Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2024/0206/З |
Дугаар | 221/МА2024/0570 |
Огноо | 2024-08-27 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2024/0570
“ТШЦ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч А.Сарангэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч З.Ганзориг
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э
Нэхэмжлэгч: “ТШЦ” ХХК
Хариуцагч: Оюуны өмчийн газрын дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Оюуны өмчийн газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/93 дугаар тушаалаар иргэн З.О-т олгосон ТШ барааны тэмдгийг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 523 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2024/0206/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “ТШЦ” ХХК-иас хариуцагч Оюуны өмчийн газрын даргад холбогдуулан “Оюуны өмчийн газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/93 дугаар тушаалаар иргэн З.О-т олгосон ТШ барааны тэмдгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 523 дугаар шийдвэрээр: “Оюуны өмчийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 8 дугаар зүйлийн 8.1, 12 дугаар зүйлийн 12.3.1, 12.3.2, 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 5.2.9, 7 дугаар зүйлийн 7.2, 9 дүгээр зүйлийн 9.1, 12 дугаар зүйлийн 12.2-д заасныг баримтлан “ТШЦ” ХХК-аас Оюуны өмчийн газрын даргад холбогдуулан гаргасан Оюуны өмчийн газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/93 дугаар тушаалаар иргэн З.О-т олгосон ТШ барааны тэмдгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие тус шүүхэд 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой 2 хүсэлт гаргасан. Үүнд:
1. Гуравдагч этгээд нь тухайн “ТШ” гэх барааны тэмдгийг өөрийн ямар бараа, үйлчилгээндээ ашигладаг болох, тухайн баримт /эд мөрийн баримт/-ыг гуравдагч этгээдээс гаргуулах;
2. Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №0079832 дугаартай зөрчлийн хэрэгт 2023 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн иргэн З.О-ийн мэдүүлгийг хариуцагчаас гаргуулах;
Дээрх 1 дүгээр хүсэлтээр маргаан бүхий барааны тэмдэгтийг хууль бусаар олгосон буюу Барааны тэмдэгт, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйл Барааны тэмдэгт тавих шаардлага гээд 5.1-д “Ялгагдах шинж чанар агуулаагүй дараахь зүйлийг барааны тэмдэгт тооцохгүй:” 5.1.3-д “тухайн бараа, түүний сав, баглаа боодлын үл ялгагдах хэлбэр, дүрс” гэж заасан шинж чанарыг агуулаагүй гэдгийг нотлох үүднээс тухайн хүсэлтийг гаргасан. Өөрөөр хэлбэл, “ТШ” гэх барааны тэмдэгтийг ашиглах сав баглаа боодол нь бусад бараа бүтээгдэхүүний сав баглаа боодлоос яалгаатай байж түүнд барааны тэмдэгт олгох зохицуулалттай. Гэтэл гуравдагч этгээдийг бараа, түүний сав, баглаа боодол нь цахим худалдаа буюу олон улсын худалдааны сайт Амазон дээр зарагддаг нийтлэг сав баглаа байхад түүний үл ядгагдах хэлбэр, дүрсийг шалгаагүй, хэрэгдэгчийг төөрөгдөлд оруулах нөхцөл байдал бий болсон байхад барааны тэмдэгт олгосон нь хууль бус гэж үзэж тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд гол ач холбогдолтой эд мөрийн баримтыг гаргуулах тухай хүсэлт гаргасан боловч түүнийг шийдвэрлээгүй орхигдуулсан, шүүхээс энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.
3.2. Харин 2 дугаар хүсэлтээр гуравдагч этгээд нь дээрх мэдүүлэгч “ТШ” гэх барааны тэмдэгтийг ашигладаг бүтээгдэхүүн болох цай нь өөр хятад улсын компанийн үйлдвэрлэсэн цайны сав баглааг өөрчлөөд Монгол Улсад худалдан борлуулдаг гэх талаараа мэдүүлсэн байдаг. Энэ нь Барааны тэмдэгт, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1. ““барааны тэмдэг” гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг” гэж заасантай нийцэхгүй буюу гуравдагч этгээдийн өөрийнх нь бараа бүтээгдэхүүн биш гэдэг нь нотлогдох юм. Гэтэл анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хамааралгүй гэж тайлбарлан шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн атлаа энэ талаар ямар ч захирамж гаргаагүй нь хэргийн оролцогчийн хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан гэж үзнэ.
3.3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ”, 2.2-т “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж тус тус зааснаар хуулийн этгээд байгуулах, түүнийг улсын бүртгэлд бүртгэх талаарх харилцааг зохицуулахад Иргэний хууль болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцыг дагаж мөрдөхөөр байна. Харин Оюуны өмчийн газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/93 тоот тушаалаар иргэн З.О-т 40-0027679 улсын бүртгэлийн дугаараар “ТШ” гэх барааны тэмдэгтийг олгож, тухайн иргэн БНХАУ-ын цайг импортлон оруулж ирж, БНХАУ-ын цайны нэрийг сольж, “ТШЦ” гэх нэршлээр, өөрөө бүтээсэн мэтээр худалдан борлуулж байгааг мэдсэн.
3.4. Барааны тэмдэгт газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх тухайн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ” гэж зааснаар гуравдагч этгээдийн онцгой эрх 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр №****** улсын бүртгэлийн дугаараар бүртгэгдсэнээр үүссэн байна. Гэтэл анхан шатны шүүх гуравдагч этгээдийн онцгой эрх анхдагч огноогоор үүсэх мэтээр хууль бус дүгнэлт хийсэнд гомдолтой ба нэхэмжлэгч нь анхдагч огноотой маргаагүй болно. Хариуцагч Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцын 8 дугаар зүйлийн зөрчсөн. Уг конвенцыг Монгол Улс 1984 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр соёрхон баталсан бөгөөд уг конвенц нь 1985 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон байна. Харин анхан шатны шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж заасныг тус тус зөрчсөн дүгнэлт хийсэн байна.
3.5. Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцоор Аж үйлдвэрийн эрхийн хамгаалалтын объектод аж ахуйн нэгжийн нэр багтаж байна. Харин Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.9-д “Монгол Улсад ... аж үйлдвэрийн өмчийн эрхтэй илэрхий зөрчилдөхөөр” бол барааны тэмдгийг бүртгэхгүй байхаар зохицуулсан байгааг анхаарч үзээгүй, анхан шатны шүүх огт маргаагүй, хамааралгүй асуудалд дүгнэлт хийж эрх зүйн эх сурвалжийн эрэмбийг алдагдуулж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-д “... Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу барааны тэмдгийн мэдүүлгийн бүрдлийг хянаж, анхдагч огноог тогтоосны дараа тухайн барааны тэмдэг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхэд шүүлт хийж, дүгнэлт гаргана”, 9 дүгээр зүйлийн 9.1-д “Төрийн захиргааны байгууллага барааны тэмдгийг бүртгэх шийдвэр гаргасан бол түүнийг барааны тэмдгийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгоно” гэж заасныг хариуцагч Оюуны өмчийн газрын даргаас бүрэн хянаж, бүрэн эрхээ хэрэгжүүлсэн нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзнэ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие тус шүүхэд 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой 2 хүсэлтээр Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхэд шүүлт хийж, бүрэн хянаж, бүрэн эрхээ хэрэгжүүлсэн эсэхийг нягтлах үүднээс ач холбогдол бүхий хүсэлт гаргасныг шийдвэрлээгүй атлаа Оюуны өмчийн газрын даргаас дээрх хуулийн шаардлагыг бүрэн хянаж, бүрэн эрхээ хэрэгжүүлсэн нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна.
3.6. Дээрх барааны тэмдэг нь манай компанийн нэршилтэй ижил, төсөөтэй, бараа бүтээгдэхүүний хувьд ижил бүтээгдэхүүн, нэхэмжлэгч хуулийн этгээд байгуулагдсанаас хойш 5 сарын дараа гуравдагч этгээдийн барааны тэмдэгтийг зөвшөөрсөн нь олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
Иймээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2024/0523 дугаартай шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:
2.1. Нэхэмжлэгч “ТШЦ” ХХК-аас хариуцагч Оюуны өмчийн газрын даргад холбогдуулан “Оюуны өмчийн газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/93 дугаар тушаалаар иргэн З.О-т олгосон ТШ барааны тэмдгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.
2.2. Маргаан бүхий Оюуны өмчийн газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/93 дугаар тушаалаар 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гуравдагч этгээд З.О-оос гаргасан мэдүүлгийг хянаад “ТШ” барааны тэмдгийг бараа, үйлчилгээний олон улсын 5, 30, 35 дугаар ангиллаар эрхийн хамгаалалт хийн бүртгэж, барааны тэмдгийн гэрчилгээг 2032 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаагаар олгожээ.
2.3. Нэхэмжлэгчээс ******* мэдүүлгийн дугаартай “ТШ” нэртэй барааны тэмдгийг хүчингүй болгуулахаар Аж үйлдвэрийн өмчийн эрхийн Маргаан шийдвэрлэх зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд тус зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор “******* мэдүүлгийн дугаартай “ТШ” нэртэй барааны тэмдгийг хүчингүй болгуулах тухай Х.Б-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.
2.4. Анхан шатны шүүхээс “...маргаан бүхий энэ тохиолдолд үүссэн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн анхдагч огноогоор ТШ гэх үгэн байдлаар илэрхийлэгдэх барааны тэмдгийг хариуцагч Оюуны өмчийн газрын даргын 2023 оны А/93 дугаар тушаалаар улсын бүртгэлд бүртгүүлж, бүртгэгдсэн барааны тэмдгийг өмчлөх эрхийг олж авсан гуравдагч этгээдийн эрх түрүүлж үүссэн...” гэж дүгнээд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
2.5. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл анх гуравдагч этгээд З.О-оос 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “ТШЦ” барааны тэмдгийн мэдүүлэг мэдүүлснийг Оюуны өмчийн газрын Барааны тэмдгийн шинжээчээс 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн урьдчилсан шийдвэрээр “... “цай” гэдэг үг нь 5, 30 болон 35 дугаар ангилалд тухайн бараагаа болон түүнтэй холбоотой бараагаа дагасан үйлчилгээгээ тодорхойлсон мөн нийтээр хэрэглэгддэг үг, хэллэг байна” гэж үзээд Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2-т заасныг үндэслэлээр барааны тэмдгийг бүртгэхээс татгалзаж, шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр хүлээн авснаас хойш 3 сарын дотор үндэслэл бүхий хариу тайлбар ирүүлэх боломжтой талаар дурдаад, ийнхүү заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй тохиолдолд бүртгэхээс татгалзах тухай эцсийн шийдвэр гарахыг мэдэгдсэн байна.
