Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 125/ШШ2021/0005

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Янжиндулам би даргалж

Нэхэмжлэгч Б.Г-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ховд аймгийн Засаг даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын ажилд томилсон шийдвэр гаргаж, хэрэгжүүлэхийг даалгах, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойших  хугацааны цалин хөлс гаргуулах,  2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойших  хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч Б.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын ажлын байрны сонгон шалгаруулалтад орж тэнцэн 2016 оны 02 сарын 14-ны өдрийн Б/57 дугаартай Аймгийн засаг даргын захирамжаар анх Тамгын газрын даргаар томилогдон ажиллаж байгаад 2018 онд биеийн эрүүл мэнд байдлын улмаас Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 сарын 04-ны өдрийн  Б/59 дүгээр “Түр чөлөөлөх тухай”  захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1 дэх заалтыг  үндэслэн 2 жилийн хугацаатай чөлөө авсан.

Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон” гэх үндэслэлээр миний бие 2 жилийн хугацаанд чөлөө авахыг хүссэн хүсэлт гаргаж, миний хүсэлтийн дагуу аймгийн Засаг дарга захирамж гарч намайг ажлаас 2 жилийн хугацаанд чөлөөлсөн. Мөн хуулийн 23.5-д зааснаар би нөөцөд бүртгэлтэй байгаа.  Чөлөөний хугацаа дуусахад албан тушаалд дахин томилогдох учиртай.

Энэхүү 2 жилийн чөлөөний хугацаа дуусаж, 2020 оны 10 сарын 04-ний өдөр ажилдаа орохоор өргөдлөө өгсөн. Өргөдөл хүсэлтийн бүртгэлийн дэвтэрт миний өргөдлийг хүлээн авсан байдаг. Гэтэл Ховд аймгийн Засаг дарга миний хүсэлтийг хүлээн авч намайг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаал томилохгүй байгаа эс үйлдэхүй гаргаж байгаа тул би шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Тухайн үед Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 сарын 04-ны өдрийн Б/60 тоот захирамжаар миний оронд Д.Э-ыг Засаг даргын Тамгын газрын даргаар томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь заалтыг баримталсан байдаг. Энэ нь төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. Хэрэв төрийн албан хаагч өөрөө буюу түүнийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хүсвэл анх илгээсэн төрийн байгууллага болон өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулах хугацааг 1 жил хүртэл хугацаагаар сунгаж болно гэсэн заалтыг барьж сэлгэн ажиллуулсан. Гэтэл энэ захирамж өнөөдөр өөрчлөгдсөн байна. Би анх уг захирамжийг хуулбарлаж авахад хуулийн дээрх заалтыг баримталсан байсан.

Д.Э дарга над руу яриад “чи чөлөөтэй байгаа тул би энэ албан тушаалд бүр томилогдож болохгүй байна. Чи өргөдлөө өөрчлөөд, эсвэл 10 сарын 04-ний өдөр ажилдаа орохгүй гэсэн бичиг хийж өгөөч” гэж ярьж байсан.  

Тухайн үед Төрийн албаны тухай хууль /2002 оны/ хүчин төгөлдөр үйлчилж байсан. Энэ хуулийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлага хэлэлцэгдэх байх. Би Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс шүүхээр шийдвэрлүүлнэ үү гэсэн бичиг ирсэн. Тийм болохоор энэ хэрэг  шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Д-ын шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Б.Г нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр биеийн эрүүл мэндийн улмаас эмчлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д зааснаар түүнийг төрийн албанаас түр чөлөөлсөн байдаг.

Өөрөөр хэлбэл 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д “...Хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш  хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж сувилуулах шаардлагатай болсон бол төрийн албанаас түр чөлөөлөх”-өөр заасан. Б.Г нь 2 жилийн хугацаатай чөлөө авахыг хүссэн, хүсэлтийг нь биелүүлж төрийн албанаас түр чөлөөлсөн.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Энэ зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, мөн зүйлийн 23.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно” гэж заасан байдаг.  Эндээс үзэхэд төрийн албанаас түр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг төрийн албаны нөөцөд байгаа гэж үзнэ.

2002 оны Төрийн албаны тухай хуульд 2 жилийн хугацаанд чөлөө олгох ямар боломж байхгүй. Буцааж томилогдох хуулийн зохицуулалт байхгүй.

Мөн Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаар 23 дугаар зүйлд заасан асуудлаар төрийн жинхэнэ албан хаагчийн гаргасан маргаантай холбоотой асуудлыг Монгол улсын Төрийн албаны зөвлөл урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр заасан байхад энэхүү урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй гэж үзэж байна. Хуульд өөрөөр заагаагүй бол Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д заасан маргааныг шууд шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх  боломжгүй. Анх Б.Г-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байдаг. Дахиад яагаад хүлээж авсан юм бэ гэхээр Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 10 сарын 29-ны өдрийн албан бичгээр хариу авсан гэж үзэж захиргааны хэрэг үүсгэсэн байх. Гэхдээ Төрийн албаны зөвлөлөөс шийдвэр гарах ёстой. Б.Г-ын 2020 оны 10 сарын 27-ны өдрийн Төрийн албаны зөвлөлд гаргасан хүсэлт нь байна. Энэ бичигт “...би шүүхэд хандсан байгаа тул шүүхээр шийдвэрлүүлнэ” гэсэн агуулагатай. Энэ нь Төрийн албаны зөвлөлд гаргасан гомдлоо буцааж авъя гэсэн хүсэлт гэж ойлгож байна. Төрийн албаны зөвлөлд урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа  явагдаагүй ба энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр 54.1-д заасан нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзах үндэслэл болж байгаа тул мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д “энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Б.Г нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр чөлөө авч ажлаа өгсөн.

Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 23 дугаар зүйлийн 23.3-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр захиргааны санаачлагаар төрийн албанаас түр чөлөөлнө”, 23.3.1-д “хуульд өөрөөр заагаагүй биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон” бол түр чөлөөлөхөөр заажээ.

Мөн хуулийн 23.5-д зааснаар Б.Г нь Төрийн албаны нөөцөд байгаад тооцно. Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэж хуульчилсан.

Улсын дээд шүүхийн 2010 оны “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 08 дугаар тогтоолын 4 дэх заалтад “Хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан сул орон тоо гарсан гэж хуулийн 23,24,25 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.1.3-д заасан үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албан тушаалаас бууруулсан, төрийн албанаас чөлөөлөгдсөн халагдсан болон төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын ажлын байр суларсан байхыг хэлнэ” гэж тайлбарласан байдаг.

Төрийн албаны зөвлөлөөс уг албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалт зарлаж, уг сонгон шалгаруулалтад Д.Э оролцож, зохих болзол шаардлагыг хангасан тул түүнийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилсон. Өөрөөр хэлбэл хууль зүйн дагуу томилогдсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батзаяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Засаг даргын 2018 оны Б/59 дүгээр захирамжийн үндэслэлтэй маргаагүй. Биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас 2 жилийн хугацаатай чөлөө авах хүсэлт гаргасан учраас дээрхи захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 23.3.1-д заасны дагуу Б.Г-ыг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас түр чөлөөлсөн байгаа.

Биеийн эрүүл мэндийн шалтгааны  улмаас чөлөө авсан авсан гэдэг нь тогтоогдож байна. Б.Г д 2 жилийн хугацаатай чөлөө олгосныг түүний ажиллаж байсан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалын сул орон тоо гарсан гэж хариуцагч талаас тайлбарлаад байна. Улсын дээд шүүхийн 2010 оны  8 дугаар тогтоолоор Төрийн албаны хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан. Уг тогтоолоор төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан сул орон тоо гэж юуг ойлгох бэ гэдгийг албан тушаалаас бууруулсан, чөлөөлөгдсөн, халагдсан, нас барсан тохиолдолд гээд тодорхой дурдсан байгаа. Шүүх үүнийг анхаарч үзнэ үү.

