Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1013

 

 

 

 

 

 

 

  2022         10          31                                 2022/ШЦТ/1013

                               

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүгдэгч: Б.Н, өмгөөлөгч Л.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Н,

Улсын яллагч: Э.Б нар оролцсон эрүүгийн 2209000001671 дугаартай хэргийг 2022 оны 10 сарын 14-ны өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа барилгын мужаан хийдэг гэх, ам бүл 4, Эх, дүү нарын хамт амьдардаг, Улаанбаатар хот, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Х овогтой Б.Н,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 09 дүгээр сарын 03-ны шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” караокены гадна согтуурсан үедээ иргэн Х.Б “өөр ширээн дээр сууж бусадтай хэрүүл маргаан үүсгэсэн” гэх шалтгаанаар муудалцаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Эрүүгийн 2209000001671 дугаартай хэргээс:

Хохирогч Х.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

Гэрч Ц.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

Гэрч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

Гэрч С.С-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 12170 дугаартай дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар хуудас/ гэх дүгнэлт,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 40 дүгээр хуудас/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 09 дүгээр сарын 03-ны шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мишээл” караокены гадна согтуурсан үедээ иргэн Х.Б “өөр ширээн дээр сууж бусадтай хэрүүл маргаан үүсгэсэн” гэх шалтгаанаар муудалцаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч Х.Б “...Өчигдөр 19 цагийн үед Н бид 2 дэнжийн 1000 баазын тэнд түүний найзтай уулзаад эгчийнх нь гэрт очоод 1 шил 0.75 литрийн архи, том пиво уугаад гэрээс нь 22 цагийн үед гараад Соёл гэж караокед дуулахаар ирээд хүний 2 лааз пиво уугаад гарсан. Тэгээд караокеноос гараад зогсож байхад Н учир зүггүй миний нүд лүү цохисон. Би юугаар цохисныг -г хараагүй.Тэгээд миний нүднээс цус гарахаар нь 17-н цагдаагийн хэлтэс лүү гүйж орсон чинь 102-т дуудлага өг гээд цагдаад дуудлага өгсөн. Н намайг цохиод л алга болчихсон байсан. Тэрнээс хойш уулзаагүй. Н түүний эхнэрийнх нь найз гэх танихгүй эмэгтэй, тэрний эгч нь гээд эмэгтэй байсан, өөр хүн байгаагүй. Эгчийнд нь бол 1 шил 0.75 литрийн архи, 1 том пиво уусан, тэгээд караокед ороод хүний 2 лааз пиво ууцгаасан. Би бол өөрийгөө удирдах чадвартай байсан. Бид нар хоорондоо маргалдаагүй. Өмнө нь маргалдаж байгаагүй, караокеноос гараад шууд л цохисон, ямар шалтгаанаар цохисныг нь мэдэхгүй байна. Юугаар цохисныг нь мэдэхгүй байна, гараараа цохисон байх. Миний баруун нүд хөхөрч хавдсан, толгой дүүрээд өвдөөд байна. Өмнө нь баруун нүдний гэмтэл байгаагүй. Харин зүүн нүд болон зүүн хөлний гэмтлийг 8 хоногийн өмнө би мотоциклоос унаад гэмтээсэн байсан. Би эрүүл мэндээрээ болон ажлаараа хохирсондоо гомдолтой байна... гэх мэдүүлэг,

Гэрч Ц.С-ийн “...Тэр өдөр намайг гэртээ байхад хуурай дүү Б над луу залгаад хаана байна гэхээр нь би гэртээ байна гэхээр нь танайд яваад очих уу гэж асуухаар нь би зөвшөөрсөн. Тэгээд цагийг нь санахгүй байна, ямар ч байсан ажлаасаа тараад ирсэн байсан гэхээр нь 19-20 цагийн үед Б гаднаас танихгүй 2 залуутай цуг ирсэн ба 3-лаа эрүүл байх шиг харагдсан. Тэр 3 ирэхдээ хараа архи, том савтай пиво авчирсан байсныг бид нар манай гэрт хувааж уусан. Тэгээд тэрийгээ хувааж ууж дуусгаад Б караокед оръё гэхэд тэр цохиулсан гээд байгаа залуу 100.000 төгрөг байна, энэнд тааруулаад оръё гэж хэлсэн, тэгээд бид нар манай гэрээс гараад 17-н тэнд караокед орохоор такси барьж ирсэн. Тэр караокед ороод бид нар пиво ууцгаасан, би лав 3 лааз пиво уусан, нөгөөдүүл хэдийг уусныг мэдэхгүй байна. Тэгээд бид нар дуу захиалж дуулсан. Тэгээд бид нар ширээн дээр сууж байхад цохиулсан гээд байгаа залуу тэр караокед байсан хүмүүсийн ширээн дээр очиж бүжиглээд, хэрэлдээд маргалдаад байсан ба тэгж байхдаа нэг ширээний залуутай хоорондоо цохилцоод авахаар нь Б бид 2 дуудаж суулгасан. Тэгээд удалгүй караокеноос цуг гараад удаагүй байхад тэр хоорондоо маргалдаад хоорондоо цохилцоод авахаар нь Б бид 2 салгасан, тэгээд жижиг залуу Нямка нь машинд нөгөө залуугаа таксинд суучих явъя гэсэн чинь нөгөөх нь суухгүй утсаа авъя гээд утсаа авчхаад хүнтэй яриад машинд суухгүй байсан болохоор бид 3 тэр залууг үлдээгээд явсан. Тэгээд бид нар такситай явж байгаад ойрхон болохоор буугаад алхаж Бийн гэрт нь очиж хоносон. Тэрнээс хойш тэд нартай уулзалдаагүй. Би бол өөрийгөө аваад явчих чадвартай байсан, нөгөө хэдийг бол мэдэхгүй байна, тэр цохиулдаг залуу бол нэлээн согтуу байсан. Манай гэрт 1 шил архи, 1 том пиво, караокед ороод хүний 3 пиво уусан санагдаж байна. Бтай уулзахад зүүн нүд нь хөхөрсөн, бас аль 1 хөл нь доголсон байсан. Хэд хоногийн өмнө хүний машин унагаасан, 400.000.000 төгрөгийн өрөнд орсон гэж хэлж байсан. Ямар ч байсан хоорондоо маргалдсан, хамар амнаас нь цус гарсныг нь одоо санахгүй байна...” гэх мэдүүлэг,

Гэрч С.Б-ийн “...Тэр өдөр Б над луу залгаад уулзъя гээд байхаар нь би ажилтай байсан болоод уулзаагүй. Тэгээд дэнжийн-1000 бааз тэнд Бтай уулзахад Н цуг явж байсан. Тэгээд би таньдаг эгч Маам /Сэрээтэр/ эгчийн гэрт очоод сууж 1 шил архи, 1 том савтай пиво хувааж ууцгаасан. Тэндээсээ 4-лээ 10-н Мишээл нэртэй караокед орсон. Тэр караокед 4-лээ сууж байхад цаад талын ширээн дээр 2-3 залуучууд сууж байсан, тэр залуучууд дээр Б очоод юм яриад яваад байсан. Тэгээд суугаад ширээний залуу толгой луу нь цохиод авах шиг болохоор нь хүүш ээ юу болж байгаа юм гээд би салгасан, тэгээд бид нар гарцгаасан, Б, Н нар түрүүлээд гарсан, Маам эгч бид 2 хувцсаа аваад араас нь гарсан чинь тэр 2 хоорондоо зодолдож байхаар нь салгаад Н-аас юу болсон гэж асуусан чинь “та нар хараа биз дээ, хүмүүсийн ширээн дээр очоод байсан, би суу” гэж хэлсэн чинь уурлаад маргасан гэж байсан. Тэгээд бид нар такси бариад явах гэхэд Б суухгүй гээд байхаар нь Б-г үлдээгээд бид 3 такси барьж яваад манайд очиж хоносон. Б тэрнээс хойш 3-4 хоногийн дараа намайг цагдаагийн газар очоод мэдүүлэг өгөөдхөөч гэж ярьж байсан. Сэрээтэр эгч, Б. Н байсан өөр хун байгаагүй  Маам эгчийнд 1 шил архи, 1 том пиво ууцгаасан. Караокед ороод хүний 2 пиво уусан байх. Би өөрийгөө удирдах чадвартай байсан, бүгдээрээ л гайгүй байх шиг байсан. Н нь Б луу өөр ширээн дээр суулаа гэж маргалдсан юм шиг байна лээ, Б караокед байхад өөр ширээн дээр суугаад байсан, тэр ширээний залуутай маргалдсан. Б сууж байхад нөгөө суугаад байсан ширээний залуу ирээд цохиод авах шиг болсон, би Маам эгчтэй юм ярьж байсан болохоор хаана нь цохисныг мэдэхгүй байна. Тэр залууд цохиулснаас болж гэмтэл учраагүй. Караокеноос гарахад ямар ч байсан хоорондоо цохилцоод л байх шиг байсан тэгээд Б хамар луу цохичихлоо гээд гараараа арчихад цус гарч байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч С.С“...Манай хүү надад хамт ууж явж байгаад баар юм уу караокед нэг газарт цохиулсан хүн нь ширээ хэсэж явж байгаад хүмүүстэй маргалдсан юм шиг байна лээ. Тэгээд манай хүү салгах гэсэн чинь үгэнд орохгүй байхаар нь 1 алгадсан гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 12170 дугаартай:

1. Х.Б биед баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун зовхины цус хуралт гэмтэл мөн зүүн зовхи, хацрын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун зовхины цус хуралт нь үзүүлэхээс 1-2 хоногийн өмнө үүссэн, зүүн зовхи, хацар, хамрын цус хуралт нь үзүүлэхээс 5-7 хоногийн өмнө мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна...” гэх дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь 2022 оны 09 дүгээр сарын 03-ны шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” караокены гадна согтуурсан үедээ иргэн Х.Б“өөр ширээн дээр сууж бусадтай хэрүүл маргаан үүсгэсэн” гэх шалтгаанаар муудалцаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Х.Б мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Н-ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Тодруулбал Б.Н нь хохирогчийн нүүрэн тус газар гараараа цохисон үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж  үйлдсэний улмаас Х.Б биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.

Иймд шүүх шүүгдэгч Б.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.Н нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Х.Б нь эмчилгээний зардалд нэхэмжилсэн 129.000 төгрөгийг шүүгдэгч Б.Н нь 2022.10.28-ны өдөр “Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн 100900005406 тоот дансанд байршуулсан байх тул дээрх мөнгийг хохирогч Х.Б-д олгохоор шийдвэрлэж, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд  заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар,  хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, түүний орлого олох боломж зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах, бие биеэ ойлгож хүндэтгэлтэй хандах зан харилцааны түвшин дутагдсан зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Х овогтой Б.Н-ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай. 

5. Шүүгдэгч Б.Н-аас “Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн 100900005406 тоот дансанд байршуулсан 129,000 /нэг зуун хорин есөн мянга/ төгрөгийг хохирогч Х.Б-д олгосугай.

6. Шүүгдэгч Б.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

8. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДАРЬСҮРЭН