Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 415

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Еын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2017/02462 дугаар шийдвэртэй, Х.Еын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Бд холбогдох, гэм хорын төлбөрт 2 538 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ербол,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шаравнямбуу,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Е нь 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Тоёота премио загварын, 26-76 БӨА улсын дугаартай суудлын автомашинаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, зуслангийн замд хоёрдугаар эгнээнд ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлд явж байх үед нэгдүгээр эгнээнд явж байсан Хьюндай соната 2 загварын 77-41 УНО улсын дугаартай суудлын автомашины жолооч Б.Б буцаж эргэх үйлдэл хийхдээ зэрэгцээ эгнээнд яваа Х.Еын машинд зам тавьж өгөлгүй мөргөж, үргэлжилсэн шугамыг давж эсрэг урсгалд орсон. Жолооч Б.Бямбын Замын хөдөлгөөний дүрмийн 7.8 дугаар зүйл, “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байраа эзэлнэ”, 25.7.2 дугаар зүйл “Тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16а, б, в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн буруутай үйлдлийн улмаас Х.Еын эзэмшлийн автомашинд ихээхэн хэмжээний хохирол учирсан.

Энэ тухай Цагдаагийн ерөнхий газрын 102 тусгай дугаарт дуудлага өгч Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн тасгийн байцаагч газар дээр нь үзлэг хийж, биднээс тайлбар мэдүүлэг авч хянан шалгаж Б.Бямбын буруутай үйлдэл болохыг тогтоон, 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 39 дүгээр хуулийн 39.2 дахь хэсэгт зааснаар 24 000 төгрөгөөр торгож захиргааны шийтгэл ногдуулсан. Хохирлын хэмжээ бага тул Эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй гэж мэдэгдсэн. Х.Еын машинд “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээгээр 2 349 000 төгрөгийн хохирол учирсан. Үүнд машины урд гэрэл нүүр хагарч цуурсан, баруун урд шанаа лонжром нугарч чихэгдсэн, зүүн урд крыло хонхойж зурагдсан, урд караз нугарч чихэгдэн хунирсан, капут, баруун урд гэрэл, баруун крыло, радиатар, буферийн дотор төмөр, нүүр сетка, усны сав, буферийн тогтоогч зэрэг эд зүйл дахин янзалж, засч ашиглах боломжгүй, шинээр тавихад хүргэсэн.

Б.Б нь Х.Етай ярьж машинаа засуулж бай, хохирлыг төлж барагдуулна гэж хэлсэн боловч маргааш нөгөөдөр гэсээр сүүлдээ утсаа авахгүй зугтдаг болсон. Х.Е нь машинаа засуулахын тулд зээл авч засуулсан боловч Б.Б хохирлоо барагдуулаагүйн улмаас бусдаас авсан зээлээ төлөх боломжгүйд хүрч байна. Иймд хариуцагч Б.Бас машинд учирсан хохирол болох 2 349 000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн хөлс 110 000 төгрөг, осол болсон газраас тээврийн хэрэгслээ засварын газарт хүргүүлэхэд ачилтын компанид төлсөн төлбөр 140 000 төгрөг, бичиг баримт нотариатаар баталгаажуулсан 19 500 төгрөг, нийт 2 674 500 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлд үнэлгээний хөлс 110 000 төгрөг, ачилтын 60 000 төгрөг нийт 2 538 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б нь “Номтын цохио” ХХК-д ажилладаг бөгөөд тухайн үед ажил үүргээ гүйцэтгэж явсан. Нэхэмжлэгч хурдтай явж байгаад мөргөсөн байдаг. Автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээнээс “Номтын цохио” ХХК-ийн эзэмшлийнх болох нь харагдана. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг баримтлан Б.Бас 2 515 000 төгрөгийг гаргуулж Х.Еад олгож, нэхэмжлэгчийн 23 500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 55 190 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчээс төлсөн 56 000  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан уг тээврийн хэрэгслийг эзэмшиж явсан этгээд /жолооч/ хариуцан төлөх”-өөр заасан тул хохирлыг хариуцагч Б.Бд хариуцах нь зүйтэй байна гэж үзсэн боловч Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэл/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан. Тээврийн хэрэгслийн эзэмшигч “Номтын цохио” ХХК-ийн ажилтан Б.Бас гаргуулж байгаа нь шүүх хуулийг буруу хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийн зүйл заалтыг үнэлээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчиж шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, үндэслэл болгосон баримтыг буруу үнэлсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн боловч хууль хэрэглээний хувьд шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Нэхэмжлэгч Х.Е нь хариуцагч Б.Бд холбогдуулан зам тээврийн ослын улмаас автомашинд учирсан гэм хорын хохирол, бусад зардалд нийт 2 538 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Б.Б нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хьюндай соната 2 загварын 77-41 УНО улсын дугаартай автомашин жолоодон нэгдүгээр эгнээнээс буцаж эргэх үйлдэл хийхдээ Замын хөдөлгөөний дүрмийн 7.8, 25.7.2-т заасныг зөрчин, хоёрдугаар эгнээгээр хойноос урагш чиглэлд явж байсан Тоёота премио загварын 26-76 БӨА улсын дугаартай автомашиныг мөргөж, зам тээврийн осол зөрчил гаргасан үйл баримт тогтоогдсон талаарх шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Дээрх зөрчлийн улмаас нэхэмжлэгч Х.Ерэнгайпын эзэмшлийн автомашинд учирсан хохирлын талаар “Ашид билгүүн” ХХК үнэлгээ хийж, техникийн эвдрэлийн үнийн дүнг нийт 2 349 000 төгрөг болохыг тогтоож, түүнд үндэслэн нэхэмжлэлийн үнэ тодорхойлогдсон ба бусад зардлыг нэхэмжлэгч нэмж тооцсон байна.

 

Хариуцагчийн хувьд тээврийн хэрэгслийн эзэмшигч нь “Номтын цохио” ХХК бөгөөд тухайн үед компанийн ажил үүргийг гүйцэтгэж явсан тул хохирлыг хариуцахгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан үндэслэлээ тайлбарлажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Б.Бас гэм хорын хохирол төлбөрийг гаргуулж шийдвэрлэсэн нь зөв боловч Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсгийн заалтыг “тээврийн хэрэгслийг ашиглах явцад учирсан гэм хорыг уг тээврийн хэрэгслийг эзэмшиж явсан этгээд /жолооч/ хариуцан төлөх”-өөр заасан гэж хуулийг агуулгын хувьд буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Тухайн тээврийн хэрэгсэл нь хариуцагч Б.Бямбын эзэмшлийн бус, өөр эзэмшигчийн нэрээр бүртгэлтэй байгаа нөхцөлд тээврийн хэрэгслийн эзэмшигчийн гэм хорын хариуцлагыг тогтоосон хуулийн дээрх заалт хамаарахгүй бөгөөд тэрээр тээврийн хэрэгслийг ашиглахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай этгээд болох жолоочийн хүлээх хариуцлагын хувьд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийг ашиглаж явсан жолооч өөрийн хууль зөрчсөн шууд буруутай үйлдлийн улмаас бусдад гэм хор учруулсан бол түүнийгээ нөхөн төлөх үүрэгтэй тул энэ агуулгаар шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн хариуцагч нь зам тээврийн осол зөрчил гаргах үед “Номтын цохио” ХХК-ийн ажил үүргийг гүйцэтгэж явсан гэх боловч энэ талаар нотлох баримт гаргаагүйн гадна, нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь тээврийн хэрэгсэл эзэмшигч, эсхүл ажил олгогчид холбогдуулсан шаардлага биш байна. Бусдын хууль бус үйлдлийн улмаас өөрт нь гэм хор учирсан этгээд буюу тээврийн хэрэгслийн эзэмшигчид, эсхүл гэм буруутай этгээдэд холбогдуулан шаардлага гаргах эрхээ өөрөө сонгон хэрэгжүүлэх боломжтой, хуулиар хязгаарлалт тавиагүй болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2017/02462 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “499 дүгээр зүйлийн 499.1” гэснийг хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

            ШҮҮГЧИД                                                       Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                    Т.ТУЯА