| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2022/0907/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/956 |
| Огноо | 2022-10-07 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Түвшинбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/956
2022 10 07 2022/ШЦТ/956
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,
Улсын яллагч: Г.Түвшинбаяр,
Шүүгдэгч: Б.Н, түүний өмгөөлөгч Ю.Б нар оролцсон эрүүгийн ... дугаартай хэргийг энэ өдөр нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 19.. оны 06 дугаар сарын 26-ны өдөр .. аймгийн .. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны 05 дугаар сарын 27-ны өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн, Б овогт Б.Н
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Топ краш” авто угаалгын газарт “утсаар чинь яриад өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогч Х.Т.ыг төөрөгдөлд оруулж түүний эзэмшлийн самсунг А52 маркийн гар утсыг залилан авч 724.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт “А” зоогийн газарт хохирогч Н.Ч-т “гар утсаар нь интернэт банк ороод өгье” хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, түүний “Х” банкны ... тоот данснаас өөрийн “Х” банкны ... тоот данс руу 480,000 төгрөгийг
шилжүүлэн авч залилсан,
2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Н” төвийн 2 давхарт байрлах компьютер тоглоомын газарт тоглож байхдаа “...гар утсаараа яриулаач...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч С.Э-ий эзэмшлийн гар утас дээр бүртгэлтэй интернэт банкаар нэвтэрч түүний эзэмшлийн Х банкны ... дугаарын данснаас Х банкны ... дугаарын дансаар 400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд хамт ажиллаж байсан Г.А-д “...би арилжааны бизнес хийж байгаа хамтарч ашиг ольё..” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “арилжаанд байршуулах мөнгө хэрэгтэй байгаа тул чи гар утсаа барьцаанд тавиад өг..” гэж түүний эзэмшлийн айфоне 12 про маркийн гар утсыг нь Хан-Уул дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ч” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт шилжүүлэн авч залилан 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр “...гар утсаа зараад буцааж өгнө...” гэж
О.У-ийг хуурч Хан-Уул дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг барьцаалан зээлдүүлэх газарт 226.600 төгрөг төлүүлсэн, улмаар 2022 оны 06 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд нийт 39.900 төгрөгийг өөрийн эзэмшлийн Х банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авч залилан, хохирогч О.У-т нийт 266.500 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 19 цаг 30 минутад Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “П.” зочид буудалд ажиллаж байсан иргэн Ц.М-ыг “гар утсаар чинь яриад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Ц.М-ын эзэмшлийн гар утас дээр бүртгэлтэй интернэт банкаар нэвтэрч өөрийн эзэмшлийн Х банкны ... дугаарын дансаар 380.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... тоотод хохирогч Ц.Б-д “өөрийгөө “Г” банканд ажилладаг, танд хөнгөлөлттэй үнээр байр авч өгье та надад 550.000 төгрөг өгчих би зохицуулна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, итгэл эвдэх аргаар 550.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Х банкны ... дансаар шилжүүлэн авч залилсан,
2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Дүүргийн эмнэлгийн урд талын хуушуурын газарт “утсаар чинь яриад өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар Э.А-г төөрөгдөлд оруулж түүний эзэмшлийн самсунг АЗЗ маркийн гар утсыг залилан авч 1.039.600 төгрөгийн хохирол учруулж залилсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарт худал хэлж, өөрийн харилцах данс руу мөнгө авсан. Дээрх мөнгөөр цахим арилжаа, мөрийтэй тоглоом тоглож алдсан. Үйлдсэн гэмт хэрэгтээ харамсаж байна. Өөр нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн ... дугаартай хэргээс:
