Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 125/ШШ2021/0006

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Янжиндулам би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Г-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч :Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Б/37 дугаар "Б.Г-ийг төрийн албанаас халах тухай" тушаалыг хүчингүй болгуулах, Б.Г-г урьд эрхэлж байсан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, гуравдагч этгээд Б.Д, гэрч Б.Ганболд, Б., С.Дорж, Б.Энхмандал, Ч.Эрдэнэбат, Б.Нямдэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Э-ийн намайг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болох, ажилд томилохыг даалгуулахаар 2020 оны 01 сарын 13-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан.

Гомдлыг дагуу Төрийн албаны зөвлөлөөс 2020 оны 1 сарын 31-ний өдрийн 01/197 дугаар албан бичгээр урьд эрхэлж байсан албан тушаалд томилж хариуг 2020 оны 2 сарын 20-ны өдрийн дотор ирүүлэх хугацаатай үүргийг Д.Э-д өгсөн.

Гэтэл Д.Э уг үүрэг даалгаврыг биелүүлээгүй тул би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж 2020 оны 5 сарын 21-ний өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэхээр болсон.

Гэтэл намайг Нийгмийн бодлогын хэлтсийн даргын албан тушаалд томилсон Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 5 сарын 04-ний өдрийн Б/30 дугаар тушаалыг хариуцагчаас 2020 оны 5 сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд өгсөн байдаг.

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 сарын 21-ний өдрийн 9 дүгээр шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зөвшөөрлийг баталж ажилгүй байсан цалин хөлс олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 4 хоногийн дараа буюу 2020 оны 5 сарын 25-ны өдөр Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын Б/37 дугаар тушаал гаргаж намайг төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулжээ. Энэ талаар хариуцагчаас надад мэдэгдээгүй бөгөөд миний бие 2020 оны 6 сарын 15-ны өдөр өмгөөлөгчөөсөө мэдсэн.

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Б/37 дугаар тушаал нь дараах эрх зүйн алдаатай хууль бус акт байна.

Нэгдүгээрт Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр шийдвэрийг хариуцагч хэрэгжүүлээгүй, уг шийдвэр гарснаас хойш ажил хүлээлцээгүй.

Хоёрдугаарт Захиргааны Ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэжээ.Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дугаартай шийдвэрийг 2020 оны 6 сарын 04-ний өдөр гардаж авсан. Гэтэл 2020 оны 6 сарын 09-ний өдөр намайг ажлаас халсан тушаалыг манай өмгөөлөгчид өгсөн. Би 2020 оны 6 сарын 15-ний өдөр уг тушаалтай танилцсан. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 5 сарын 04-ний өдрийн Б/30 дугаар тушаал гарсан талаар надад мэдэгдээгүй. Шүүхийн шийдвэртэй уншиж танилцаад мэдсэн.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Г-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгч Б.Г нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан “Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын ажилд эргүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, ажилд томилохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, тус шаардлагыг хариуцагчаас зөвшөөрч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 5 сарын 04-ний өдрийн Б/30 дугаар тушаалаар түүнийг ажилд нь томилсон тул шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Албан тушаалын тодорхойлолт шинэчлэн батлагдсантай холбогдуулан тус тодорхойлолттой танилцах талаар Б.Г-ийн удаа дараа дуудсан боловч ирээгүй, албан тушаалд нь томилсон талаар мөн удаа дараа дуудахад утас нь холбогддоггүй, утсаар ярьсан атал дуудахад ирдэггүй, аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль Эрх зүйн хэлтсийн дарга Н.Г нэхэмжлэгчийн 99125325 дугаарын утсаар холбогдон мэдэгдсэн боловч Улаанбаатар хотод байна, шүүхээр асуудлаа шийдвэрлүүлнэ” гэсэн хариу өгсөн, Төрийн албаны Ховд аймаг дахь салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Мөнхжагаа утсаар холбогдоход утсаа авахгүй байна гэж хэл гэсэн байдаг.

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2-т зааснаар захиргааны байгууллага захиргааны актыг мэдэгдэх үүргээ биелүүлсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь ажил, албан тушаалд томилсон шийдвэр гарсныг мэдсэн мөртлөө ажлаа хүлээж авалгүй 21 хоносон нь үүрэгт ажилдаа хайнга хандаж ажил цалгардуулсан, ажил тасалсан тул Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.16-д заасныг зөрчсөн гэж үзэж мөн хуулийн 48.1.3-д зааснаар төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан.

Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан зарчмыг хангаж мөн хуулийн 26.1-д зааснаар Б.Г-тэй Хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Ч.Эрдэнэбат 88432001 дугаарын утсаар холбогдон шийдвэрийн талаар танилцуулж, сонсох ажиллагаа явуулах он, сар, өдрийг мэдэгдэхэд мэдэгдлийг хүлээж авахгүй, тайлбар байхгүй гэж хэлснийг тэмдэглэлд тусгасан байдаг.

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 5 сарын 25-ны өдрийн Б/37 дугаар тушаалыг нэхэмжлэгчид гардуулж өгөхөөр өөртэй нь бичиг хэргийн эрхлэгч П.Долгор 2021 оны 5 сарын 25-ны өдөр утсаар холбогдоход Улаанбаатар хотод явж байна, өмгөөлөгч Б.Мөнхбатад өгөөрэй гэж, Б.Мөнхбаттай холбогдоход Улаанбаатар хотруу явж байна гэсэн хариулт өгсөн байдаг.

Төрийн албаны тухай хуулийн 37.1.17-д зааснаар төрийн албан хаагч нь үндсэн ажлаас гадуур бусад ажил эрхлэхгүй байх үүрэг хүлээдэг.

Нэхэмжлэгч нь Улаанбаатар хотод бүртгэлтэй ГЕОАЙДИ ХХК-нийн гүйцэтгэх захирлаар 2020 оны 3 сарын 02-ны өдөр бүртгэгдсэн байгаа нь төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчиж байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.5-д “өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг шүүх болон холбогдох бусад байгууллагаар хамгаалуулах эрх”-ийнхээ хүрээнд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Б/37 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар 2020 оны 01 сарын 13-ны өдөр Монгол улсын Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, төрийн албаны зөвлөлөөс 2020 оны 01/197 дугаартай албан бичгээр “...Б.Г-ийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын албан тушаалд томилж, 2020 оны 02 сарын 20-ны өдрийн дотор хариу ирүүлэх...”-ийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад үүрэг болгосон.

Улмаар Б.Г-ийн уг албан тушаалд томилоогүй тул хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, томилсон шийдвэр гаргуулахаар Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Шүүхээр маргаан шийдвэрлэгдэж байх хугацаанд буюу 2020 оны 5 сарын 04-ний өдрийн Б/30 дугаар тушаалаар Б.Г-ийг Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар томилж, уг тушаалыг 2020 оны 5 сарын 21-ний өдрийн шүүх хуралд хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн. 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2020 оны 09 дүгээр шийдвэр гарсан өдрөөс хойш 4 хоногийн дараа буюу 2021 оны 05 сарын 25-ны өдөр Засаг даргын Тамгын газрын дарга Б.Э Б/37 дугаартай тушаал гаргаж Б.Г-ийн ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан.

Ажлаас халсан үндэслэлээ “...Б.Г-ийг 21 хоногийн хугацаанд ажил тасалсан...” гэж дурдсан байдаг. Хариуцагчийн зүгээс энэхүү маргаан бүхий акт болох Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны Б/37 дугаар тушаалыг нэхэмжлэгч Б.Г-т гардуулаагүй. Тухайн үед Б.Г-ийн өмгөөлөгч байсан Б.Мөнхбатад мэдэгдсэн гэж ярьдаг.

Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т “Төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигч гомдлоо холбогдох баримт бичгийн хамт төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 30 хоногийн дотор гаргана”,  75 дугаар зүйлийн 75.3-т “Төрийн албаны төв байгууллага гомдлыг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор маргаан үүсгэх эсэх талаар шийдвэр гаргаж, 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд энэ хугацааг 14 хоногоор сунгаж болно” гэжээ.

 Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч Б.Г-ийн зүгээс Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 05 сарын 25-ны өдрийн Б/37 дугаартай тушаалыг хүчингүй болгуулахаар гомдлоо холбогдох материалын хамт 2020 оны 06 сард Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн боловч энэ гомдолд хариу ирүүлээгүй.

Хариуцагч нь Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 21-ны өдрийн 9 дугаартай шийдвэрийг биелүүлээгүй, Б.Г-т ажил хүлээлцүүлээгүй нь Шүүхийн тухай хуулийн 23.1-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэдгийг зөрчсөн.

Захиргааны Ерөнхий хуулийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан  шатны шүүх нь 2021 оны 05 сарын 21-ны өдрийн 09 дугаартай шүүхийн шийдвэрийг 2020 оны 06 сарын 04-ны өдөр өмгөөлөгч Б.Мөнхбатад гардуулж, өмгөөлөгч Б.Мөнхбат нь мөн өдрөө Б.Г-т цахимаар явуулсан байдаг. Харин Ховд аймгийн ЗДТГ-ын архив бичиг хэргийн эрхлэгч П.Долгор нь Б.Г-ийг ажлаас халсан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны Б/37 дугаар тушаалыг 2020 оны 06 сарын 09-ны өдөр өмгөөлөгч Б.Мөнхбатад өгсөн байсныг Б.Г нь 2020 оны 06 сарын 15-ны өдөр танилцсан. Тэгэхээр Тамгын газрын дарга Б.Э нь Б.Г-т сахилгын шийтгэл оногдуулсан захиргааны акт гаргахдаа  хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа Б.Г мэдэгдээгүй, нотлох баримт гаргаж өгөх эрхээр нь хангаагүй, Захиргааны Ерөнхий хуулийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг зөрчсөн байна.

Мөн Нийгмийн бодлогын хэлтсийн даргын албан тушаалд томилсон 2020 оны 05 сарын 04-ны өдрийн Б/30 дугаартай тушаалыг өөрт нь мэдэгдээгүй гэдгийг нэхэмжлэгч Б.Г хэлдэг.

Нийгмийн бодлогын хэлтсийн даргын ажилд томилсон тушаалд хэзээ, хэрхэн, яаж ажил  хүлээлцэх, хүлээлцүүлэх талаар тусгаагүй байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалтыг зөрчиж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1-д “ажил хүлээлцүүлж өгсөн сүүлийн өдрийн ажлын сүүлийн өдөр” гэж тооцохоор заасан. Ажил олгогч ажилтантай байгуулсан гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэх хугацааг тогтоогоод уг хугацааг ажлаас халах шийдвэрт заана гэсэн байдаг.

Гэтэл Б.Г-ийг халсан Б/37 дугаартай тушаалд ажил хүлээлцүүлэх асуудлыг зааж өгөөгүй, ажил хүлээлцэх комисс томилсон байх ёстой ч комисс томилоогүй байдаг юм. Ажил хүлээлцүүлсэн баримтууд хавтаст хэрэгт авагдах ёстой. Комисс томилогдсон юм бол Б.Г-с ямар ажил яаж хүлээж авсан талаараа акт үйлдсэн байх ёстой. Эдгээр нотлох баримтууд байхгүй учир ажил хүлээлцсэн гэж үзэх боломжгүй ба өнөөдрийн хүртэл ажлыг хүлээлцээгүй байгаа. Ийм байтал ажлаа хүлээж аваагүй, албан үүргээ биелүүлээгүй гэж ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль бус юм. Хууль бус шийдвэрийн улмаас Б.Г-ийн хөдөлмөрлөх цалин хөлс авах үндсэн хуулинд заасан эрхийг зөрчиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2020 онд нэхэмжлэгч Б.Г нь “...ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох...” тухай нэхэмжлэл гаргаж байсан.

Үүнтэй холбоотой Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 05 сарын 04-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар Б.Г-ийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар томилсон.

Харин одоо шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 05 сарын 04-ны өдрийн Б/30 дугаартай тушаалыг мэдэгдээгүй гэдэг байдлаар тайлбарлаж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие өөрөө 2020 оны 05 сарын 04-ны өдөр 14 цагийн үед нэхэмжлэгч Б.Г-ийн  99125325 дугаартай утасруу холбогдож түүнийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын ажилд эгүүлэн томилсон талаар хэлэхэд “...би Улаанбаатар хотод байна. Би өмгөөлөгчтэйгээ ярина. Шүүхэд нэхэмжлэл гаргасан тул шүүхээр асуудлаа шийдүүлнэ...” гэсэн хариуг өгсөн.

2020 оны 05 сарын 04-ны өдрийн 14 цагийн үед Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Б.Ганболдын өрөөнд энэ яриа болсон. Тухайн үед нэхэмжлэгч Б.Г-ийн утасны дугаарыг би мэдэхгүй байсан тул утасны дугаарыг нь асуухаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Б.Ганболдын өрөөнд ороход Нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Дорж, Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Б.Ганболд нар сууж байсан. Нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Доржоос Б.Г-ийн утасны дугаарыг нь авч Тамгын газрын даргын 2020 оны 05 сарын 04-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар түүнийг Нийгмийн бодлогын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилсон тухай хэлж,  ажилдаа ирээрэй гэж мэдэгдсэн.

Түүнчлэн тухайн үед тус хэрэгт Б.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан Б.Мөнхбатын шүүхэд төлөөлөх итгэмжлэл авагдсан байгаа. 2020 оны 05 сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат “...Б.Г-ийг ажилд томилсон учраас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан...” гэх утга бүхий зүйлийг ярьсан байдаг. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдох юм. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ талаар мэдсэн байхад нэхэмжлэгч мэдэхгүй байх боломжгүй юм.

 Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 05 сарын 25-ны өдрийн Б/37 дугаартай тушаалаар Б.Г-ийг төрийн албанаас халах болсон шалтгаан нь ажилд томилсон тушаалыг мэдсээр байж 21 хоногийн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан учраас ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан. Хавтаст хэрэгт Б.Г нь ажлаа ирж хүлээж аваагүй, цалин мөнгө бодогдоогүй талаар баримтууд байгаа. Шүүхээс цуглуулсан нотлох баримтад Б.Г нь  өөр байгууллагад ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлөөд цалин авч байгаа талаарх баримт ч хэрэгт байдаг.

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Эрдэнэбат “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй учраас сахилгын шийтгэл оногдуулах шийдвэрийн сонсох ажиллагааны мэдэгдэл...”-ийн хүргүүлэхээр 2020 оны 5 сарын 24-ны өдөр Б.Г-ийн 88432001 дугаарын утасруу холбогдож мэдэгдэхэд Б.Г нь “...би мэдэгдлийг хүлээж авах боломжгүй, авах арга хэмжээгээ авна биз...” гэж хэлсэн байдаг.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Б.Д шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. Тус хэргийн улмаас миний ажиллаж байгаа ажлын байрны асуудал хөндөгдөж байгаа. Миний бие Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын үүргийг түр олон гүйцэтгэгчийн албан тушаалд 2018 оны 12 сарын 28-ны өдөр томилогдон ажиллаж байгаад 2020 оны 5 сарын 04-ны өдөр өөр ажилд шилжин ажиллаж байхад Б.Г нь ажилдаа ирээгүй тул түүнийг ажлаас чөлөөлсөн. Ингээд намайг буцаагаад Нийгмийн бодлогын хэлтсийн даргын албан тушаалд шилжүүлэн томилж байна гэсэн. Тэрнээс хойш одоо болтол уг албан тушаалд ажиллаж байгаа гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Г нь Ховд аймгийн Засаг даргад  холбогдуулан “Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/37 дугаар "Б.Г-ийг төрийн албанаас халах тухай" тушаалыг хүчингүй болгуулах, Б.Г-ийг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын  тайлбар, бусад бичгийн нотлох баримтуудыг  үнэлээд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/30 дугаар “Б.Г-ийг ажилд эгүүлэн томилох тухай”  тушаалыг Б.Г надад мэдэгдээгүй, энэ тушаалыг 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны шийдвэрээс мэдсэн гэх талаар:

Нэхэмжлэгч Б.Г нь Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд  Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан  “Б.Г-ийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн  даргын ажилд эгүүлэн томилохгүй байгаа  үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн  даргын ажилд томилсон  шийдвэр гаргаж хэрэгжүүлэхийг даалгах, .......”зэрэг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тус шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 86 дугаар “Шүүх хуралдаан товлон зарлах тухай” захирамжаар шүүх хуралдааныг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 09 цаг 00 минутад товлон зарлажээ[1]

Улмаар шүүх  хуралдаан 2020 оны 05 дугаар сарын 07-ны  өдрийн 09 цагт болсон бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат оролцсон, шүүх хуралдаан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/30 дугаар “Б.Г-ийг ажилд эгүүлэн томилох тухай”  тушаал гарсантай холбогдуулан нэхэмжлэгч, хариуцагч нарт  эвлэрэх хугацаа олгон шүүх хуралдааныг 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн байна.[2]

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан  “Б.Г-ийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн  даргын ажилд эгүүлэн томилохгүй байгаа  үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн  даргын ажилд томилсон  шийдвэр гаргаж хэрэгжүүлэхийг даалгах, .......”зэрэг нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт  нэхэмжлэгч Б.Г нь Б.Мөнхбатад олгосон итгэмжлэлийг шүүхэд гарган өгчээ[3]

Итгэмжлэлд Б.Мөнхбатыг шүүх, төрийн байгууллага, албан тушаалтанд төлөөлөх итгэмжлэл олгосон бөгөөд  Б.Мөнхбатын эдлэх эрх, үүргийг тодорхойлон заасан байна.

Үүнд: Гомдол, хүсэлт, өргөдөлд төлөөлж гарын үсэг зурах, гомдол гаргагчийн Захиргааны ерөнхий хууль, Иргэдээс  төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг  шийдвэрлэх тухай хуулиудад заасан бүх эрхийг эдлэх,

....Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн, мөн хуулийн 28 дугаар зүйлд заасан итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бүх эрхийг эдлэх,

...төрийн байгууллага, албан тушаалтанд гомдол хүсэлт гаргах, түүний хариуг авах зэрэг болно гэжээ.

Дээрхээс үзвэл Б.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат нь “Б.Г-ийг ажилд эгүүлэн томилох тухай” Б/30 дугаар тушаалыг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаан дээр мэдсэн[4],  мөн шүүх хуралдаанд Б.Мөнхбат нь  “...Томилсон шийдвэрийг  би өчигдөр өөрт нь  хэлсэн...” гэх тайлбараар[5] Б.Г нь Б/30 дугаар  тушаалыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр мэдсэн болох нь тогтоогдож байна. 

Мөн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Б.Г ажилд эгүүлэн томилсон Б/30 дугаар тушаал гарсан талаар Засаг даргын Тамгын газрын  Хууль эрх зүйн хэлтсийн дарга Н.Г нь Б.Г т  99125325 утсаар мэдэгдсэн болох нь  Засаг даргын Тамгын газрын  Хууль эрх зүйн хэлтсийн дарга Н.Г-ийн тэмдэглэл[6],  гэрч Б.Г-ийн “...С.Дорж, Хууль эрх зүйн хэлтсийн дарга  Н.Г бид 3 сууж байгаад Б.Г-ийг ажилд томилсон талаар мэдэгдэх гэсэн юм гээд Н.Г Б.Г-ийн утсыг асуухад С.Дорж утсыг нь хэлж өгсөн. Н.Г утасдаж таныг томилсон тушаал гарсан гээд тушаалыг нь уншиж өгч, та ажилдаа ирж ороорой гэж хэлсэн. Утсаар ярьж дуусаад Н.Г Б.Г Улаанбаатар хотод байгаа яг одоо Ховд аймагт өнөө маргаашдаа ирэх боломжгүй гэх хариуг хэллээ гэж бидэнд хэлсэн” гэх мэдүүлэг[7], гэрч С.Доржийн “....Б.Ганболдын өрөөнд Хууль зүйн хэлтсийн дарга Н.Г бид гурав сууж байтал Н.Г танай Б.Г даргыг ажилд нь оруулах гэсэн юм, утсыг нь мэдэх хүн байна уу гэж асуусан. Би  тэгэхэд нь Б.Г-ийн 99125325 дугаарын  утсыг нь өгсөн......” гэх мэдүүлэг [8] зэргээр нотлогдож байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-д “Эерэг нөлөөлөл бүхий  захиргааны акт гэж  эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай  нөхцөл байдлыг бий болгосон  захиргааны актыг ойлгоно.”, 43 дугаар зүйлийн 43.2-д “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр  мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна.” гэжээ.

Өөрөөр хэлбэл  Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/30 дугаар “Б.Г-ийг ажилд эгүүлэн томилох тухай”  тушаал[9]  нь Б.Г эрх олгосон  эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байх тул захиргааны байгууллагаас дээрх захиргааны актыг заавал гардуулж өгсөн байхыг шаардахгүй бөгөөд утсаар ярьж мэдэгдсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасантай нийцсэн, хариуцагч захиргааны байгууллага захиргааны актыг мэдэгдэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ. 

Иймд нэхэмжлэгч Б.Г-ийг  Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/30 дугаар “Б.Г-ийг ажилд эгүүлэн томилох тухай”  тушаалыг мэдээгүй, захиргааны байгууллагаас мэдэгдээгүй гэж үзэх үндэслэлгүй юм . 

2. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Б/37 дугаар "Б.Г-ийг төрийн албанаас халах тухай" тушаалыг хүчингүй болгуулах, Б.Г-ийг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах  шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах  нэхэмжлэлийн шаардлагыг 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах  гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/30 дугаар “Б.Г-ийг ажилд эгүүлэн томилох тухай”  тушаалаар Б.Г нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын албан тушаалд 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс томилогдсон[10]

Улмаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Б/37 дугаар "Б.Г-ийг төрийн албанаас халах тухай" тушаалд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3 дахь заалтыг үндэслэн “Чөлөөний хугацаа дуусч ажил албан тушаалдаа орохоор хүсэлтээ ирүүлсэн Б.Г-ийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/30 дугаар тушаалаар буцаан томилж ажлаа хүлээн авахыг өөрт нь удаа дараа мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа хүлээн  авахгүй, албан үүргээ биелүүлээгүй 21 хоносон” гэх үндэслэлээр 2020 оны 05 дугаар сарын 25-ны  өдрөөр тасалбар болгон  төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ[11].

а.Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь маргаан бүхий актыг  гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй гэх  тайлбарын тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд  тэдгээрт урьдчилан мэдэгдэнэ”, 27 дугаар 27.4 Сонсох ажиллагааг дараах хэлбэрээр явуулна,  27.4.4 утсаар санал авах гэжээ.       

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагт  аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн даргын 215 дугаар өрөөнд  сонсох ажиллагаа явуулах талаар Б.Г 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр утсаар  мэдэгдсэн болох нь Сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдэлд бичсэн Ч.Эрдэнэбатын  тэмдэглэл[12], гэрч Ч.Эрдэнэбатын “...2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэхээр Б.Г-ийн 88432001 дугаарын утас руу өөрийн 88437615 дугаарын утаснаас  залгаж “...2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 11 цагт сонсох ажиллагаа явагдана танд сахилгын шийтгэл  ногдуулах тушаал гаргах талаар төлөвлөж байна. Та маргааш  ирж холбогдох тайлбараа өгнө үү” гэж хэлсэн. Тэгэхэд нь Б.Г нь “... би  наад мэдэгдлийг чинь хүлээн авахгүй, очихгүй...” гэж хэлсэн”  гэх мэдүүлэгээр[13], Ч.Эрдэнэбат нь 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 12 цаг 45 минутад 88437615 дугаарын утснаас 88432001 дугаарын утас руу 89 секундийн яриа хийсэн болох нь “ЮНИТЕЛ” ХХК-ны 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 05/-01/6505 дугаарын албан бичиг, хавсралтаар[14] нотлогдож байна. 

Дээрхээс  үзвэл хариуцагч захиргааны байгууллага нь сонсох ажиллагааг утсаар санал авах хэлбэрээр явуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 27.4.4-т заасантай нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийн сонсох ажиллагаа явуулаагүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-тэй ярьсан өдөр буюу 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нь амралтын өдөр байсан гэж тайлбарлах боловч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/183 дугаар тушаалаар[15] баталсан Хөдөлмөрийн дотоод журмын[16] 6.1.3-т “Ажлын шаардлагаар албан хаагч нь илүү цагаар ажилласан тохиолдолд илүү цагийн хөлсийг  мөнгөн хэлбэрээр олгох, эсвэл биеэр амруулах, ажлын онцлогоос шалтгаалан Бямба, Ням гаригт амрах боломжгүй ажилтныг долоо хоногийн өөр дараалсан өдрүүдэд амруулна” гэж зааснаас үзвэл  шаардлагатай бол амралтын өдөр ажиллаж болохоор  дотоод журамд заасан байна. 

Б.  ....Б.Г нь  хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа хүлээн  авахгүй, албан үүргээ биелүүлээгүй 21 хоносон гэх үндэслэлийн тухайд:

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйл. “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах”, 48.1. “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:”, 48.1.З. “төрийн албанаас халах;” гэж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 6.1-д “Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэл ногдуулах” гэж тус тус заажээ.

Хууль болон журмын дээрх заалтуудаас үзвэл төрийн жинхэнэ албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэн зэргийг нь харгалзан ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй байна.

Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “төрийн албан хаагч” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө  төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдаж ажиллаж байгаа этгээдийг хэлнэ.” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Г нь төрийн жинхэнэ албан тушаалд томилогдмогц буюу 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/30 дугаар тушаалаар албан тушаалдаа эгүүлэн томилогдсоноос хойш төрийн албан хаагч болох бөгөөд  Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг”-ийг хүлээж, 38 дугаар зүйл “Төрийн  жинхэнэ албан хаагчийн нийтлэг эрх”-ийг эдэлж, 39 дүгээр зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл”-ийг  мөрдөж  ажиллана. 

Өөрөөр хэлбэл Б.Г нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.16-д заасан Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах” үүрэгтэй, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Хөдөлмөрийн дотоод журмын[17] 6.1.1-д “Албан хаагчийн долоо хоногийн ажлын цаг 40-өөс илүүгүй байх бөгөөд ердийн ажлын үргэлжлэл 8 хүртэл цаг байна” гэжээ.

Мөн  хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар “төрийн алба” гэдэг нь төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх, төрөөс зайлшгүй үзүүлэх шаардлагатай үйлчилгээг нийтэд хүргэх үйл ажиллагааг хэлэх бөгөөд энэ чиг үүргийг гүйцэтгэхээр томилогдсон төрийн алба хаагч  төрийн албаны үйл ажиллагааг тасалдуулж, ажилдаа очихгүй байх эрхгүй, хэрэв ажилд очих боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай бол холбогдох байгууллага албан тушаалтанд нь хандаж, захиргааны чөлөө авах боломжтой юм.

Гэвч нэхэмжлэгч Б.Г нь ажилд эгүүлэн томилогдсон өдрөөс хойш буюу 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс хойш өөрөө ирж ажлаа хүлээж аваагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил үүргээ гүйцэтгээгүй, ажил тасалсан  болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож байх бөгөөд энэ нь дээрх хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна. 

Иймд маргаан бүхий акт нь хууль зүйн үндэслэлтэй буюу нэхэмжлэгчийн Үндсэн хууль болон бусад хуульд заасан хөдөлмөрлөх эрх зөрчигдөөгүй байна  гэж дүгнэж, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Б/37 дугаар "Б.Г-ийг төрийн албанаас халах тухай" тушаалыг хүчингүй болгуулах, Б.Г урьд эрхэлж байсан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Б.Г нь хувийн хэвшлийн өөр байгууллагад ажилладаг энэ талаарх баримт хэрэгт байгаа” гэж тайлбарлах боловч шүүхээс маргаан бүхий актад дурьдагдсан үндэслэлд  хууль зүйн дүгнэлт хийдэг тул маргаан бүхий актын үндэслэлд дурьдагдаагүй  хариуцагчийн дээр дурьдсан үндэслэлд дүгнэлт хийгээгүй  болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.16, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3 дахь  хэсэгт заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгч Б.Гантөмөрийн  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.ЯНЖИНДУЛАМ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] хх2-ийн 8 дахь тал

[2] хх2-ын 16 дахь тал

[3] хх2-ын 5 дахь тал

[4] хх2-ын 11-15 дахь тал

[5] хх2-ын 13 дахь тал

[6]хх1-ийн 89 дэх тал

[7] хх1-ийн 166, 167 дахь тал

[8] хх1-ийн 169, 170 дахь тал

[9] хх1-ийн 35 дахь тал

[10] хх1-ийн 35 дахь тал

[11] Хх1-ийн 32 дахь тал

[12] хх1-ийн 90 дэх тал

[13] хх1-ийн 96, 97  дахь тал

[14] хх2-ын 23-32 дахь тал

[15] хх1-ийн 100 дахь тал

[16] хх1-ийн 103 дахь тал

[17] хх1-103  дахь тал