Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
Хэргийн индекс | 188/2022/1121/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1123 |
Огноо | 2022-09-13 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Р.Мягмардорж |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1123
2022 09 13 2022/ШЦТ/1123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,
улсын яллагч Р.Мягмардорж /томилолтоор/,
шүүгдэгч Д.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М-д холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 9 сарын 08-ны өдөр хүлээн авснаар, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ... ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо ... түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Бэсүд овогт Д.М (регистрийн дугаар ФД8610...).
Холбогдсон хэргийн утга: Шүүгдэгч Д.М- 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт засмал зам дээр А.О-ийн нүүр толгой руу 1 мөргөж хавсарч унаган А.О-ийн биед хамар яс, хамрын таславчийн зөрүүтэй далд хугарал, зөөлөн эдийн няцрал зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, зүүн дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн дал хүзүүнд зулгаралт гэмтэл үүсгэн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 8 сарын 18-ны өдрийн 965 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.
1. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээр шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийн “машин руу чулуу шидлээ” хэмээн уурлаж заамдан аваад А.О-ийн нүүр хэсэг рүү мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч А.О-ийн “... Би 2022 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 21 цагийн үед найз Ганбаяртай хамт Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад харих гээд найз Ганбаяртай зам гарах гэж байгаад улаан гэрлээр гарчихсан Prius маркийн тээврийн хэрэгслээс нэг дээлтэй ах гарч ирээд намайг заамдаж аваад миний нүүр толгой руу 1 удаа мөргөсөн заамдаад боогоод байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7, 12 хуудас),
- Гэрч М.Д-ын”... 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хамтран амьдрагч Д.М- бид хоёр хүй долоон худагт тоглолт үзчихээд шөнө 01 цаг өнгөрч байхад гэр лүүгээ харих гээд 21 дүгээр хороололд явж байсан. Тэгээд бид хоёр гэрлэн дохио дээр зогсож байгаад чигээрээ явах гэж байхад хажуу талд зам гарах гээд зогсож байсан 2 танихгүй залуу машины цох онгорхой байхад манай машин руу орилоод байсан. Тэгээд бид хоёр гэрлэн дохиогоор амжихгүй, баруун эргээд Содон хорооллын ард талын зам дээр явж байсан чинь машин руу нэг юм шидэх шиг болохоор нь зогссон. Тэгтэл гарц дээр зогсож байсан 2 залуу хүрч ирээд тухайн залуугийн нэгэнтэй манай нөхөр бололтой газар уначихсан тэгснээ хажуу талаас тэр хоёр залуугийн нэг нь манай найзыг зодоод байна гээд утсаа гаргаад бичлэг хийгээд байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 хуудас),
- Гэрч Г.Г-ын “...Тухайн машин Содон хорооллын арын зам дагуу зогссон чинь манай найз А.О- уур нь хүрээд тухайн залуутай маргалдаж муудалцсан. Маргалдаж муудалцаж байхад жолооч хийж байсан залуу манай найзыг шууд барьж аваад нэг удаа мөргөсөн. Тэгснээ тухайн ах манай найзыг заамдаад боогоод байсан. Тэгснээ хавсарч унагаагаад дээр нь дарж байсан чинь манай найз салгаад босоод ирсэн.Миний харснаар нүүрэн тус газар заамдаж байгаад нэг удаа хүчтэй мөргөсөн, нэг удаа хавсарч унагаасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 хуудас),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 9954 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...А.О-ийн биед хамар яс, хамрын таславчийн зөрүүтэй далд хугарал, зөөлөн эдийн няцрал зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, зүүн дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн дал хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 хуудас),
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 76 хуудас),
- Д.Мөнх-Эрдэнийн “...Би мөргөчихсөн юмаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад торгох ял оногдуулж, хэсэгчилж төлүүлж өгнө үү ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 74-76 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл) зэргээр нотлогдон тогтоогдож байна.
2. Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинж хангагдсан.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
3. Хохирогч А.О- гомдол саналгүй болох нь түүний Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлт (хавтаст хэргийн 89 хуудас)-ээр нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
5. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан.
Шүүгдэгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, прокурорын танилцуулсан ялыг зөвшөөрч байна гэсэн.
6. Шүүгдэгч Д.М- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд байдал тогтоогдоогүй, тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, “Техник импорт” ХК-д жолооч ажилтай, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршиг их биш, арилсан зэргийг харгалзан хялбаршуулсан журмаар ирүүлсэн хэрэгт ял оногдуулахдаа прокурорын саналын хүрээнд, эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр ял оногдуулна гэж заасны дагуу шүүгдэгчид улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг ялыг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож шийдвэрлэв.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Бэсүд овогт Д.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.М-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Д.М-д үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.М-д мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээж, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