Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/920

 

 

 

 

 

 

 

2022           09          28                                 2022/ШЦТ/920

 

                               

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүгдэгч: Ө.Ө /өөрөө өөрийгөө өмгөөлж/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Н,

Улсын яллагч: Э.Б нар оролцсон эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1... оны 02 дугаар сарын 02-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... ХХК-д шланкны механикч ажилтай, ам бүл 4, эмээ найз охин, охины хамтаар амьдардаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ө.Ө

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Ө.Ө нь 2022 оны 06 сарын сарын 18-наас 2022 оны 06 дугаар сарын 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт байрлах "А" циркийн зүүн талд үйл ажиллагаа явуулдаг "Си юу" /СU дэлгүүрийн үүдэнд иргэн Б.Э-ыг ямар нэгэн шалтгаангүйгээр түүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ө.Ө-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Эрүүгийн... дугаартай хэргээс:

 Хохирогч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Гэрч Ч.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Ч-ийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 8853 дугаартай дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/

    Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ө.Ө нь 2022 оны 06 сарын сарын 18-наас 2022 оны 06 дугаар сарын 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт байрлах А. циркийн зүүн талд үйл ажиллагаа явуулдаг "Си юу" /СU дэлгүүрийн үүдэнд иргэн Б.Э-ыг ямар нэгэн шалтгаангүйгээр түүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч Б.Э-ын "... 2022 оны 06 сарын 18-ны өдрөөс2022 оны 06 дугаар сарын 19-нд шилжих шөнө Ч.С., н.О., Ө.Ө бас түүний найзын хамт тавуулаа Циркийн зүүн талд байрлах "Си Юу" дэлгүүрийн гадна байж байсан. Ө.Ө түүнтэй хамт явж байсан найз н.О. тэр 3 "Си Юу" орчхоод гарч ирсэн. Гадаа үүдэнд зогсож байсан Ч.С.ыг Ө.Ө-г заамдаж авсан. Би тэд нараас зайтай байсан болохоор "Юу болов оо" гээд дөхөөд очиход Ө.Ө над руу ойртож ирээд баруун гараараа миний нүүр лүү цохисон. Намайг цохисноос болж миний гарт байсан айфоне 11 про загварын гар утас газарт унаж дэлгэц нь хагарсан. Намайг цохисны дараа бид 2 барьцалдаж авсан. Би түүнийг цохих гэж оролдсон ч надаас өндөр нуруутай байсан болохоор цохиж чадаагүй. Түүнийг өөрөөсөө түлхэж салгаад газар унасан. Гар утсаа аваад үзэхэд дэлгэцийг нь харахад хагарсан байсан. Тэгээд Ө.Ө-аас "Миний гар утсыг төлж өг" гэж шаардахад "Үгүй" гэсэн. "Хэрвээ "Үгүй" гэж байгаа бол цагдаа дуудлаа" гэхэд "Дууд, дууд" гэсний дагуу би 102-т залгаж дуудлага өгсөн. Шалтгааныг мэдэхгүй байна. Юу болоод Ч.С., Ө.Ө заамдалцаад зогсож байгааг мэдэх гээд очиход ямар нэг үгийн зөрүүгүй 1 удаа цохисон. Хамар улайж, хавдаж хөндүүр орсон байсан. 2022 оны 06 сарын 18-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 19-нд шилжих анх удаа тэр залууг харсан. Урьд өмнө харж байгаагүй. Тэр өдөр найз н.О.гийн төрсөн өдөр болж байсан ба н.О.гийн төрсөн өдөрт ирсэн залуу байсан. 2022 оны 06 сарын 18-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 19-нд шилжиж шөнө Циркийн зүүн талын "Си Юу” дэлгүүрийн урд талд Ө.Ө миний нүүр лүү нэг удаа хүчтэй цохисноос болж дээрх гэмтлийг авсан. Намайг цохих үед гарт барьсан байсан гар утсаа газарт унагаж дэлгэц нь хагарсан. Айфон 11 про загварын ногоон өнгөтэй 256 гигабайт багтаамжтай. 2022 оны 05 сард "Теди" гар худалдааны төвөөс 1,600,000 төгрөгөөр худалдан авч байсан. Тухайн үед шилэн наалттай, гадуур кейстэй байсан. Ө.Ө намайг цохих үед гар утас гараас мултарч газарт унасан. Тэгээд шилэн наалт, дэлгэц нь хагарсан. 250,000 төгрөгөөр үнэлж байна. Гар утасныхаа дэлгэцийг янзлуулах хүсэлтэй байна..." гэх мэдүүлэг,

