөрч байхад хөдөөнөөс гэртээ ирэхэд манай эхнэр Н мөн Э, М-Энар бага зэргийн согтуу юм яриад сууж байгаад манай эхнэр Н, М-Эийг чи нэг шил архи дэлгүүрээс аваад ир би дансаар шилжүүлье гэж хэлж байсан. Харин тун удалгүй М-Э“Бүрд” дэлгүүр лүү яваад “Ерөөл” нэртэй 0,75 литртэй архи аваад ирэхээр нь бид 4 хувааж уусан. Тэгээд М-Эбид 2 гэрийн баруун орон дээр сууж байсан. Харин Н, Э хоёр зүүн орон дээр юм яриад сууж байснаа хоорондоо барилцаад авахаар нь тэр даруй М-Эсалгасан чинь Н чи яаж байгаа юм намайг мөргөчихлөө шүү дээ гэж хэлж байсан. Тэгээд тэр оройноо бүгдээрээ манайд хоносон. Өглөө Н Эт хэлэхдээ чи намайг зодох гэж ирсэн юм байна нүүр ам авах юм алга, хавирга хөндүүртэй хөдөлж чадахгүй байна. Чи энийгээ хар даа гэж хэлж байсан. Тэгээд би эмч дуудаад үзүүлэх гэсэн чинь эмч нар байхгүй байсан. Харин Э эм авч ирж манай эхнэрт өгчхөөд хөдөө явсан “ гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

 

   Гэрч С.М-Эийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2022 оны 10 дугаар сарын 06-ны үдээс хойш гэртээ байж байтал Э утсаар яриад гараад ир би яваад очъё хойд грашид автомашин хийгээдэхье гэж хэлэхээр нь би гараад очсон чинь Э өөрийнхөө машинтай хүрээд ирсэн байсан. Тэгээд бид 2 хойшоо Н-ийн хашаанд очиж машиныг нь грашид хийгээд тэгээд тэндээс мотоциклийг нь гаргаж унаад Бийнд очсон чинь Н эгч ганцаараа гэрийнхээ цагаан бүрээсийг оёод сууж байсан. Э, Н хоёр багын найзууд гээд хоорондоо тоглож наадаад инээгээд гэрт нь сууж байсан. Тэгсэн Н эгч авдраасаа нэг шил “Хараа” нэртэй 0,5 литртэй архи гаргаж ирээд задлаад тойруулаад бид 3 хувааж ууж дуусаад Э намайг нэг шил архи аваад ир би мөнгийг нь дансаар шилжүүлье гэж хэлэхээр нь би тухайн үед “Бүрд” дэлгүүрээс ганцаараа очиж нэг шил “Хараа” нэртэй 0,5 литртэй архи аваад буцаж ирээд бид 3 хувааж уугаад сууж байсан чинь Б ах ирсэн. Тэгээд тэрийгээ ууж дуусчхаад сууж байсан чинь Н эгч чи дэлгүүр ороод нэг шил архи аваад ир мөнгийг нь дансаар шилжүүлье гэж хэлээд тэгээд би дахиад “Бүрд” дэлгүүрээс 1 шил “Ерөөл” нэртэй 0,75 литртэй архи аваад очсон. Тэгээд нөгөө архиа бид 4 хувааж уугаад юм яриад Б ах бид 2 гэрийн баруун талын орон дээр сууж байсан. Харин Н, Э нар зүүн талын орон дээр суучихсан багын юм аа яриад садан төрөл гээл юм яриад сууж байснаа л хоёулаа барилцаж аваад зодолдоод өгөхөөр нь би очоод Эыг барьж аваад салгасан чинь Э дахиад орилоод дайраад байсан. Тэгээд салгаад тэр оройноо тэднийд хоносон.” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

 

Гэрч Н.Дын мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2022 оны 10 дугаар сарын 10-ны орой гэртээ байж байхад манай хотод байдаг эгч Б эгч над руу утсаараа холбогдоод Н эгч чинь хүнд зодуулсан гэнэ аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр ирчихсэн байна гэж хэлсэн. Тэгээд би шууд гэрээсээ гараад эмнэлэг дээр очиход Төгрөг сумаас сумын эмч П, Н эгчийн төрсөн охин Х ирчихсэн байсан. Тэгээд би юу болсон талаар тодруулж асуутал эмчид үзүүлж байна гэхээр нь бид хэд үүдэнд хүлээгээд сууж байсан чинь, хэсэг хугацааны дараа Н эгч өөрөө гараад ирэхээр нь харсан чинь нүүр нь битүү хавдартай хөх ирээн нүд нь ч юм харахгүй, хүн харахын эцэсгүй, тухайн үед би хараад айгаад тэгээд би шууд цагдаад мэдэгдье харагдах байдал нь ийм байна шүү дээ цаанаа юу болсон ч байгаа юм билээ гэсэн чинь тухайн үед Н эгч надад хэлэхдээ зүгээрээ зүгээр гайгүй байлгүй сумын төв дээр гэртээ хоёр хоносон. Сумын эмнэлэгт 3 хоносон тэгээд сумаас аймаг руу охин Х авч ирлээ гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Х-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Тухайн үед би ээжийгээ зодуулсныг сонсоод аймгийн төвөөс сум руу яваад сумын эмнэлэг дээр нь очсон чинь орноосоо босож чадахгүй юм ярьж чадахгүй байсан. Тухайн үед М-Э, Э нар нь хамт согтуу байсан учраас би гомдол дээрээ тэгж дурдсан түүнээс бол би юу болсон талаар ээжээс тодруулж асууж чадаагүй. Мөн манай ээж цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргахгүй би зүгээр гээд байсан. Юу гэж тиймэрхүү байдалтай хүн зүгээр байх вэ дээ гэж бодсон. Мөн тухайн үед эмнэлэг дээр байсан их эмч П хэлэхдээ даралт өндөр, цээжээр маш их өвдөж байгаа, шээс гарахгүй байгаа яаралтай аймгийн эмнэлэг рүү аваад яв гэж хэлсэн тэгээд би аймаг дээр ирээд цагдаагийн байгууллагад өөрийн биеэр бичгээр өргөдөл гаргасан гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/,

 

Хохирогч Н.Нгийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Даваахүүгийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 296 дугаартай “...1.Н.Нгийн биед цээжний битүү гэмтэл, цээжний зөөлөн эдийн няцрал, 2 нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, зүүн шанаа, эрүүний зүүн булан, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчиллээр үүснэ. 3.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй 4.Тухайн гэмтлийг хэрэг болсон гэх цаг хугацаанд авсан байх боломжтой. 5.Дээрх гэмтлүүд нь бүрдлээрээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 56-57 дугаар хуудас/,

 

Хохирогч Н.Н нь гэмтлийн улмаас Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасагт 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 9 хоног хэвтэн эмчлүүлсэн тухай 4530 тоот өвчний түүх /хх-ийн 20-29 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Л.Э нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Иймд шүүгдэгч Л.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.

 

Улсын яллагч Ц.Батзаяа “шүүгдэгч Л.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /Таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /Таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлт гаргаж оролцлоо.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Л.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /Дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /Дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /Гурав/ сарын хугацаанд уг торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Э-ын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирлын тухайд: Хохирогч Н.Н нь мөрдөн байцаалтад хохирогчоор дахин өгсөн мэдүүлэгтээ “... Эмчилгээний зардал гэж Л.Э 500,000 /Таван зуун мянга/ төгрөг өгсөн. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх36/ гэсэн байх тул шүүгдэгч Л.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Т овогт Л-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Шүүгдэгч Л.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (Дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (Дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-д оногдуулсан 450,000 (Дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /Гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /Арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15,000 /Арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Л.Э-д сануулсугай.

 

            5.Шүүгдэгч Л.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

            7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй байх, шүүгдэгч Л.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

            9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.ЭНХБААТАР