Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 16

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

        Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Даланзадгад сум *******, ................... оршин суух, ******* овогт Э.С /регистрийн дугаар:.................../

        Хариуцагч: Өмнөговь аймаг Даланзадгад сум *******, ................... оршин суух, ******* овогт Б.А  /регистрийн дугаар:..................../

Гурван хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэний үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.С , хариуцагч Б.А , нарийн бичгийн дарга Ө.Мөнхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.С  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.А тэй 2010 оноос 2018 оны 06 дугаар сарын 28-ныг хүртэл хамтран амьдарч байгаад салсан. Бид хамтран амьдарч байх хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд 2012 оны 06 сарын 30-ны өдөр охин А.Ар , 2013 оны 11 сарын 13-ны өдөр охин А.А , 2016 оны 01 сарын 11-ний өдөр хүү А.Б нар төрсөн. Б.А  нь байнга үндэслэлгүй хардаж зоддог, сэтгэл санааны дарамтанд оруулдаг, муухай үгээр доромжилдог тул амар тайван амьдрах орчин бүрдэхгүй байсан. Иймд хариуцагч Б.А ээс охин А.Ар , А.А , хүү А.Б нартаа тэтгэлэг гаргуулан авах хүсэлтэй байна. Б.А  бид хоёр эд хөрөнгийн маргаангүй болно гэжээ.

Нэхэмжлэгч Э.С  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ. Эвлэрэх хүсэлт байна. Хариуцагч талыг юу гэж бодож байгааг мэдэхгүй байна. Хариуцагч ажилдаа яваад ажлаа тараад гэртээ ирж хонож байсан хугацаа байхгүй. Мөнхийн согтуу амьдрал, бол амьдрал бишээ. Буудалд өөр хүнтэй байж байгаад надад баригдаж байсан тохиолдол байгаа. Миний хань ирэх болж байна уу гээд залгах бүрт цаана нь хүүхэн, залуучууд гээд элдэв янзын хүмүүс шуугилдаж байдаг. Архи уухгүй гэртээ ирээд байж байхад нь араас нь хүүхнүүд залгаад Аагий ахаа өнөөдөр бид нар идэж уух гэж байна гарах уу гэх жишээтэй араас нь залгадаг. Хариуцагч надаас салаад явсан байхдаа надад хэлэхдээ эргээд чамтай суусан ч дураараа хүүхэнтэй байж, дураараа архи ууж болно биз дээ гэж доромжилж байсан. Би хариуцагчид миний хань ардаа ямар амьдралтай билээ, үр хүүхэд хэд билээ, чи бид 2 сайхан боломжийн амьдралтай бол чиний өдөрт хэдэн удаа идэж уух чинь надад хамаагүй, ар гэрийнхээ амьдралыг бод гэж хэлдэг байсан. Хариуцагч ажил хийгээд цалин авах бүртээ жишээ нь 350 000 төгрөгийн цалин авахад надад 200 000 төгрөгийг нь надад авч ирж өгчихөөд 150 000 төгрөгөөр нь архи уугаад явж байсан. Манайх машинтай байсан боловч ажлынхантайгаа нийлж ууж идэж байгаад машины өмнө шил хагалж ирээд 200 000 төгрөг ар гэрт биш машины төлбөрт гараад явж байсан. Хамт амьдрахдаа амьдралдаа ямар ч нэмэр байхгүй байдаг байсан. Хариуцагчийг би хүүхдүүдээ авч явж чадахгүй гэж бодож байгаа. Хадам ээж хүртэл хариуцагчид хүүхдүүдээ битгий өгөөрэй, хүүхдээ харж хандаж чадахгүй гэж хэлж байсан. Хариуцагч салаад явахдаа 3 хүүхэдтэйгээ ерөөсөө утсаар ярьдаггүй. Миний дугаарыг блок хийчихдэг. Ээж рүү нь залгахаар ажилтай явж байгаа гээд надад хариу тайлбар өгдөггүй. Хүүхдүүддээ бол гар хүрдэггүй байсан. Надад маш олон удаа гар хүрч байсан. 7-8 жил хамт амьдарч байхдаа зодуулсаар, нүдүүлсээр, доромжлуулсаар яваад л ирсэн. Одоогоор бэртсэн зүйл байхгүй. Салаад явсан нөхцөлдөө утсаар доромжилж байсан. Чамтай эргээд суувал дураараа хүүхэнтэй уулзаж, дураараа архи ууж байж болох уу гэж хэлсэн архи уудаг. Алтансувдыг төрөхөд цэрэгт явчихсан байсан. А.Б  ыг төрөхөд намайг төрөх гээд эмнэлэгт хэвтчихсэн байхад хариуцагч  шөлөнд явна гээд Цогт-цэций сум явсан. Намайг төрөөд эмнэлгээс хадмынд гараад 10 гаруй хоногийн дараа миний биеийг тэнхэрчихсэн байхад шөл авч ирж байсан. Тэр хугацаанд малаа зараад архи ууж байсан байгаа юм. Би хадмындаа хөлдүү мах базаад л байж байсан шүү дээ. 2017 онд бид 2 хамт явж байгаад осолд орсон. Эмний хүчээр хүүхдүүдээ хойш урагш нь зөөж байгаа. Би өөрөө өөрөөрөө төрөх боломжгүй болон залуу насаараа хариуцагч талаас хохирч үлдэж байна. Духандаа сорвитой болсон. Би залуу насаа болон эрүүл биеээ эргүүлж авч чадахгүй. Би эмний хүчээр байгаа. Хариуцагч тал намайг осолд ороод ямар байдалтай байсныг мэдэж байгаа. Би залуу хүн учраас өөрийн биеэ гомдолгүй болгомоор байна. Эмчилгээний зардлаа нэхнэ. Гэрч ч байгаа. Намайг осолд ороод  аймаар царайтай болоод бараг удахгүй үхнэ, хамт амьдарч байхад үхэж гай болно гээд надаас зайгаа барьсан байх гэв.

Хариуцагч Б.А  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б овогтой Б.А  ам бүл 5. Эхнэр Э.С тай хамтран амьдарч өөрийн 3 хүүхэд Б.А ийн А.Ар , Б.А ийн А.Ар, Б.А ийн А.Б   нарыг  Б.А  миний бие өөр дээрээ авч өсгөн хүмүүжүүлэхээр тохиролцож хоёр тийшээ болсон. Үүнийг харгалзан үзэж хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.А  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эвлэрэн хэлэлцэх хүсэлт байхгүй. Том хүүхэд миний төрсөн хүүхэд биш болохоор тэтгэлэг өгч чадахгүй. Нэхэмжлэгч тал А.Ар  гээд хүүхдийг өлгийтэй байхаас нь эхлээд л над дээр авч ирж орхидог байсан шүү дээ. Би Өмнөговь аймгийн Соёл амралтын хүрээлэнд ажилладаг байсан. Орой 17 цагаас ажил эхлээд шөнийн 01-02 цаг гээд ирэхэд нэхэмжлэгч хардаж хэрүүл хийдэг байсан. Үүнээс болоод би архи дарс уудаг байсан. Ийм хэрүүлтэй орчинд би амьдарч чадахгүй. Нэхэмжлэгч намайг архичин гэж хэлдэг. Өөр хүнд хэлэхдээ ч архичин гэж хэлдэг байсан. Би ажилгүй өдрөө аль болох л хоол хийхсэн гээд байж байдаг байсан боловч намайг архичингаар дууддаг байсан. Би хэдий архи уугаад явдаг ч гэсэн миний найзууд надад тусалж байсан. Би баяр ёслол болон тэмдэглэлт өдрүүдээр л уудаг байсан. Согтуугаар ирчихээд агсам тавьж үзээгүй. Архи ууж ирээд хаана ч байсан унтаад л өгдөг байсан. Нэхэмжлэгчийн саяны ярьсан бүхэн үнэн. 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр уг осол гарсан. Би машиныг жолоодож байсан. Машиныг унагаая гэж унагаагүй. Нэхэмжлэгчийн том ах болох Гантулга гэх хүн Өмнөговь аймгийн Булган сумын Нүцгэн хүрэн гэх газар нутагладаг. Гэр шатчихсан ирж янзал гээд дуудаад байхаар нь явсан. Намайг шахаж шаардаж байгаад эргэж ирэхдээ осолд орсон. Бензин идэхгүй гээд нэг машин авсан байсан. Нэхэмжлэгчийн ах нь архи ууж байгаад гэрээ шатаачихсан юм байна лээ. Цагдаа шүүх эмнэлгийг дуудах боломжтой байсан гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Э.С гийн нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, 4643000035 дугаартай А.А , 0000809004 дугаартай С.А.Ар , 4601000065 дугаартай А.Б нарын төрсний гэрчилгээний хуулбар, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “Шим билэг” өрхийн эрүүл мэндийн төвийн А.А , С.А.Ар , А.Б нар нь эрүүл бойжиж буй тодорхойлолт, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 551 дугаартай Өмнөговь аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын тодорхойлолт, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 216 дугаартай Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6-р дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт,  2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.С  нь Б.А д холбогдуулан гурван хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Э.С , Б.А  нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй 2010 – 2018 оны 06 дугаар сарын хугацаанд хамт амьдарч байх үедээ 2012 оны 06 дугаар сарын 30-ны өдөр охин С.А.Ар , 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр охин А.А , 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүү А.Б нарыг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, “Шим билэг” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, төрсний гэрчилгээний хуулбар  зэргээр тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүх Э.С гийн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

          Зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч охин А.А , хүү А.Б нар нь эцгийг захиргааны журмаар тогтоож, эцгийн нэрийг авсан ба охин С.А.Ар ын төрсөн эцэг мөн гэдгийг зөвшөөрч хариуцагч Б.А  тайлбар гаргажээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эцэг эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй. Иймд хариуцагч Б.А ээс хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин С.А.Ар , охин А.А , хүү А.Б нарыг сар бүр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна. Хүүхдийн тэтгэлгийн хуульд заасан хэмжээ нь тухайн тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс хамааран тогтоогддог болно.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар хүүхэд нь эцэг эхийн хэн нэгнээс тусдаа амьдрах тохиолдолд тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Иймд охин С.А.Ар , А.А , хүү А.Б нарыг хүссэн үед нь уулзаж байхыг эцэг Б.А д даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн хүүхдийн төрсний гэрчилгээ нь иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгогдож, тухайн байгууллагын тамга, албан тушаалтны гарын үсгээр баталгаажсан ба уг төрсний гэрчилгээний хуулбар нотариатчаар гэрчлэгдсэн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Шим билэг” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтоор зохигчдын охин С.А.Ар , А.А , хүү А.Б нар нь одоо эхийн асрамжинд амьдарч, эрүүл бойжиж байгаа болохыг нотолсон баримт болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.С г улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлсөн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

        1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Өмнөговь аймаг Даланзадгад сум *******,******* тоотод оршин суух үндсэн хаягтай одоо Өмнөговь аймаг Ханбогд сум 6-р ................... тоотод оршин суух  ******* овогт Б.А  /регистрийн дугаар:.............../-ээс 2012 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төрсөн С.А.Ар , 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн А.А , 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн А.Б нарыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

2. Б.А ээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйл, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар С.А.Ар , А.А , А.Б нарыг хүссэн үед нь уулзаж байхыг эцэг Б.А , эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад хийхгүй байхыг эх Э.С д тус тус даалгасугай.

4. Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.С г улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.А ээс 70.200 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Л.УГТАХБАЯР