Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2024/0582

 

 

 

 

 

 

 

 

Г.Б-ийн нэхэмжлэлтэй

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М

Нэхэмжлэгч: Г.Б

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн A/397 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 577 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, өмгөөлөгч Д.О

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Ц.Л

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал

Хэргийн индекс: 128/2024/0390/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.Б нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн A/397 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 577 дугаар шийдвэрээр: “...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн A/397 дугаар захирамжийг хүчингүй болгож...шийдвэрлэсэн байна. 

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг дуусгавар болгох тухай” А/397 дугаар захирамжийг хүчингүй болгосон бөгөөд тус хуулийн заалт нь Газрын тухай 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан Нийслэлийн Засаг даргад тус хуулиар олгосон бүрэн эрхийг тогтоох хэсэгт удирдлага болгон оруулсан хуулийг буруу, тайлбарлан хэрэглэсэн.

3.2. Мөн тус шийдвэрийн 20-д иргэн Г.Б-ийн эзэмшлийн газар болон барилгажих талбайн Хүрээ амаржих газрын газар болон иргэн хуулийн этгээдийн орц, гарцыг хаасан зүйл байхгүй гэж дүгнэсэн нь шүүгч газрын үзлэгт биечлэн оролцоогүй мөн эрх бүхий мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг хэрэгт цуглуулалгүйгээр шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх” үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй.

3.3. Шийдвэрийн 18-д Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газар ямар нэг хэмжээгээр давхцалгүй гэж дүгнэсэн, холбогдох байгууллагаас газар давхцалын талаарх үйл баримтыг цуглуулалгүй шийдвэрлэсэн.

3.4. Шийдвэрийн 6-д Иргэн Г.Б-ийн олон давхар бүхий үйлчилгээтэй авто зогсоолын барилгын Архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын загвар зураг батлахдаа Хүрээ амаржих газрын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулаагүй гэж дүгнэсэн шүүхээс холбогдох мэргэжлийн эрх бүхий барилгын асуудал хариуцсан байгууллагаас хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцэж байгаа эсэх талаарх мэдээллийг цуглуулалгүйгээр дүгнэсэн.

3.5. Барилга хот байгуулалтын яамны Хяналт шалгалтын газраас 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр иргэн Г.Б-ийн барилга байгууламжийн Архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын загвар зурагт хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулсан бөгөөд тус шалгалтаар Кадастрын зураглал ба Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.13 дахь хэсэгт заасныг зөрчсөн болохыг тогтоосон үйл баримтыг харгалзан үзэлгүйгээр шийдвэрлэсэн.

3.6. Хотын стандарт Хяналтын газраас 2023 оны 12 дугаар сарын 21-ний 01/1667 дугаартай албан бичгээр иргэн Г.Б-ийн барилгад хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулахад нийт эдэлбэр газрын 83 хувьд барилгажихаар төлөвлөгдсөн нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь заалтыг зөрчсөн болох нь эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдсон.

3.7. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Энэ хуулийн 24.1-т заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасан үүргээ хэрэгжүүлж бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан гэж үзсэн.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/397 дугаар захирамж нь үндэслэл бүхий захиргааны акт бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасны дагуу зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2024/0577 дугаар шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс хариуцагчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

2.1. Нэхэмжлэгч Г.Б-ээс хариуцагч Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/397 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.

 

2.2. Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/397 дугаартай захирамжаар “Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/646 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт төвлөсөн авто машины зогсоол, үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 2830 м.кв газрыг эзэмшигч иргэн Г.Б нь Газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хуулийн холбогдох заалтууд зөрчиж, нийтийн эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон” гэсэн үндэслэлээр түүнд олгосон  газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.

 

2.3. Нэхэмжлэгчээс дээрх захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасанд “...Нэхэмжлэгч нь маргаан бүхий газрын эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/646 дугаар захирамжаар олж авсан бөгөөд хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа нэхэмжлэгчид хүргүүлсэн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 01/07/1083 дугаар мэдэгдэлд дурдсан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 02-04-126/777 дугаар улсын байцаагчийн дүгнэлт нь нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон захирамж гаргахаас өмнө гарсан дүгнэлт байх тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрхтэй хамааралгүй байна...” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

 

2.4. Учир нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр иргэн Г.Б-т хүргүүлсэн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 01/07/1083 дугаартай албан бичигт “...Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Хяналт шалгалт хийсэн тухай” 02-04-126/777 дугаар улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нөхцөл бүрдсэн, мөн эзэмшлийн цэгээс илүү талбай хашсан, зориулалтын дагуу газраа ашиглаагүй, барилгын суурийн ухсан нүх үүсгэснээс иргэдийн эрх, ашиг зөрчсөн талаар иргэд хуулийн этгээдээс удаа дараа гомдол ирүүлсэн тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохтой холбогдуулан Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу тайлбар ирүүлэхийг мэдэгдсэн” байх ба хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгчид Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/646 дугаар захирамжаар 2830 м.кв талбай бүхий газрыг төвлөрсөн авто машины зогсоол, үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг олгосон, гэтэл дээр дурдсан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт нь нэхэмжлэгчид ийнхүү газар эзэмших эрх үүсэхээс өмнөх хугацаанд хамаарах нөхцөл байдалд хяналт, шалгалт хийсэн байх төдийгүй нэхэмжлэгч нь тус газартаа 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр олон давхар зогсоол бүхий үйлчилгээтэй орон сууцны барилга барих №***** дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулж, 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр №***** дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авч, улмаар барилгын ажил гүйцэтгэж байгаа болох нь ажил гүйцэтгэх гэрээний хуулбарууд, шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул маргаан бүхий актын үндэслэл үгүйсгэгдэж байна.

 

2.5. Барилга хот байгуулалтын яамны 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын хүрээнд Хүрээ амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн гомдлын дагуу хийсэн шалгалт” 02-00/06 дугаартай хяналт шалгалтын танилцуулгын дүгнэлт хэсэгт “...иргэн Г.Б-ийн барихаар төлөвлөж буй барилгын урд талд төлөвлөгдсөн авто зам нь Хүрээ амаржих газрын төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн баруун хойд талын 11 дүгээр эргэлтийн цэгээс зүүн зүгт 12-16 цэгээс урагш нийтдээ ойролцоогоор 94.05 м.кв газар давхцуулан төлөвлөсөн, Хүрээ амаржих газрын 2хф125 мм-ийн голчтой дулааны шугам, ф100 мм-ийн голчтой цэвэр усны шугам сүлжээг иргэн Г.Б-ийн эзэмшил газрын зүүн болон урд талын хэсгээр дайруулан татсан байгаа нь газрын маргаантай байна, Иргэн Г.Б-ийн олон давхар зогсоол бүхий үйлчилгээтэй орон сууцны барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг батлахдаа нийслэлийн Хоёрдугаар амаржих газрын шинээр баригдаж буй эмнэлгийн барилгын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж батлаагүй зэрэг нөхцөл байдлаас үүдэн газрын маргаан үүсэх шалтгаан нөхцөл үүссэн...” талаар дурджээ.

 

2.6. Энэ талаар  анхан шатны шүүх “...Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Нийслэлийн хүрээ амаржих газарт хүргүүлсэн “Хариу хүргүүлэх тухай” албан бичигт дурдсанаас үзвэл Барилга хот байгуулалтын яамны хяналт шалгалтын танилцуулгад дурдсан нэхэмжлэгчийн газар нь Хүрээ амаржих газрын газартай давхцалтай гэх дүгнэлт үндэслэлгүй…” гэж дүгнэсэн нь нотлох баримтыг зөв үнэлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

2.7. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий 2024 оны А/397 дугаар захирамж нь Барилга хот байгуулалтын яамны 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 02-00/06 дугаартай хяналт шалгалтын танилцуулгыг үндэслэсэн гэж тайлбарлаж байх боловч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 01/07/1083 дугаартай албан бичигт нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлд уг Барилга хот байгуулалтын яамны хяналт шалгалтын танилцуулгын талаар дурдаагүй, харин Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №**** дугаар дүгнэлтэд заасан зөрчлийн талаар мэдэгдсэн байх тул шүүх маргаан бүхий актын үндэслэл болсон “эрх бүхий байгууллагын дүгнэлт” гэснийг Барилга хот байгуулалтын яамны хяналт шалгалтын танилцуулга гэж шууд дүгнэх боломжгүй.

 

2.8. Тухайн тохиолдолд Нийслэлийн Засаг дарга маргаан бүхий захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгохдоо Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасныг хангалттай хэрэгжүүлсэн гэж үзэхээргүй байна.

 

2.9. Хариуцагчаас дээрх газар эзэмших эрхийг дуусгавар болгох үндэслэлдээ барилгын суурийн ухсан нүх үүсгэснээс иргэдийн эрх ашиг зөрчсөн талаар дурдсан нь нэхэмжлэгч Архитектур төлөвлөлтийн даалгаварт заасны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа тухайн нөхцөлд үүсэх үйл явц бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд барилгын суурь тавигдаж, улмаар барилгын ажил эхэлсэн байгаа энэ тохиолдолд уг нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.

 

2.10. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо “...шүүгч газрын үзлэгт биечлэн оролцоогүй атлаа Г.Б-ийн эзэмшлийн газар болон барилгажих талбайн Хүрээ амаржих газрын газар болон иргэн хуулийн этгээдийн орц, гарцыг хаасан зүйл байхгүй гэж дүгнэсэн, эрх бүхий мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг хэрэгт цуглуулалгүйгээр шийдвэрлэсэн, ...Барилга хот байгуулалтын яамны Хяналт шалгалтын газраас ...Кадастрын зураглал ба Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.13 дахь хэсэгт заасныг зөрчсөн болохыг тогтоосон үйл баримтыг харгалзан үзэлгүйгээр шийдвэрлэсэн...” талаар дурдсан байх боловч шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийж, “...газрын ямар нэгэн давхцал байхгүй, Хүрээ амаржих газар болон маргаан бүхий газар дээр баригдаж буй барилга тус тусдаа хашаалсан, уг 2 барилгын хооронд автомашины зам тавигдсан, эмнэлгийн болон бусад орон сууцны орц гарцыг хаасан зүйлгүй болохыг тодруулж тэмдэглэл үйлдэж, фото зургийг хавсаргасан, түүнчлэн Барилга хот байгуулалтын яамны Хяналт шалгалтын газрын танилцуулга нь маргаан бүхий актын үндэслэл болсон эсэх нь тодорхойгүй байх тул энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй. 

 

2.11. Ийнхүү хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч нь тухайн газрыг эзэмших эрхийг хуульд заасны дагуу олж авсан байх ба Нийслэлийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/397 дугаар захирамжаар Г.Б-т олгосон Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах төвлөрсөн авто машины зогсоол, үйлчилгээтэй орон сууцны зориулалттай 2830 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, тус газар эзэмших эрхийг дуусгавар болгосон хариуцагчийн шийдвэр нь хууль зөрчиж гарсан шийдвэр болох нь тогтоогдож байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 577 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

 

 

  

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                     З.ГАНЗОРИГ

 

 

ШҮҮГЧ                                                     Д.ОЮУМАА