Түр чөлөөлөх, чөлөө олгох гэдэг нь өөр өөр үр дагавартай өөр зохицуулалт гэдэг нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл чөлөө аваад түр чөлөөлөгдсөн учраас Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж заасны дагуу ажилдаа эргэн орох бүрэн боломжтой. Түүнээс биш хариуцагчийн яриад байгаа сул орон тоо гаргаагүй.

Түр чөлөөлөгдөх гэдгийг монгол хэлний тайлбарт тодорхой хугацаанд чөлөөлөгдөөд буцаад ажилдаа орох эрхзүйн харилцаа үргэлжлэх гэдэг үүднээс тайлбарлаж хууль хэрэглээнд зохицуулсан. Төрийн албаны тухай хуулинд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн тайлбарласан. Тэрнээс биш түр чөлөөлсөн буцаад ажилд нь томилох талаар хуулинд заагаагүй гэж тайлбарлахгүй.

Хариуцагч нь 1 жилээс дээш хугацаанд чөлөө олгох тухай хуулийн зохицуулалт байхгүй гэж тайлбарлаж байна. Тэгвэл энэ талаар хязгаарласан заалт зохицуулалт байхгүй. 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Г нь Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын  ажилд эгүүлэн томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын ажилд томилсон шийдвэр гаргаж, хэрэгжүүлэхийг даалгах, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойшхи хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчаас нэхэмжлэгч нь Төрийн албаны хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 211 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.Г-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Төрийн албаны зөвлөлд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01/1927 дугаар албан бичгээр “Та гомдолд дурьдсан асуудлаар Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан байх тул уг асуудлыг Төрийн албаны зөвлөл хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу өгсөн байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн  авч захиргааны хэрэг үүсгэсэн бөгөөд “Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байх тул шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн.

Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын  тайлбар, бусад бичгийн нотлох баримтуудыг  үнэлээд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Б.Г нь Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/57 дугаар захирамжаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдон ажиллаж байгаад “биеийн эрүүл мэндийн улмаас 2 жилийн чөлөө авч ажлаас түр чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/59 дугаар захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д заасан үндэслэлээр үүрэгт ажлаасаа түр чөлөөлөгджээ.

Улмаар Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/60 дугаар захирамжаар Д.Э-ыг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилж, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/76 дугаар захирамжаар Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 134 дүгээр тогтоолын дагуу уг албан тушаалд жинхлэн томилсон байна.

Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/59 дугаар захирамжаар  Б.Г-ын өөрийнх нь  биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 2 жилийн хугацаагаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг үндэслэн ажлаас түр чөлөөлсөн, чөлөөний хугацааг 2 жилээр тооцсон тухай үйл баримттай  хэргийн оролцогчид маргаагүй, харин чөлөөний хугацаа дуусахад  ажилд эгүүлэн томилох үүрэг захиргааны байгууллагад  үүсэх эсэхтэй холбогдуулан  маргаж байна.

Нэхэмжлэгч Б.Г нь 2018 оны 10 сард албан тушаалаасаа түр чөлөөлөгдсөн бөгөөд мөн үед 2002 оны Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан тул уг маргаан нь  тухайн үед мөрдөгдөж байсан Төрийн албаны /2002 оны/ хууль болон холбогдох журмуудаар зохицуулагдана.    

Төрийн албаны /2002 оны/ тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт зааснаар 1 жилээс дээш хугацаагаар  биеийн эрүүл мэндийн  байдлын улмаас эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон гэх үндэслэлээр  төрийн албанаас  чөлөөлөгдсөн  төрийн албан хаагчийг  төрийн албаны нөөцөд  байгаад тооцохоор байна.

Хуулийн энэхүү заалтаас үзэхэд төрийн албан хаагчийг  нөөцөд байгаад тооцсоноор үүсэх үр дагавар нь сул орон тоо гарсан тохиолдолд  төрийн албаны шалгалт өгөхгүйгээр, нөөцөөс нэр дэвших боломж олгосон хуулийн зохицуулалт болохоос  ажилд шууд томилох үүргийг захиргааны байгууллагад үүсгэхгүй юм.

Нэхэмжлэгч Б.Г-ын хувьд Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/59 дугаар захирамжаар  биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 2 жилийн хугацаагаар ажлаас түр чөлөөлөгдсөнөөр  хуульд заасны  дагуу төрийн албаны нөөцөд  бүртгэгдсэн байна.

Төрийн  албаны хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн  хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад   асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д  Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараахь тохиолдолд хэвээр хадгална:

35.1.1.төрийн байгууллагын сонгуульт үүрэг гурван сар хүртэл хугацаагаар гүйцэтгэж байгаа

35.1.2.ээлжийн амралттай байгаа;

35.1.3.эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа

35.1.4.жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа;

35.1.5.хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, хэлэлцээ хийхэд болон хууль тогтоомжийн дагуу зохион байгуулсан ажил хаялтад оролцож байгаа;

35.1.6.цэргийн зарлан дуудах хуудас авсан ажилтныг цэргийн жинхэнэ албанд татсан тухай цэрэг татлагын комиссын шийдвэр гартал

35.1.7.хууль тогтоомж, хамтын ба хөдөлмөрийн гэрээнд заасан бусад тохиолдол;

35.1.8.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу хамгаалалтын арга хэмжээнд хамрагдсан.

36 дугаар зүйлийн 36.1-д Ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь дараахь тохиолдолд эгүүлэн авах үүрэгтэй:

36.1.1.үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болж хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болсон ажилтан эдгэрснийхээ дараа нэг сарын дотор эргэж ирсэн;

36.1.2.ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон;

36.1.3.хуульд заасан бусад тохиолдол.

36.2.Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй.

36.3.Энэ хуулийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан гэх боловч түүнийг гурван сарын дотор дахин бий болгож, орон тоо хассан нь үндэслэлгүй болох нь тогтоогдвол тухайн ажилтныг ажилд нь эгүүлэн тогтооно гэжээ.

Дээрхээс үзвэл ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалд эгүүлэн  авах тодорхой тохиолдлыг нэрлэн заасан бөгөөд нэхэмжлэгчийн  маргаж байгаа үндэслэл буюу “биеийн эрүүл мэндийн байдлын улмаас түр чөлөөлөгдсөн” гэх үндэслэлийг нэрлэн заагаагүй байна.

Мөн Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 99 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 2.1.4-д Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн жинхэнэ албан тушаалаас түр чөлөөлөгдсөн албан хаагчийн нөөц 4.2-т “биеийн эрүүл мэндийн улмаас  ажлаас түр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчийн  нөөцийн  бүртгэл хүчин төгөлдөр байх хугацааг  төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох хүртэл хязгаарлахгүй” гэж зааснаас үзвэл Б.Г нь одоог хүртэл  төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байгаа гэж үзэхээр байна.

Иймээс Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар  зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө”, 17.4-д “Төрийн жинхэнэ албан тушаалын  сул орон тоог  энэ хуулийн 17.1-д заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй бол  төрийн жинхэнэ албан тушаалд  анх орох иргэний  нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс  уг албан тушаалд  тавих онцлог  шаардлагыг харгалзан шалгаруулж авах хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина.” гэж зааснаар тухайн байгууллагад сул орон тоо гарсан тохиолдолд нөөцөөс нэр дэвших замаар  маргаан бүхий албан тушаалд томилогдох боломжтой.

Дүгнэвэл нэхэмжлэгчийн “чөлөөлөгдсөн үндэслэл шалтгаан арилсны дараа  уг албан тушаалд  эргэж ажиллах эрхтэй” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд  дээр дурьдсанаар нөөцийн бүртгэлд  бүртгэгдсэн байдал нь  сул орон тоо гарах үед хэрэгжих болохоос  захиргааны байгууллагын тухайн  ажил, албан тушаалыг хадгалах чиг үүрэгт хамаарахгүй тул хариуцагч буюу Ховд аймгийн Засаг даргыг “албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй” гаргасан гэж үзэх үндэслэлгүй  байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны /2002 оны/ тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1, 23.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгч Б.Г-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Г.ЯНЖИНДУЛАМ