Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1198

 

 

 

 

 

 

 

       2022         09          27                                        2022/ШЦТ/1198

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгч О.О-, өмгөөлөгч А.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.О-т холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 9 сарын 21-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ... төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эгч болон түүний гэр бүлийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд нь,

- ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

Боржигин овогт О.О (регистрийн дугаар:ай9204...).

 

Холбогдсон хэргийн утга: Шүүгдэгч О.О- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чике хаус” нэртэй караоке дотор “бусдыг өмөөрлөө” гэх зүйлээр шалтаглан хохирогч Н.Г-ыг пивоны шилээр толгойн тус газарт нь цохих, зүүн гарыг нь хагархай шилээр зүсэх зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн тохойн хонхорт шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэн, зүүн хацарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 9 сарын 12-ны өдрийн 1064 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.

 

2. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

4. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, өмгөөлөгч нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон.

5. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээр шүүгдэгч О.О- нь ууж байсан пивоны шилээрээ бусдыг цохих гээд байхаар нь салгах гэж дундуур нь орох үед Н.Г-ыг пивоны шилээр толгойн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

5.1. Тус дүүргийн цагдаагийн байгууллагад гаргасан “...2022 оны 7 сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Чикен хаус” нэртэй караоке дотор гараа шилээр зүсүүлсэн...” гэсэн гэмт хэргийн таларх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 хуудас),

5.2. Хохирогч Н.Г-ын “...Би 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдөр... Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо 21 дүгээр хороолол орчим 18 цагийн үе Ганзориг, Отгонбаяр нартай уулзахад... бид нар “Чикен хаус” нэртэй газрын караокед ороод... дуулаад сууж байтал Ганзориг хамт явж байсан эмэгтэйтэйгээ маргалдаад байхаар нь Отгонбаяр, Ганзоригийг эмэгтэй хүнтэй маргалдлаа гэж хэлээд... Отгонбаяр ууж байсан пивоны шилээрээ Ганзоригийг цохих гээд байхаар нь би дундуур нь ороод болиултал Отгонбаяр миний толгой руу пивоны шилээр нэг удаа цохиж шилээ хагалаад, хагарсан шилний хэлтэрхийгээр миний зүүн гарын шууг нэг удаа дүрсэн... тухайн үед тэнд байсан хүмүүс болиулж, эхнэр Баярмаа цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм... Миний зүүн гарын шуунд 6 оёдол тавьсан, толгой өвдөөд, манаралтын байдалтай байгаа... Надад ямар нэгэн гомдол санал байхгүй байна, эмчилгээний зардал 600,000 төгрөг болсон ба эмчилгээний зардал өгчихвөл өөр нэхэмжлэх зүйл байхгүй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9 хуудас),

5.3. Гэрч С.Г-ийн өсгөн “...би уурлаад удирдлагыг ширээн дээр гулсуулаад Золзаяа руу шидчихсэн чинь Отгонбаяр эмэгтэй хүн рүү яагаад юм шидээд байгаа юм гээд, над руу уурлаад... бид хоёр маргалдаад зогсож байтал Ган-Очир дундуур орж ирээд Отгонбаярыг хаалганы хажуу талын булан руу шахахад Отгонбаяр Ган-Очирыг... пивоны шил тавьсан байсан ширээн дээр түлхэж унагаагаад, дээрээс нь нэг удаа дэвсэж байхыг нь би харсан... харин Отгонбаяр, Ган-Очирыг ширээ рүү түлхэж унагаахад ширээв дээр байсан пивонууд унаж хагарснаар зүсэгдсэн байх...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 хуудас),

5.4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022 оны 7 сарын 20-ны өдрийн 9910 дугаартай шинжээчийн “...Н.Г-ын биед тархи доргилт, зүүн тохойн хонхорт шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэн, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо болон хурц ир ирмэг бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 хуудас),

5.5. О.О-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “... яллагдагчаар татсан тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...Ганзориг найз охин Золоотойгоо маргалдаад, удирдлага аваад шидчихээр нь би Ганзоригт ... сандал руу нь түлхээд суулгаж байтал Ган-Очир босож ирээд манай найз руу дайрлаа, чи хэн юм гээд над руу дайраад байхаар нь би хоолойноос нь боож байгаад түлхэж унагаахад Ган-Очир шалан дээр толгойгоороо уначихсан юм. ...Би гаргасан үйлдэлдээ маш их харамсаж, гэмшиж байна...учруулсан хохирлоо бүрэн барагдуулна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 хуудас) зэргээр  нотлогдон тогтоогдсон.

6. Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинж хангагдсан.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

   7. Хохирогч Н.Г- “эмчилгээнд 600,000 төгрөг зарцуулсан, энэ хохирлыг барагдуулбал гомдол саналгүй” гэж мэдүүлсэн (хавтаст хэргийн 9-10 хуудас) боловч хэрэгт эмчилгээний зардлын баримт гаргаж өгөөгүй тул хохирогч Н.Г- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

8. Эрүүгийн хариуцлагын талаар:

            Улсын яллагчаас шүүгдэгч О.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан.

 

            9. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, шүүгдэгчид 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү? гэсэн.

 

            10. Гэмт хэрэг гарсан нөхцөл байдлаас үзэхэд хохирогч нь шүүгдэгчийг бусад руу пивоны шил бариад зодох гээд дайраад байхад салгах гэж очсон байдаг тул энэ хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэх боломжгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөлд байдлууд тогтоогдоогүй, хувиараа жолооч ажилтай, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршиг их биш болон түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхдээ пивоны шил ашигласан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож шийдвэрлэв.

 

            11. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигин овогт О.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.О-ыг 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг О.О-т үүрэг болгосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг О.О-т мэдэгдсүгэй.

 

5. Хохирогч Н.Г- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлын нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

         7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