Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1164

 

 

 

 

 

 

 

       2022         09          20                                        2022/ШЦТ/1164

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Д.Эрдэнэчимэг,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.П-,

иргэний нэхэмжлэгч Ж.П-,

шүүгдэгч М.Ч- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ч-ад холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 7 сарын 08-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

  Биеийн байцаалт:

     Монгол Улсын иргэн, ... суманд төрсөн, 25 настай, эрэгтэй,  дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ..., цагдаагийн дэслэгч цолтой, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, ...  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

     Боржигон овогт М.Ч (регистрийн дугаар:аи9609...).

 

  Холбогдсон хэргийн утга:

  Шүүгдэгч М.Ч- нь 2022 оны 4 сарын 23-ны өдрийн 16 цаг 20 минутын орчим “Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны Эмээлтийн замд T.Prius маркийн ... УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4-р заалтын тээврийн хэрэгслээр давахыг хориглоно гэсэн тэмдэглэлийг зөрчсөний улмаас Toyota Harrier маркийн ... УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, насанд хүрээгүй зорчигч Б.Б-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 295 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.

 

2. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

4. Шүүх хуралдаанд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон.

5. Шүүгдэгч М.Ч- нь “T.Prius” маркийн ... УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4-р заалт буюу “...1.3 ...тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно...” гэснийг зөрчин давж эргэсний улмаас Б.Б-ы жолоодож явсан “Toyota Harrier” маркийн ... УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, машинд зорчин явсан насанд хүрээгүй зорчигч Б.Б-гийн эрүүл мэндэд хүндэвтэр, мөн насанд хүрээгүй зорчигч Б.Х-, Р.Х- нарын  эрүүл мэндэд хөнгөн хохирол, Б.Б-ы автомашинд 7,901,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 5.1. 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 7-20 хуудас),

 

 5.2. Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 24-26 хуудас),

 

 5.3. Насанд хүрээгүй хохирогч Б.Б-гийн “...2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 15 цагийн орчим аав маань Баянгол дүүргийн 2 дугаар хороо 43 байрны гаднаас дүү Б.Хишигтэн, ах Б.Мөнх-Учрал, үеэл эгч Хонгорзул бид нарыг ирж аваад Төв аймгийн Баянцогт сум руу эмээ, өвөөгийнд очихоор Улаанбаатар хотоос хөдөлсөн. ...Аавын хажуугийн суудалд бага дүү Б.Хишигтэн ганцаараа суугаад хамгаалах бүс зүүсэн. Арын суудлын зүүн талд ах Б.Мөнх-Учрал баруун талд буюу голд суугаад миний баруун талд үеэл эгч Хонгорзул суугаад хамгаалах бүсээ зүүгээд аав маань машинаа жолоодоод цаашаа хөдлөөд явсан. Эмээлтийн замд явж байтал улаан өнгийн авто машин гэнэт бид нарын машины урдуур орж ирэхэд аав маань тухайн машины дагуулж дарсан боловч машины урд хэсгээр мөргөөд зогссон. Тухайн үед би голд сууж явсан ба жолооч талын суудлын араас нь цээжний баруун хэсгээрээ мөргөх гэхээр нь би баруун гараараа тулаад баруун гар өвдөөд эхэлсэн. Би машинаас буугаад баруун гараа хөдөлгөж чадахаа байсан. Удалгүй эмч ирж үзээд миний эгэм хугарсан байна гээд үеэл эгч Хонгорзул бид хоёрыг машинд суулгаад эмнэлэг рүү хүргэхээр аваад явсан. ...Ах маань машинаас түрүүлж буусан. Тухайн үед бага дүүгийн маань хамраас цус гараад үеэл эгч Хонгорзулын нүүрнээс цус гараад миний баруун гар өвдөөд мөрний орчим нэг яс товойгоод гараад ирсэн байсан ба бид нар бүгд уйлж орилсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 хуудас),

 

5.4. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.П-гийн “... 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 16 цаг өнгөрч байхад хүү Б.Мөнх-Учрал над руу залгаад зам тээврийн ослын талаар хэлэхээр нь гэмтлийн эмнэлэг рүү орой 18 цаг өнгөрч байхад очиход хүүхдүүд маань бүгд гэмтлийн эмнэлэг дээр ирчихсэн үзүүлж байсан. Охин Б.Б-гийн баруун эгэм хугарсан байна гээд ивээс тавьж сойсон. Хүүхдүүдийн толгойны томографийн зураг авхуулсан. Дүү Р.Хонгорзулын дотор муухай оргиод байна гээд шууд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 47-50 хуудас),

 

5.5. Иргэний нэхэмжлэгч Ж.П-гийн “... 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 16 цаг өнгөрч байхад хамаатан Батсайхан над руу залгаад Эмээлтийн замд явж байтал машин ирээд мөргөсөн, хүүхдүүдийн биеийн байдлын талаар хэлээд ирэх боломжтой байна уу гэхээр нь би ажлаасаа чөлөө аваад гэмтлийн эмнэлэг дээр очиход охин Р.Хонгорзул, Батсайханы охин Б.Б- нар 103-ийн машинаар ирсэн бөгөөд охиныг маань эмч үзээд цээж хэвлийн хавсарсан тасагт хэвтэх шаардлагатай гээд тэр өдрөө шууд эмнэлэгт хэвтээд 5 хоног эмчилгээ хийлгээд эмнэлгээс гарсан. ...Манай охин осолд орохоос өмнөх өдөр буюу 2022.04.22-ны өдөр хамаатан Батсайханы гэрт очиж хоноод маргааш нь Төв аймгийн Баянчандмань сум руу өвөө, эмээгийндээ очихоор тэднийхэнтэй хамт машинд нь суугаад явж байсан ...Ойролцоогоор 800 орчим мянган төгрөгийн зардал гарсан.  Зарим баримтуудыг нь аваагүй. ...Охиныхоо эмчилгээнд гарсан зардлыг нэхэмжилж байна. Мөн тухайн өдөр охиныгоо зам тээврийн осолд орж, эмнэлэгт 5 хоног хэвтэн эмчлүүлэхэд нь ажлаасаа цалингүй чөлөө авсан. Тийм учраас 5 хоногийн цалингаа буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-36 хуудас),

 

5.6. Иргэний нэхэмжлэгч Ж.Б-ы “...2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Эмээлтийн төв зам дээр болсон ослын улмаас шалтгаалан хүүхдийн болон тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Мөн тухайн осол гарсан шалтгаан нөхцөлийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56-57 хуудас),

 

5.7. Насанд хүрээгүй гэрч Р.Х-ын “...Би хотоос гарч явахдаа унтаж явсан бөгөөд 22-ийн товчоогоор гарахад сэрээд цаашаагаа нойрмоглоод явж байтал гэнэт улаан өнгийн машин жолооч талын урд хэсгээр тухайн улаан өнгийн авто машинтай мөргөлдсөн учраас Батсайхан ахын хаалга нь онгойхгүй хаалгаа онгойлгох гэж байх зуур машины зүүн хойд талын хаалгаар Мөнх-Учрал түрүүлж буусан. Тэгэхэд нөгөө улаан өнгийн машины жолооч бид нарын машин дээр ирээд Мөнх-Учралыг жолоо барьж явсан гэж ойлгоод чи яаж машин бариад байгаа юм бэ гээд уурлаад байсан. Тухайн үед жолоочийн хажуугийн суудалд явсан дүү Б.Хишигтийн хамраас цус гараад Батсайхан ах машиныхаа жолоочийн хаалгыг түлхэж онгойлгоод машинаас бууж машины урдуур тойрч гараад дүү Б.Хишигтийг машинаас буулгаад хамар, амыг нь арчаад улаан өнгийн машины жолоочтой уулзсан. Тэр үед дүү Биндэръяа бид хоёр машинаас буухад дүү Б.Б- баруун мөр эвгүй болчихлоо нэг яс товойгоод гараад ирлээ гээд гар хөдлөхгүй байна гээд уйлаад байсан. ... Гэмтлийн эмнэлгийн цээж, хэвлий хавсарсан тасагт 5 хоног хэвтэн эмчлүүлээд эмнэлгээс гарсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 хуудас),

 

5.8. Насанд хүрээгүй гэрч Б.У-ын “...Сонгинохайрхан дүүрэг эмээлтийн замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд 2 дугаар эгнээгээр зорчиж явтал 1 дүгээр эгнээд зорчиж явсан улаан өнгийн тоёота приус 41 маркийн авто машин ямар нэгэн гэрэл дохио өгөхгүй нөгөө талын урсгал руу орохоор бид нарын урдуур орж ирэхэд нь аав маань машинаа зүүн гар тийш буюу тухайн машины эргэж байсан тал руу нь дарсан боловч амжилтгүй авто машиныхаа урд хэсгээр мөргөөд зогссон. ...бага дүү Б.Хишигтийг эмч үзээд хамрын яс нь хугарсан байна. Эцэг, эхтэйгээ гэмтлийн эмнэлэгт үзүүлээрэй гэж хэлээд дүү Б.Б-гийн баруун эгэм хугарсан байна, үеэл Хонгорзул машины хаалганы шил мөргөсөн гээд толгойд нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай гээд дүргэн тусламжийн машин тэр хоёрыг аваад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-44 хуудас),

 

5.9. Гэрч Л.О-ны “...Миний зүгээс мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. ...2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр би нөхөртөө хүүхэдтэйгээ агаар салхинд гармаар байна гэж хэлж, гуйж байгаад цагийг нь тодорхой санахгүй байна өдөр Хүй долоон худаг орохоор нөхөр М.Ч- 96-62 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодон жолоочийн эсрэг талын урд суудалд би суугаад хүү маань хойд суудалд хадам дүү М.Хулангийн хамт сууж явсан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо  Эмээлтийн замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд 2 дугаар эгнээгээр зорчиж явсан ба би өөрийнхөө суудлын урд талд Номин дэлгүүрээс худалдан авсан ус, ундаа зэрэг зүйлүүдийг эмхэлж цэгцлээд хүү болон дүүдээ ус, ундаа авч өгөхөөр доошоо тонгойгоод явж байтал гэнэт миний сууж явсан талын урд хэсэг рүү түс хийж хүчтэй мөргөх чимээ гараад зогссон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 75-77, 79 хуудас),

 

5.10. Гэрч Б.Б-ийн “...Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Хаан төвийн хашаанд 2 давхар дүнзэн байшин барихаар хүмүүсийн хамт 2022.04.07-ны өдөр ирж байрлаад ажиллаж байгаа. ...байшингийн 2 давхрын шалан дээр хананы рам зангидаж байтал урд засмал зам дээр авто машин тоормозлох чимээ гарахаар нь зам руу цонхоор харахад улаан өнгийн T.Prius, ногоон цайвар өнгийн Toyota Harrier маркийн авто машинтай мөргөлдөөд зүгээр баруун урагшаа чиглэлтэй эсрэг урсгалд ороод бараг замаас гараад шороон дээр зогссон. Нөгөө улаан өнгийн T.Prius машин нь эсрэг урсгалд ороод баруун тийш харсан байдалтай зогсож байсан. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 80-82 хуудас),

 

5.11. М.Ч-ын яллагдагчаар өгсөн “...Уг зам тээврийн осол нь миний буруутай үйлдлээс болсон учраас дахин шинжээч томилуулах шаардлагагүй гэж ярилцаад прокурорын шатанд хүсэлтээ гаргаагүй. Өмнөх гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. ... хохирлыг төлж барагдуулна, гэм буруу дээр маргахгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 155-158 хуудас),

 

5.12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Чулуунсүхийн 2022 оны 04 сарын 28-ны өдрийн 6176 дугаартай “...Б.Б-гийн биед баруун эгэм ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, 2022.04.23-ны өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.  Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 94-95 хуудас),

 

5.13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Чулуунсүхийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 6178 дугаартай “...Б.Хишигтийн  биед хамар ясны далд хугарал, хамар, баруун хацар, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр 2022.04.23-ны өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 98-99 хуудас),

 

5.14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Чулуунсүхийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн 6174 дугаартай “...Р.Хонгорзулын  биед тархи доргилт, хэвлийн өмнөд ханын зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 102-103 хуудас),

 

5.15. Техникийн шинжээчийн 2022.05.23-ны өдрийн 05/19 дугаартай И.Базаррагчаа, Н.Мөнхзул, Д.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй гаргасан “...Toyota Harrier маркийн 24-50 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.Батсайхан нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна. Toyota Harrier маркийн 24-50 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Б.Б- нь МУ-ын  ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна. Toyota Prius маркийн 96-62 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Ч- нь МУ-ын  ЗХД-ийн 2 дугаар хавсралтын 1.4-р заалт буюу “...1.3-т “...тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно...” гэснийг зөрчсөн байна. Зам тээврийн осол гарахад замын орчин, байгалийн нөхцөл байдал нөлөөлөөгүй байна. Toyota Prius маркийн 96-62 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Ч- нь МУ-ын  ЗХД-ийн 2 дугаар хавсралтын 1.4-р заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон байна. Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд Toyota Harrier маркийн 24-50 УНИ улсын дугаартай автомашины хурдыг тогтоох боломжгүй байна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 135-136 хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

6. Жолооч М.Ч- нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.4-р заалтаар давахыг хориглосон тэмдэглэлийг зөрчин давж эргэж байгаа өөрийн үйлдлийг ухамсарлаж байсан түүний улмаас осол гарч хүний эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч /араас нь явсан машины хурдыг тооцолгүй замын тэмдэглэлийг давж эргэн осол гаргаж/ хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн болохыг, уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан зэргээс дүгнэлт хийхэд М.Ч-ын дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан.

7. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

8. Хохирол, хор уршгийн талаар:

8.1. Насанд хүрээгүй зорчигч нар болох Б.Мөнх-Ундрал, Б.Хишигтэн, Р.Хонгорзул, автомашины жолооч Ж.Батсайхан нарыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон, хохирол, хор уршгийн асуудлыг эрүүгийн хэргийн хамт шүүх шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасан шаардлагад нийцэж байгаа.

8.2. Иргэний нэхэмжлэгч Ж.Батсайханы тээврийн хэрэгслийн хохиролд “Вендо” ХХК-ний авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралтаар:  Toyota Harrier 2450 УНИ  улсын дугаартай авто машины хохиролд шууд 6,760,000, шууд бус 756,000 т, нийт зардлын дүн 7,145,000 т, үнэлгээгээр тогтоогдсон дүн 7,901,000 төгрөгийн хохирол учирсан” (хавтаст хэргийн 120-121 хуудас).

8.3. Хохирогч Б.Б-, иргэний нэхэмжлэгч Б.Мөнх-Ундрал, Б.Хишигт нарын эмчилгээнд 763,040 төгрөгийн зардал гарсан нь хэрэгт хавсаргасан баримтуудаар тогтоогдсон.

8.4. Хохирогч Б.Б-, иргэний нэхэмжлэгч Б.Мөнх-Ундрал, Б.Хишигт, Ж.Батсайхан нарын эрүүл мэнд, эд хөрөнгөнд учруулсан гэм хорын төлбөрт даатгалаас 5,000,000 төгрөг, шүүгдэгч М.Ч-аас дансаар 4,000,000 төгрөг нийт 9,000,000 төгрөг төлөгдсөн болохыг тогтоолд дурдах.

8.5. Иргэний нэхэмжлэгч Р.Хонгорзулын эмчилгээний зардлын 1,259,318 төгрөг, түүний хууль ёсны төлөөлөгч Ж.П-гийн хүүхэд асрахад зориулж цалингүй чөлөө авсны 320,000 төгрөг нийт 1,579,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тул уг төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж Ж.П-д олгох.

8.6. Иргэний нэхэмжлэгч Б.Хишигтийн хамрын гэмтлийн улмаас хийгдэх хагалгаа нь түүнийг зөвхөн 16 насанд хүрсний дараа хийгдэх тул уг гэмт хэргийн улмаас үүссэн хамрын хөнгөн гэмтэлтэй холбогдуулж мэс засалд ороход гарах зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

9. Эрүүгийн хариуцлагын талаар:

            9.1. Улсын яллагчаас шүүгдэгч М.Ч-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан.

 

            9.2. Шүүгдэгч: Прокурорын санал болгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна гэсэн.

 

            9.3. Шүүгдэгч М.Ч- нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлын эмчилгээний төлбөрийг төлсөн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг их биш, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хор уршгийг төлсөн, төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгч анх удаа  хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, ажил эрхэлдэг, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа түүний хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн санал болгосон 500 нэгжтэй тэнцэх торгох ялыг оногдуулах нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирно гэж шүүх үзсэн.

 

            10. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт М.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ч-ыг  500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг М.Ч--д үүрэг болгосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг М.Ч-ад мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалтад зааснаар М.Ч-аас 1,579,000 төгрөгийг гаргуулж, насанд хүрээгүй иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ж.П- “... тоотод оршин суух, утас 8801....”-д олгосугай.

 

6. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, шүүгдэгч М.Ч-аас насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.П-, иргэний нэхэмжлэгч Ж.Б нарт нийт 9,000,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

7. Иргэний нэхэмжлэгч Б.Х уг гэмт хэргийн улмаас үүссэн хамрын хөнгөн гэмтэлтэй холбогдуулж мэс засалд ороход гарсан зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.  

 

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

         9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч энэ тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