2.6. Улмаар гуравдагч этгээдээс дээрх урьдчилсан шийдвэрт дурдсан үндэслэлийг арилгаж, “ТШ” нэрээр барааны тэмдэг бүртгүүлэх хариу тайлбарыг 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч захиргааны байгууллагад гаргасны дагуу эрх бүхий этгээд болох Барааны тэмдгийн шинжээч Д.Х “ТШ” барааны тэмдэг нь хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзэж 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Барааны тэмдгийг бүртгэх тухай дүгнэлт гаргасныг үндэслэж хариуцагчаас 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/93 дугаар тушаалаар иргэн З.О-т “ТШ” барааны тэмдгийг олгосон нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Төрийн захиргааны байгууллага барааны тэмдгийг бүртгэх шийдвэр гаргасан бол түүнийг барааны тэмдгийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгоно” гэж заасантай нийцжээ.
2.7. Учир нь Оюуны өмчийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Аж үйлдвэрийн өмчийн эрхэд дараах зүйл хамаарна” гээд 7.1.4-д “барааны тэмдэг”, 7.2-т “Аж үйлдвэрийн өмчийн эрх нь оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад эрхийн хамгаалалт хийлгэж бүртгэлд бүртгүүлснээр үүснэ” гэж, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Төрийн захиргааны байгууллага барааны тэмдгийн мэдүүлгийн бүрдэл хангагдсан гэж үзвэл мэдүүлгийг хүлээн авсан өдрөөр анхдагч огноог тогтоож, энэ тухай мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ”, 12.1-д “Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх тухайн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ” гэж тус тус заасан.
2.8. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 9/4960 дугаартай албан бичгээр ирүүлсэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанаас үзэхэд нэхэмжлэгч “ТШЦ” ХХК нь 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр үүсгэн байгуулагдсан байх бөгөөд тус компаниас барааны тэмдэг бүртгүүлэх хүсэлтийг холбогдох захиргааны байгууллагад аливаа байдлаар гаргаж байгаагүй талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарлаж байгаа тухайн тохиолдолд маргаан бүхий захиргааны акт нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
2.9. Өөрөөр хэлбэл, хариуцагч захиргааны байгууллага иргэн З.О-оос гаргасан барааны тэмдгийг бүртгүүлэх тухай мэдүүлгийг Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу шүүлт хийж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан барааны тэмдгийг бүртгэхгүй байх үндэслэл тогтоогдоогүй тул ийнхүү бүртгэж шийдвэрлэснийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.
2.10. Тиймээс Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан барааны тэмдгийг бүртгэхгүй байх тохиолдол үгүй тул хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд тухайн барааны тэмдгийг бүртгэн гэрчилгээ олгосон хариуцагчийн үйлдлийг буруутгах боломжгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.
2.11. Харин Монгол Улсын нэгдсэн орсон Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцын 8 дугаар зүйлд “Аж ахуйн нэгжийн нэр” гээд “Холбооны гишүүн бүх оронд аж ахуйн нэгжийн нэрийг барааны тэмдгийн бүртгэлд орсон эсэхээс үл хамааран түүнийг мэдүүлэг гаргахыг шаардахгүйгээр эсхүл бүртгэлгүйгээр хамгаална” гэж заасан хэдий ч гуравдагч этгээдээс барааны тэмдгийг бүртгүүлэх мэдүүлэг гаргах тухайн цаг үед нэхэмжлэгч компанийн нэр улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан тул нэхэмжлэгчид энэхүү зохицуулалт үйлчлэх боломжгүй. Учир нь Парисын конвенцын уг заалт нь эрх бүхий байгууллагад хуулийн этгээдээр бүртгэгдсэн аж ахуй нэгжийн нэр хамгаалагдах зохицуулалт бөгөөд тухайн тохиолдолд нэхэмжлэгчээс анхдагч огноотой маргаагүй бөгөөд “ТШЦ” ХХК нь тус анхдагч огнооноос өмнө үүсгэн байгуулагдсанаар энэхүү конвенцид заасан хамгаалагдах зарчим хангагдах учиртай тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй байна.
2.12. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой 2 хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хамааралгүй гэж тайлбарлан шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн...” гэж тайлбарлаж байх боловч нэгэнт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримт гаргуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид хэргийн оролцогч гомдол гаргах эрхгүй бөгөөд хүсэлтэд дурдсан нотлох баримтуудын талаар анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамааралгүй гэж шийдвэрлэсэн байх тул ийнхүү хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүх дээрх байдлаар хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэхээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн эрхлэн явуулсан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 523 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА