Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/962

 

 

 

 

 

 

 

 2022         10          12                                     2022/ШЦТ/962   

 

                          

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Н,

Улсын яллагч: Б.А,

Шүүгдэгч: Э.Г нар оролцсон эрүүгийн 2209000001324 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Айраг суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд хэсгийн ахлагч ажилтай, ам бүл 4 нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овгийн Э.Г

Шүүгдэгчийн холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн үүрийн 05 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 814 дүгээр байрны 28 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн гэх дуудлагын дагуу Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн цагдаа жолооч Н.Г нь очиход Э.Г нь түүний тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, нүүрэн тус газар нь хумсаараа маажиж түүний эрүүл мэндэд зүүн нүдний алимын доргилт, зүүн доод зовхины зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн нүдний доод зовхинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр хохирогч гэх Цагдаагийн албан хаагч Н.Г нь “намайг эрүүлжүүлэх байр руу авч явна” хэмээн хэлсэн. Гэрээс гараад явж байхад манай том хүүхдээс зурвас ирсэн бөгөөд би цагдаагийн албан хаагч нарт “манай хүүхэд алга болчихлоо, хайх хэрэгтэй байна” хэмээн хэлэхэд тэд надад хүч хэрэглэж, миний гарыг гавласан. Үүнээс болж эсэргүүцэл үзүүлэхдээ цагдаагийн албан хаагчийн нүүрийг санамсаргүй маажсан. Миний буруу...” гэв.

 

Эрүүгийн 2209000001324 дугаартай хэргээс:

Хохирогч Н.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 16 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 9871 дугаартай: 1. Н.Г-ын биед зүүн нүдний алимын доргилт, зүүн доод зовхины зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн нүдний доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 4. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй....” гэх дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Э.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн үүрийн 05 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 814 дүгээр байрны 28 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн гэх дуудлагын дагуу Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн цагдаа жолооч Н.Г нь очиход Э.Г нь түүний тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, нүүрэн тус газар нь хумсаараа маажиж түүний эрүүл мэндэд зүүн нүдний алимын доргилт, зүүн доод зовхины зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн нүдний доод зовхинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтууд хэрэгт хамаарал бүхий шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Н.Г-ын “...Би 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст 24 цагийн жижүүрийн үүрэг гүйцэтгэж ажилласан. 2022 оны 07 дугаар сарын 12-ны үүрээр 05 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 11-р хороо 814 дүгээр байрны 28 тоотод гэр бүл хүчирхийллийн дуудлага мэдээлэл  ирсэн. Дуудлагын дагуу очиж шалгахад тус тоотод Д нь эхнэр Г 2 байсан. Би М хамт гэрт нь ороход нөхөр Д нь шалан дээр ор засчихсан байсан эхнэр Г нь гал тогооны сандал дээр суучихсан нөхөртэйгөө хэрүүл хийгээд байсан Г нь нөхрийгөө унтаагүй байгаа гэж хэлээд орилоод байсан. Г нь нөхөр Даваанямын нь хөлийн өсгий хэсэг рүү өшиглөөд би энэ хоёр цагдаатай хамт явлаа гэж хэлсэн. Ггийн аваад орцоор явж байхад Г нь би өөр тийшээ явна гэсэн орцны гадаа гарч ирээд манай 14 настай хүүхэд алга болчихлоо гэж хэлэхээр нь машинд суучих хамт хүүхдийг чинь хайя гэж хэлэхэд өөдөөс явахгүй чадахгүй гээд шаардлага биелүүлэхгүй байсан би машинд суучих гэхэд миний гарыг түлхээд нүүр рүү маажсан. Тэгэхээр нь би тусгай хэрэгсэл болох гав хэрэглэсэн. Г гэх эмэгтэй миний зүүн нүдний доод хэсэгт гараараа маажсан” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжигээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 сарын 18-ны өдрийн 9871 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Хууль сахиулагчийг эсэргүүцэх явцдаа эрүүл мэндэд хохирол учруулсан бол хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн аль тохирохоор зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн үндсэн шинж нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн идэвхитэй үйлдэл байх ба энэ гэмт хэрэг нь хүч хэрэглэж эсэргүүцсэн үеэс төгсдөг хэлбэрийн шинжтэй юм.

Хууль сахиулагч гэх ойлголтонд хуулиар тусгайлан эрх олгосон цагдаагийн албан хаагч хамаарах бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэх тухайн цаг хугацаанд хохирогч Н.Г нь Сүхбаатар дүүрэг дахь цагдаагийн хоёрдугаар хэлтэст эргүүлийн цагдаагаар ажиллаж гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, аюулгүй байдлыг хангах зэрэг хуулиар олгосон үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Г-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Э.Г нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэж, хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч Э.Г нь хохирогч Н.Г-д 380.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн болох нь  хэргийн 30 дугаар хуудсанд авагдсан баримтаар тогтоогдсон тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд  зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал дүгнэлтдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх торгуулийн ялын хэмжээг 3300 нэгж буюу 3300.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан болно.

Шүүгдэгч Э.Г нь ганцаараа ажил хөдөлмөр эрхэлдэг талаар мэдүүлж байх тул түүний цалин орлогын хэмжээг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан, зорчих эрх хязгаарлах ялыг зөрчсөн тохиолдолд гарах хууль зүйн үр дагаврыг тайлбарлаж, ялын биелэлтэд хяналт тавихыг нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500.000 төгрөгөөр торгох ялыг тус туст нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Боржигон овгийн Э.Г-г хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулж хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-г 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаалах ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тусад нь  эдлүүлэхээр шийдвэрлэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус анхааруулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-д оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялы бүсчлэлийг  Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тухайн нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хориглосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г нь шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

8. Шүүгдэгч Э.Г-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Шүүгдэгч Э.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч,  өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ДАРЬСҮРЭН