Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1289

 

 

 

 

 

 

 

       2022         10          13                                        2022/ШЦТ/1289

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч Э.Чанцалням,

шүүгдэгч А.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.А-эд холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

                                                                                       

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ... түр оршин суух,  урьд:

- ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

Хатгин овогт А.А- (регистрийн дугаар:аз9704...).

 

Холбогдсон хэргийн утга: Шүүгдэгч А.А- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангай захын орчим шалтгаангүйгээр О.Г-ийн   нүүрэн тус газарт 4-5 удаа цохиж эрүүл мэндэд нь “зүүн хөмсөгт няцарсан шарх, эрүү, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 9 сарын 28-ны өдрийн 1124 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.

 

2. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

4. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон.

5. Шүүгдэгч А.А- нь согтуурсан үедээ ямар ч шалтгаангүйгээр О.Г-ийн нүүрэн тус газар гараараа  цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

5.1. Тус дүүргийн цагдаагийн байгууллагад гаргасан “... 2022 оны 8 сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Г- нь бусдад зодуулсан ...” гэсэн гэмт хэргийн таларх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 хуудас),

5.2. Хохирогч О.Г-ийн “... 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 15 цагийн орчим манай найзын найз охин Оюука над руу залгаад караокед байна хүргээд өгөөч гэхээр нь би караокеноос очиж авах гээд ганцаараа Хангай захын хажуугаар гараад явж байх үед үл таних залуу зогсож байсан ба сүүлд нэрийг нь мэддэг болоход Алтансүх гэх залуу намайг алгадаад бид хоёр барьцалдаж авсан ба Алтансүх гэх залуу миний нүүр лүү 4 удаа цохиж миний зүүн талын хөмсөг хэсгээс цус гарсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 6 хуудас),

5.3. Гэрч М.Л-ийн “...манай хуурай ах Алтансүх над руу залгаад Хангай захын орчим согтуу явж байна, ирээд аваач гэж дуудсан... А.А согтуу ганцаараа байсан ба такси барих гээд замын хажууд зогсож байхад танихгүй гудамжаар явж байсан залуутай маргалдаад улмаар нүүр рүү нь гараараа 4-5 удаа цохиод... тухайн залуугийн зүүн хөмсөгнөөс цус гарсан... тухайн залуу Алтансүх ахыг буцааж огт цохиогүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13 хуудас),

5.4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022 оны 7 сарын 20-ны өдрийн 10880 дугаартай шинжээчийн “...О.Г-ийн биед зүүн хөмсөгт няцарсан шарх, эрүү, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 хуудас),

5.5. Шүүгдэгч А.А-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...Би Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хангай захын гадна талд 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр сүүлд нэрийг нь мэддэг болоход О.Г- гэх залуутай маргалдаад улмаар гараараа хэд хэдэн удаа цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан. Би О.Г-аас уучлалт гуйж, эмчилгээний зардалд 250,000 төгрөг өгсөн... би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 54 хуудас) зэргээр  нотлогдон тогтоогдсон.

6. Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангагдсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

   7. Хохирогч О.Г- нь “эмчилгээний зардлын 250,000 төгрөг авсан ...” гэж мэдүүлсэн (хавтаст хэргийн 6 хуудас) байх тул шүүгдэгч А.А-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

8. Улсын яллагчаас шүүгдэгч А.А- нь эрхэлсэн тодорхой ажилгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан.

 

            9. Шүүгдэгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, ялын хувьд хэлэх саналгүй гэв.

 

            10. Шүүгдэгч А.А- нь гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролд 250,000 төгрөг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршиг их биш, хувийн байдлын хувьд урьд торгуулийн ялаар шийтгүүлж байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд архидан согтуурсан үедээ ямар ч шалтаг, шалтгаангүйгээр хүний биед халдсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн санал болгосон 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх шийдвэрлэв.

 

            11. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хатгин овгийн А.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.А-ийг 280 /хоёр зуун наян/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг А.А--т мэдэгдсүгэй.  

 

4. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч О.Г-т 250,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