Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 203

 

 

                               

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                            

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг, улсын яллагч П.Нямцэцэг, шүүгдэгч Н.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн “В“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дүгээр зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их Монгол овогт Нарантуяагийн Энхбатад холбогдох эрүүгийн 20162503031861 дугаартай, 186/2016/0208/э индекстэй хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний  өдөр хүлээн авч шүүн  хэлэлцэв.                                                          

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто завсарчин мэргэжилтэй, “Электрон восток” ХХК-нд ажилтай, ам бүл 2, ээжийн хамт Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 3 дугаар хэсэг, Сургуулийн гудамж 1215Б тоотод оршин суух гэх, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй гэх, Их Монгол  овогт Нрантуяагийн Энхбат /РД: ДШ88012516/, 

            Холбогдсон хэргийн талаар:    

            Н.Энхбат нь 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 13 цагийн орчим Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-740 тоот хашаанд нохой хөөх зорилгоор шидсэн төмөр нь хашааны төмөр дээр ойж улмаар 7 настай О.Амаадоржийн толгойн тус газар нь онож түүний биед духны ясны ил хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа бүхий хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.                                                                                       

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс  мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч Н.Энхбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалт, прокурорын шатанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн, өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэв.

            Хоёр: Шүүгдэгчийг мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           2.1. Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч  О.Амаадоржийн:..Би 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр найз Алдраагийн хамт Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Энхбат ахын хашаа руу бөмбөг тоглохоор дугуйгаа унаад орсон. Тэр үед манай хашааны нохой намайг дагаад Энхбат ахын хашаа руу орсон Энхбат ах цаанаас төмөр авч шидээд шидсэн төмөр  нь хашааны хаалганд ойгоод миний толгойг оноход толгойноос цус гараад Энхбат ах хүрч ирээд эмийн сангаас цэвэрлэгээний хэрэгсэл боолт аваад цэвэрлэж өгөхөөр нь манай найз Алдарын эгчийг дагаад гэртээ харьсан. Очирболд ах ирээд намайг Энхбат ахын хамт гэмтлийн эмнэлэгт хэвтүүлсэн гэх мэдүүлэг. /хх 33-34/,

2.2. Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Хонгорын:..Би 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 15 цагийн үед намайг ажил дээрээ байж байхад манай нөхөр Оюунболдын дүү Очирболд надруу залгаад Амаадоржийн толгой хагарчихсан байна гэмтлийн эмнэлэг рүү оёулах гээд явж байна гэхээр нь ажил дээрээсээ шууд гэмтлийн эмнэлэг дээр очиход манай хүү Амаадоржийн толгойны баруун урд духны хэсэгт язарсан байсныг оёсон байдалтай байсан. Тэр үед эмчтэй нь уулзахад 6 цагийн дараа томографийн зураг авахуул гэхээр нь гэртээ харьчихаад 22 цаг өнгөрч байхад ирээд томографийн зураг авхуулахад 2 цагийн дараа хариу нь гарна гэхээр нь гэртээ ирээд байж байхад эмч нь залгаад хариу гарчихлаа духны яс нь цаашаа цөмрөөд орчихсон байна шууд ирж хэвт гэхээр нь очиж хэвтсэн. Тэр өдөр манай хүүг гадаа тоглож байхад нь манай гудамжны 740 тоотод амьдардаг  Энхбат төмөр шидэж толгойг нь хагалчихсан байсныг мэдсэн. Тэгээд тэр үед Энхбат надтай хамт явж эм тариа авах болон томографийн зураг авахуулах гэх мэт зардлыг төлж өгсөн гэх мэдүүлэг. /хх-36/,

2.3. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Энхжаргалын:..2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 14 цагийн үед санаж байна намайг Энхбатын хамт Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-740 тоот хашаанд байрлах ажил дээрээ ажлаа хийгээд байж байхад манай гудамжинд амьдардаг /хаягын мэдэхгүй/  7-10 насны хоёр хүүхэд орж ирээд унадаг дугуйтай сагсаны талбай дээр тоглохоор орж ирсэн. Тэр хоёр хүүхэд орж ирэхдээ бор хүрэн өнгийн том биетэй /үүлдэрийн мэдэхгүй монгол банхараас том биетэй/ нохойгоо дагуулж орж ирсэн. Тэр нохой надруу дайрах гээд хуцаад байхаар нь цааш нь хөөхөд явахгүй урдаас архираад байсан.  Хажууд зогсож байсан Энхбат газраас төмрийн хэлтэрхий авч нохой руу шидэхэд төмөр нь хашааны хаалганд ойгоод нэг хүүхдийхэн толгойг оночихсон. Тэгээд очоод үзэхэд тэр хүүхдийн толгойн баруун хажуу хэсэгт хагарчихсан байсан. Тэгээд эмийн санруу очиж анхан шатны цэвэрлэгээний бодис болон боолт авч боож өгөөд Энхбат дагуулаад эмнэлэг явсан. Би тэндээ үлдээд ажлаа хийсэн ба маргааш нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс хүмүүс ирээд Энхбаттай уулзаад байсан.  Миний харсан мэдэх зүйл энэ л байна гэх мэдүүлэг. /хх-38/,

2.4. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Сарантуяагийн:...Миний дүү Энхбат нь 1988 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, айлын ганц хүү байгаа юм. Энхбат нь бага насаа Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хорооны цэцэрлэгээр хүмүүжиж яармагийн 41 дүгээр сургуульд элсэн орж 8 дугаар анги төгсөж, механик  инженерийн сургуульд элсэн орж суралцаад тусгай дунд боловсрол эзэмшиж төгсөөд хувиараа авто засварын газар ажиллуулж байгаад миний төрсөн ах Ганбаатарын хариуцсан ажилладаг Чингэлтэй дүүрэг 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төмөр эдлэлийн үйлдвэрт ажиллаж байгаа. Миний дүү Энхбат нь зан байдлын хувьд төлөв даруу зантай, архи огт хэрэглэдэггүй, найз нөхдийн дундаа нэр хүнд сайтай одоо ээж Нарантуяагийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайд амьдарч байгаа гэх мэдүүлэг. /хх-39/,

            2.5. Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Очирболдын:..Би 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 13 цаг 30 минутын үед гэртээ орж ирэхэд манай ах Оюунболдын хүү Амаадорж толгойгоо цагаан өнгийн бентээр боосон боолт нь нэвчээд цус болчихсон байхаар нь юу болсон талаар асуухад найзындаа очиж   тоглох гэж байхад Энхбат ах нохой руу юм шидсэн чинь төмөр нь юманд ойгоод толгойг нь оночихсон гэж хэлсэн. Тэгэхээр нь толгойг нь боосон бентийг тайлж үзэхэд толгойн баруун урд хажуу хэсэгт духан дээр нь гурвалжин хэлбэртэй хагарчихсан байхаар нь бентийг нь буцааж боогоод нөгөө айлыг заалгаж очиж Энхбат гэдэг залуутай уулзахад Амаадоржийн дагуулж явсан нохой нь хашаанд байсан хүмүүс рүү архираад дайрахаар нь газар байсан төмөр аваад шидсэн чинь ийм юм болчихлоо гэж хэлээд гэмтлийн эмнэлэг рүү Энхбатын машинаар явсан. гэмтлийн эмнэлэгт үзүүлээд 4 оёдол тавиулаад орой компьютерийн оношлогоонд оруулаарай гэж хэлэхээр нь шууд гэртээ харьсан. Орой Амаадоржийн ээж Хонгорзул авч явсан гэх мэдүүлэг. /хх-40/,       

            2.6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13098 тоот актын:

            1. Амаадоржийн биед духны ясны ил хугарал, хатуу хальсан дээрхи цусан хураа бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.                                                                                                2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.                3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.1.3 болон 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.                                                                            4.  Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.               5. Дээрхи гэмтэл нь тухайн хэрэг, учрал болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шинжээч эмч М.Отгонбаатар гэсэн дүгнэлт. /хх-43/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

3.1. Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд          /хх 11-13/, хохирогчийн эмчилгээ хийлгэсэн баримтууд / хх 16-18/, Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, фото зураг /хх 30-31/, Н.Энхбатыг сэжигтнээр тооцсон тогтоол, мэдүүлгүүд /хх 48-50/, яллагдагчаар татсан тогтоол, тэмдэглэлүүд / хх 50-51/, Н.Энхбатын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт /хх-53/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-62/ болон хувийн байдлыг тогтоосон бусад  нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхи  хуульд заасан журмын  дагуу цугларсан  нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн  байцаалтын  шатанд  хийгдвэл зохих ажиллагаа бүрэн  хийгдсэн бөгөөд шүүх  шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад  тулгуурлан дараахи үйл баримтыг  тогтоов.

Н.Энхбат нь 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 13 цагийн орчим Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-740 тоот хашаанд нохой хөөх зорилгоор шидсэн төмөр нь хашааны төмөр дээр ойж улмаар 7 настай О.Амаадоржийн толгойн тус газар нь онож түүний биед духны ясны ил хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа бүхий хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан  гэмт хэргийг үйлдсэн  болох нь хохирогч О.Амаадорж, гэрч Д.Энхжаргал, Ш.Сарантуяа, О.Очирболд нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13098 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Н.Энхбатын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ  хүлээн мэдүүлж  байгаа  мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдов.

Шүүгдэгч Н.Энхбат нь хэргийн  талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээсэн  нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар яллах үндэслэл болж байгааг тэмдэглэж байна.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Энхбатад холбогдуулан   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.Энхбатыг бусдын бие махбодид  хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга  ёсны, эрүүгийн  хариуцлага гарцаагүй  байх зарчмуудыг баримтлан, эрүүгийн  хариуцлага хүлээлгэн ял шийтгэл оногдуулах  хууль зүйн үндэслэлтэй  байна гэж  шүүх дүгнэв.   

Насанд  хүрээгүй хохирогчийн хууль  ёсны төлөөлөгч Э.Хонгорзул нь ...миний  бие Н.Энхбатаас эмчилгээний  зардал  болох 800.000 төгрөг авсан одоо Н.Энхбатаас  цаашид  гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн  хүсэлтийг тус  дүүргийн шүүхэд  бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан  хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

            Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  55.1.3., 55.1.9 дэх хэсэгт зааснаар   гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзсэнээс гадна түүний хувийн байдал, хохирогч “гомдол саналгүй” гэсэн зэрэг байдлуудыг тус тус харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-ийг хэрэглэв.

Шүүгдэгч Н.Энхбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурдаж, хэрэгт эд  мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг төмөрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц  устгахаар шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон                                                                                                                                                            

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Их Монгол овогт Нарантуяагийн Энхбатыг бусдын бие махбодид  хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч  Н.Энхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Энхбатад оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

             4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Энхбатад оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж түүнд хяналт тавихыг  Баянзүрх дүүргийн  Цагдаагийн  1 дүгээр хэлтэст даалгасугай

5. Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн  88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг төмөрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

            6. Шүүгдэгч Н.Энхбат нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй,  хохирогч санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг   тус тус  дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Энхбатад  урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Энхбатад  бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 С.БАТЖАРГАЛ