Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 100

 

2022             11              11                                         2022/ШЦТ/100                                                    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж

Нарийн бичгийн дарга М.Х

Улсын яллагч Л.С

Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Д.Э холбогдох эрүүгийн 2220000000124 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... төрсөн, ... хамт амьдардаг, ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 168 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Д.Э

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Д.Э нь 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 10 цагийн үед  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 08-99 ДГС улсын дугаартай тоёота кровн маркийн тээврийн хэрэгсэл дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Д.А хардаж, надаас салах гэлээ гэсэн шалтгаанаар маргалдаж улмаар гараараа толгойн нүүр хэсэг, гартаа овтерк атгаж байгаад зүүн баруун хоёр гуя, шилбэ хэсэг рүү олон удаа цохиж, зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, дээд уруулын баруун талд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор талд язарсан шарх, баруун суганы ар талд цус хуралт, зулгаралт, баруун бугалганы ар хэсгээр цус хуралт, зүүн бугалганд, зүүн шууны ар доод талд, зүүн гарын ар талд цус хуралт, баруун гуяны ар хажуу талд олон тооны цус хуралтууд, баруун өгзөгний доод талд зулгаралт, зүүн гуяны ар хажуу талд олон тооны цус хуралтууд, шилбэнд олон тооны цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд авагдсанаар/

                                                ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Энэ явдал жилийн өмнөөс эхэлсэн. Анх надад манай эхнэр бэлгийн замын өвчин авчирч өгсөн. Тэгээд эхнэртэйгээ ярилцаад түүнээс хойш нэг хэсэг асуудалгүй амьдарсан. Эхнэр ажилд ормоор байна гэж хэлсэн, миний зүгээс дэмжсэн. Тэгтэл ажилд орсноосоо хойш гэртээ ирэх нь багассан. Манай эхнэр хүүхдүүдээ хаяад хоногоор гадуур явчихдаг байсан. Би их ажилтай байдаг, тэгээд л хүүхдүүд ээж ирээгүй гэж ярьдаг байсан. З сум жижиг болохоор хүн болгон л надад эхнэр чинь ийм хүнтэй явдаг гэж хэлсэн. Сүүлдээ бүр явалдсан хүмүүсийнх нь эхнэрүүд над руу мессеж бичээд салгаад өгөөч гэж гуйдаг болсон. Хилийн цэргийн залуутай гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн байсан, тэгээд хэр удаан явж байгаа вэ? гэхэд 3 сар болсон гэж хэлсэн. Мэдээж миний уур хүрсэн. Би уг нь овтиркоор цохьё гэж биш, би үхээд өгье гэж айлгах гэж байсан. Овтирк барьж байсан гараараа цохисон, түүнээс овтиркаар цохиогүй. Одоо 3 хүүхэд маань над дээр байдаг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэжээ.

