Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/996

 

 

 

 

 

 

  2022         10           25                                  2022/ШЦТ/996

 

                               

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүгдэгч: Д.Б, түүний өмгөөлөгч Э.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Н

Улсын яллагч: Э.У, нар оролцсон эрүүгийн ...  дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.. оны 10 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ...настай, эрэгтэй, дээд боловсролтой, Цэргийн улс төр судлаач мэргэжилтэй, ам бүл 1, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Д.Б

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь “Сүхбаатар дүүргийн ... байрны гадна зогсоолд байсан Н.Б-гийн эзэмшлийн ... УАН улсын дугаартай “Т.” маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр зурж гэмтээсний улмаас 365.400 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “..Миний бие Сүхбаатар дүүргийн ... байранд 12 жил амьдарч, тухайн байрны зогсоолд тээврийн хэрэгслээ 10 жил байршуулж байгаа. Хэрэг гардаг өдөр миний бие тортой хүнсээ бариад хохирогч залуугийн тээврийн хэрэгслийн хажуугаар зөрсөн. Тухайн хүн нь тээврийн хэрэгслийг явган хүний зам руу шахаж байрлуулсан байсан учир хажуу талын боржур дээгүүр алхсан. Энэхүү хэрэг гарсан гэх өдрөөс хойш 1 сарын дараа цагдаагийн албан хаагч манай гэрт ирж “гомдол мэдээллийн дагуу таниас мэдүүлэг авах гэж байна” хэмээн хэлж Дамбын тэнд байрлах цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Цагдаагийн албан хаагч хэлэхдээ “та гомдол гаргасан хүний машиныг зурсан байна” гэсэн. Би түүнд “Би улсад 36 жил ажилласан. Өдий өндөр насалчихаад яасан гэж хүний машин зурах вэ? би ийм хэрэг хийх хүн биш. Гомдол мэдээллээ хууль журмынхаа дагуу шалгаарай. Хэрвээ надаас ямар нэгэн байдлаар мөнгө, төлбөр авах гэж байгаа бол зүгээр хэлээд ав” хэмээн хэлсэн. Хэрэг гарсан гэх өдрөөс хойш, ер нь ямар нэгэн байдлаар хохирогчтой уулзсан зүйлгүй. Хэрвээ хэрэг гарсан нь үнэн бол тэр даруй нь надтай хамт хяналтын камерын бичлэгийг цуг үзэх ёстой байсан...” гэв.

Эрүүгийн ... дугаартай хэргээс:

Хохирогч Н.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

 “Д” ХХК-ий 2022 оны 05 сарын 18-ны өдрийн үнэлгээний тайлан /хх-ийн 36-41 дүгээр хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 27 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Б нь “Сүхбаатар дүүргийн ... байрны гадна зогсоолд байсан Н.Б-гийн эзэмшлийн ... УАН улсын дугаартай “...” маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр зурж гэмтээсний улмаас 365.400 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч Н.Б-гийн “...Би 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 16 цагийн үед Сүхбаатар дүүргийн .. байранд амьдардаг төрсөн аав Н.т тариа хийхээр очихдоо өөрийн эзэмшлийн ... УАН улсын дугаартай тоёота Рактис маркийн тээврийн хэрэгслээ байрных нь гадна талын зогсоолд байрлуулаад орсон. Тэгээд аавдаа дусал хийчихээд 18 цагийн үед гарч иртэл миний тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын хоёр хаалганы гадна талд урт зураас үүссэн байсан. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд би хажуу талд байрлах ... зочид буудлын хяналтын камерыг шүүж үзэхэд 17 цаг өнгөрч байхад үл таних нэг хөгшин настай хүн халааснаасаа түлхүүр гаргаж ирээд миний машины хаалгыг зурж байгаа дүрс бичлэг байсан.” гэх мэдүүлэг,

Д хөрөнгийн үнэлгээний “тус үнэлэгдэж буй хөрөнгө нь  зах зээлийн үнэлгээгээр 365.400 /гурван зуун жаран таван мянга дөрвөн зуу/ төгрөгөөр үнэлэгдэв” гэх тайлан,

Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо “Ч” зочид буудлын гадна талын урд хаалга хэсгийг харсан хяналтын камерын 30 минут 05 секундын бичлэг бүхий 1 ширхэг сидинд үзлэг хийсэн тэмдэглэл, зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Д.Б нь хохирогч Н.Б-гийн эзэмшлийн ... УАН улсын дугаартай “...” маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр зурж гэмтээсэн болох нь  хохирогч Н.Б-гийн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар,  шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 365.400 хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний байгууллагаас гаргасан дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүхээс үйлдэл хор уршгийн хооронд шалтгаант холбоо байна гэж дүгнэсэн тул шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. 

         Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар миний үйлчлүүлэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэдгийг нотолсон буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих ажиллагаа бүрэн дүүрэн нотлогдоогүй. Хохирогч нь мэдүүлэгтээ машиныг байрны гадна 16 цагийн үед үлдээсэн, хэн нэгэн түүний машиныг зурсан байсан гэдэг боловч хэрэгт хавсаргагдсан бичлэгээр машиныг байршуулсан үеэс бус миний үйлчлүүлэгчийг гарч ирж байх үеийн дүрс хавсаргагдсан байна. Үүнээс үзэхэд хохирогчийн машиныг миний үйлчлүүлэгчийг гарч ирэхээс өмнө хэн нэгэн зурсан байхыг үгүйсгэхгүй. Хэрэгт нотолбол зохих ажиллагаа бүрэн хийгдээгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсэж байгаа тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Хяналтын камерын бичлэг бүхий сидиг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахад шүүгдэгч Д.Б нь хашааны хаалгаар гарч байх үедээ хаалганы урд байрлуулсан хар өнгийн тээврийн хэрэгслийн зүүн хаалгыг хойноос урагш  зурж буй дүрс бичлэг нь түүний биеийн үйл хөдлөлөөр тодорхой харагдаж байх ба дээрх бичлэгээр эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх үзсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “хэрэгсэхгүй болгох” тухай хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Гэм буруугийн шүүх хуралдаанаас хохирогч Н.Б-гоос баримтаар нэхэмжилсэн 365.400 /гурван зуун жаран таван мянга дөрвөн зуу/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн ба шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгчөөс хохирол төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч шүүхээс завсарласан хугацаанд дээрх хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна. Иймд шүүгдэгч Д.Б нь баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөлд тооцон,  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаар гаргасан санал дүгнэлтдээ: Шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Н: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож, торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү...” гэв.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний орлого олох боломжийг нь харгалзан шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                            ТОГТООХ НЬ: 

1. Шүүгдэгч Б овогт Д.Б-г “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Д.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

7. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДАРЬСҮРЭН