Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 15

 

     Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч шүүгч Р.Уранчимэг, шүүгч С.Өлзий-Отгон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Даланзадгад 6-р баг, ................ тоотод оршин суух, ******* овогт Ж.Д /регистрийн дугаар: ............./

            Хариуцагч: Өмнөговь аймаг Даланзадгад сум, .................... тоотод оршин суух ******* овогт Б.У /регистрийн дугаар: ............/

            Хариуцагч: Өмнөговь аймаг Даланзадгад сум, 3-р баг ................... тоотод оршин суух, ******* овогт Л.Б /регистрийн дугаар: .................../

Гэм хорын хохирол 48 920 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д , хариуцагч Б.У ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б , хариуцагч Л.Б гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э , хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг, иргэдийн төлөөлөгч Ц.С , нарийн бичгийн дарга Ө.Мөнхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж.Д  шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Ж.Д  миний бие нь Өмнөговь аймгийн Оюутолгой компанид ажилладаг. 2017 оны 3 сард Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Даланзадгад хот орохоор Л овогтой Л.Б гийн Ланд Крузер 100 маркийн машинд *******, тэдний гэр бүлийн хүмүүстэй хамт явсан. Улаанбаатараас гарч 400 гаруй км яваад жолооч Л.Б  хамт явсан Б.У т жолоогоо шилжүүлсэн. Ингээд өглөөний 8 цагийн үед хальтиргаатай замд машины жолоо алдагдаж гулсан замын хажуугийн самбар мөргөж миний зүүн гарын шууны 2 яс хугарч бяцарсан хүнд гэмтэл авч Өмнөговь аймгийн эмнэлэгт түргэн тусламжийн эмч нар авч ирсэн. Ингээд УБ хотод яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн эмч нарын зөвлөгөөний шийдвэрээр УБ хотод маргааш нь ирж ГССҮТөвд хагалгаанд орж зүүн гарын шууны 2 ясыг хадуулсны улмаас 3 сар ажилдаа явах боломжгүй болж эмчийн магадлагаагаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Иймээс жолоо барьж явсан Б.У  миний цалингийн болон байрны зээлийг төлөхөөр тохиролцсны дагуу 3, 4, 5-р сарын зээл болох 6 сая орчим төгрөгийг сар бүрээр нь хувааж Б.У  төлсөн. Энэ үеэр уг гэмтлээс үүдэлтэй цаашид гарах зардлыг Л.Б , Б.У  бид ярилцаад надад ямар нэгэн хохиролгүйгээр шийдэж өгөх тухай ам тохиролцоо хийсэн. Би 2017 оны 6 сард ажилдаа орсон. Гэтэл 2017 оны 3 сард хийсэн хагалгааны дараа зүүн гарын нэг савхан яс нь бүрэн эдгэхгүй байснаас дахин хагалгаанд орох шаардлага 11 сарын дараа гарсан. Ингээд 2018 оны 2-р сард дахин МВG Гэмтэл Согог Судлалын эмнэлэгт хагалгаанд орж эмчилгээний зардалд 5 350 000 төгрөг төлсөн. Гэвч дахин хийсэн хагалгааны дараа 7 сар болоход эдгэрэлт муу бяцралт их байснаас эмч нар зөвлөлдөөд дахин хагалгаанд орох шаардлагатай хагалгаа хийлгэхгүй бол зүүн гар мэдээгүй болох магадлалтай гэсэн учраас 2018 оны 9 сарын 10 нд дахин 3 дахь удаагаа МВG эмнэлэгт хагалгаанд орж 4 500 000 төлсөн болно. Энэхүү ослын улмаас миний бие, эрүүл мэндийн болон сэтгэл санаа, эд материалын асар их хохирол амсаж байна. Энэ талаар ярилцаж тохиролцсон зүйлээ сануулах, эмчилгээ хагалгаа хийлгэж ажлаа хийж чадахгүй байгаа талаар хариуцагчид мэдэгдэж хохирлоо барагдуулах зорилгоор миний бие болон ах, эгч нар маань удаа дараа холбогдох гэхээр утсаа авдаггүй, өнөөдрийг хүртэл хариуцагч надтай холбогдохгүй байгаад маш их гомдолтой байна. Би ажлаа хийж байх үедээ хамгийн багадаа 4 500 000 төгрөгний цалинг сардаа авдаг байсан болно. Хариуцлагагүй жолоочоос болж эрүүл мэндээрээ хохирч 11 сая гаруй төгрөгийг зөвхөн эмчилгээний зардалд төлснөөс гадна тооцоолоогүй маш их зардал, цаг заваа үрлээ. Ийм байдал үүсээгүй бол миний бие үндсэн болон нэмэгдэл цалингаа аваад байрны зээл болон цалингийн зээлээ төлөөд тогтмол орлоготой, эрүүл саруул байх байсан. Иймд надад учирсан хохирлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсч дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2018 оны 3 сард хийлгэсэн хагалгааны зардал болох 5 350 000 төгрөг, 2018 оны 9-р сард хийлгэсэн хагалгааны зардал 4 500 000 төгрөг, 2018 оны 3 сараас 12 сар хүртэл эмчилгээний чөлөөтэй байсан үеийн цалин болох 45 000 000 төгрөг, 1 сард 4 500 000 төгрөг, 10 сарын хугацааны цалинг хамгийн багаар тооцов, зарим эм тарианы үнэ болох 207 500 төгрөг, Улаанбаатараас Өмнөговь аймаг, Өмнөговиос Улаанбаатар хүртэл 3 удаагийн бензиний мөнгө болох 363 000 төгрөг, нийт 55 420 500 төгрөг болсон. Түүнээс Б.У ын төлсөн 6 500 000 төгрөгийг хасч тооцоод Б.У аас нийт 21 210 250  төгрөг. Л.Б гаас 27 710 250 төгрөгийг тус тус гаргуулан иргэн миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Нэхэмжлэгчийн биеийн байдал муу байгаа боловч хэрвээ хариуцагч тал эвлэрнэ гэвэл эвлэрэн хэлэлцэхэд татгалзах зүйл байхгүй. Гэхдээ төлбөрийн хэмжээ хамгийн багадаа нэхэмжилсэн хэмжээнд байгаа. Энэ хэмжээнээс хэт доош нь татаж, буулгаж эвлэрэх боломж байхгүй. Яагаад гэвэл одоогоор биеийн байдал нь сайжрахгүй ажлаа хийж чадахгүй өрөөсөн гар үндсэндээ хэвийн ажиллагаатай байж чадахгүй байгаа учраас цаашид ч гэсэн эмчилгээ их гарна. Нэхэмжлэгч өөрөө хэлэхдээ өмнө нь учирсан хохирлоо төлүүлээд энэ асуудлыг түргэн шийдүүлмээр байна. Удаа дараагийн эмчилгээ их гарч байна. Нааш цааш явах зардал нэмэгдэж байна уг асуудлыг хурдан шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд бол хариуцагчаас ямар нэгэн асуудал гаргаад уг асуудлыг хамтдаа шийдвэрлэе, нөгөө талд хохирол багатайгаар уг асуудлыг шийдвэрлэнэ гэвэл эвлэрэн хэлэлцэхэд татгалзах зүйлгүй гэж хэлмээр байна. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэгчийн биеийн байдал тааруу байгаа. Өөрийнхөө хувийн машиныг унаад эмнэлэг орох боломжгүй. Тийм учраас байнгын найзуудаараа юм уу эгчээрээ эмнэлэг рүү хүргүүлэх асуудал нь өөрт их төвөгтэй байдлыг бий болгож байгаа. Нэхэмжлэгч өөрийнхөө ажил үүргийг гүйцэтгээд зохих журмын дагуу эрүүл саруул байж байсан бол өнөөдөр зохих орлогоо олоод, 4 500 000 төгрөг бол нийгмийн даатгал төлдөг цэвэр өөрийнхөө олдог мөнгийг хамгийн бага хэмжээгээр нэхэмжилсэн. Хэрвээ ажлаа хийгээд явж байсан бол өөрийн нэмэгдэл болон илүү ажилласан цалингаа аваад дундаж цалин нь үндсэндээ 6 000 000 - 6 500 000 төгрөгийн цалин авдаг гэж өөрөө үзэж байгаа. Гэхдээ энэ асуудал нь ямар нэгэн байдлаар санаатайгаар надад гэм хор учруулна гэсэн санаа зорилго агуулаагүй гэдгийг нэхэмжлэгч маш сайн ойлгож байгаа. Бид нар машинд суугаад хамтдаа явж байсан  нэхэмжлэгч бол зорчигч хүн, гэхдээ энэ гэм хор цаашдаа ингээд үргэлжилнэ гэдгийг хэрэг хэрэгсэхгүй болоход сэжигтэн нарт хэлж байсан. Нэхэмжлэгч эхлээд өөрийгөө хүнд болон хүндэвтэр гэмтэл авч байгаа гэдгээ мэдээгүй гайгүй болох байх гэсэн сэтгэлээр хандсан. Нэхэмжлэгч цалингийн болон байрны зээл гэх мэт төвөгтэй зүйлүүд байна, болж өгвөл ажлаа хийнэ гэсэн чин хүсэлтэй байсан. Гэвч ажлаа хийх боломжгүй. Эмчийн магадлагаагаар цаашид эрүүл болж байж энэ ажлыг хийхгүй бол шаардлагын хэмжээнд хүрч ажиллах боломж байхгүй гэж үзэж Оюу-толгой компаниас нэмэгдэл олгохыг зогсоох тухай баримтыг хэрэгт өгсөн. Саяны шинээр өгсөн нотлох баримт дээр цаашдаа дахиад эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Яагаад гэвэл зүүн гарын нэг савхан яс гэдэг нь сайн эдгэж өгдөггүй. Хэвийн журмаар машин бариад хөдөлгөөн хийх гэхээр төвөгтэй байдал бий болдог. ГССҮТ-ийн харъяа “Эм Би Жи Мед” эмнэлэгт байнгын эмчлүүлж байгаа. Анх ГССҮТ-д эмчлүүлж байхдаа “Эм Би Жи Мед” эмнэлэгт эмчлүүлбэл илүү үр дүнтэй, хурдан хугацаанд эмчлэгдэж зүгээр болно гэсэн саналын дагуу “Эм Би Жи Мед” гэдэг эмнэлэгт 2 удаагийн хагалгааг хийлгэсэн. Одоо энэ хагалгаагаа дахин үргэлжүүлж “Эм Би Жи Мед” юм уу өөр сайн эмнэлэгт хийлгэхгүй бол гаргүй болох магадлалтай юм байна гэдэг байдалтай болоод байгаа. Нэхэмжлэгч ямар нэгэн үндэслэлгүй зүйлийг нэхэмжлээгүй. Гэхдээ энэ хүмүүс надад санаатайгаар гэм хор учрууллаа гэдэг санаа зорилго байхгүй байгаа хариуцагч тал ойлгоно байх гэж итгэж байна. Энэ зам тээврийн осол бол тухайн үед болсон цагаас хойш хоорондоо тохиролцоод ярилцсан, ямар ч байсан 2-3 сар болоод уг хугацааны цалинг тооцоод эрүүл болоод ажилдаа орно ямар нэгэн асуудал гарахгүй гэсэн бодолтой байсан. Гэтэл энэ нэхэмжлэгчийн болон хариуцагчийн үл шалтгаалах шалтгаан эрүүл мэндийн хувьд хүнд туссан. Тийм учраас Иргэний хуульд заасны дагуу нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангуулах хүсэлтэй байгаа. Нэхэмжлэгчийн тухайд нэмэгдэл олгохыг зогсоох тухай Оюу-толгой компанийн гүйцэтгэх захирлын тушаал хэргийн материал дотор байгаа. Тушаал дээр 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл эсхүл ажилтаныг ажилдаа эргэн орох хүртэл түр зогсоох тухай албан ёсны баримт нь хэрэгт байгаа. Нэхэмжлэгчийн хувьд хамрын хагалгаатай холбоотой мөнгийг угаасаа нэхэмжлээгүй. Хамрын хагалгаатай холбоотой баримтыг нэхэмжилж байгаа үнийн дүнд оруулаагүй. Эмчилгээ хийлгэж байх явцад нэхэмжлэгчийн хамранд зовлонтой зовиуртай байдал үүсгэсэн. Тухайн үедээ яриагүй байсан учраас үүнийг нэхэмжлэхгүй гэж нэхэмжлэгч өөрөө хэлдэг. Тийм ч учраас хэрэгт хамрын хагалгааны талаар дурдаж түүний талаар нэхэмжлээгүй. Нэхэмжилж байгаа нийт үнийн дүнгээ нэхэмжлэгч гаргахдаа учирсан байгаа хамгийн бага бодит хохирол энэ юм гээд сарын цалингаа 4 500 000 төгрөг гэж хамгийн багаар үнэлээд нийгмийн даатгалын газраас гаргасан баримтад тулгуурлаад нэхэмжилнэ гэсэн байдаг. Өмнө нь өгч байсан олон баримтууд байсан боловч тэр баримтуудаа олдоггүй, жижиг цүнхэнд хийгээд байлгаж байснаа эмчилгээ хийлгэх гээд машинд байсныг алдчихсан гэж ярьдаг. Байгаа эмчилгээний зардлаа хамгийн бага гарсан 207 500 төгрөгийг нэхэмжилдэг. Үлдсэн зардал нь 3 удаа нааш цаашаа явах бензиний мөнгө, цалингаа авч чадахгүй байгаа учраас цалингаа нэхэмжилсэн. Хагалгааны зардлыг “Эм Би Жи Мед” эмнэлэгээс гаргаж өгсөн баримтуудын дагуу 5 350 000 төгрөг, хагалгааны нийт зардал 4 500 000 төгрөг гэсэн 2 хагалгааны зардлыг нэхэмжилж байгаа учраас нэхэмжилсэн баримтууд бол хэрэгт байж байгаа. Энэ хэргийн улмаас нэхэмжлэгчид учирсан гэм хор учраас хуулийн дагуу асуудлаа шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа. Гомдол саналгүй гэснийг хариуцагч Б.У ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нотлох баримтаар судалж байна. Тухайн үед хохиролгүй болгосон байсан учраас тийм зүйл хэлж байсан. Тийм учраас тухайн үед ийм хор уршигтай гэм хор учирна гэж нэхэмжлэгч мэдээгүй байсан учраас хүмүүст төвөг чирэгдэл учруулахгүй байх зорилгоор хохиролгүй, гомдол саналгүй гээд хурдан ажил төрөлдөө орох гэсэн хүсэлтэй байсан гэдгийг тодруулж хэлэх нь зөв гэж бодож байна. Хариуцагч Б.У ын төлсөн баримтуудыг шинжлэн судалсан. Үүн дээр бол 3 000 000 төгрөг, 1 000 000 төгрөг, 1 000 000 төгрөг, 500 000 төгрөгүүдээр хохирлыг төлсөн мөн 1 000 000 төгрөгийн бэлнээр нь авч нийтдээ 6 500 000 төгрөг бол нэхэмжлэгчийн байрны болон цалингийн зээл гэх мэт зүйлүүдэд зориулж өгсөн гэж нэхэмжлэгч хэлдэг. Тийм учраас үндсэн нэхэмжилж байгаа нэхэмжлэлээ нэхэмжлэх болсон гэв.

Хариуцагч Б.У ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн нэхэмжилсэн үнийн дүн нийт 46 050 500 төгрөг нэхэмжилсэнг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн осол болох үед хариуцагчийн зүгээс санаатайгаар зам тээврийн ослыг гаргаагүй, зам маш их хальтиргаатай, мөстэй байсанг машинд сууж явсан хүмүүс бүгд гэрчилдэг. Надад эрүүгийн хэрэг үүсгэн хэрэг бүртгэлтийн шатанд явж байхад нэхэмжлэгч Б.У т одоо ямар нэгэн гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлэн хавтаст хэргийн хүрээнд хүсэлтээ өөрөө илэрхийлсэн учраас надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ж.Д д Б.У  нь 2017.04.17-ний өдөр 3000000, 2017.05.26-нд 1000000, 2017.06.24-нд 1000000, 2018.03.01-нд 500000 төгрөг, бэлнээр 1000000 төгрөгийг тус тус хохиролын төлбөрийг төлсөн. Нийт 6500000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Иймээс үлдэгдэл нэхэмжилж байгаа эмчилгээтэй холбоотой зардлыг машины өмчлөгч, эзэмшигч Л овогтой Л.Б  хуулиараа хамтран хариуцах ёстой гэж үзэж байна. Хуулинд тээврийн хэрэгслийн өмчлөгч эзэмшигч тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах үүргийг хуульд тусгайлан заасан учир хамтран хариуцах үндэслэлтэй байдаг. Нэхэмжлэгч та хамтран хариуцагчаар Л.Б г татан оролцуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.У ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас эвлэрэн хэлэлцэх хүсэлт байхгүй. Шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Нэхэмжлэгчийн зүгээс 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Б.У аас 46 050 500 төгрөгийг нэхэмжилдэг. Үүний дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж өөрчлөн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Б.У аас 21 210 250 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлага буюу нэхэмжлэлийг хүлээж аваад шүүхээс тогтоосон хуулийн хугацаанд буюу 14 хоногийн хугацаандаа 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс хойш өгсөн нэхэмжлэлийг цаг хугацаанд нь авч хариу тайлбараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүргээ биелүүлж хариу тайлбараа тус тус гаргаж байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ гэхээр хариу тайлбар хэлье гэхээр нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна гэж үзэж байгаа юм. Хариуцагч Б.У аас нийтдээ 55 420 500 төгрөг болсон. Үүнээс Б.У ын төлсөн 6 500 000 төгрөгийг хасаж тооцоод Б.У аас нийт 21 210 250  төгрөгийг нэхэж байна гээд нэхэмжлэл дээрээ дурддаг. Би бодоход эмчилгээний зардалд өгсөн 6 500 000 төгрөгийг хасч тооцоод гэж зөвхөн ажилгүй байсан хугацааны буюу орох ёстой байсан 21 210 250 төгрөгийг нэхэж байгаа юм болов уу гэж би ойлгож байгаа юм. Цалингийн мөнгийг өгөх эрх зүйн үндэслэл байхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад эмчилгээний зардал гэдэг зүйлийг өгөхгүй гэдэг тайлбарыг хэлж байгаа юм бэ гэхээр хэргийн хүрээнд авагдсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд авагдсан нотлох баримтуудад эмчилгээнд нийтдээ нэхэмжлэгч 10 575 000 төгрөгийг нэхэж байгаа юм байна гэж би ойлгож байгаа юм. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2 дахь тайлбартаа тодорхой зааглаж мөнгөн дүнгээр хэлэх байх. Хэрвээ эмчилгээний зардал 10 575 000 төгрөгийг нэхэж байгаа бол тэнцүү хэмжээгээр 2 хуваахад нэг хүнд ногдох эмчилгээний зардал 5 288 000 төгрөг болж байгаа юм. Тийм учраас 6 250 000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагч Б.У аас авчихсан юм гэж хариу тайлбараа ч хэлдэг, хүлээн зөвшөөрдөг. 6 500 000 төгрөгөөс 5 288 000 төгрөгийг хасахад  1 212 000 төгрөгийн эмчилгээний зардалд илүү мөнгө төлсөн байхаар харагдаж байгаа юм. Ийм учраас эмчилгээтэй холбоотой зардлыг төлчихсөн учраас үүнийг төлөх эрх зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Цалингийн 21 210 250 төлөхгүй. Яагаад гэвэл хариуцагч нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтыг шүүхэд бүрэн дүүрэн гаргаж өгөөгүй. Үнэхээр сарын орлого нь 4 500 000 төгрөг гэж үзэж байгаа бол нэхэмжлэгч Оюу-толгой компанид яг ямар ажил албан тушаал дээр ажилладаг юм, цалинг бол даргын тушаал шийдвэрээр тодорхойлогдоно. Захирлын ажилд авсан тушаал, цалингийн хэмжээг тодорхойлсон нотлох баримт хэргийн хүрээнд байдаггүй юм. Нийгмийн даатгалыг шимтгэл төлсөн баримт гээд хуулбар хувийг гаргаж өгсөн байдаг. Энэ хуулбар хувь бол нэхэмжлэгчийг сардаа 4 500 000 төгрөгийг авдаг юм гэж үзэх эрх зүйн үндэслэл байхгүй. Яагаад эрх зүйн үндэслэл байхгүй байна вэ гэхээр хавтаст хэргийн хүрээнд бичгийн нотлох баримтууд шинжлэн судална. Энэ гаргаж өгсөн 2 баримтын хувьд хавтаст хэргийн 3 дугаар хуудсанд авагдсан байдаг юм. Нийгмийн даатгал шимтгэлийн тодорхойлолт гээд 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн баримтыг гаргаж өгдөг юм. Гаргаж өгсөн баримтын хүчинтэй хугацаа 30 хоног байдаг. Лавлагаа тодорхойлолт дээр ч бичсэн байдаг. Баримт гаргаж өгснөөс хойш 30 хоног тоолоход 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гаргаж өгсөн лавлагаа тодорхойлолтын хүчинтэй хугацаа дуусчихсан. Хавтаст хэргийн 4 дүгээр хуудсанд мөн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн баримтыг гаргаж өгсөн байгаа юм. Лавлагааны хүчинтэй хугацаа 30 хоног байгаа бөгөөд дуусах хугацаа нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр юм. Нийгмийн даатгалын шимтгэл буюу цалинтай холбоотой баримтыг гаргаж өгч байгаа нь нотлох баримтын лавлагааны хугацаа дууссан байгаа тул нэхэмжлэгчийг нийгмийн даатгалын шимтгэлийг төлөгдөж байсан гэх болон цалинг дунджаар бодох эрх зүйн үндэс бүрдээгүй байгаа тул цалинг төлөх үндэслэл байхгүй байна. Нэхэмжлэгч 2018 оны 03 дугаар сараас 12 сар хүртэлх хугацаанд буюу нийт 9 сар ажилгүй байсан гэж байна. Энэ 9 сарын хугацаанд нэхэмжлэгч зүүн гарын шуу ясны хугарал гэдэг юм уу энэ байдлаар хугарсан үүнээсээ болоод хийж байгаа ажилд нь нөлөөлсөн, учирсан гэмтлээсээ улбаалаад цаашид ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй гэсэн эмчийн магадлах дүгнэлт байдаггүй. Ажлаас чөлөөлөгдсөн гэдэг баримт хэргийн хүрээнд байдаггүй юм. Өөрөөр хэлбэл 2018 оны 03 дугаар сард нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн, ажлаас чөлөөлөхдөө зам тээврийн ослоос үүссэн гэмтэлтэй холбоотойгоор чөлөө хүссэн учраас энэ хугацаанд байнгын асаргаа эмчилгээтэй байна гэсэн нотлох баримт байдаггүй юм. Цалин хөлстэй холбоотой мөнгийг төлөх эрх зүйн үндэслэл бүрдээгүй байна. Цалин хөлс гэдэг зүйлээс улбаалаад эмчилгээтэй холбоотой гарсан гэх зардлын баримтыг хэргийн хүрээнд гаргаж өгдөг юм. Голомт банкны дансны хуулга нь шилжүүлсэн мөнгөнүүд хамрын хагалгаа гэдэг зүйлд шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвхөн гар гэмтсэн гэдэг зүйлийг ярьж байгаа болохоос биш тухайн үед хамраа гэмтээсэн юм, хамартай холбогдож хагалгаанд ороод байсан юм гэдэг зүйлийг нэхдэггүй. Хамрын хагалгаатай холбоотой төлбөр мөнгийг төлөх эрх зүйн үндэслэл байхгүй. Эмчилгээний холбоотой өгсөн гэх бичгийн нотлох баримтуудаас үзэхэд гарын төлбөртэй холбоотой мөнгөн төлбөр гараагүй юм байна, өөр гэмтэлтэй холбоотойгоор зарцуулагдсан мөнгө байгаа учраас мөн төлөх эрх зүйн үндэслэл байхгүй байгааг дурдаж хэлмээр байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа эхний удаа тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг 2 дахь тайлбартаа нэхэмжлэлийн мөнгөн дүнг ялгаж зааглаад хэлэх болов уу гэж бодсон боловч хэлсэнгүй. Тухайн зам тээврийн ослоос үүдээд нэхэмжлэлдээ байгаа зүүн гарын шууны 2 яс хугарсан гэдэг нэхэмжлэгч  хүнд гэмтэл юм уу, хөнгөн, хүндэвтэр гэмтэл юм уу гэдэг зүйл нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр заавал тогтоогдсон байх ёстой. Үүнийг хууль өөрөө шаарддаг. Нэхэмжлэгч ийм гэмтэл авсан, ийм эмчилгээ хийх шаардлагатай байна гэдгээс улбаасан зүйлийг нэхэмжилж байна. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн 2 шуу хугарсан, үүнээс улбаалаад цаашид ийм ийм хагалгаа хийлгэх зайлшгүй шаардлагатай, хугарсан яс яг юунаас болов гэдгийг тогтоох ёстой. Хагалгаа хийлгэсэн эмнэлэг, эмчийн дүгнэлтээр үндэслэсэн өвчтөний түүх гэдэг зүйлийг хэргийн хүрээнд гаргаж өгөөгүй. Би эмчлүүлж байгаа гэсэн эмчилгээний баримт гаргаж өгдөг болохоос биш эмчилгээний төлбөр мөнгө төлсөн баримтыг харахаар хагалгааны төлбөр гэж нэг ширхэг ч байдаггүй юм. Үзлэгийн баримт, үзлэгийн төлбөр гэдэг юмыг л төлсөн байдаг юм. Хагалгаатай холбоотой зардлыг хэргийн хүрээнд гаргаж өгсөн нотлох баримтаар нотлогдохгүй байна гэж няцааж хэлмээр байна. Нэхэмжлэгч өвдөөд бэртээд байгаа гэдэг зүйлийг хэлээд байгаа боловч нэхэмжлэгчийг  хэд хоногийн эмчилгээ, хагалгааг эмнэлэгт хийсэн юм гэдэг баримт байхгүй гэж үзэж байгаа юм. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хавтаст хэргийн хүрээнд авагдсан 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн нэмэгдэл олгохыг зогсоох тухай тушаалыг гаргаж өгдөг. Нэхэмжлэгч 9-10 сарын цалинг авах ёстой юм гээд нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа нь уг тодорхойлолтоос зөрөөд байдаг. Нэхэмжлэгч талын гаргаж өгч байгаа нотлох баримт нэхэмжлэлийн шаардлага 2 огт тэс зөрүүтэй байдаг. Л.Б гийн өмгөөлөгч хэлж байна зөвхөн нэмэгдлийг л зогсоосон болохоос биш цалин олгогдоод явж байсан байна гэдэг зүйл байгаа юм байна гэж ойлгож байгаа. Хэргийн хүрээнд хугацаа дууссан байсан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт зэрэг нь огт цалин олгогдохгүй байсан зүйл байдаггүй юм. Тийм учраас нэхэмжлэгч тал тодорхой хэмжээнд ажил хөдөлмөр эрхлээд цалингаа аваад явж байсан юм байна гэдэг ерөнхий байдлаар би хардаг юм. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг тайлбараа дэмжиж дахин оролцож байна гэв.

Хариуцагч Л.Б  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ж.Д гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар татагдсан Л.Б  миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч Л.Б гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Эвлэрэн хэлэлцэх хүсэлт байхгүй. Шүүхээр шийдвэрлүүлнэ. Энэ зам тээврийн ослын акт гарахдаа Б.У  осол гаргасан гэсэн дүгнэлт гаргасан байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сэжигтэн нарт гэж хэлж байна. Уг хэрэгт Л.Б  сэжигтнээр татагдаагүй. Дараагийн асуудал бол эзэмшигч гэж яриад байна. Тухайн осол гарах үед тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Б.Г  гэж хүн байсан. Л.Б  гэх хүн эзэмшигч нь байгаагүй юм. Тийм учраас энэ асуудалд Л.Б г хариуцагчаар татах үндэслэлгүй гэж үзэж байна. Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн шилжилт хөдөлгөөний талаар мэдээллийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд бүртгэл мэдээллийн нэгдсэн сайтад заавал хамруулах үүрэгтэй байдаг. Тээврийн хэрэгслийг өмчилж авснаас хойш 72 цагийн дотор, ашиглалтаа сольсноос хойш сарын дотор бүртгүүлэх ба бүртгэлийн байгууллага тээврийн хэрэгслийг бүртгэж гэрчилгээ олгох нь тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчийг тогтоох гол үндэслэл болдог юм. Энэ хэргийн хувьд бол тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь Б.Гомбожавын нэр дээр байсан учраас хариуцагчаар татагдсан Л.Б г тээврийн хэрэгслийн эзэмшигч нь гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байгаа юм. Нэмэлт тайлбар байхгүй байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: Л.Б  тээврийн хэрэгслийн эзэмшигч буюу өмчлөгч мөн байсан үгүйг зайлшгүй нотолж тогтоох шаардлагатай. Үүний дараа тухайн хохирол төлбөрийг гаргах, гаргуулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Иргэний хуулийн 89 дүгээр зүйл дээр эзэмшил яаж хэрхэн үүсэх вэ гэдгийг заасан. Өөрөөр хэлбэл 89 дүгээр зүйлийн 89.2 дах хэсэгт өөр этгээдээс бүрэн олгогдсны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд нь бол эзэмшигч байна гэж заасан байдаг. Хэрэгт авагдсан материалуудыг шинжлэн судлаад үзэхэд тухайн үед тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Б.Г  гэж хүн байсан байна гэж тогтоогддог. Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийн гэрчилгээ дээр Б.Г  гэж хүн байдаг. Хариуцагч Л.Б  тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч буюу өмчлөгч нь мөн юм гэдэг нотлох баримт хэргийн хүрээнд авагдаагүй байдаг учраас 409 дүгээр зүйлийн 409.1 хэсэгт заасан гэм хорыг хариуцах үүрэг үүсэхгүй байна гэж үзэж байна. Нэхэмжилж буй хохирол төлбөрийн хувьд мөн нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа учраас тус гэмт хэргийн улмаас учирсан нөхөн төлбөр гэж үзэж гаргуулах боломжгүй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт хагалгаа хийлгэсэн гэх 4 500 000 төгрөг, 7 350 000 төгрөг гэх мэт баримтуудыг гаргаж өгсөн байдаг. Гэтэл хэргийн хүрээнд нэхэмжлэл дээрээ нэхэмжлэгч өөрөө 5 350 000 төгрөгийн хагалгаа хийлгэсэн гэсэн боловч эмчийн бичиг дээрээ 7 350 000 төгрөг гээд зөрүүтэй байдлаар оруулж ирсэн. Нэхэмжлэгч тал өөрийн дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг. 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр данснаас гаргасан төлбөрийн мөнгөн дүн нь 4 350 000 төгрөг байдаг. 3 өөр байдлаар тухайн хагалгааны дүн бичигдсэн байдаг. Аль баримтыг нь нотлох баримтаар үнэлэх юм бэ, тодорхой хэмжээний эмчийн үзлэг болон хагалгаа хийгдсэн гэж ярьж байна. Үүнийг үгүйсгэхгүй гэвч яг ямар зориулалтын хагалгаа хийлгэсэн нь эргэлзээтэй. Данснаас гаргасан 4 350 000 төгрөг хагалгааны дээд тал дээр 900 000, 200 000 гээд зарлагуудыг гаргасан байдаг. Энэ баримт дээр хамрын хагалгааны үнэ гэж бичсэн байдаг. Эдгээр нөхцөлүүд нь хохирол төлбөр дээр эргэлзээ төрүүлж байгаа учраас нотлогдохгүй байна гэж үзэж байна. Цалин нэхэмжилсэн нь мөн л нотлох баримтын шаардлага хангахгүй. Нийгмийн даатгалын газраас тодорхойлолт гаргуулсан боловч Оюу-толгой компанид хэдэн төгрөгийн цалинтай ажилладаг талаар хавтаст хэрэгт авагдсан баримт байхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тус мөнгөн дүнг гаргуулах, Л.Б  хариуцах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Өмнө нь гаргасан дүгнэлтээ дэмжиж байна. Хэргийн хүрээнд авагдсан Оюу-толгой компанийн гүйцэтгэх захирлын тушаал байдаг. Үүн дээр нэмэгдэл олгохыг зогсоох тухай гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн тухай хуульд зааснаар цалин хөлс гэж юуг хэлэх вэ гэхээр үндсэн цалин, нэмэгдэл урамшууллын нийлбэр дүнг цалин хөлс гэж олгоно. Захирлын тушаал нь нэмэгдэл олгохыг л зогсоосон тушаал байгаа болохоос биш цалин хөлсийг бүхэлд нь олгохгүй юм гэсэн тушаал биш гэдгийг анхаарах нь зүйтэй болов уу. Хэргийн хүрээнд нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нотлох баримтаар тооцогддог. Хагалгаатай холбоотой үнийн дүн дээрээ 5 350 000 төгрөг гэж байна. Гэтэл эмнэлгээс гаргаж авсан тодорхойлолт дээрээ бол 7 350 000 төгрөг гэсэн байдаг. Эмчийн ерөнхий үзлэг гэснээс биш яг мэс ажилбартай холбоотой, хагалгаатай холбоотой тодорхой тодорхойлолт болон холбогдох баримтууд хэргийн хүрээнд авагдаагүй байдаг учраас эмчийн үзлэгтэй холбоотой төлбөр болон зам тээврийн осолтой холбоотой баримтууд гэж үзвэл хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Тиймээс нэхэмжлэлийг хангах хууль  зүйн үндэслэл байхгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад үзэх юм бол тухайн тээврийн хэрэгслийн осолтой шалтгаан нөхцөлийн холбоотой гэхэд эргэлзээтэй байна. Өөрөөр хэлбэл хавтаст хэргийн 06, 07 дугаар хуудаснуудад авагдсан 4 500 000 төгрөг, 7 350 000 төгрөгийн баримтууд нь хагалгааны төлбөр гэж байгаа боловч нэхэмжлэгч маань өөрөө нэхэмжлэл дээрээ 5 350 000 төгрөг гэж бичдэг. Яг данснаас зарлага гарахдаа 4 350 000 төгрөг гардаг нь үнийн дүн эргэлзээтэй. Нэхэмжлэгчийн хагалгааны төлбөрт зарцуулагдсан мөнгө мөн үү гэдэг эсэх нь эргэлзээтэй. Эмчийн ерөнхий үзлэг гээд төлбөрийн баримт олгогдоод байгаа болохоос биш төлбөрийг төлсөн эсэх, нэхэмжлэгчийн хагалгаатай холбоотой эсэх нь хэргийн хүрээнд авагдаагүй байдаг учраас эмчилгээтэй холбоотой зардлыг төлөх боломжгүй. Энэ бол нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхгүй байна гэж үзэж байна. Цалингийн хувьд нийгмийн даатгалын шимтгэл төлөх талаарх тодорхойлолтыг гаргаж өгсөн байна. Оюу-толгой компаниас гаргасан захирлын тушаал дээр зөвхөн нэмэгдэл олгохыг зогсоосон байгаа. Нэхэмжлэгч тус газар ямар ажил хийдэг, хэдэн төгрөгийн цалин хөлс авдаг талаар баримт дутуу байгаа учраас цалин хөлсийг хариуцагчаас гаргуулах боломжгүй. Ийм учраас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл /хх-1-2/, нэхэмжлэгчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-3/, нийгмийн даатгалын шитгэлийн төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-4-5/, ЭМ БИ ЖИ МЕД-ийн төлбөрийн баримт /хх-6-7/, Ж.Д гийн Голомт банк ХХК дахь дансны хуулга /хх-8-10/, 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 3406 дугаартай гүйцэтгэх захирлын тушаал /хх-11/, Монгол хьюндай фарм ХХК-ийн төлбөрийн баримт /хх-12/, 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Эм би жи мед-ийн төлбөрийн баримт /хх-13/, 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Эм би жи мед-ийн төлбөрийн баримт /хх-14/, 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Эм би жи мед-ийн төлбөрийн баримт /хх-15/, 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Эм би жи мед-ийн төлбөрийн баримт /хх-16/, 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Эм би жи мед-ийн төлбөрийн баримт /хх-17/, 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 37 дугаартай Өмнөговь аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоол /хх-18-19/, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар /хх-28/, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн итгэмжлэл /хх-29/, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хариу тайлбар /хх-30/, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар /хх-34/, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ /хх-35-36/, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар /хх-11-28/, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл /хх-41-43/, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн МТ Хан-Уул ХХК-ийн төлбөрийн баримт /хх-44-45/, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Сонгинохайрхан ХХК-ийн төлбөрийн баримт /хх-46/, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн НИК ХХК-ийн төлбөрийн баримт /хх-47/, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Петростар ХХК-ийн төлбөрийн баримт /хх-48/, 7 000 төгрөгний төлбөрийн баримт /хх-49/, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Эм би жи мед-ийн төлбөрийн баримт /хх-58/, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч Л.Б гийн шүүхэд гаргасан хариу тайлбар /хх-61/, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б гийн шүүхэд гаргасан хариу тайлбар /хх-62/, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-63/, 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б гийн шүүхэд нотлох баримт гарган өгсөн тухай тайлбар /хх-81-81/, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Хаан банк ХХК-ийн депозит дансны хуулга /хх-82-85/, 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 37 дугартай Өмнөговь аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоол /хх-86/, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Түмэнжаргалын авсан тайлбар тэмдэглэл /хх-87/, Б.У ын иргэний үнэмлэх болох жолооны үнэмлэхийн хуулбар /хх-88/, 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хохирогчийг байцаасан тэмдэглэл /хх-89-90/, 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-91/, Б.У ын 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хүсэлт /хх-92/, Ж.Д гийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хүсэлт /хх-93/, 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2019/01 дугаартай хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагын шүүхэд нотлох баримт гарган өгсөн тухай тайлбар /хх-105/, 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Замын цагдаагийн алба Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-106-107/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8-р багийн нутагт болсон зам тээврийн осол, хэргийн схем зураглал /хх-108/, холбогдогч жолоочийн биеийн байцаалт /хх-109/, 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн итгэмжлэл /хх-115/, 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 11 дугаартай албан тоот /хх-120/, 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн итгэмжлэл /хх-121/, 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн эмнэлгийн магадлагаа /хх-122/ зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж.Д  нь гэм хорын хохиролд хариуцагч Б.У аас 21.210.250 төгрөг, хариуцагч Л.Б гаас 27.710.250 төгрөг нийт 48 920 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ж.Д  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “...Хариуцлагагүй жолоочоос болж эрүүл мэндээрээ хохирч 11 сая гаруй төгрөгийг зөвхөн эмчилгээний зардалд төлснөөс гадна тооцоолоогүй маш их зардал, цаг заваа үрлээ. Ийм байдал үүсээгүй бол миний бие үндсэн болон нэмэгдэл цалингаа аваад байрны зээл болон цалингийн зээлээ төлөөд тогтмол орлоготой, эрүүл саруул байх байсан. Иймд надад учирсан хохирлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье...” гэсэн,

Хариуцагч Б.У  болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...тухайн осол болох үед хариуцагчийн зүгээс санаатайгаар зам тээврийн ослыг гаргаагүй, зам маш их хальтиргаатай, мөстэй байсныг машинд сууж явсан хүмүүс бүгд гэрчилдэг. Надад эрүүгийн хэрэг үүсгэн хэрэг бүртгэлтийн шатанд явж байхад нэхэмжлэгч Б.У т одоо ямар нэгэн гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлэн хавтаст хэргийн хүрээнд хүсэлтээ өөрөө илэрхийлсэн учраас надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон...” гэсэн,

Хариуцагч Л.Б  болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Тухайн осол гарах үед тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Б.Г  гэж хүн байсан. Л.Б  гэх хүн эзэмшигч нь байгаагүй юм. Тийм учраас энэ асуудалд Л.Б г хариуцагчаар татах үндэслэлгүй гэж үзэж байна...” гэсэн тайлбарыг тус тус гаргаж маргаж байна.

Хариуцагч Б.У  нь 21-45 УНЦ улсын дугаартай Тоёота ланд круйзер 100 маркийн автомашиныг жолоодож яваад Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн нутагт байрлах Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг орж ирэх замын хойд талын рекламны самбарын хөлийг мөргөж Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасан, уг зам тээврийн ослын улмаас Ж.Д гийн биед хүндэвтэр гэмтэл учирсан үйл баримт нь Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 37 дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна.  

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт “Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй”, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.

Нэхэмжлэгч Ж.Д  нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг ашиглах явцад өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлоо буруутай этгээдээс шаардах эрхтэй бөгөөд хариуцагч Б.У ын жолоодож явсан 21-45 УНЦ улсын дугаартай Тоёота ланд круйзер 100 маркийн автомашины өмчлөгч, эзэмшигч нь Б.У , Л.Б  нар болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

Түүнчлэн хариуцагч Б.У  нь дээрхи тээврийн хэрэгслийг жолоодож яваад Ж.Д гийн эрүүл мэндэд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байгаа ба өөрөөр хэлбэл хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй бөгөөд тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь тээврийн хэрэгслийг ашигласан этгээдээс шаардах эрхтэй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч Ж.Д гийн эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирлыг хариуцвал зохих этгээд нь тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч этгээд байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3, 499.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Д гийн хариуцагч Б.У аас 21 210 250 төгрөг, хариуцагч Л.Б гаас 27 710 250 төгрөг тус тус гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Д гийн нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 456 075 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

        

         ДАРГАЛАГЧ                                Л.УГТАХБАЯР

             ШҮҮГЧИД                                Р.УРАНЧИМЭГ

                                                                 С.ӨЛЗИЙ-ОТГОН