Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1027

 

 

 

 

 

 

 

  2022         11          02                                  2022/ШЦТ/1027

 

                               

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүгдэгч: Г.И,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Номин,

Улсын яллагч: Г.Түвшинбаяр нар оролцсон эрүүгийн 2209000001447 дугаартай хэргийг 2022 оны 09 сарын 19-ны өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, урьд ял шийтгэлгүй Х овгийн Г.И

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Г.И нь 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг“Ш" худалдааны төвийн 2 давхрын ариун цэврийн өрөөнд Ж.Т-ын гээгдүүлсэн “айфрне 12 про макс” маркийн гар утсыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч Ж.Т-т 2.500.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.И нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Эрүүгийн 2209000001447 дугаартай хэргээс:

Хохирогч Ж.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/,

Гэрч Ц.А-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

Гэрч Ж.Э-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

Ж.Э-ы иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн болон хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 31-32 дугаар хуудас/

“Д” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1818 дугаартай үнэлгээний “...айфрне 12 про макс маркийн гар утсыг 2.500.000 төгрөгөөр үнэлэв.." гэх тайлан /хх-ийн 22-23 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 39 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.И нь 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг“Ш" худалдааны төвийн 2 давхрын ариун цэврийн өрөөнд Ж.Т-ын гээгдүүлсэн “айфрне 12 про макс” маркийн гар утсыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч Ж.Т-т 2.500.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч Ж.Т-ын “...2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ш” худалдааны төвийн 2 давхрын ариун цэврийн өрөөнд айфрне 12 про макс маркийн шар өнгийн гар утас болон машиныхаа түлхүүрийг 00 өрөөний суултуурын арын тавиур дээр нь үлдээгээд гарсан байсан. 1 минутын дараа иргээд иртэл тухайн өрөөнд хүн орсон байсан байхаар нь би үүдэнд нь хүлээсэн. Дотор байсан хүн гарч ирэхээр нь зөрж ороод шалгатал гар утас байхгүй харин машины түлхүүр байсан. Тэгээд надтай зөрж гарсан хүний араас очоод гар утсаа асуутал “..мэдэхгүй гэж хэлсэн ба утсаараа нэг яриулаач гэж хэлэхэд утас байхгүй..’’ гэж хэлсэн. .. Би тэр хавиас утас олоод өөрийн дугаар руугаа залгатал дуудаж байсан ба нөгөө охин алга болчихсон...” гэх мэдүүлэг,

Гэрч Ц.А-н “...2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр манай нөхөр Э надад “айфоне 12 про макс” маркийн голд өнгөтэй гар утас өгсөн. Тухайн гар утсыг гэр рүүгээ авч явсан. Маргааш өдөр нь нөхөртөө өгсөн. .. манай нөхөр хэнээс, хэрхэн авсан талаараа надад яриагүй... манай нөхөр хааяа нэг гар дээрээс гар утас худалдаж авдаг.. “гэх мэдүүлэг,

Гэрч Ж.Э-ы “...Тухайн өдөр би ажил дээрээ буюу “М” худалдааны төв дээр байж байх үед нэг махлагдуу, ягаан үстэй охин орж ирээд сэлбэгт гар утас авдаг юм уу гэж асуусан ба ямар утас гэхэд “айфоне 12 про макс” загварын утас гэж хэлсэн. Тэгээд би тэр утсыг нь үзэхэд “айфон 12 про макс” загварын голд өнгийн гар утас байсан ба гар утас асаалттай, нүүрэндээ кодтой байсан, симгүй байсан. Би тэр охиноос наадах чинь хулгайн утас биш үү гэхэд би олсон юм гэж хэлсэн. Тэгээд би тэр охинд би энэ гар утасны дэлгэцийг 500.000-600.000 төгрөгөөр буцааж хүнд тавьж өгдөг, би чамаас 400.000 төгрөгөөр худалдаж авч чадна гэж хэлсэн. Тэгэхээр нь тэр охин зөвшөөрөөд надад 400.000 төгрөгөөр зарсан. Би тэр охины Хаан банкны дансанд нь 400.000 төгрөг хийсэн, дансны нэр нь Индра гэж байсан. Тэгээд тэр гар утсыг би эхнэртээ өгөөд бид хоёр гэр рүүгээ явсан. Тэгээд маргааш нь би М дээр ирчхээд хөдөө яваад өгсөн. Тэр гар утас миний машинд явж байсан санагдаж байгаа. Харин одоо тэр гар утас ерөөсөө олдохгүй байна.... “Ш” худалдааны төвийн “кофе шоп” дотроос олсон гэж ярьж байсан. Би тухайн гар утсыг ашиглагдах боломжгүй гэдгийг мэдэж байсан, угаасаа кодтой утас ашиглагдах боломжгүй. ... тухайн гар утасны дэлгэцийг нь 600.000 төгрөгөөр хүнд сольж өгөхөд ашиглах боломжтой. Өөр бусдаар бусад хэсгийг ашиглах ямар ч боломжгүй...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.И нь 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг “Ш" худалдааны төвийн 2 давхрын ариун цэврийн өрөөнд Ж.Т-ын гээгдүүлсэн “айфрне 12 про макс” маркийн гар утсыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч Ж.Т-т 2.500.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцсэн тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.И-гаас 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ж.Э-д олгохоор шийдвэрлэлээ. Учир нь иргэний нэхэмжлэгчээс хохирогчийн гар утасны хохирлыг ижил төрлийн утсаар төлж барагдуулсан байх тул шүүгдэгчээс хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдав.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Г.И нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хохирогч Ж.Т-т нь “хохирлоо бүрэн барагдуулж авсан, гомдол саналгүй” тул хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

Улсын яллагчаас шүүгдэгч Г.И-д 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар санал гаргасан ба шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.И нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн зүйлгүй,  шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Х овгийн Г.И-г бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.И-г 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.И нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол  нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.И-гаас 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ж.Э-д олгосугай.

5. Шүүгдэгч Г.И нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

7. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.И-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Д.ДАРЬСҮРЭН