Шүүгдэгч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би эхнэр А 2008 онд З танилцаж гэр бүл болсон. Бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй. 2022 оны 10 дугаар сарын 08-ны орой гэртээ Э.Э 6 настай эмэгтэй, Э.А 3 настай эрэгтэй хүүхдүүдийн хамт гуравуулаа гэртээ хоносон, том охин Э.А эхнэрийн эгчийнд хоносон юм. Өглөө нь би эхнэр болох А “Азу Азу” гэсэн хаяг руу өөрийнхөө “Д.Э” гэх хаягнаас хоёр хүүхэд алга байна чамтай хамт байгаа юм уу гэж чат бичсэн ямар нэгэн хариу өгөлгүй нэлээд удаж байгаад надад хүүхдүүд байхгүй шүү дээ юу яриад байгаа юм гэсэн хариу ирсэн. Тэгсэн эхнэр намайг эгчийнхээс ирээд авчих гэхээр нь би эхнэрийн эгч А гэрийн гадаа очоод хүлээж байсан тэгсэн эгчийнхээсээ биш замын эсрэг талаас зам хөндлөн гарч ирсэн би эхнэрээс хаанаас гарч ирж байгаа юм бэ? гэж асуусан тэгсэн дуугарахгүй байж байгаад бид гэрийн гадаа ирсэн. Гэрийн гаднаас хөдлөөд Хилийн 0108 дугаар ангийн замын урд хэсэгт машин дотор ярилцаж байгаад хэрэлдэж эхэлсэн. Би эхнэрээс “...хэнтэй уулзаад байгаа юм бэ? гэж асуух далимаар чи Э хоноод гарч ирж байгаа юм уу...” гэсэн чинь эхнэр “...тийм...” гэж хариулсан. Та хоёр хэр удаж байгаа юм бэ? Надад нуулгүй хэлчих гэсэн чинь 3 сар болж байна гэж хэлэхээр нь би хүүхдүүдээ бодохгүй юм уу? гэж хэлээд мөр, гуя хэсэг рүү нь гараараа цохисон. Би тухайн үед амиа хорлоно гээд отверк хүзүүндээ наагаад эхнэрээ айлгаж үзсэн тэгсэн эхнэр би дахиж тэгэхгүй гэж хэлээд уучлалт гуйж байсан. Би тухайн үед отверкны үзүүр нь ил гаргалгүй гарандаа атгаж байгаад отверктой гараараа шилбэ рүү нь цохисон. Хэсэг байж байгаад бид хоёр гэртээ харьсан эгч А нь цагдаа дагуулаад гэрт ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/

Хохирогч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 09-ний өглөө 10 цагийн орчимд миний ... тоот дугаарын утаснаас манай нөхөр болох Э өөрийнхөө ... тоот дугаараас залгаад хүүхдүүд алга байна хамт гарч хайя гэхээр би төрсөн эгч А сандраад гарсан тэгсэн манай нөхөр эгчийн үүдэнд ... улсын дугаартай цагаан өнгийн кровн маркийн машинтайгаа ирчихсэн намайг ирж авсан. Би гэрт орж хүүхдүүд байгаа үгүйг харья гэсэн чинь чамд харуулахгүй гэж хэлээд шалганы замын урд шороон зам дээр машинаа зогсоогоод “...Чи ер нь яагаад надаас салах гээд байгаа өөр хүнтэй болчихсон юм уу хэнтэй уулзаад байгаа юм гэж...” хэлээд толгой нүүр хэсэг рүү гараараа цохисон. Отверкны үзүүр хэсгээр зүүн баруун хоёр гуя, шилбэ хэсэг рүү олон удаа хатгасан баруун гарын булчин руу цохиж үснээс зулгаасан. Тэгээд хэсэг байж байгаад гэр лүү явъя гэж хэлээд хамт яваад гэртээ орсон манай хоёр хүүхэд нөхрийн найз Батхуягтай хамт байж байсан. Гэрт ороод гар утсаа аваад цаад өрөө лүү ороод төрсөн эгч Т руу ... дугаараас мессеж бичиж нөхөр зодоод байна цагдаа дуудаарай гэж бичсэн. Эгч цагдаа дагуулж ирээд нөхрийг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/

Иргэний нэхэмжлэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн гэмт хэргийн улмаас иргэн Д.А нь 2022 оны 10 дугаар сарын 09-нд Д аймаг З...-р ангийн замын урд нөхөртөө зодуулсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч Д.А нь 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр З сумын нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн төвөөс тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 91,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Д.Э гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...”гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/

Гэрч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр манай дүү Д.А нүдийг цохисон гээд манайд ирчихсэн байсан юм. Тэгээд 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Э манай дүү Д.А манай гэрийн гадаа уулзчихаад орж ирэхээр нь за яасан гэсэн чинь нөгөө л уучлал гуйдгаараа намайг эвлэрээд хамт С явъя гэсэн гэхээр нь за тэгээд явдаг, хүний газар очоод чиний цогцсыг хаана л бол хаана л нуугаад хаячихна гэж хэлж байсан юм. Тэгээд манай дүү эвлэрчихдэг юм уу гэхээр нь би мэдэхгүй ээ над руу бас янз бүрийн юм бичээд л байна гээд яриад өнгөрсөн юм. Тэгээд манай дүү Д.А нөхөртэйгөө эвлэрэхээр болоод гэр лүүгээ очоод байж байтал 2022 оны 10 дугаар сарын 09-ний өглөө 10 цагийн орчим манай дүү Д.А над руу залгаад цүнх том охин А өгөөд явуулчих гэсэн юм. Аягүй дуу муутай ярихаар нь өглөө унтаж босоод л ийм байгаа байх гэж бодоод зүгээр үү би аваачиж өгөх үү гэсэн яах юм бэ гээд тэгээд охинд нь цүнхийг нь өгөөд явуултал дахиж залгаад хэрэггүй гээд мессеж ирэхээр нь энэ чинь одоо яаж байна гээд байж байтал дахиад намайг зодчихлоо гээд мессеж ирэхээр нь би цагдаа дуудчихаад гэр лүү нь гараад очсон. Замдаа гэр лүүгээ цүнх хүргэж өгөхөөр гарсан охинтой нь таараад гэрийнх нь үүдэнд очтол цагдаа ирээгүй байхаар нь дахиад дуудлага өгсөн дугаар луугаа залгахад одоо очиж байна гээд ирсэн юм. Тэгээд охиныг нь ороод яах юм гадаа байж бай гээд цагдаа нартай гэр лүү нь ороход Э бага зэрэг согтчихсон зодсондоо бараг бахдаад баярлачихсан царайтай манай дүү зодуулаад царай зүс нь аймар болчихсон айгаад байж байсан. Тэгээд цагдаа нар нөхөр Э аваад гарсан. 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зодохдоо автиркаар энд тэндгүй зоож зодсон байна лээ тэгэхдээ Э хэрвээ чи хүнтэй явалддаггүй гэж хэлэх юм бол би чамайг энд ална шүү гэж хэлсэн байсан. Тэгээд манай дүү айсандаа би энэ хүнтэй явалддаг гээд нэг фейсбүүк хаяг өгсөн чинь фейсбүүкээр чат бичээд асуусан гэсэн. Манай дүү Д.А юмнаас их айж цочдог айдастай байдаг болчихсон...”гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/

Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 12-14/ 

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 40/

2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 04/208 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

- Д.А биед зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, дээд уруулын баруун талд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор талд язарсан шарх, баруун суганы ар талд цус хуралт, зулгаралт, баруун бугалганы ар хэсгээр цус хуралт, зүүн бугалганд, зүүн шууны ар доод талд, зүүн гарын ар талд цус хуралт, баруун гуяны ар хажуу талд олон тооны цус хуралтууд, баруун өгзөгний доод талд зулгаралт, зүүн гуяны ар хажуу талд олон тооны цус хуралтууд, шилбэнд олон тооны цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ.

- Д.А биед үүссэн гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.

- Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 40-41/

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63-64/

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн ажлын албаны тодорхойлолт, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар/ хх-ийн 55, 61-62, 92-94/

Д.Э ... банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 68-89/

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн  2022 оны 10 сарын 19-ний өдрийн 3610/3-980 дугаартай албан тоот, Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан зардлын дүнгийн лавлагаа /хх-ийн 95,97/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

 Шүүгдэгч Д.Э нь 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 10 цагийн үед  ... дугаар багийн нутаг дэвсгэрт ... улсын дугаартай тоёота кровн маркийн тээврийн хэрэгсэл дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Д.А хардаж, надаас салах гэлээ гэсэн шалтгаанаар маргалдаж улмаар гараараа толгойн нүүр хэсэг, гартаа овтерк атгаж байгаад зүүн баруун хоёр гуя, шилбэ хэсэг рүү олон удаа цохиж, зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, дээд уруулын баруун талд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор талд язарсан шарх, баруун суганы ар талд цус хуралт, зулгаралт, баруун бугалганы ар хэсгээр цус хуралт, зүүн бугалганд, зүүн шууны ар доод талд, зүүн гарын ар талд цус хуралт, баруун гуяны ар хажуу талд олон тооны цус хуралтууд, баруун өгзөгний доод талд зулгаралт, зүүн гуяны ар хажуу талд олон тооны цус хуралтууд, шилбэнд олон тооны цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоож байна.

Энэ үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 Шүүгдэгч  Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, дээд уруулын баруун талд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор талд язарсан шарх, баруун суганы ар талд цус хуралт, зулгаралт, баруун бугалганы ар хэсгээр цус хуралт, зүүн бугалганд, зүүн шууны ар доод талд, зүүн гарын ар талд цус хуралт, баруун гуяны ар хажуу талд олон тооны цус хуралтууд, баруун өгзөгний доод талд зулгаралт, зүүн гуяны ар хажуу талд олон тооны цус хуралтууд, шилбэнд олон тооны цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Чи ер нь яагаад надаас салах гээд байгаа өөр хүнтэй болчихсон юм уу хэнтэй уулзаад байгаа юм гэж...” хэлээд толгой нүүр хэсэг рүү гараараа цохисон. Отверкны үзүүр хэсгээр зүүн баруун хоёр гуя, шилбэ хэсэг рүү олон удаа хатгасан баруун гарын булчин руу цохиж үснээс зулгаасан. Гэрт ороод гар утсаа аваад цаад өрөө лүү ороод терсен эгч Туяа руу 96051193 дугаараас мессеж бичиж нөхөр зодоод байна цагдаа дуудаарай гэж бичсэн. Эгч цагдаа дагуулж ирээд нөхрийг аваад явсан” гэх  мэдүүлэг /хх-ийн 18-19/, гэрч А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зодохдоо овтеркаар энд тэндгүй зоож зодсон байна лээ тэгэхдээ Энхбилэг хэрвээ Чи хүнтэй явалддаггүй гэж хэлэх юм бол би чамайг энд ална шүү гэж хэлсэн байсан. Тэгээд манай дүү айсандаа би энэ хүнтэй явалддаг гээд нэг фейсбүүк хаяг өгсөн чинь фейсбүүкээр чат бичээд асуусан гэсэн. Манай дүү Д.А юмнаас их айж цочдог айдастай байдаг болчихсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 40/, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 04/208 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-42/,  аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 12-14/  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч Д.Э нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Д.Э нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Хохирогч Д.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийн түүнд төлөх төлбөргүй гэж үзэв.

Хохирогч Д.А эмнэлэгт үзүүлсэн эмчилгээ, үйлчилгээний зардал ирэгний нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар шүүгдэгч Д.Э 91,000 төгрөгийг нэхэмжилжээ.

Шүүгдэгч Д.Э нь иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн эмчилгээ, үйлчилгээний зардал 91,000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч илэрхийлсэн тул уг төлбөр 91,000 төгрөгийг гаргуулж Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүхээс шүүгдэгч Д.Э хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар иштэй овтеркийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах” комисст шилжүүлж, шүүгдэгч Д.Э хохирогчийн эмчилгээ, үйлчилгээнд  гарсан зардал 91,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст /Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд шилжүүлэх/ олгох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Д.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчийн хувийн зан төлөв, хэргийн улмаас учирсан хор уршиг арилсан, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, зэрэг байдлуудыг харгалзан түүнд 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулах,  шүүгдэгчийн олж байгаа цалин хөлс, орлого зэргийг харгалзан торгуулийн ялыг 6  сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Д.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э оногдуулсан 900,000 төгрөгийн торгох ялыг  6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 4. Шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,   битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д  зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар иштэй овтеркийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах” комисст шилжүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар шүүгдэгч Д.Энхбилэгээс хохирогчийн эмчилгээ, үйлчилгээнд  гарсан зардал 91,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст /Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд шилжүүлэх/ олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчинтэй болох хүртэл хугацаанд шүүгдэгч Д.Э урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

              ДАРГАЛАГЧ    ШҮҮГЧ                                Д.Ц