Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1169

 

 

 

 

 

 

 

   2022            09             22                                     2022/ШЦТ/1169

 

     

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

       Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч Б.Энэрэл,

иргэдийн төлөөлөгч Х.Оюунчимэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Ц-,

шүүгдэгч О.Т-, түүний өмгөөлөгч Э.Ганбат, Б.Тэгшжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Т-т холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт, ... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Боржигин овогт О.Т (регистрийн дугаар:УП0223...).          

Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч О.Т- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр үүрийн 05 цаг 30 минутын орчим таксигаар үйлчлүүлж яваад Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 42 дугаар сургуулийн урд талд ... УНЧ улсын дугаартай “королла аксио” маркийн тээврийн хэрэгслийг зогсонгуут таксины мөнгө өгөхгүй, найзуудын хамт зугтах гэх үед жолооч Д.Б- барьж аваад таксины хөлсөө төл хэмээн маргалдаж түүнтэй ноцолдох үед  хар өнгийн эвхэгддэг хутгаар /тонгорог/ зүүн гарын бугалга хэсэгт нь 1 удаа, зүрхэн тус газар нь 1 удаа тус тус хутгалсны улмаас эрүүл мэндэд нь цээжний зүүн урд хэсгийн эгмийн дунд шугамаар 4, 5-р хавирганы түвшин дэх цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг, зүрхний зүүн ховдлыг нэвт хатган гэмтээсэн хатгагдсан шарх, зүүн бугалганы гадна урд дээд хэсгийн хатгагдсан шарх гэмтлүүдийг учруулж, амь насыг нь хохироон хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас:

          1.1. Улсын яллагч: 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 753 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд.  

1.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тэгшжаргал: Шүүгдэгч О.Т-ийн хувийн байдалтай холбоотой шүүхийн хэлэлцүүлэгт шинээр өгсөн 25 хуудас баримт.

1.3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Ц-: 3 хавтас 249, 4 хавтас 1-23 хуудас дахь нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан.

 

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат: Шинжлэн судлах нотлох баримтгүй гэсэн.

 

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

4.  Шүүх хуралдаанд шүүгдэгч О.Т- нь гэм буруугаа хүлээж байна гэсэн бол  түүний өмгөөлөгч нар шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлтэй маргахгүй, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон. 

 

5. Шүүхийн иргэдийн төлөөлөгч: Шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан.

 

6. Гэм буруутайд тооцох тухайд: Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд, шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбар, улсын яллагч, иргэдийн төлөөлөгчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч О.Т-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

 

7. Хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход: Шүүгдэгч О.Т- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр үүрийн 05 цаг 30 минутын орчим найзуудын хамт таксигаар үйлчлүүлж явахдаа Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 42 дугаар сургуулийн урд талд ... УНЧ улсын дугаартай Королла аксио маркийн тээврийн хэрэгслийг зогсонгуут арын суудалд байсан найзууд нь зугтах үед тэдний араас зугтаах гээд чадалгүй жолоочид баригдаж улмаар таксин дотор жолооч Д.Б-тай таксины хөлс мөнгөнөөс болж маргалдах үедээ хар өнгийн эвхэгддэг хутгаар /тонгорог/ зүүн гарын бугалга хэсэгт 1 удаа, зүрхэн тус газар нь 1 удаа тус тус хутгалчихаад зугтсан, хохирогчийн биед учирсан гэмтэл нь эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломж бага байсан тул хохирогч түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдээд нас барсан болох нь:

 

7.1. Иргэн И.Т-аас цагдаагийн байгууллагад 2022 оны 01 дүгээр сарын 13-ны шөнө 05 цаг 46 минутанд өгсөн “...манай хүү ... УБИ хар өнгийн машинтай явж байгаад 4 залууд хутгалуулчихлаа гээд орилоод байна...” гэсэн дуудлагын лавлагааны хуудас (1 хавтаст хэргийн 3 хуудас),

7.2. Иргэн Э.Б-ээс цагдаагийн байгууллагад 2022 оны 01 дүгээр сарын 13-ны шөнийн 05 цаг 46 минутад “...40 орчим насны хүн хэдэн залуучуудад хутгалуулчихлаа цагдаа дуудаад өгөөч гэнэ...” гэсэн дуудлагын лавлагааны хуудас (1 хавтаст хэргийн 4 хуудас),

7.3. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...хойд хаалгыг онгойлгон харвал машин доторх байдал цэвэр цэмцгэр байх бөгөөд цагаан эрээн суудлын бүрээс дээр ногоон өнгийн хүрээтэй, хар өнгийн гар утас байх тул эд мөрийн баримтаар хураан авав...” гэсэн  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээс  (1 хавтаст хэргийн 6-10, 11- 15, 24-29, 30-35, 16-23 хуудас),

7.4. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр “....Үзлэгийг үргэлжлүүлэн хийхэд 05 минут 27 секундэд бичлэг дээр гүйж буй 2 хүний араас нь ахин 1 хүний гүйж байгаа дүрс харагдаж байв. ... 01 минут 23 секундэд талбай урд талаас нэг хүний дүрс гарч ирсэн бөгөөд жижиг хэмжээтэй гэрэл хаоит ассан байв. ”  (1хавтаст хэргийн 58-65, 68-71 хуудас),

7.5. Бичлэг эхлээд 01 минут 21 секундэд сургуулийн урд барилгын буланд 1 хүний дүрс харагдсан бөгөөд 01 цаг 36 секундэд цаанаас ахин 3 хүний дүрс харагдах бөгөөд нийт 4 хүний дүрс болж хяналтын камерт бичигдсэн... . Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б-ын өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 13-ны шөнө гэртээ амарч байсан чинь 05 цаг 52 минутад хүү Д.Б- нь өөрийнхөө ... дугаарын утаснаас миний ... дугаар луу залгаад ааваа намайг хүн хутгалчихлаа гэж хэлэхээр нь би хүү Д.Б-ыг чи хаана байгаа юм бэ? гэж асуусан чинь хүү Д.Б- би Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо 42 дугаар сургуулийн үүдэнд байна гэж хэлэхээр нь би эхнэр Л.Н-гийн хамт шууд гэрээсээ гараад Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо ханын материал дээрээс такси бариад шууд 42 дугаар хороо сургуулийн урд талд очиход 103 түргэн тусламжийн машин хойд талын автобусны буудалд баруун тийш харсан байдалтай, харин миний хүү Батсайханы унаж байсан ... УБЧ улсын дугаартай машин ертөнцийн зүгээр баруун тийш харсан байдалтай асаалттай байсан. Тэгэхээр нь очсон чинь хүү Д.Б- ааваа миний машины түлхүүрийг 4 залуу булаагаад 42 дугаар сургуулийн хашааны зүг явсан гэж хэлээд машиныхаа жолооны хүрдний ард өөрийнхөө гараар зүрхнийхээ хэсэгт дараад сууж байсан. Тэгээд 103-ын эмч хүү Д.Б-ыг үзээд яаралтай Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү авч явна гэхээр нь би хүүгээ ээжийнх нь хамт явуулсан юм. Тэгээд хүүгийнхээ зааж өгснөөр машины түлхүүр аваад явсан гэх хүмүүсийн зүгт явсан чинь автобусны буудлаас зүүн хойд 50 метр зайд хүүгийн маань машины түлхүүрийн төмөр шар оосор байсныг цагдаа нарт хэлсэн. ...... УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би ... УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 09 дүгээр сард Магна профит энд инвестмент ББСБ ХХК-аас зээлээр авсан юм. ...2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 18 цагийн үед ...УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй халтуур хийх, таксинд явах зорилгоор гэрээсээ гарсан юм. ...Амь хохирогчийн машины түлхүүр хар өнгийн смарт түлхүүр байгаа юм. Би машины түлхүүрийг олоогүй... ” гэсэн мэдүүлэг (1 хавтаст хэргийн 111-112 хуудас),

7.6. Гэрч О.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд 42 дугаар сургуулийн хашааны урд шороон зам дээр такси зогссон чинь миний хоёр талд сууж байсан Тн Э хоёрыг нударсан чин Т машин хаалга онгойлгоод буугаад гүйхээр нь би машинаас буугаад миний араас Э буусан. Таксины урд талын суудал дээр Төгөлдөр үлдсэн. Тэгээд би Э Т хоёртой 42 дугаар сургуулийн хашаанд бага сургуулийн буланд уулзаад Төгөлдөрийг 8-10 минут хүлээсэн. ...жалга гардаг гүүррүү алхаад явж байсан чин Төгөлдөр гүйгээд ирж байсан. ...Т сая гараа хутгаар зүсчихлээ гэж хэлсэн. Эрдэнэбаяр өөрийнхөө халаасыг тэмтэрч үзээд миний гар утас байхгүй байна гэж хэлэхээр нь буцаж таксинаас буусан газарт очоод Э-ын гар утсыг хайсан чинь гар утас нь олдоогүй...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 117-119)

7.7. Гэрч Э.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Онон Тэмүүлэн хоёр машинаас гараад зугтаасан, тэгэхээр нь би машинаас гарч гүйгээд 42 дугаар сургуулийн том хаалганы хажууд Төгөлдөрийг хүлээгээд зогсож байхад Төгөлдөр гараа зүсчихлээ гээд хүрээд ирсэн. Би гар утсаа байхгүй гэдгийг мэдээд эргээд 42 дугаар сургууль руу буцаж очиж утсаа хайсан...” гэсэн мэдүүлэг (1 хавтаст хэргийн 119-121)

7.8. Гэрч О.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...бид 4 хоорондоо ярилцаж байгаад таксинд сууж толгойт орчхоод таксины мөнгө өгөхгүйгээр мурчихъя гэж тохироод... Машин зогсохоор нь би түрүүлж буугаад миний араас Онон дагаж буугаад бид хоёр 42 дугаар сургууль тал руу гүйсэн. Тэгээд гүйж байгаад амьсгаа авах гээд түр зогсоод эргээд харсан чинь ардаас Эрдэнэбаяр гүйж байсан, түүний араас Төгөлдөр гүйж байсан. Төгөлдөр хоёр гараа нийлүүлээд барьчихсан. Гар нь цус болчихсон байхаар нь гараа яачихсан юм бэ гэж асуухад гараа аваад хаячихлаа би гэррүүгээ явлаа гэж хэлээд алхаад яваад өгсөн... ” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 125-127 хуудас),

7.9. Гэрч М.О-ийн өгсөн /О.Т-ийн ээж/: “... 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн өглөө үүрээр 05 цагийн үед байсан байхаа намайг босоод толгой өвдөөд эм уух гээд байж байхад манай хүү О.Т- нь гаднаас орж ирээд намайг чимээгүй дуудаад ээжээ хүн намайг хутгалах гээд байхаар нь би хутгыг нь булаацалдаж байгаад өөрийнхөө гарыг зүсчихлээ гэсээр зүүн гарынхаа эрхий хурууны салааны хэсэгт нэлээн том зүсэгдээд ангайчихсан орж ирсэн юм. Тэгээд би хүүгээ аваад шууд гэмтлийн эмнэлэгт очиж гарт нь 4 оёдол тавиулж боолт хийлгэсэн, ...” гэсэн мэдүүлэг (1хавтаст хэргийн 131-132 хуудас),

7.10. Гэрч Т.Я-ын өгсөн: “...Манайд 2 төрлийн хутга байдаг. 2021 оны 12 сарын сүүлээр ажил дээрээ цэвэрлэгээ хийж байгаад хар өнгийн эвхэгддэг тонгорог олсон. Тэгээд ажлын ширээний текний арын тавиур дээр тавьсан байтал О.Онон орж ирээд хөөрхөн хутга байна гэж хэлээд надаас авсан. Төмөрнөөс нь гадагш татан онгойлгодог. Өөрөө дэлгэгдэх боломжгүй хутга байсан...” гэсэн мэдүүлэг (1хавтаст хэргийн 137-138 хуудас),

7.11. Гэрч Б.М-ын өгсөн: “..бид 2 түргэний машинаараа толгойтын 42 дугаар сургуулийн орчимд 05 цаг 57 минутад ирсэн. Очиход уг хутгалуулсан хүний машины хажууд цагдаагийн алба хаагч нар ирсэн байсан. ... Би уг залуугаас юу болсон талаар хэд хэдэн удаа асуусан. Та ямар зорилгоор хаашаа хэний хамт явж байсан бэ? таксинд явж байсан юм уу? гэж асуухад уг эрэгтэй тийм гэж хариулсан бөгөөд 4 залуу миний машинд суусан. Буухаа дөхүүлээд таксины мөнгөн дээрээс маргаан үүссэн. Тэгээд нэг нь намайг хутгалж, мөн машины түлхүүр авч зугтаасан. Зугтаахдаа миний машины түлхүүрийг хашаа руу шидсэн тухай хэлсэн. ... надад тодорхой хэлсэн зүйл байхгүй нэг нь хутгалсан л гэж хэлсэн. ...хурц үзүүртэй зүйлийн зүсэлтээс үүссэн шинэ шарх байсан. Ноцолдсон гэж огт хэлээгүй. Тухайн залуу нь маш том биетэй, цээж хэсгээрээ нэлээн махлаг байсан...” гэсэн мэдүүлэг (1 хавтаст хэргийн 141-142 хуудас),

7.12. Гэрч Э.Б-ий өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 05 цагийн үед гэр лүүгээ харих гээд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо 42 дугаар бүрэн дунд сургуулийн урд талын автобусны буудал дээр эгч Мөнхзулын хамт машин дотор сууж байхад ард нэг машин ирж зогсоод араас сигналдаад хажууд ирээд зогсоход би цонхоо онгойлгоод яасан бэ гээд асуухад нэг ах сая ахыг 4 залуу хутгалаад зугтаачихлаа түргэн дуудаад өг гэхээр нь би өөрийн 80167621 гэсэн дугаараас цагдаа, түргэн тусламжид дуудлага өгсөн. Тэгээд тэр ахаас юу болсон бэ гээд асуухад сая Хархорин дээрээс 20 гаран насны 4 согтуу залууг авсан юм. Тэр залуучууд Нарангийн гол орно гэж суусан. Замдаа таксиныхаа мөнгийг өгөхгүй хэрүүл маргаан хийгээд жолоочийн руль булаасан. ...” гэсэн мэдүүлэг (1хавтаст хэргийн 150-151 хуудас)

7.13. Гэрч У.Х-ийн өгсөн: “...2022.01.13-ны өглөөний 07 цагийн орчим гэртээ унтаж байтал найз залуу болох О.Т- над руу өөрийнхөө 86663183 тоот дугаараасаа залгаад “би ээжийнхээ хамт ГССҮТ дээр байна. Ирээд аваач гэж хэлсэн. Тэгэхээр нь би яваад очиход гартаа оёдол тавиулсан юм гээд зогсож байсан. Тэгээд ээжтэй нь бид 3 эмнэлгээс гараад ээжийнх нь унаатай хөдөлсөн. Ээж нь бид хоёрыг Саппоро дээр буулгаад явсан. Харин бид хоёр такси бариад гэрт ирсэн. Гэрт ирээд би шууд ажилдаа явсан. Харин Төгөлдөр унтаж амарна гээд үлдсэн. Төгөлдөр надад хэлэхдээ өөрийгөө хамгаалах гэж байгаад гараа зүссэн талаар ярьсан. Гэхдээ яг хэнээс хамгаалаад гараа зүссэн тараар хэлээгүй. ...Би Төгөлдөрт ажилдаа явлаа гээд шууд гэрээс гарсан. Тэгээд өдрийн 12 цагийн орчим ажил дээрээ байж байтал цагдаа нар ирээд намайг дагуулж гэрт ирээд Төгөлдөрийг аваад явсан...” гэсэн мэдүүлэг (1хавтаст хэргийн 154-155 хуудас)

7.14. Гэрч Н.Д-ийн өгсөн: “...3758 улсын дугаартай хар өнгийн жижиг суудлын машин дотор 40 орчим насны махлагдуу эрэгтэй саяхан хар хорин захын орчмоос такси барьсан 4 хүн намайг хутгалчхаад 42 дугаар сургуулийн зүг гүйгээд явчихлаа гээд жолооны хүрдний ард суудал дээрээ хойшоогоо налсан амьсгал нь түргэссэн бараг ярьж чадахгүй шахуу болчихсон байсан. ...би хэргийн газар хошууч Доржбатын хамт очихдоо цагдаагийн алба хаагчийн энгэрийн камераар бичлэг хийж бэхжүүлж авсан бичлэг нь камер дээр байгаа...” гэсэн мэдүүлэг /1хавтас 157 дугаар тал/

7.15. Гэрч Э.М-ын өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 12-ноос 2022 оны 01 дүгээр сарын 13-нд шилжих шөнө ГССҮТ эмнэлэгт резидент эмчээр ажиллаж хоносон. 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өглөө 06:30 минутад үзлэг-2 өрөөнд өвчтөн үзэж байхад Төгөлдөр гэдэг залуу баруун гараа цагаан уян бинтээр ороосон байдалтай байсан. ... Тэгээд шархыг харахад баруун гарын эрхий хуруу цус болсон байсан. ... Төгөлдөрийн шархыг хараад оёдол тавих шаардлагатай гэж хэлэхэд Төгөлдөр оёдол тавиулахгүй гэж хэлсэн. Төгөлдөрийн оёдол тавиулахгүй юм бол ядаж боолт хийлгэ гэж хэлээд шархыг цэвэрлээд боолт хийж өгсөн. Боолтыг сувилагч хийсэн. Би энэ хооронд эмчилгээ үйлчилгээнээс татгалзах хуудсыг авчрахаар амилахуйн өрөө рүү орсон. Эмч Нямсүрэнд Төгөлдөр шархандаа оёдол тавиулахгүй гэж байна гэдгийг танилцуулсан. Тэгээд эргээд үзлэг 2 дээрээ очиход байхгүй байсан. Тэгээд байж байхад 1, 2 цагийн дараа Төгөлдөртэй хамт явж байсан эмэгтэй орж ирээд Төгөлдөрт оёдол тавиулахгүй явуул хэр эрсдэлтэй вэ гэж асуухаар нь баруун гарын эрхий хуруунд заавал оёдол тавих шаардлагатай оёдол тавиулбал хурдан эдгэрнэ гэж хэлсэн. Тэгээд тэр эмэгтэй эргэж яваад Төгөлдөрийг авчраад баруун гарын эрхий хуруунд 3-н оёдол тавьсан. Тэгээд Төгөлдөрт зөвлөгөө өгөөд явуулсан. ... Төгөлдөртэй харьцаж ярихад амнаас нь архины эхүүн үнэр үнэртэж байсан тул “согтууруулах ундаа хэрэглэсэн үү” гээд асуухад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (1хавтаст хэргийн 171-173 хуудас),

7.16. Гэрч Н.М-ийн өгсөн: “... Үүрийн 06 цаг 30 минутад 103-аар цээжиндээ хутгалуулсан шархтай хүн ирсэн. Уг хүнийг яаралтайгаар амилахуйн өрөөнд оруулсан. Уг шархыг харахад зүүн хөхний товчны хажууд 4-5-р хавирганы түвшинд 2 см урттай зах ирмэг нь тэгш шарх байсан. Тэгээд мэдээ алдалт хийж шархны гүнг багажаар шалгахад гаднаас дотогш чиглэсэн гүн нь тодорхойлогдох боломжгүй байсан тул ахлах эмч Ц.Цэнд-Очирыг дуудаж дахин багажаар шалгахад 8 см орчим гүн нэвтэрсэн цээжний хөндийд нэвтэрсэн байсан. Яаралтай журмаар мэс засалд орох шаардлагатай гэж үзэж эрчимт эмчилгээний тасагт өвчтөний түүх нээж 06:50 минутад шилжүүлсэн. ...Тухайн цаг хугацаанд Д.Б-д эрүүл мэндийн тусламж үзүүлж байсан. Энэ үед манай резидент Мягмарбуд орж ирээд хуруундаа шархтай хүн нэрийг нь Төгөлдөр гэж хэлж байсан. Шархандаа оёдол тавиулахгүй уурлаад гарлаа гэж танилцуулахаар нь осол гэмтлийг тохиолдлыг бүртгэх хуудсанд эмнэлгийн тусламж авахаас татгалзсан гэж хаасан. ...” гэсэн мэдүүлэг (1хавтаст хэргийн 175-177 хуудас),

7.17. Гэрч Б.Д-ын өгсөн: “...Миний бие цагдаагийн ахлах ахлагч Н.Даваадоржийн хамт машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. ... Тэгээд 42 дугаар сургуулийн урд ирэхэд хар өнгийн тээврийн хэрэгсэл дотор 40 орчим насны эрэгтэй хүн хутгалуулсан байдалтай байсан ба хажууд нь 80167621 гэсэн дугаараас дуудлага өгсөн хүн, нэг эмэгтэй хүний хамт зогсож байсан. ...надад хэлэхдээ “би хар хорин дээрээс 4 хүн аваад 42 дугаар сургууль дээр иртэл мөнгөө өгөлгүй зугтаагаад явлаа. Зугтаахдаа нэг нь намайг хутгалж машины түлхүүр булаацалдаад аваад явчихлаа, ...” гэсэн мэдүүлэг (1хавтаст хэргийн 180-181 хуудас),

7.18. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Энхбаярын гаргасан 341 дугаартай: “...талийгаач Д.Б-ы цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний зүүн урд хэсгийн эгмийн дунд шугамаар 4, 5-р хавирганы түвшин дэх цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг, зүрхний зүүн ховдлыг нэвт хатган гэмтээсэн хатгагдсан шарх, зүүн бугалганы гадна урд дээд хэсгийн хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр амьд ахуйд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүдээс цээжний зүүн урд хэсгийн эгмийн дунд шугамаар 4, 5-р хавирганы түвшин дэх цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг, зүрхний зүүн ховдлыг нэвт хатган гэмтээсэн хатгагдсан шарх нь гэмтлийн хүнд зэрэгт, зүүн бугалганы гадна урд дээд хэсгийн хатгагдсан шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Задлан шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдоогүй болно. Талийгаач Д.Б- нь цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг, зүрхний зүүн ховдлыг нэвт хатган гэмтээсэн хатгагдсан шарх гэмтэл нь эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломж багатай гэмтэл бөгөөд талийгаач уг гэмтлийн улмаас зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. Задлан шинжилгээгээр эсэргүүцэн тэмцэлдсэн гэхээр ул мөр тогтоогдоогүй болно. Талийгаач Д.Б- нь АBO системээр /III/ бүлгийн цустай байжээ. Талийгаач Д.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна. Талийгаач нь 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өглөө 07 цаг 50 минутад нас баржээ...” гэсэн дүгнэлт (2 хавтаст хэргийн 74-79 хуудас)

7.19. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Энхбаярын гаргасан 1774 дугаартай  “...О.Т-ийн зүүн гарын эрхий хуруунд зүсэгдсэн шарх гэмтэл учирсан нь тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (2 хавтаст хэргийн 177-178 хуудас)

7.20. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Галбадрахын гаргасан 373 дугаартай: “...шинжилгээнд ирүүлсэн хар бор хүрэм 33 мм, хар саарал цамц 20 мм, 10 мм хэмжээтэй хурц иртэй зүйлтэй нэг удаа үйлчлэх үед үүссэн шинэ зүсэгдэлт, хар бор хүрэм 80 мм хэмжээтэй татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ урагдсан гэмтлүүдтэй байна...” гэсэн дүгнэлт (2 хавтаст хэргийн 231-236 хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

8. Дүгнэн үзвэл, амь хохирогчийн цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг, зүрхний зүүн ховдлыг нэвт хатган гэмтээсэн хатгагдсан шарх гэмтэл нь эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломж багатай гэмтэл болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, талийгаач уг гэмтлийн улмаас зүрх судасны хурц дутагдалд орж амь насаа алджээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгчээс хохирогчийн цээжин тус газар хутгалсан үйлдлийн шууд шалтгаант холбоогоор үхэлд хүргэсэн.

 

9. Шүүгдэгч О.Т- нь амь хохирогчийг хутгалж буй хууль бус үйлдлээ ухамсарлан мэдэж, хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн буюу гэм буруугийн шууд бус санаатай хэлбэрээр үйлдсэн.

 

10. Шүүгдэгчийн хувьд хүнийг алах санаа, сэдэл урьдаас бий болсон, төлөвлөж үйлдсэн шинж байдал байхгүй бөгөөд хохирогчтой автомашин дотор ноцолдох явцдаа өөрийн биед хутга байгааг санаж хутгалсан үйлдэл нь гэнэт үүссэн санаа гэж үзнэ.

 

11. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд О.Т-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийн шинжийг хангасан тул гэм буруутайд тооцож, энэ талаарх улсын яллагч, иргэдийн төлөөлөгч нарын гэм буруутай гэх дүгнэлтийг хүлээн авч эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

12. Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал:

12.1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Дэлгэрбаяраас нийт 22,991,250 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч О.Т- 35,000,000 төгрөг төлсөн нь баримтаар нотлогдсон.

12.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Ц-гоос: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Дэлгэрбаярын хохирол, төлбөр төлөгдсөн, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно. ( 4 хавтаст хэрэг шүүх хуралдааны тэмдэглэлээс)

12.3. Иймд шүүгдэгч О.Т-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

12.4. Хэдийгээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Дэлгэрбаяр нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх боловч амь хохирогч Д.Б- хоёр хүүхэдтэй бөгөөд  хүү Тэмүүлэн 5 настай, хүү Нямдорж 15 настай болох нь тэдгээрийн төрсний гэрчилгээний  хуулбар (4 хавтаст хэргийн 26-27 хуудас)-аар тогтоогдож байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй.

12.5. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар өв залгамжлагч нь насанд хүрээгүй хүүхдүүдэд гэм хор учруулсны төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тогтоолд нээлттэй тусгах нь зүйтэй.

 

13. Эрүүгийн хариуцлагын талаар:

13.1. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан.

13.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тэгшжаргал, Э.Ганбат нар эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байгаа, хохирол төлбөр төлсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хувийн байдлын хувьд 19 настай, сургуулийн биеийн тамир, спортын тэмцээн уралдаанд идэвхтэй оролцож удаа дараа тэрүүн болон шагналт байрууд эзэлж байсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар ялыг хөнгөрүүлж, нээлттэй дэглэмд эдлүүлж өгнө үү гэсэн санал гаргасан.

13.3. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 111 дугаартай: “...О.Т- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. О.Т- нь болж өнгөрсөн үйл явдлыг үнэн зөвөөр тусган илэрхийлж мэдүүлэг өгөх чадвартай байна. О.Т-ийн хэл ярианы хөгжил, сэтгэн бодох чадвар нь хэвийн байна. О.Т- нь гэмт хэрэг үйлдэгдэх үед болон үйлдэгдсэний дараа сэтгэл санааны цочрол болон сэтгэцийн ямар нэгэн өвчтэй болсон гэх шинж тэмдэг илрээгүй байна. О.Т- нь хэрэг үйлдэх үедээ болон үйлдсэний дараа өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинжийг ухамсарлан ойлгож удирдан жолоодох чадвартай байсан байна. О.Т- нь гэмт хэрэг үйлдэх үедээ санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй байна...” гэсэн дүгнэлт (3 хавтаст хэргийн 35-37 хуудас)-ээр шүүгдэгч О.Т- нь хэрэг хариуцах чадвартай, сэтгэцийн байдлын хувьд ял шийтгэл эдлэхэд харшлах өвчин, эмгэггүй болохыг тогтоосон.

13.4. Шүүгдэгч О.Т- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохиролд 35,000,000 төгрөг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

13.5. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд шүүгдэгч нь согтуурсан үедээ үйлдсэн, үл ялих зүйл болох таксины төлбөр төлөхгүй зугтаах гэсэн асуудлаар маргалдан хүний амь хохирооход хүрсэн, учирсан хор уршиг их, хувийн байдлын хувьд урьд ял шийтгүүлж байгаагүй, гэм буруугаа хүлээж, ойлгож гэмшиж байгаа зэргийг харгалзан үзлээ.

13.6. Хэдийгээр шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, харамсаж буйгаа илэрхийлсэн, хохирол, хор уршгийн төлбөрийг төлж барагдуулсан боловч үл ялих зүйлээр шалтаглан хүнийг алсан, уг гэмт хэргийн хохирол болох хүний амь насыг мөнгөөр нөхөн тооцох боломжгүй зэргийг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгч нарын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялын доод хэмжээ болох 8 жилээс бага ял оногдуулах дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

13.7. Шүүгдэгч О.Т-т  ял оногдуулахдаа дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 08 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүний насны болон хувийн бусад байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх  бүрэлдэхүүн шийдвэрлэсэн

 

14. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

14.1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дараах эд зүйлсийг эзэмшигч нарт нь буцаан олгохоор шийдвэрлэв.

14.1.1. Цэнхэр өнгийн айфоне загварын гар утас 1 ширхэг, хар өнгийн куртик 1 ширхэг, хар өнгийн түлхүүр 1 ширхэг, улаан, хар өнгийн чип 2 ширхэг,  хар өнгийн малгайтай цамц 1 ширхэг, хар өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, шар өнгийн үдээстэй хар өнгийн хос пүүзэн гутал 1 ширхэг, хар өнгийн куртик 1 ширхгийг О.Т-т.

14.1.2. Хар ногоон өнгийн малгайтай куртик 1 ширхэг, хүрэн улаан өнгийн малгайтай цамц 1 ширхэг, хар өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн үдээсгүй хос пүүз 1 ширхгийг О.Тэмүүлэнд.

14.1.3. Хар өнгийн куртик 1 ширхэг, саарал өнгийн малгайтай цамц 1 ширхэг, хар өнгийн даавуун өмд 1 ширхэг, цагаан өнгийн улаа оруулгатай хос пүүз 1 ширхэг, цэнхэр өнгийн самсунг загварын гар утас 1 ширхгийг Э.Эрдэнэбаярт.

14.1.4. Шар үстэй хар өнгийн куртик  1 ширхэг, хар өнгийн малгайтай цамц 1 ширхэг, хар малгай 1 ширхэг, хар өнгийн жинсэн өмд 1 ширхэг, цагаан өнгийн хар оруулгатай хос пүүз 1 ширхгийг О.Ононд тус тус буцаан  олгох.

14.2. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дараах эд зүйлсийг устгахаар шийдвэрлэв.

14.2.1. Түлхүүр 5 ширхэг, шаргал өнгийн түлхүүрийн оосор 1 ширхэг, цагаан өнгийн цустай боолт 1 ширхэг, цэнхэр өнгийн цаасан уут 1 ширхэг, цустай цэнхэр өнгийн маск 1 ширхэг, хар өнгийн эвхэгддэг хутга 1 ширхгийг устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэх.

14.3. Хэрэгт хавсаргагдан ирсэн 2 ширхэг үс, хэргийн газраас илрүүлсэн гарын мөр 4 ширхэг, О.Т-ийн гарын арчдас 2 ширхэг, хумс 10 ширхэг, Э.Эрдэнэбаярын гарын арчдас 2 ширхэг, хумс 10 ширхэг, О.Тэлмүүний гарын арчдас 2 ширхэг, хумс 9 ширхэг, О.Ононгийн гарын арчдас 2 ширхэг, хумс 10 ширхэг, хэргийн газраас бэхжүүлсэн хөвөнд шингээсэн цусны дээж 6 ширхэг, амь хохирогч Д.Б-ы гарын хумс 10 ширхэг, дүрс бичлэгүүд бүхий 4 ширхэг компакт диск зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах.

14.4. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Дэлгэрбаяр 35,000,000 төгрөг хүлээлгэн өгсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурдах.

15. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн 2022.01.13-01.15-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан 48 цаг буюу 02 хоног, 2022.01.17-ны өдрөөс 2022.09.22-ны өдрийг хүртэлх 248 хоног, нийт цагдан хоригдсон 250 /хоёр зуун тавин/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцох.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Боржигин овогт О.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Т-ийг 08 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар О.Т-ийн 2022.01.13-01.15-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 48 цаг буюу 02 хоног, 2022.01.17-09.22-ны өдрийг хүртэлх 248 хоног нийт цагдан хоригдсон 250 /хоёр зуун тавин/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар түлхүүр 5 ширхэг, шаргал өнгийн түлхүүрийн оосор 1 ширхэг, цагаан өнгийн цустай марль 1 ширхэг, цэнхэр өнгийн цаасан уут 1 ширхэг, цустай цэнхэр өнгийн маск 1 ширхэг, хар өнгийн эвхэгддэг хутга 1 ширхгийг устгуулахаар тус шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дараах эд зүйлсийг эзэмшигч нарт нь буцаан олгосугай.

6.1. Цэнхэр өнгийн айфоне загварын гар утас 1 ширхэг, хар өнгийн куртик 1 ширхэг, хар өнгийн түлхүүр 1 ширхэг, улаан, хар өнгийн чип 2 ширхэг,  хар өнгийн малгайтай цамц 1 ширхэг, хар өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, шар өнгийн үдээстэй хар өнгийн хос пүүзэн гутал 1 ширхэг, хар өнгийн куртик 1 ширхгийг О.Т-т.

6.2. Хар ногоон өнгийн малгайтай куртик 1 ширхэг, хүрэн улаан өнгийн малгайтай цамц 1 ширхэг, хар өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн үдээсгүй хос пүүз 1 ширхгийг О.Т-д.

6.3. Хар өнгийн куртик 1 ширхэг, саарал өнгийн малгайтай цамц 1 ширхэг, хар өнгийн даавуун өмд 1 ширхэг, цагаан өнгийн улаа оруулгатай хос пүүз 1 ширхэг, цэнхэр өнгийн самсунг загварын гар утас 1 ширхгийг Э.Э-т.

6.4. Шар үстэй хар өнгийн куртик  1 ширхэг, хар өнгийн малгайтай цамц 1 ширхэг, хар малгай 1 ширхэг, хар өнгийн жинсэн өмд 1 ширхэг, цагаан өнгийн хар оруулгатай хос пүүз 1 ширхгийг О.О-д.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 2 ширхэг үс, хэргийн газраас илрүүлсэн гарын мөр 4 ширхэг, О.Т-ийн гарын арчдас 2 ширхэг, хумс 10 ширхэг, Э.Эрдэнэбаярын гарын арчдас 2 ширхэг, хумс 10 ширхэг, О.Тэлмүүний гарын арчдас 2 ширхэг, хумс 9 ширхэг, О.О-ийн гарын арчдас 2 ширхэг, хумс 10 ширхэг, хэргийн газраас бэхжүүлсэн хөвөнд шингээсэн цусны дээж 6 ширхэг, амь хохирогч Д.Б-ы гарын хумс 10 ширхэг, дүрс бичлэгүүд бүхий 4 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргасугай.

8. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Д-т 35,000,000 төгрөг хүлээлгэн өгсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

9. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар өв залгамжлагч насанд хүрээгүй хүүхдэд гэм хор учруулсны төлбөрийн нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ДАШДОНДОВ    

 

      ШҮҮГЧИД                                   Г.ГАНБААТАР        

 

                                                         М.МӨНХБААТАР