Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/203

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,

         Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа, 

         Улсын яллагчаар хяналтын прокурор М.Отгонбаатар,

         Шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч М.Эрдэнэчимэг,

         Шүүгдэгч Р.Э, түүний өмгөөлөгч С.Шинэбаяр нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

  Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Э, А.Э нарт холбогдох эрүүгийн 2219000000267 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Р.Э, А.Э

         Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Р.Э нь 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр баг, Замчдын 18-1 тоотод А.Этай “хөл дээр дарлаа” гэх зүйлээр шалтаглан улмаар түүний толгойн тус газар төмөр трубагаар цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

   Шүүгдэгч А.Э нь 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр баг, Замчдын 18-1 тоотод Р.Этай санаандгүйгээр хөлийг нь хөндсөн байхад трубагаар цохилоо гэж маргалдаж, улмаар төмөр трубаг булаан авч толгойн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь толгойн хуйхны язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Р.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 08 сарын 12-ны өдөр хүргэн Этай хоёулаа эмнэлгийн үүдэнд 1 шил архи хувааж уугаад, дэлгүүр орж нэг шил архи аваад гэрт нь очиж уух гэж яваад Этай таарсан. ах нь мотоциклоос бууж чадахгүй, миний дүү архи аваад араас хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд Эынд архиа ууж байгаад миний муу хөлөн дээр гараараа дараад байна гэхэд чи юу гээд байгаа юм гээд гараа зангидаж байгаад цохисон. Эргээд хартал труба байхаар нь аваад толгой руу нь цохисон. Э босож ирээд надаас труба булааж аваад миний толгой руу 2 цохиж хагалсан. Би тэр айлаасаа унаа олж гэртээ харьж, хажуу айлынхаа хүнээр түргэн дуудуулж эмнэлэгт очиж оёдол тавиулсан ...” гэсэн мэдүүлэг,

          Шүүгдэгч А.Эын шүүхийн хэлэлцүүлэг өгсөн: “... Би 2022 оны 08 сарын 12-ны өдөр дэлгүүрийн гадаа зогсож байхад Э ах, Эрхэмээ ах хоёр мотоциклтой ирээд надад 20,000 төгрөг өгсөн. Би өгсөн мөнгөөр нь 1 шил архи, ундаа аваад Эрхэмээ ахынд очсон. Архиа ууж байгаад Үлэмжчанар гэх ах зураг зураад өгье гэхээр нь харандаа хайж байгаад санаандгүй Э ахын хөлийг хөндсөн. Удалгүй Э ах архи аягалж өгөхөөр нь авах гэж байгаад дахиж санаандгүй хөндөж миний толгой руу трубагаар 2 удаа цохисон. Дахиж цохих гэхээр нь би булааж авч өөрийг нь цохисон ...” гэсэн мэдүүлэг,

          Шүүгдэгч Р.Эын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч болон яллагдагчаар өгсөн: “... Хараа нэртэй архийг Эрхэм-Эрдэнэ, Батсайхан бид 3 уугаад дуусаж байхад мангас Эрхэмээ гаднаас 1 шил архи, 1 ундаатай орж ирсэн. Тухайн архийг Батсайхан, Эрхэм-Эрдэнэ, мангас Эрхэмээ бид 4 хувааж ууж байхад мангас Эрхэмээ миний хөл дээр гараараа цохиход нь би Эрхэмээгийн толгой хэсэг рүү төмөр трубагаар 1 удаа цохисон. Эрхэмээ миний трубаг булааж аваад миний толгой хэсэг рүү 2 удаа, зүүн гар руу 3-4 удаа цохисон ...“ гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21, 48 дугаар хуудас/,

         Шүүгдэгч А.Эын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч болон яллагдагчаар өгсөн: “ ... 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр архи ууж байхдаа би Э ахын муу хөл дээр нь санаандгүй дарсан чинь Энхээ ах “чи миний муу хөлийг хөндлөө” гээд төмөр трубагаар толгой руу 2 удаа цохисон. Тэгээд би төмөр трубаг нь булааж аваад Энхээ ахын толгой хэсэг рүү 2 удаа, гар руу нь 1 удаа цохиход Эрхэмээ, Батсайхан нар салгасан. Энхээ ахын толгойноос цус гарсан ба нэг машинд суугаад явсан. Миний толгойноос цус гоожсон, би тухайн үед эмчид үзүүлээгүй ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 39, 50 дугаар хуудас/,

