Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1170

 

                                                                                                                                                                                     

                              

 

 

 

 

                                 

2022        09            19                                         2022/ШЦТ/1170

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч Н.Ундрах,

шүүгдэгч Э.П-, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч Э.П-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

           Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ... төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, компьютерын техникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт, ...   тоотод оршин суух, урьд

... шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих  ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 

... шийтгэх тогтоолоор 2022 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял шийтгүүлж ... дугаартай магадлалаар хорих ялын хэмжээг 3 жил 5 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн,

Тайж овогт Э.П (регистрийн дугаар:ШЕ8606...).

Хэргийн товч агуулга: Шүүгдэгч Э.П- нь 2021 оны 12 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүлжүүлэх, саатуулах байранд О.О-той маргаан үүсгэн барьцалдан авч, нүүрэн тус газар нь гараараа цохиж, биед нь зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, хоёр шуунд зулгаралт, эрүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ... тоотод оршин суух хохирогч О.Х-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон сууцны хаалгыг эвдэн нэвтэрч, 250,000 төгрөгийн үнэ бүхий 585 сорьцтой монетон гинжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 806 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтыг шинжлэн судлав.

2. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

            4. Гэм буруугийн дүгнэлт:

4.1. Шүүгдэгч Э.П- болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэл дээр маргаж оролцсон.

4.2. Шүүгдэгч Э.П- нь 2022 оны 3 дугаар сарын 17-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Мал тууврын 9-6 тоотод байрлах О.Х-гийн амьдардаг орон сууцны хаалгыг түүний эзгүйд эвдлэн орж шүүгээнд байсан монетон гинжийг авсан болох нь:

4.2.1. Хохирогч О.Х-гийн “... Би 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ... өөрөө амьдардаг түрээсийн байрнаас гараад найзтайгаа уулзаад маргааш буюу 2022 оны 3 дугаар сарын 18-ны өглөө 07 цагийн үед гэртээ ирэхэд манай өрөөний хаалга эвдэрчихсэн онгорхой байсан тэгээд гэрт ороход хувцас хунар эмх цэгцгүй байсан тэгээд тухайн үед цагдаа дуудсан юм. Манай өрөөний гоо сайхны шүүгээнд байсан монетон гинж алга болсон байсан.  Би монетон гинжээ авсан одоо надад ямар нэгэн санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 12 хуудас),

4.2.2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-8 хуудас),

4.2.3. “Тэнцвэр Эстимэйт ХХК”-ны хөрөнгийн үнэлгээний 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 596 дугаартай “монетон гинж 250,000 төгрөг”-өөр үнэлсэн тайлан (хавтаст хэргийн 15-16 хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон.

4.3. Шүүгдэгч Э.П- нь 2021 оны 12 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүлжүүлэх, саатуулах байранд О.О-той маргаан үүсгэн барьцалдан авч, нүүрэн тус газар нь гараараа цохиж, биед нь зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, хоёр шуунд зулгаралт, эрүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

4.3.1. Хохирогч О.О-ын “...Хан-Уул дүүргийн Эрүүлжүүлэх, саатуулах байранд хүргэгдэж ирээд эрүүлжүүлэхийн камерт ороод би гарья гэж орилоод хэлэхэд өөр камерт оруулахад тус камерт 4-5 хүн байсан ба улаан малгайтай залуутай маргалдсан чинь босоод над руу дайраад цохиод намайг тэврээд хамт газар унаад байж байхад цагдаа нар орж ирж салгаад намайг авч гарах үед улаан малгайтай залуу нүүрэн тус газар гараараа 1-2 удаа цохисон... надад учирсан гэмтлийг Эрүүлжүүлэхийн камерт байсан улаан малгайтай залуу гараараа цохиж учруулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 100-102 хуудас),

4.3.2. Гэрч З.Т-ийн "...Удалгүй камерт байсан хүмүүстэй маргалдахаар нь ахлах ахлагч Отгонбаатар, дэд ахлагч Мөнх-Оргил нарын хамт камерт очиход нэг нэгэнтэйгээ барьцалдаад газарт тэврэлдсэн байхаар нь салгахад Хан-Уул дүүргийн хоёрдугаар хэлтсээс эрүүлжүүлэх, саатуулах байранд хүргэгдэн ирсэн улаан малгайтай залуу байсан бөгөөд Оргилыг хойшоо татахад улаан малгайтай хүн нүүр луу нь нэг удаа гараараа цохисон..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 114-115 хуудас),

4.3.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 817 дугаартай "...О.О-ын биед зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, хоёр шуунд зулгаралт, эрүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 117-118 хуудас),

4.4.4. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 131-138 хуудас) зэргээр нотлогдон тогтоогдсон.

 

5. Шүүгдэгч Э.П- нь шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдын өмчлөх эрхэд халдаж гэрийн эзнийг байхгүй үед нууцаар, бусдад хүч хэрэглэхгүйгээр нэвтэрсэн, уг обьект нь хүн байнга амьдрах зориулалттай орон байр бөгөөд түүний хууль бусаар бусдын эд зүйлсийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан.

 

6. Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн буюу хохирогчийг зодсон гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.

7. Шүүгдэгч түүний өмгөөлөгч нар:Э.П- уг байранд оршин суудаг О.Х-г таньдаг төдийгүй гэрээр нь  орж гардаг, хамтран амьдарч байсан, уг орон сууц руу түүнийг байхгүй үед ч нэвтрэх эрхтэй, гэрт нь гар утсаа орхисон байсан тул утсаа авах гэж орсон тул хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэх хэргийн зүйлчлэлийг зөвшөөрөхгүй гэснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн.

7.1. Шүүгдэгч тус байранд оршин суух О.Х-г таньдаг, уг айлаар орж гардаг, хамтын амьдралтай байсан нь хохирогч О.Х-гийн эзгүйд түүний орон байрны хаалга, цоожийг эвдэлж, түүний гэрт зөвшөөрөлгүй нэвтрэх эрх олгогдсон гэж үзэхгүй ба түүний нэвтэрсэн орон сууцыг хохирогч эзэмшиж байсан бөгөөд цоожлоод явсан хойгуур хаалгыг нь эвдлэн нэвтэрч эд зүйлийг авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан болно.

 8. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

9. Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:

9.1. Хохирогч О.О- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлын баримтыг хэрэгт ирүүлээгүй тул хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэйг тогтоолд дурдах нь зүйтэй.

9.2. Хохирогч О.Х-гийн гэрээс алдагдсан монетон гинжийг “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 596 дугаартай тайлангаар “250,000 төгрөг”-өөр үнэлсэн бөгөөд хохирогч нь биет байдлаар буцаан авсан нь баримт (хавтаст хэргийн 70 хуудас)-аар нотлогдсон.

9.3. Шүүгдэгч Э.П-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

10. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

10.1. Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын дүгнэлтэд: Шүүгдэгч Э.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх 03 жил 02 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан.

10.2. Шүүгдэгч Э.П-ын өмгөөлөгч: Эцэг, эх нь өндөр настай айлын ганц хүүхэд байгаа, хулгайн хэргийн хохирол төлөгдсөн, гэм буруугаа ойлгож байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан 1 жилийн хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оноох улсын яллагчийн саналыг дэмжиж байна гэсэн.

 

10.3. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар хулгайлах гэмт хэргийн зүйлчлэл дээр маргаж оролцсон нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх нөхцөл байдалд хамаарахгүй тул ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлаж ял оногдуулах хууль зүйн үндэслэлгүй.

 

10.4. Шүүгдэгч Э.П-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд архидан согтуурсан үедээ үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг их биш, хувийн байдлын хувьд урьд хоёр удаа ял шийтгүүлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд тохирно гэж шүүх үзсэн.

 

10.5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Э.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 02 жилийн жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цаг буюу 02 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хугацааг 02 жил 02 сарын хугацаагаар тогтоов.

 

10.6. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргүүдийн улмаас учруулсан хохирол, хор уршиг их биш зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

 

            11. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Тайж овогт Э.П-г:

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Э.П-ыг:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун наян/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Э.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 02  жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял буюу 02 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 02 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Э.П-ын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Хохирогч О.О- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  6. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч О.Х-д монетон гинжийг биет байдлаар буцаан өгсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Э.П-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ДАШДОНДОВ