Хохирогч Ц.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 12-14 дүгээр хуудас/,
Ц.Б-ы эзэмшлийн Х банкны ... дугаартай дансны хуулга /1хх-ийн 4-5 дугаар хуудас/,
Хохирогч Х.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 52 дугаар хуудас/,
“Д” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 22-1058 дугаартай “самсунг А52 маркийн гар утсыг 724.600 төгрөгөөр үнэлэв..” гэх тайлан /1хх-ийн 56-57 дугаар хуудас/,
Хохирогч Н.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 94-95 дугаар хуудас/,
Б.Н-н эзэмшлийн Х банкны ... дугаартай дансны “...2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ... дугаарын данснаас 480.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн...” талаарх дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 100- 101 дүгээр хуудас/,
Хохирогч С.Э-ий мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 121-126 дугаар хуудас/,
Гэрч С.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 129-130 дугаар хуудас/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 173-174 дүгээр хуудас/,
Гэрч С.Х болон сэжигтэн Б.Н нарын хоорондоо харилцаж байсан мессенжер чатын хуулга үзүүлэлт /1хх-ийн 157-169 дүгээр хуудас/,
С.Э-ий эзэмшлийн Х банкны ... дугаартай дансны “...... дугаарын данс руу 400.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн...” дэлгэрэнгүй хуулга, /1хх-ийн 177 дугаар хуудас/,
Хохирогч Г.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 225-227 дугаар хуудас/,
Гэрч Д.Д-н “...Н гэдэг хүнд гар утсаа залилуулсан гэдгээ ... надад 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хэлсэн. ...хэрхэн залилуулсан талаар нь асуухад “...удахгүй мөнгөтэй болно гэж хэлээд миний гар утсыг барьцаанд тавиулаад сүлд нь ломбардаас аваад зарсан...” гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /1хх-ийн 231-233 дугаар хуудас/
Д” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 22-40с дугаартай “айфоне 12 про маркийн гар утсыг 2.200.000 төгрөгөөр үнэлэв..” гэх тайлан /1х-ийн 238-240 дүгээр хуудас/
Хохирогч О.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 37-39 дүгээр хуудас/,
Гэрч Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 231-233 дугаар хуудас/,
О.У-ийн эзэмшлийн Х банкны ... дугаартай дансны хуулга /2хх-ийн 63 дугаар хуудас/,
Б.Н эзэмшлийн Х банкны ... дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 100-101 дүгээр хуудас/
Хохирогч Ц.М-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 77-78 дугаар хуудас/,
Б.Н-н эзэмшлийн Х банкны ... дугаартай дансны “...... дугаарын данснаас 380.000 төгрөгийг орлого хийгдсэн...” талаарх дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 100-101 дүгээр хуудас/,
Хохирогч Э.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 106-107 дугаар хуудас/,
“Д” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 22-102а дугаартай “самсунг АЗЗ маркийн гар утсыг 1.039.600 төгрөгөөр үнэлэв..” гэх тайлан /2х-ийн 115-116 дугаар хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 160 дугаар хуудас/ зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх талуудын хүсэлтээр шинжлэн судалсан эдгээр баримтуудыг уг хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон тул шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Топ краш” авто угаалгын газарт “утсаар чинь яриад өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогч Х.Т-ыг төөрөгдөлд оруулж түүний эзэмшлийн самсунг А52 маркийн гар утсыг залилан авч 724.000 төгрөгийн хохирол учруулж залилсан хэргийн үйл баримт нь:
Хохирогч Х.Т“...2022 оны 05 дүгээр сарын 09-ний өдөр Шинэ Монгол ахлах сургуулийн баруун талд байрлах “Топ краш” авто угаалгын газарт хамт ажилладаг Н “гар утсаа өгөөч..” гэхээр нь өөрийн эзэмшлийн А52 маркийн гар утсаа өгсөн... би ажилтай байсан болохоор гар утсыг өрөөнд оруулаад тавьчих гэж хэлсэн ... тэгээд би өрөө рүү ортол гар утсаа өрөөнд орхиогүй, өөрөө байхгүй байсан...” гэх мэдүүлэг,
Д” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 22-1058 дугаартай “самсунг А52 маркийн гар утсыг 724.600 төгрөгөөр үнэлэв..” гэх тайлан зэрэг нотлох баримтуудаар,
2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн .... хорооны нутаг дэвсгэрт “а.” зоогийн газарт хохирогч Н.Ч-т “гар утсаар нь интернэт банк ороод өгье” хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, түүний “Х” банкны ... тоот данснаас өөрийн “Х” банкны ... тоот данс руу 480,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан хэргийн үйл баримт нь:
Хохирогч Н.Ч-ийн “... Би 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өөрийн ажил болох Сүхбаатар дүүргийн ... дугаар хороонд байрлах а. зоогийн газарт байж байхад үл таних залуу орж ирээд хоол захиалсан. Тэгээд тооцоо хийх гэсэн юм интернэт банкаар чинь ороод өгье гээд миний гар утсыг авсан. Тэгээд удалгүй миний гар утсыг өгөөд захиалсан хоолоо авахгүйгээр гараад явсан. Миний данснаас ... дугаарын Б.Н гэх хүний данс руу 480,000 төгрөг шилжүүлсэн байсан. Тэгээд би 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр зээлээ төлөх гээд данс руугаа орсон чинь зарлага гарсан байсан. би олон данс ашигладаг тул орлого, зарлагын гүйлгээгээ нээх их хянаад байдаггүй ээ...” гэх мэдүүлэг,
Б.Н эзэмшлийн Х банкны ... дугаартай дансны “...2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ... дугаарын данснаас 480.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн...” талаарх дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар,
2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Н” төвийн 2 давхарт байрлах компьютер тоглоомын газарт тоглож байхдаа “...гар утсаараа яриулаач...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч С.Э-ий эзэмшлийн гар утас дээр бүртгэлтэй интернэт банкаар нэвтэрч түүний эзэмшлийн Х банкны ... дугаарын данснаас Х банкны ... дугаарын дансаар 400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан хэргийн үйл баримт нь:
Хохирогч С.Эий “...2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 14 цагийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Н” төвийн 2 давхарт байрлах компьютер тоглоомын газарт тоглож байсан үл таних залуу над дээр ирээд “...гар утсаараа яриулаач...” гэхээр нь өгөөд өөрөө тоглоомоо үргэлжлүүлсэн ... удаад байхаар нь юу болж байна гэж хэлсэн чинь за одоохон 5 минутын дараа өгье гэж хэлсэн ... би гар утсаа түүнээс аваад интернэт банк руугаа орох гэхэд миний данс блоклогдсон байсан. Би Х банктай холбогдож тодруулахад “..таны ... дугаарын данснаас ... дугаарын данс руу 400.000 төгрөг шилжсэн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,
Гэрч С.Х“...Манай м. цахим тоглоомын бооцоо цэнэглэлт, таталт хийдэг. Би 2021 оны 10 дугаар сараас хойш түүний удирдлага дор чатад хариу өгч цэнэглэлт, таталтын ажил хийж байгаа. 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр фейсбүүкийн “Н, Б, Н” гэх хэрэглэгч миний эзэмшлийн Х банкны ... дугаарын данс руу ... дугаарын данснаас 400.000 төгрөг шилжүүлж цэнэглэлт хийсэн бөгөөд 1 цагийн дараа ... дугаарын данс руу 300.000 төгрөг татаж авсан. 100.000 төгрөг нь тухайн хэрэглэгчийн дансыг цэнэглэж үлдсэн. Уг хэрэглэгч урьд өмнө бага дүнгээр хэд хэдэн удаа захиалга хийж цэнэглэдэг байсан. Өмнө ... дугаарын дансаар захиалга хийж байсан байна. Харилцсан чат нь надад байгаа...” гэх мэдүүлэг,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч С.Х болон сэжигтэн Б.Н нарын хоорондоо харилцаж байсан мессенжер чатын хуулга үзүүлэлт,
С.Э-ий эзэмшлийн Х банкны ... дугаартай дансны “...... дугаарын данс руу 400.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн...” дэлгэрэнгүй хуулга/ зэрэг нотлох баримтуудаар,
2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд хамт ажиллаж байсан Г.Ад “...би арилжааны бизнес хийж байгаа хамтарч ашиг ольё..” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “арилжаанд байршуулах мөнгө хэрэгтэй байгаа тул чи гар утсаа барьцаанд тавиад өг...” гэж түүний эзэмшлийн айфоне 12 про маркийн гар утсыг нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ч” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт шилжүүлэн авч залилан 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:
Хохирогч Г.А-г “...түүнтэй хамт ”А” нэртэй жуулчны баазад ажилладаг байсан ... 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ажлаасаа гарах өргөдлөө өгсөн байсан чинь хамтарч арилжааны бизнес хийе гээд санал тавиад арилжааны талаар эхнээс нь зааж өгнө чи хариугаа хэлээрэй гэж хэлсэн. Ингээд 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Н хамтаар Улаанбаатар хотод ирсэн. ... би түүний тавьсан саналыг хүлээж авсан чинь Н байршуулах 2.600.000 төгрөг хэрэгтэй байна. Би тал мөнгийг нь олсон байгаа үлдсэн мөнгийг нь олох хэрэгтэй байна гэж хэлээд намайг гар утсаа барьцаанд тавиад өгөөч маргааш өглөө нь аваад өгье гэж хэлсэн. Тэгээд би Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ч.” нэртэй ломбардын газарт 1 400 000 төгрөгөөр барьцаанд тавиад Н-д мөнгөө өгсөн. Маргааш өдөр нь мөнгө орж ирнэ гэсэн боловч мөнгө орж ирээгүй. Тэгтэл 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр миний мөнгө өссөн гээд нэг апплэйкшн үзүүлээд 50.000 ам.доллар байсан чинь 90.000 ам.доллар болсон байна гээд байсан. Би мөнгө татах гэсэн чинь 1.000.000 төгрөг хэрэгтэй болоод байна би 600 000 төгрөг олсон одоо 400 000 төгрөг дутуу байна чиний гар утсыг зарж болох уу гэж асуухаар нь би үгүй гэж хэлсэн чинь удахгүй мөнгө ороод ирнэ гэж хэлсэн болохоор нь би итгээд ломбардаас гар утсаа очиж аваад бусдад зарсан. Ингээд надтай холбогдож байсан гар утас холбогдохоо болиод фейсбүүкээсээ намайг блок хийсэн байсан. .. ” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Д-н “...Н гэдэг хүнд гар утсаа залилуулсан гэдгээ ... надад 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хэлсэн. ... хэрхэн залилуулсан талаар нь асуухад “...удахгүй мөнгөтэй болно гэж хэлээд миний гар утсыг барьцаанд тавиулаад сүлд нь ломбардаас аваад зарсан...” гэж хэлсэн..." гэх мэдүүлэг,
“Д” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 22-40с дугаартай “айфоне 12 про маркийн гар утсыг 2.200.000 төгрөгөөр үнэлэв..” гэх тайлан зэрэг нотлох баримтуудаар,
2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр “...гар утсаа зараад буцааж өгнө...” гэж О.У-ийг хуурч Хан-Уул дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг барьцаалан зээлдүүлэх газарт 226.600 төгрөг төлүүлсэн, улмаар 2022 оны 06 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд нийт 39.900 төгрөгийг өөрийн эзэмшлийн Х банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авч залилан, хохирогч О.Ут нийт 266.500 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:
Хяналтын камерын гэрэл зургийн үзүүлэлт,
Хохирогч О.У-ийн “...2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Хан- Уул дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ч.” нэртэй ломбардаас 226.000 төгрөгөөр би самсунг нөүт-8 маркийн гар утсыг нь авч өгсөн чинь орой ахад нь мөнгө ороод ирнэ, тэгэхээр би чамд мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. би Н.д 30.000 төгрөг шилжүүлсэн чинь Н “Си Юү” нэртэй дэлгүүр орж гар утсаа цэнэглэчхээд ороод ирье гэж хэлээд гарч явахдаа миний улаан өнгийн бумбер нэртэй куртикийг өмсөж гараад тэр чигтээ алга болсон ... би “ч.” нэртэй ломбардын хүний ... дугаарын данс руу 226.600 төгрөг шилжүүлсэн ... Н-д 39.900 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Д-ын “...У.. надад хэлэхдээ “...Н гар утсыг нь ломбардаас авч өгөөд миний гар утсыг зараад мөнгөө гаргаж аваарай гэж хэлхээр нь итгээд гар утсыг нь ломбардаас авч өгсөн чинь гар утсаа зарахаа болилоо 2 цагийн дараа мөнгө орж ирнэ тэгэхээр нь чамд мөнгийг нь чинь эргүүлээд өгнө..” гэж хэлээд залилаад зугтсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,