         Гэрч Д.Эрхэм-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Э, Батсайхан нартай архи ууж байтал гаднаас Эрхэмээ нэлээн согтуу 1 шил архи, 1 ундаатай барьж орж ирээд хувааж уусан. Тэгээд би бие засах гээд гарчихаад ороод ирэхэд Эрхэмээгийн толгойноос цус гарч байсан ба “яасан бэ” гэхэд “Энхээ ахын хөлийг нь хөндчихсөн чинь толгой хагалчихлаа” гэж хэлсэн. Эрхэмээ Э ах руу дайраад зодох гээд байхаар нь Батсайхан бид 2 Эрхэмээг салгасан. Э ах Эрхэмээгээс уучлаарай гээд байсан. Удалгүй би Батсайханыг гаргаж өгөөд орж ирээд Эрхэмээгийн толгойг нь угааж өгөөд шалан дээр байсан цусыг арчиж цэвэрлэж байхад Эрхэмээ, Э ах руу дайраад “миний толгойг хагалсан, өөрийн чинь толгойг хагална” гээд дайрсан. Би очоод салгахад Э ахын толгойноос цус урсаад, цусыг нь тогтоогоод Э ахыг явуулсан. Би яг юугаар цохиж толгойг нь хагалсныг хараагүй ...“ гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,

          Гэрч М.Батсайханы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Э ах, Эрхэмээ, Эрхэм-Эрдэнэ, бид 4 архи хувааж ууж байтал Э ах, Эрхэмээ 2 хоорондоо муудалцаад байхаар нь би Эрхэмээг хориод Эрхэм-Эрдэнэ Э ахыг хориод байж байтал Э ах Эрхэмээгийн толгой руу төмөр шиг юмаар 2 удаа цохиод толгойг нь хагалсан. Эрхэмээгийн гэрт олон янзын төмөр байсан, тэр дундаас нэгийг нь ашигласан байж магадгүй. Тэгээд Эрхэмээ, Э нарыг салгаад гайгүй болцгооход би гэр рүүгээ явсан. Эрхэмээ, Э, Эрхэм-Эрдэнэ нар үлдсэн. Цааш нь юу болсныг мэдэхгүй байна ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/,

          Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 02/0408 дугаартай шинжээчийн “... Р.Эын биед толгойн хуйхны язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/,

          Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 02/0425 дугаартай шинжээчийн “... А.Эын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/,

          Шүүгдэгч Р.Эын Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,

         Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 77 дугаар хуудас/,

         Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-11 дүгээр хуудас/,

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 62, 67 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн,  хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.

    Шүүгдэгч Р.Э, А.Э нар нь 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр баг, Замчдын 18-1 тоотод А.Этай “хөл дээр дарлаа” гэх зүйлээр шалтаглан маргалдаж, бие биенийхээ толгой тус газар трубагаар цохиж бие биедээ хөнгөн хохирол санаатай учруулсан үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.    

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хөнгөн хохирол учруулсан материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 Шүүгдэгч Р.Эын үйлдлийн улмаас хохирогч А.Эын эрүүл мэндэд  тархи доргилт бүхий хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч А.Эын үйлдлийн улмаас хохирогч Р.Эын эрүүл мэндэд толгойн хуйхны язарсан шарх бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд шинжилгээг гаргасан бөгөөд шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгч, хохирогч нарт танилцуулсан, дүгнэлтийг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, дахин шинжилгээ хийлгэх тухай хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

          Шүүгдэгч Р.Э, А.Э нар нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд эрх чөлөөнд нь халдаж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогчийн биед тархи доргилт гэмтэл, толгойн хуйхны язарсан шарх бүхий хөнгөн хохирол учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул хэн хэн нь гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэж үзнэ.

          Иймд шүүгдэгч Р.Э, А.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Р.Э  нь эрүүл мэндэд учруулсан хохирол 419,583 төгрөг, замын зардал 15,000 төгрөг нэхэмжилсэн боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.

          Иймд шүүгдэгч Р.Э, А.Э нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

           Шүүгдэгч Р.Э, А.Э нарт ял шийтгэл оногдуулахдаа тэдгээрийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн ба хэрэгт авагдсан нотлох баримтаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Эад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч А.Эт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

          Шүүгдэгч нарт торгох ял оногдуулахдаа тэдгээрийн орлого, ам бүлийн байдал, эд хөрөнгө, орлого олох боломж, шүүгдэгч нарын хүсэлт зэргийг харгалзан шүүгдэгч нарын эдийн засагт дарамт учруулахгүйгээр, оногдуулсан торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Р.Э, А.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Эад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч А.Эт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Р.Э, А.Э нар нь торгуулийн ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.

        4.Шүүгдэгч Р.Э, А.Э нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Э, А.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                      

                                  ДАРГАЛАГЧ                             Н.АДЪЯА