Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1005

 

 

 

 

 

2022         10        27                                 2022/ШЦТ/1005

                             

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Н,

Шүүгдэгч: Г.Э, түүний өмгөөлөгч О.Ц

Улсын яллагч: С.Э нар оролцсон эрүүгийн 2209010141092 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 ээж, аав, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй,/хэрэг хариуцах чадвартай,

Урьд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 184 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дах хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, Б овогт Г.Э

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Э нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр олон нийтийн сүлжээ буюу фейсбүүкт “D”-т “Хөрөнгө оруулалт авна” гэсэн хуурамч зар байршуулж, зохиомол байдлыг зориуд бий болгож, төөрөгдөлд оруулан хуурч хохирогч Г.Б-ийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ш” худалдааны төвд байхад нь өөрийн “Х” банкны 00 дугаарын данс руу 8.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр олон нийтийн сүлжээ буюу фейсбүүкт " D”-т “Хөрөнгө оруулалт авна” гэсэн хуурамч зар байршуулж, зохиомол байдлыг зориуд бий болгож, төөрөгдөлд оруулан хуурч хохирогч Г.Ж-ийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь өөрийн “Х” банкны 00 дугаарын данс руу 3 удаагийн гүйлгээгээр нийт 4.500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

Олон нийтийн сүлжээ буюу фейсбүүкээр хохирогч М.Э-той холбогдож улмаар 1,300,000 төгрөг өгвөл 1,900,000 төгрөг болгож өсгөж өгнө" гэж түүнийг хуурч зохиомол байдлыг зориуд бий болгох замаар төөрөгдөлд оруулж 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 11-ний өдрүүдэд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Т-Б” ХХК-ийн байран дотор ажил дээрээ байхад нь өөрийн эзэмшлийн “Х” банкны 000 тоот дансаар 1,300,000 төгрөгийг авч залилсан,

Олон нийтийн сүлжээ буюу фейсбүүкээр Э.С-тай харилцаж, “мөнгийг чинь 20-30 хувь өсгөж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, төөрөгдөлд оруулж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 2.000.000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 3.000.000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 1.000.000 төгрөг нийт 6.000.000 төгрөгийг “Г” банкны 000 тоот дансаар шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Эрүүгийн 2209010141092 дугаартай хэргээс:

Хохирогч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 3-9 дүгээр хуудас/,

Хохирогч Г.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

Хохирогч М.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 101-103 дугаар хуудас/,

Хохирогч Э.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 130-132 дугаар хуудас/,

Э.С-ын “Г” банкны 000 тоот дансны хуулга / хх-ийн 120-130 дугаар хуудас/,

Г.Б-ийн “Х” банкны 000 тоот дансны хуулга, /хх-ийн 11 дүгээр хуудас/,

Г.Ж-ийн “Х” банкны 000 тоот дансны хуулга /хх-ийн 33 дугаар хуудас/,

М.Э-ын “Х” банкны 000 дугаартай дансны хуулга/ хх-ийн 107 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх талуудын хүсэлтээр шинжлэн судалсан эдгээр баримтуудыг уг хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон хэмээн үнэлж шүүгдэгчийн гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг хийсэн болно.   

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Г.Э нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр олон нийтийн сүлжээ буюу фейсбүүкт “D”-т “Хөрөнгө оруулалт авна” гэсэн хуурамч зар байршуулж, зохиомол байдлыг зориуд бий болгож, төөрөгдөлд оруулан хуурч хохирогч Г.Б-ийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ш” худалдааны төвд байхад нь өөрийн “Х” банкны 000 дугаарын данс руу 8.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан хэргийн үйл баримт нь:

Хохирогч Г.Б-ийн “2021 оны 04 дүгээр сард D" гэх фейсбүүк группийн дагасан. Тухайн пэйж дээр байнга хөрөнгө оруулалт авна гэсэн тодорхой хугацаа заасан зар оруулдаг байсан. Тэгээд тухайн хүнтэй Б нь Г гэх өөрийн хаягаараа Г.Э гэсэн хаягтай харьцаж чаталсан. Тухайн хүн мөнгө өгвөл баталгаатай өсгөж өгнө чиний өгсөн мөнгийг 15-30 хувьтай өсгөж өгнө гэх мэт зүйл ярьж байсан. Тэгээд 2021 оны 05 сарын 30-ны өдөр над руу холбогдоод өсгүүлэх мөнгө байна уу найдвартай өсгөж өгнө гэсний дагуу би өөрийн 5315356852 гэх “Х” банкны дансаараа 5030861060 гэх Э гэх хүний данс руу шилжүүлсэн. Уг хүн нь мөнгө авсан цагаасаа хойш их багаар байнга мөнгө асууж энийг өгвөл яг чиний мөнгө болох гээд байна гэх мэтийн зүйл байнга ярьдаг байсан. Сүүлд мөнгийг маань өгнө гэсээр байгаад өдийг хүрсэн Надад хэлээгүй шалтаг тоочоогүй зовлон байхгүй. Намайг цагдаад битгий өг гэж гуйдаг байсан” гэх мэдүүлэг,

Хохирогч Г.Б-ийн “Х” банкны 000 тоот дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар,

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр олон нийтийн сүлжээ буюу фейсбүүкт " D”-т “Хөрөнгө оруулалт авна” гэсэн хуурамч зар байршуулж, зохиомол байдлыг зориуд бий болгож, төөрөгдөлд оруулан хуурч хохирогч Г.Ж-ийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь өөрийн “Х” банкны 000 дугаарын данс руу 3 удаагийн гүйлгээгээр нийт 4.500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан хэргийн үйл баримт нь:

Хохирогч Г.Ж-ийн “Би 2021 оны 09 дүгээр сард “D" гэх фейсбүүк группийн дагасан. Тухайн пейж дээр байнга хөрөнгө оруулалт авна гэсэн тодорхой хугацаг заасан зар оруулдаг байсан. Тэгээд тухайн хүнтэй Ганхуяг Ж гэх өөрийн хаягаараа Г Э гэсэн хаягтай харьцаж чаталсан. Тухайн хүн нь надад өндөр хувьтай байна бүтэн сайнд орчихно удлаа гэхэд бүтэн сайны өдөр орно гээд харьцаж эхэлсэн. Тухайн Э нь 2021 оны 07 сарын 02-ны шөнө 03:48 цагт 3,000,000 03:49 1,000,000 төгрөг өгчих би 3 хоногийн дотор 30 % өсгөж өгнө гэсний дагуу тухайн өдөр өөрийн “Х” банкны 000 гэх дугаартай дансанд 5071345935 дугаартай “Х” банкны Г.Э гэх дэнс руу шилжүүлсэн. Тэгээд өдрийн 11:42 цаг 500.000 төгрөг өгч байгаач би хүүхдээ эмнэлэгт үзүүлэх гээд мөнгөний хэрэг гараад байна 20 хувь тохироод хийчихье тэгэх үү гэхэд би дахиад мөнгө хийсэн. Намайг мөнгө өгснөөс 3 хоногийн дараа мөнгөө авъя гэхэд оройхон хийе зэрэг өнөөдрийг хүрсэн тэгээд хандаж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Г.Жийн “Х” банкны 000 тоот дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар,

 Олон нийтийн сүлжээ буюу фейсбүүкээр хохирогч М.Э-той холбогдож улмаар 1,300,000 төгрөг өгвөл 1,900,000 төгрөг болгож өсгөж өгнө" гэж түүнийг хуурч зохиомол байдлыг зориуд бий болгох замаар төөрөгдөлд оруулж 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 11-ний өдрүүдэд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Т-Б” ХХК-ийн байран дотор ажил дээрээ байхад нь өөрийн эзэмшлийн “Х” банкны 5071345935 тоот дансаар 1,300,000 төгрөгийг авч залилсан хэргийн үйл баримт нь:

Хохирогч М.Э-ын “ 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өөрийн “Х” банкны 00 тоот данснаас фейсбүүкийн найз, танил Г.Э гэх хүн надаас мөнгө гуйгаад мөнгө өсгөөд өгье гэж санал тавьсан юм, тэгээд би 600,000 төгрөгийг 00 тоот данс руу шилжүүлсэн. Маргааш өглөө нь нэмээд 700,000 төгрөгийг өгсөн ба надад хэлэхдээ 1,900.000 төгрөг болгож өгье гэхээр нь зөвшөөрч мөнгөө шилжүүлсэн юм. Тэгээд надад хоёр хоногийн дотор өгнө гээд мөнгөө өгөөгүй юм... Г.Э гэх хүнийг би огт танихгүй. Утасны дугаар нь 88621502 дугаарын утастай байсан ба одоо холбогдохгүй байна... Миний хувьд 1.300.000 төгрөгөө авмаар байна... гэх мэдүүлэг,

Хохирогч М.Э-ын “Х” банкны 00 дугаартай дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар,

Олон нийтийн сүлжээ буюу фейсбүүкээр Э.С-тай харилцаж, “мөнгийг чинь 20-30 хувь өсгөж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, төөрөгдөлд оруулж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 2.000.000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 3.000.000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 1.000.000 төгрөг нийт 6.000.000 төгрөгийг “Г” банкны 1905142368 тоот дансаар шилжүүлэн авч залилсан хэргийн үйл баримт нь:

Хохирогч Э.С-ын “...Би Э гэдэг хүнтэй онлайн орчинд танилцсан. Э нь надаас 100.000-200.000 төгрөгийг 2-3 удаа зээлж буцааж өгч байсан. Мөн надад 1Х-Ьеt нэртэй тоглоом тоглож мөнгө олдог гэж хэлж байсан. Өмнө нь 2-3 удаа мөнгө зээлж аваад найдвартай өгч байсан тул би итгэсэн. 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр над руу чат бичээд “2.000.000 төгрөг байвал энэ мөнгийг чинь өсгөөд 3.000.000 төгрөг болгож өгье” гэж бичихээр нь урд өмнө нь үүссэн итгэлийг үндэслэн “Г” банкны 1905142368 тоот данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш жаахан хойшлогдчихлоо. Чи энэнд орчихооч энэ бол найдвартай мөнгө өсгөнө гэх мэтчилэн маш олом удаа чат бичиж залгаад 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 3.000 000 төгрөг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 1.000.000 төгрөг гээд нийт надаас 6.000.000 төгрөг авсан. Надаас мөнгө авчхаад хэлсэн хугацаандаа мөнгөө өгөхгүй байхаар нь “юу болж байна, яасан бэ” гэхэд би удахгүй чамд 8.500.000 төгрөг" болгож өгнө гэж хэлээд таг чимээгүй алга болсон. Би дээрх мөнгийг Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрээс мобайл банкаар шилжүүлсэн” гэх мэдүүлэг,

Хохирогч Э.С-ын “Г” банкны 1605116287 тоот дансны хуулга зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангиад заасан Залилах гэмт хэргийг бусдыг хуурах эсхүл баримт бичиг, эд зүйл цахим хэрэгсэл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах эсхүл нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэхээр тодорхойлжээ.

Шүүгдэгч Г.Э-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцсэн ба хохирогч нарыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгосон үйлдэлд Сүхбаатар дүүргийн прокуророос  яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Г.Э нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж  залилсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Э нь өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлж барагдуулсан ба урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх зүйтэй байна. 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан эсэхийг хянаад прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзээд шүүгдэгч Г.Ээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 20 /хорь/ хоногийн хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан, зорчих эрх хязгаарлах ялыг зөрчсөн тохиолдолд гарах хууль зүйн үр дагаварыг тайлбарлаж, ялын биелэлтэд хяналт тавихыг нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Э-д Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 183 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 /долоо/ сар 21 /хорин нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан  /нэг/ жил 20/ хорь/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 20 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э-эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,  36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь: 

            1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б овогт Г.Э-ийг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж  залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 20/ хорь/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Шүүгдэгч Г.Э-д Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 183 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 7/долоо/ сар 21 /хорин нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан  /нэг/ жил 20/ хорь/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас тусад нь эдлүүлэхээр шийдэвлэсүгэй.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-д оногдуулсан 1 /нэг/ жил 20/ хорь/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 183 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 /долоо/ сар 21 /хорин нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссанаас хойш эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тухайн нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хориглосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор солихыг анхааруулсугай.

6. Шүүгдэгч Г.Э-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 20 /хорь/ хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногоор тооцож зорчих эрхийг хязгаарлах ялаас хассугай.

8. Шүүгдэгч Г.Э нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

10. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ДАРЬСҮРЭН