Гэрч Ч.С.ын .... 2022 оны 06 сарын 18-наас 2022 оны 06 дугаар сарын 19-нд шилжих шөнө 0100 цагаас 03 цагийн үед найз Б.Э, н.Д. нарын хамт Циркийн орчимд явж байсан. Би Циркийн зуун талд байрлах "Си Юу" дэлгүүр лүү орох гэж байхад Ө.Ө гэх залуу Б.Э-ын нүүр рүү цохисон. Энэ үед Б.Э-ын гарт нь гар утас нь байсан ба цохиулах үед гар утас нь газарт унаж дэлгэц нь хагарсан. Ө.Ө, Б.Э нар барьцалдаж эхэлсэн. н.Д. бид 2 тэр хоёрыг салгасан. Б.Э гомдолтой байна, гар утасных нь дэлгэц хагарсан болохоор цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирж Ө.Ө., Б.Э хоёрыг машинд суулгаж авч явсан. Ө.Ө нь н.О. гэх найзын маань сайн найз ба тэр өдөр н.О., н.Цэрэндорж нарын төрсөн өдрийг тэмдэглэж явахдаа Ө.Ө.тай танилцсан. Айфон 11 про загварын газар утас байсан... Тухайн үед н.О. сэтгэл санаагаар унаснаас болоод уйлж байсан ба Ө.Ө түүнийг хараад бид нар н.О.г уйлуулсан гэж бодсон болохоор тэр үед бид нарт муухай зан гаргасан юм байна лээ. Бүх үйл явдал болсны дараа Ө.Ө.аас асуухад надад тэгж хэлсэн... гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №2225 дугаартай “...1. Б.Э-ын биед тархи доргилт, хамарт цус хуралт, зовлон эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, 2022.06.19-нд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг тур хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй." гэх дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.Ө нь 2022 оны 06 сарын сарын 18-наас 2022 оны 06 дугаар сарын 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн ..р хорооны нутаг дэвсгэрт байрлах А. циркийн зүүн талд үйл ажиллагаа явуулдаг "Си юу" /СU/ дэлгүүрийн үүдэнд иргэн Б.Э-ыг ямар нэгэн шалтгаангүйгээр түүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.Э-ын мэдүүлэг, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Тодруулбал Ө.Ө нь хохирогчийн  нүүрэн тус газар нь цохиж биед нь халдсан үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж  үйлдсэний улмаас Б.Э-ын биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэсэн  дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Ө.Ө-ыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ө-аас хөрөнгийн үнэлгээний байгууллагын гаргасан дүгнэлтээр тогтоогдсон эд зүйлийн үнэлгээ болох 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Э-д олгож, өөрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотой цаашид гарах  эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болон  хувийн байдал, орлого олох боломж зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй,  шүүгдэгч Ө.Ө нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах, бие биеэ ойлгож хүндэтгэлтэй хандах зан харилцааны түвшин дутагдсан зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1. 5. 6.  8,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт Ө.Ө-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ө-ыг 600 /зургаан зуун мянга / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ө нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ө нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай. 

5.  Шүүгдэгч Ө.Ө нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ө.Ө.аас 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.Э-д олгож, өөрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотой эмчилгээтэй  зардлаа  нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

8. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Ө-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДАРЬСҮРЭН