Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/943

 

 

 

 

 

 

 

  2022          10          05                                   2022/ШЦТ/943     

 

                             

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Н,

Улсын яллагч Ш.С,

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Э.М

Шүүгдэгч Г.Д нар оролцсон эрүүгийн 2209000000595 дугаартай хэргийг энэ өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 05-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3 ээж, хүүгийн хамт амьдардаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Хэрэг хариуцах чадвартай, А овогт Г.Д

Шүүгдэгчийн холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Д нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Н-У” ХХК-нд нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө буюу 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 35.616.500 төгрөгийг, 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 6.000.000 төгрөг, 1.128.600 төгрөгийг, 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 36.464.277 төгрөгийг, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 33.270.858 төгрөгийг нийт 112.480.235 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Тэрээр манай байгууллагад ажиллаж байх хугацаандаа албан тушаалын давуу байдлаа ашиглаж, үргэлжилсэн үйлдлээр 112.480.235 төгрөгийн хохирол учруулсан. Хохирол төлбөрөөс төлж барагдуулсан зүйлгүй. Шүүгдэгчид холбогдуулан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар албадлагын арга хэмжээг авч өгнө үү хэмээн хүсэж байна. Бидний зүгээс 2022 оны 12 дугаар сарын 31-ний дотор хохирол төлбөрийг бүрэн барагдуулж авах хүсэлтэй байна...” гэв.

 

Эрүүгийн 2209000000595 дугаартай хэргээс:

“Н-У” ХХК-ны мөнгөн хөрөнгийн журнал /хх-ийн 33-34 дүгээр хуудас/

“Манал Өргөө” ХХК-аас ирүүлсэн майл хаягийн талаарх мэдээлэл /хх-ийн 35 дугаар хуудас/

Ххохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.М-гийн  мэдүүлэг /хх-ийн 50-р хуудас/

Г.Д-ийн Хаан банкны харилцах дансны хуулга /хх-ийн 93 дугаар хуудас/

Г.Д-ийн ХХБ-ны харилцах дансны хуулга /хх-ийн 112-119 дүгээр хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 121 дүгээр хуудас/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх талуудын хүсэлтээр шинжлэн судалсан эдгээр баримтуудыг уг хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон тул шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно. 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Д нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Н-У” ХХК-нд нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө буюу 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 35.616.500 төгрөгийг, 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 6.000.000 төгрөг, 1.128.600 төгрөгийг, 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 36.464.277 төгрөгийг, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 33.270.858 төгрөгийг нийт 112.480.235 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийн үйл баримтууд  нь хэрэгт хамаарал бүхий шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Н-У ХХК-ны нягтлан бодогч Г.Д нь манай байгууллагад 2018 оноос эхэлж ажиллаж эхэлсэн. Г.Д ажил байдлын тодорхойлолтод зааснаар “Н-У” ХХК-ны хөрөнгө, мөнгөний гүйлгээг бүрэн хариуцна гэж заасан байгаа тул энэ хүн байгууллагатай холбоотой бүх орлого, зарлагыг бүрэн хариуцан үйл ажиллагаа явуулдаг байсан. Нягтлан бодогч Г.Д нь ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ 2021 оны 5 сарын 15-ны өдөр манай байгууллагын гэрээний төлбөр буюу 35.616.500 төгрөгийг байгууллагын Худалдаа хөгжлийн 49932907 тоот төгрөгийн дансаар өөрийн эзэмшлийн ХХБ-н дахь 455014412 тоот данс руу “ЕВ” гэх утгатайгаар шилжүүлэн авсан. 2021 оны 6 сарын 16-ны өдөр компанийн дээрх данснаас 36.464.277 төгрөгийг өөрийн эзэмшлийн данс руу “ЕВ-АОС гадна заслын ажлын санхүүжилт” гэх утгаар шилжүүлж авсан. Түүний дараа 2021 оны 10 сарын 11-ний өдөр өөрийн хувийн дансаар 33.270.858 төгрөгийг “ЕВ Манал өргөө гэрээний төлбөр” гэж шилжүүлж авсан. Мөн 2021 оны 6 сарын 13-ны өдөр байгууллагын ХХБ-ны данснаас 3.000.000 төгрөгийн гүйлгээ 2 удаагийн үйлдлээр, өөрийн эзэмшлийн Хаан банкны 5003811183 тоот дансаар, 1.128.600 төгрөг шилжүүлж авч манай “Н-У” ХХК-нд нийт 112.480.235 төгрөгийн хохирол учруулсан байна ...” гэх мэдүүлэг, Г.Дийн Хаан банк, ХХБ-ны харилцах дансны хуулга зэрэг нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч Г.Д нь гэмт хэрэгт холбогдох үедээ “Н-У” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байх үедээ эрх бүхий байгууллагын шийдвэрээр өөрт олгогдсон албан тушаалын байдлаа гэмт хэрэг үйлдэхэд давуу тал болгон ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөд халдсан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан,

Бусдад 112.480.235 /нэг зуун арван хоёр сая дөрвөн зуун наян мянга хоёр зуун гучих тав/ төгрөгийн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дахь хэсгийн 4.1-т заасан /их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг/  их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь гэм буруу хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй ба дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хүсэл сонирхлоо хязгаарлаж чадахгүй зүй бус хандлагатай, амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох гэсэн шунахай сэдэл, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил дутагдалтай нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

Хохирол төлбөр бусад асуудлын талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Д-ээс 112.480.235 /нэг зуун арван хоёр сая дөрвөн зуун наян мянга хоёр зуун гучин тав/ төгрөгийг гаргуулж, хохирогч “Н-У” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.М-д олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Д-ээс гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүхээс тогтоосон хохирлыг нөхөн төлөх хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдааныг Эрүүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар завсарлуулсан боловч дээрх хугацаанд хохирлыг төлж барагдуулаагүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас “...шүүгдэгч Г.Д-ийг 3 /гурав/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих саналтай байна...” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс: “...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хариуцлагыг оногдуулахдаа давхар Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх  хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар албадлагын арга хэмжээг давхар хэрэглэж өгнө үү...” гэжээ.

Шүүх Г.Д-т ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хохирлоо нөхөн төлөөгүй зэргийг харгалзан тодорхой хугацаагаар нийгмээс тусгаарлах нь зүйтэй гэж үзэн 3 /гурав/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

Шүүхээс хорих ял оногдуулсан шүүгдэгчид  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг ял эдэлж  байх хугацаанд нь нэмж авах нь  биелэгдэх боломжгүй гэж үзсэн тул хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М-гаас гаргасан “2022 оны 12 сарын 31-ны дотор хохирлыг төлүүлэхээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А овогт Г.Д-ийг үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Д-ийг 3 /гурав/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4 дахь хэсэгт тус

тус зааснаар шүүгдэгч Г.Д-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Г.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-ээс 112.480.235 /нэг зуун арван хоёр сая дөрвөн зуун наян мянга хоёр зуун гучин тав/ төгрөгийг гаргуулж, хохирогч “Н-У” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.М-д олгосугай.

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Д-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ДАРЬСҮРЭН