О.У-ийн эзэмшлийн Х банкны ... дугаартай дансны “...2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ... дугаарын данс руу 226.600 төгрөг, ... дугаарын данс руу 9.900 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ... дугаарын данс руу 30.000 төгрөгийг шилжүүлсэн..." талаарх дэлгэрэнгүй хуулга,
Б.Н эзэмшлийн Х банкны ... дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар,
2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 19 цаг 30 минутад Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “П” зочид буудалд ажиллаж байсан иргэн Ц.М-ыг “гар утсаар чинь яриад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Ц.М-ын эзэмшлийн гар утас дээр бүртгэлтэй интернэт банкаар нэвтэрч өөрийн эзэмшлийн Х банкны ... дугаарын дансаар 380.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан хэргийн үйл баримт нь:
Хохирогч Ц.М“...орой 19 цаг 30 минутад 25 орчим насны цэнхэр фудволк, шорт, саравчтай саарал малгайтай, амны хаалт зүүсэн залуу ганцаараа орж ирээд С. аймгаас гар бөмбөгийн тэмцээнд орохоор 14 хүүхэд ирж байгаа. Танай буудалд 5 хоног байрлуулах гэсэн юм. та гар утсаа түр хэрэглүүлээч, би фейсбүүк орно гэж хэлэхээр нь зөвшөөрөөд гар утсаа өгсөн. ..тухайн залууг гарч явсны дараа ямар нэг юм сэжиглээгүй байж байгаад 22 цаг 20 минутад Х банкны дансны үлдэгдлээ шалгатал 19 цаг 5 минутад ... тоот данс руу 380.000 төгрөг шилжүүлсэн байсан. орж ирсэн залуу миний гар утсыг оролдож байсан цаг хугацаатай тохирч байсан. Утсан дээр байсан gmail оруулаад сольсон юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг,
Б.Н эзэмшлийн Х банкны ... дугаартай дансны “...... дугаарын данснаас 380.000 төгрөгийг орлого хийгдсэн...” талаарх дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар,
2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... тоотод хохирогч Ц.Б-д “өөрийгөө Г банканд ажилладаг, танд хөнгөлөлттэй үнээр байр авч өгье та надад 550.000 төгрөг өгчих би зохицуулна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, итгэл эвдэх аргаар 550.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Х банкны ... дансаар шилжүүлэн авч залилсан хэргийн үйл баримт нь:
Хохирогч Ц.Б-ы “... Би 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... автобусны буудлын орчимд явж байгаад нэг хүнээс зам асуутал цаанаас нэг хүн ирээд би заагаад өгий гэж надтай юм ярьсан тэгээд миний явах замыг зааж өгөөд би баярлалаа гээд надаар толгойгоо бариулаарай гээд би утсаа өгсөн тэгээд орой над руу тэр залуу яриад надтай уулзаад танилцаад миний байрны талаар ярьж байгаад би танд орон сууц олж өгий би Г банзанд ажилдаг гэсэн тэгж байгаад би танд хөнгөлөлттэй үнээр байр ч авч өгье гэсэн тэгээд та надад 550,000 төгрөг өгчих би зохицуулъя гэхээр нь би итгээд шууд данс руу нь шилжүүлсэн тэгтэл өнөөдрөөс эхлээд утас нь холбогдохоо больсон. Өөрийгөө надад Н гэж танилцуулсан....” гэх мэдүүлэг,
Ц.Б-ы эзэмшлийн Х банкны ... дугаартай дансны “...... дугаарын данс руу 550.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн...” дэлгэрэнгүй хуулга,
2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн ... хорооны нутаг дэвсгэр Дүүргийн эмнэлгийн урд талын хуушуурын газарт “утсаар чинь яриад өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар Э.А-г төөрөгдөлд оруулж түүний эзэмшлийн самсунг АЗЗ маркийн гар утсыг залилан авч 1.039.600 төгрөгийн хохирол учруулж залилсан хэргийн үйл баримт нь:
Хохирогч Э.А-гийн “...Өчигдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 16 цагт манай Баянзүрх дүүргийн ... хорооны нутаг дэвсгэр Дүүргийн эмнэлгийн урд талын хуушуурын ТҮЦ-нд үл таних 20-22 орчим насны эрэгтэй хүн орж ирээд 3 хуушуур цайтай авч идчихээд ахин 3 хуушуур авч явахаар бэлэн аваад гарсан, дахин 17 цагт орж ирээд 2 хуушуур авч явахаар аваад эгчээ утсаа өгчхөөч найз руугаа яриад өгье гэхээр нь би утсаа өгсөн юм. Тэр хооронд өөр захиалгын хуушуур гарч байсан ба хуушуур авчхаад эргээд харахад алга болсон байсан, тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан..." гэх мэдүүлэг,
“Д” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 22-102а дугаартай “самсунг АЗЗ маркийн гар утсыг 1.039.600 төгрөгөөр үнэлэв..” гэх тайлан зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.
Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагддаг.
Шүүгдэгч Б.Н үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцсэн ба шүүгдэгч Б.Н нь нэр бүхий дээрх хохирогч нарын эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр хийхгүй байх зорилгоор хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хууль бусаар эд хөрөнгийг нь шилжүүлэн авч буй идэвхитэй үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул нотлох баримтыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж өөрийн албан тушаалын байдлаа буруугаар ашиглаж, амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох гэсэн шунахай зорилго нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх Б.Н-д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ хандаж буй хандлага, хохирлоо нөхөн төлөөгүй зэргийг харгалзан үзлээ.
Улсын яллагчаас: шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргаж байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Улсын яллагчаас 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан байна. Миний үйлчлүүлэгчийг хохирол төлбөр төлөх нөхцөл боломжоор хангаж 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэжээ.
Шүүх Б.Н-д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ хандаж буй хандлага, хохирлоо нөхөн төлөөгүй зэргийг харгалзан тодорхой хугацаагаар нийгмээс тусгаарлах нь зүйтэй гэж үзэн 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 101 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-с 5.490.100 / таван сая дөрвөн зуун ерэн мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Х.Т-д 724.000 /долоон зуун хорин дөрвөн мянга/ төгрөгийг, хохирогч Н.Ч-т 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөг, хохирогч С.Э-д 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг, хохирогч Г.А-д 2.200.000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөг, хохирогч О.У-т 266.500 /хоёр зуун жаран зургаан мянга таван зуу/ төгрөг, хохирогч Ц.М-д 380.000 /гурван зуун наян мянга/ төгрөг, хохирогч Э.А-д 1.039.600 /нэг сая гучин есөн мянга зургаан зуу/ төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч Б.Н нь хохирогч Ц.Б-д 595.500 /таван зуун ерэн таван мянга таван зуу/ төгрөгийг төлсөн болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийг хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Б.Н-д энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 101 /нэг зуун нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б овогт Б-ийн Н-г үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг хууль бусаар шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-г 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 101 /наян ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийг хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-с 5.490.100 / таван сая дөрвөн зуун ерэн мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Х.Т-д 724.000 /долоон зуун хорин дөрвөн мянга/ төгрөгийг, хохирогч Н.Ч-т 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөг, хохирогч С.Э-д 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг, хохирогч Г.А-д 2.200.000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөг, хохирогч О.У-т 266.500 /хоёр зуун жаран зургаан мянга таван зуу/ төгрөг, хохирогч Ц.М-д 380.000 /гурван зуун наян мянга/ төгрөг, хохирогч Э.А-д 1.039.600 /нэг сая гучин есөн мянга зургаан зуу/ төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч Б.Н нь хохирогч Ц.Б-д 595.500 /таван зуун ерэн таван мянга таван зуу/ төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН