Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1199

 

 

 

 

 

 

 

       2022         09          27                                        2022/ШЦТ/1199

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Н.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Д-д холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 9 сарын 08-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн ... төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа таксины жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, ... тоотод оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

 Дамба овогт Н.Д- (регистрийн дугаар ЦЗ8506...).

 

Холбогдсон хэргийн утга: Шүүгдэгч Н.Д- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр ... тоот, өөрийн хашаандаа хохирогч Д.Э-г “хадам ах Батсайханыг өмөөрлөө” хэмээн уурлан түүний эрүү, зүүн талын гар тус газар нь хутгаар зүсэж, эрүү, зүүн ядам хуруунд шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 9 сарын 14-ний өдрийн 1072 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.

 

2. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

4. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

5. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээр шүүгдэгч Н.Д- нь “хадам ах Батсайханыг өмөөрлөө” хэмээн уурлаж Д.Э-ий эрүү, зүүн талын гаран тус газар хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

5.1. Хохирогч Д.Э-ий “...би явж очоод Батсайхантай уулзаад бид хоёр дэлгүүрээс 2 литртэй пиво аваад гэрт нь ороход Батсайхан хүнтэй хэрэлдээд яваад байсан. Тэгээд бид хоёр хашаанд нь ороод гудас дэвсээд гадаа суугаад, пиво ууж байсан тэгсэн Батсайханы хүргэн дүү орж ирээд Батсайхантай зодолдоод тэгсэн нөгөө хадам дүү нь гэр лүү орж ирээд хутга барьж дайрсан чинь Батсайхан зугтаагаад яваад өгсөн тэгсэн над руу хутгатайгаа дайраад гуя хэсэг рүү хутгалах гэж байхаар нь би зугтаагаад дэлгүүр ороод цагдаа дуудаарай гэж хэлчхээд гадаа нь хүлээж байгаад цагдаа ирэхээр нь гарсан. Батсайханы дүү Батсайхантай зодолдож байснаа гэнэт нөгөө дүү нь хутга барьж гараад ална гээд байсан тэгсэн намайг шууд хутгалаад авсан... эрүү, зүүн ядам хурууны шархийг манай найз Батсайханы хүргэн дүү Дөлгөөн гэх залуу нь 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 22 цагийн үед өөрийнхөө хашаанд буюу ... тоотод байхдаа хутгаар зүсэж учруулсан...” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 6-9 хуудас),

5.2. Гэрч Л.У-ийн “...манай төрсөн ах Батсайхан нь архи уусан байдалтай байсан ба улмаар 20 цагийн орчимд Батсайхан ах дэлгүүр ороод найзыгаа тосоод ирье гээд гарсан ба удалгүй найз гэх Энхтүвшин нэртэй залуутай хамт ороод ирсэн Тухайн өдөр манай хамтран амьдрагч Н.Д- нь гэртээ байгаагүй бөгөөд Батсайхан ах утсаар залгаад хаана байгаа юм гээд хоорондоо утасны цаанаас хэрэлдээд байсан. Удалгүй манай хамтран амьдрагч Н.Д- нь гаднаас согтуу орж ирсэн ба хашаагаар орж ирээд Батсайхан ахтай утсаар маргалдсан асуудлаасаа болж заамдалцаад зууралдаад бие биеийгээ хэл амаар доромжилж байгаад манай нөхрийг Энхтүвшин нь араас бариад авсан ба манай нөхөр тэр үед тавиулаад гэр лүү гүйж орсон. Тухайн үед би бага насны хүүхэдтэй байсан учир айчихна гэж бодоод цагдаа дуудах зорилгоор урд хашааны айл руу гүйж ороод цагдаа дуудуулсан. Улмаар цагдаа хашааны үүдэнд ирэхэд би хашаа руу орсон ба ороход Энхтүвшиний эрүү хэсэг зүсэгдсэн байдалтай байсан. Ингээд цагдаа нар тэд нарыг аваад явсан. Манай нөхөр ямар хутга барьж гарсан талаар мэдэхгүй. Хутга нь хайгаад олдохгүй байгаа ба манай нөхөр хаячихсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 хуудас),

5.3. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10864 дугаартай “...Д.Э-ий биед эрүү, зүүн ядам (4) хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн хоёр удаагийн зүсэх үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт  (хавтаст хэргийн 18-19 хуудас),

5.4. Н.Д-ий мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...манай хадам ах Батсайхан, түүний найз Энхтүвшин нар гэрийн гадаа байсан. Улмаар над руу Батсайхан ах дайраад зууралдаад заамдалцаад авсан. Батсайхан ах намайг гэрт ирэхээс өмнө миний утас руу залгаж хэл амаар доромжилж улмаар маргалдсан байсан юм. Ингээд зууралдаад хэл амаар доромжлоод байх үед хойноос түүнтэй хамт явсан Энхтүвшин бариад авахаар нь би уурандаа болиулаад гэрээс хутга аваад айлгах зорилгоор далайхад Энхтүвшиний хүзүү хэсгийг 1 удаа зүссэн ба улмаар тэр үед гар нь мөн зүсэгдсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27 хуудас) зэргээр  нотлогдон тогтоогдсон.

6. Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинж хангагдсан.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

   7. Хохирогч Д.Э-гомдолтой, хохирол нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн (хавтаст хэргийн 6-10 хуудас) боловч хэрэгт баримт гаргаж өгөөгүй учраас иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах боломжгүй.

8. Хохирогч Д.Э- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлоо Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

9. Эрүүгийн хариуцлагын талаар:

            9.1. Улсын яллагчаас шүүгдэгч Н.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан.

 

            9.2. Шүүгдэгч: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, прокурорын танилцуулсан ялыг зөвшөөрч байна гэсэн.

 

            9.3. Шүүгдэгч Н.Д- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд  заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд байдал тогтоогдоогүй, тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хувиараа жолооч ажилтай, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршиг их биш, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд архидан согтуурсан үедээ зэвсэг хэрэглэж үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг ялыг 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож шийдвэрлэв.

 

            10. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дамба овогт Н.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Д-ийг 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Н.Д-д үүрэг болгосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Н.Д-д мэдэгдсүгэй.

 

5. Хохирогч Д.Э- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлын нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

         7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