| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2018/01215/и |
| Дугаар | 135/ШШ2018/01304 |
| Огноо | 2018-12-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 135/ШШ2018/01304
Хэргийн индекс: 135/2018/01215/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сумын 15-р баг, Мангирт хэсэг, Хөдөө аж ахуйн их сургуулийн харъяа Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын - тоотод оршин суух, Б- овогт *******- холбогдох
862.500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн их сургуулийн харъяа Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн захирал *******, итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1998 онд 575,000 төгрөгийн төмс өгсөн. Тухайн үеийн ханшаар 50 төгрөгөөр бодож өгсөн байдаг. Хүлээлгэн өгсөн талаар баримт байхгүй. Блансын үлдэгдэл дээр өглөг авлагын дэлгэрэнгүй байгаа. Алданги 50 хувиар бодож алданги нэмээд нэхэмжилсэн. Хоорондоо гэрээ хийсэн зүйл байна. Энэ хугацаанд бичгээр шаардаж байсан зүйл байхгүй. Одоо нийтм 862,500 төгрөг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч *******- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн нэхэмжилсэн 2.5 тонн төмсний үнэ 1 250 000 төгрөгийг бүрэн төлсөн. Баримтыг хавсаргалаа. Хаан банкны хуулгаар 2018.05.13-нд 5038155767, 2018.10.24-нд 5068155767 тоот дансанд шилжүүлсэн. Нягтлан ******* Ургамал газар тариалангийн төмсний секторын дарга Нямгэрэл нартай тухайн үр авсан жилийн төмсний ургац дулимхан байсан зэргийг ярилцаж алданги төлөх боломжгүй гэж тохиролцсон. 1990-ээд оны тооцоо байгаа гэсэн нярав *******ийн тайлбар байгаа боловч тэр үед би 3-р бригдад тракторчин байсан. Байгууллага хоорондын тооцооны бага зэргийн төмсийг вокзалын хажуугийн агуулахаас кубота трактортой нэг чиргүүлтэй ачиж авч байсныг санаж байна. хэдэн тонн, ямар үнэтэй байсныг санахгүй байна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн их сургуулийн харъяа Ургамал газар тариалангийн хүрээлэн нь хариуцагч *******-эд холбогдуулан 2,5 тонн төмсний үлдэгдэл 575 000 төгрөг, алданги 287500 төгрөг нийт 862500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч *******- нь 2,5 тн төмсний үнэ 1 250 000 төгрөгийг төлж барагдуулсан, 1990 онд хэдэн кг төмс, хэдэн төгрөгт авсан нь тогтоогдохгүй байгаа тул зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг хариуцагч *******- 1998 онд 2,5 тонн 1 250 000 төгрөгийн үнэ бүхий төмсний үр авсан. Үүнээс 675 000 төгрөгийн төлсөн тул үлдэгдэл 575 000 төгрөг дээр алданги 287500 төгрөгийг нэмж нийт 862500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тодорхойлсон болно.
Хариуцагч *******- нь 2018 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 1 000 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 24 –ний өдөр төмсний үнэ 250000 төгрөгийг тус тус хариуцагчийн дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож талууд маргаагүй болно.
Нэхэмжлэгч нь хариуцагч *******-ийн төмсний үнэнд тушаасан 1 250 000 төгрөг нь сүүлд авсан төмсний үнэ байгаа юм, харин 1998 онд авсан төмсний үнийн үлдэгдэл манай байгууллагын санхүүгийн 2005 оны баримтанд төмсний үлдэгдэл авлага хэлбэрээр 575 000 төгрөг тусгагдсан гэж тайлбарлаж байгаа боловч хэдэн кг төмсийг, хэдэн төгрөгт тооцож хүлээлгэж өгсөн талаар нотлох баримт ирүүлээгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл түүнтэй холбоотой нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.
Мөн Иргэний /1994 оны/ хуулийн 69 дүгээр зүйлийн 1-д зөрчигдсөн эрхийг хамгаалахын тулд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөр шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээлттэй байсан боловч шүүхэд нэхэмжлэл гаргалгүй байсаар 20 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь 2002 оны Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна, 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэгч шаардах эрхгүй байна.
Иймд нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн их сургуулийн харъяа Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн хариуцагч *******-эд холбогдуулан гаргасан 862500 төгрөгийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Хөдөө аж ахуйн их сургуулийн харъяа Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн хариуцагч *******-эд холбогдуулан гаргасан 862500 төгрөгийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА