Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/992

 

 

 

 

 

 

 

 2022          10          24                                     2022/ШЦТ/992   

 

                         

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Н,

Улсын яллагч: Ц.Г

Шүүгдэгч: Т.Н нар оролцсон эрүүгийн 2209000001528 дугаартай хэргийг 2022 оны 09 сарын 27-ны өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1964 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн бамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 23 дугаар байрны 28 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ц овогт Т.Н

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Н нь 2022 оны 08 сарын сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10-р хорооны нутаг 23-р байрны гадаа албан үүргээ гүйцэтгэж байсан Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах  тасгийн эргүүлийн цагдаа цагдаагийн дэд ахлагч Н.Гын архи согтууруулах удааны зүйлийг зориулалтын газарт нь очиж хэрэглэх талаар хууль ёсны шаардлага тавьсныг эсэргүүцэн улмаар түүний нүүрэн тус газарт нь хүч хэрэглэн цохин өшиглөж эрүүл мэндэд нь дээд уруулын цус хуралт зөөлөн эдийн няцрал дотор салстад өнгөц шарх гэмтэл учруулсан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 2209000001528 дугаартай хэргээс:

Хохирогч Н.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,

Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 5 дугаар хуудас/,

Цагдаагийн хэлтсийн авто эргүүлийн алба хаагчдын томилгоо /хх-ийн 6 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 11407 дугаартай дүгнэлт,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Т.Н нь 2022 оны 08 сарын сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10-р хорооны нутаг 23-р байрны гадаа албан үүргээ гүйцэтгэж байсан Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах  тасгийн эргүүлийн цагдаа цагдаагийн дэд ахлагч Н.Г-ын архи согтууруулах удааны зүйлийг зориулалтын газарт нь очиж хэрэглэх талаар хууль ёсны шаардлага тавьсныг эсэргүүцэн улмаар түүний нүүрэн тус газарт нь хүч хэрэглэн цохин өшиглөж эрүүл мэндэд нь дээд уруулын цус хуралт зөөлөн эдийн няцрал дотор салстад өнгөц шарх гэмтэл учруулсан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн үйл баримт нь хэрэгт хамаарал бүхий шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Н.Г-ын “...Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 23 дугаар байрны гадаа Бэлх 112 чиглэлийн бууж байгаа ээлж тухайн байрны орчимд байх гарааш буулгаж байх үед хамгаалалтад ажиллаж байсан ба би 2022 оны 08 дугаар сарын 16-ны 08:30 минутын үед ээлж авах гээд очтол 23 дугаар байрны гадаа 5 эрэгтэй хүн пиво уугаад сууж байхаар нь би очоод та нар наад согтууруулах ундааны зүйлээ зориулалтын газарт нь очиж уу гэсэн чинь 50-55 орчим насны хар саарал өнгийн подволк өмссөн эрэгтэй хүн онгоогоогүй байна аа гэхээр нь за тэгвэл онгойхоор нь ороод уу гэтэл чи юу гээд байгаа ...гээд нүүрэн тус газарт гараараа цохиод авсан Бэлх 112 чиглэлийн бууж байсан эргүүлийн офицер ахлах дэслэгч Р.Г тухайн иргэнийг гавлах гээд бариад авсан чинь доошоо газарт суугаад дээшээ харж хэвтээд байхаар нь босгож машиндаа суулгах гэхэд хөлөөрөө миний нүүр хэсэгт 2 удаа өшиглөсөн ба нэг гарыг нь бариад автал нөгөө гараараа дахиад нүүр хэсэгт цохиод авсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 11407 дугаартай:

1. Н.Г-ын биед дээд уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дотор салстад өнгөц шарх гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ.

3. 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна. гэх дүгнэлт зэрэг нотлох баримтууд болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн үндсэн шинж нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн идэвхитэй үйлдэл байх ба энэ гэмт хэрэг нь хүч хэрэглэж эсэргүүцсэн үеэс төгсдөг хэлбэрийн шинжтэй юм.

Хууль сахиулагч гэх ойлголтонд хуулиар тусгайлан эрх олгосон цагдаагийн албан хаагч хамаарах бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэх тухайн цаг хугацаанд хохирогч Н.Г нь Сүхбаатар дүүрэг дахь цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаагаар ажиллаж гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, аюулгүй байдлыг хангах зэрэг хуулиар олгосон үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Н-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Т.Н-г нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж “дүрэмт хувцсыг урж” эсэргүүцсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Т.Н нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.          

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал дүгнэлтдээ: “...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогч нар нь  гомдолгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэх хүсэлтийг гаргасан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Т.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн  нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан, зорчих эрх хязгаарлах ялыг зөрчсөн тохиолдолд гарах хууль зүйн үр дагаврыг тайлбарлаж, ялын биелэлтэд хяналт тавихыг нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч Т.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Цамбагарав овогт Т.Н-г хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулж хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-д 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-д оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тухайн нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хориглосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Т.Н-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Т.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Н урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДАРЬСҮРЭН