Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1197

 

 

 

 

 

 

 

       2022         09          27                                        2022/ШЦТ/1197

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч Ж.Энхжаргал,

шүүгдэгч Б.Б-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 9 сарын 13-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

  Биеийн байцаалт:

     Монгол Улсын иргэн, ... төрсөн, 30 настай, эмэгтэй,  дээд боловсролтой, химич мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү, охины хамт, Улаанбаатар хот, ... оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

     Жав овогт Б.Б (регистрийн дугаар:ию9204...).

 

Холбогдсон хэргийн утга: Шүүгдэгч Б.Б-нь 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 20 цаг 00 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, “Титэм” хүнсний дэлгүүрийн баруун замд “Tоуоtа prius” маркийн ...УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3. Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө. 2 дугаар хавсралт: 1.4. 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно... “ 1.3. “Хэвтээ тэмдэглэлийг дараах зориулалтаар хэрэглэнэ: 1.3 (үргэлжилсэн хос шугам), дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана;” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас уг замаар чиглэлийн дагуу зорчиж явсан Б.Х- жолоочтой “Hyundai porter” маркийн 36-47 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч Д.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 399 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.

 

2. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

4. Шүүх хуралдаанд шүүгдэгч гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон.

5. Шүүгдэгч Б.Б-нь “Toyota prius” маркийн 56-08 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3. Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө. 2 дугаар хавсралт: 1.4. “1.1- 1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно... “ 1.3. “Хэвтээ тэмдэглэлийг дараах зориулалтаар хэрэглэнэ: 1.3 (үргэлжилсэн хос шугам), дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Б.Х-ын жолоодон явсан “Hyundai porter” маркийн 36-47 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч Д.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол  учруулсан болох нь:

5.1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 2-9 хуудас),

5.2. Хохирогч Д.Б-ын “...Би тэр өдөр өөрийн охин Б.Баярмаагийн эзэмшлийн “Toyota prius” маркийн ... УАА улсын дугаартай саарал өнгийн жижиг суудлын автомашинд суугаад замын хөдөлгөөнд оролцож байгаад зам тээврийн осолд орсон юм. Гэрийн гаднаас хөдлөхдөө манай эхнэр Ц.Уртнасан машины урд суугаад, охин Б.Б-машинаа жолоодоод, ард буюу зүүн талын хойд суудал дээр захад суугаад, дунд Ууганбаярын Хангал гэж миний хүүгийн хүүхэд суугаад, жолоочийн ард талд миний бага хүү Б.Өсөхбаяр суугаад өвөр дээрээ Баярмаагийн охин Одонгоог авч суусан юм. Тэндээсээ хөдлөөд төв зам руугаа дөнгөж орж байтал машины зүүн талаас цэнхэр өнгийн “Hyundai porter” маркийн ... УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ирээд мөргөж осол гарсан. Тэр машин манай машины зүүн хойд хаалга орчим маш хүчтэй ирж мөргөсний улмаас би машин дотор зүүн хойд хэсэгт нь сууж явсан болохоор хаалганы хавтсанд миний зүүн талын хөлийн дунд чөмөг хэсгээр хавчуулагдаад эмч нар татаж гаргасан. Тэр машин бас зүүн урд гүпер хэсгээрээ ирж мөргөсөн байсан. Тэгээд тэндээсээ түргэний машинтай эмч нар ирээд гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Эмнэлэгт очоод үзүүлсэн чинь зүүн хөлийн дунд чөмөг угаараа хугарсан байна гээд хэвтэж эмчлүүл гээд 7 хоног эмнэлэгт хэвтээд гарсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 хуудас),

 5.3. Гэрч Ц.Уртнасангийн “...Хашаанаас гараад гудамжны эхээр гараад төв зам руугаа орж байтал зүүн талаас цэнхэр өнгийн “Hyundai porter” маркийн автомашин ирээд хойд хаалга орчим руу маш хүчтэй мөргөж зам тээврийн осол гаргасан юм. Тэгээд хойно сууж явсан манай нөхөр Д.Б-ын зүүн талын хөл хугарч гэмтсэн байгаа. Нөхөр Д.Б-ын сууж явсан талаар мөргөсөн болохоор бусад сууж явсан хүмүүс нь гэмтэх бэртэх нь гайгүй байсан. Тэгэхдээ машин дотор сууж явсан хүмүүсийг бүгдийг нь Шүүх эмнэлэгт үзүүлсэн байгаа. ... Осол гарсан цаг хугацаа нь орой 20 цаг өнгөрч байсан шиг санаж байна гадаа гэгээ тасраагүй, бороо ороод намдсан байсан. Зам нойтон болсон байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 хуудас),

5.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Ханхүүгийн 2022 оны 07-р сарын 21-ны өдрийн 9992 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...Д.Б-ын биед зүүн дунд чөмөгний бага төвгөр дайрсан ташуу зөрүүтэй далд хугарал, баруун талд 2,3,4-р хавирганы хугарал, зүүн гуя, ташаа цавь орчмын цус хуралт гэмтэл тогтоогдсон байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна...”гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

6. Жолооч Б.Б-нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан.

7. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

8. Хохирол, хор уршгийн талаар:

8.1. Хохирогч Д.Б-ын гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт (хавтаст хэргийн 172 хуудас)-ээр шүүгдэгч Б.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэх үндэслэл болсон.

9. Эрүүгийн хариуцлагын талаар:

            9.1. Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан.

 

            9.2. Шүүгдэгч: Би гэрээсээ ганцаар ажил хийдэг байдлыг харгалзан прокурорын санал болгож буй торгуулийн ялыг хөнгөрүүлж өгнө үү? гэсэн.

 

            9.3. Шүүгдэгч Б.Б-нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг их биш, иргэний нэхэмжлэгч нар хохирол, хор уршиг нэхэмжлээгүй, ажил эрхэлдэг, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа зэргийг харгалзан 500 нэгжтэй тэнцэх торгох ялыг оногдуулах нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирно гэж шүүх үзсэн.

 

            10. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Жав овогт Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-г  500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Б.Б-д үүрэг болгосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Б-д мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

            7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч энэ тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