Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1275

 

 

 

 

 

 

 

 

    2022         10          13                                        2022/ШЦТ/1275

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч Б.Энхбаяр,

шүүгдэгч/хохирогч Ч.М-,

шүүгдэгч/хохирогч Х.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.М-, Х.Э- нарт холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Нэг: Монгол Улсын иргэн, ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт, ... оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

            Халх овогт Ч.М (регистрийн дугаар:ум8910...).

 

Хоёр: Монгол Улсын иргэн, ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... ажилладаг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт ... оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Боржигон овогт Х.Э (регистрийн дугаар:ео8710...).

 

Холбогдсон хэргийн утга: Шүүгдэгч Ч.М-, Х.Э- нар 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чикэн хаус”-ын гадна талбайд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, Х.М нь Х.Э-ийн нүүр, нуруу, хөл, гар, хүзүүн тус газруудад цохих, өшиглөх зэрэг үйлдлүүдээр түүний биед зүүн нүдний зовхи, зүүн хацар, хүзүү, баруун бугалга, баруун шуу, нуруу, баруун, зүүн гуя, баруун шилбэ, зүүн өвдөг цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хүзүү, зүүн шуу, баруун, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Х.Э- нь Ч.М-ын толгой, шуу, гуя тус газруудад цохиж, түүний биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, уруулд өнгөц шарх, зүүн бугалга, шуу, баруун гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1103 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгч нарын хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.

 

2. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

4. Шүүх хуралдаанд шүүгдэгч Х.Э-, шүүгдэгч Ч.М- нар нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон.

5. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Э-, Ч.М- нар харилцан зодолдож тус тусын биед хөнгөн хохирол учруулсан болох нь:

5.1. Тус дүүргийн цагдаагийн байгууллагад гаргасан “...2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Э- нь бусдад зодуулсан...” гэсэн гэмт хэргийн талаарх бичгээр гаргасан гомдол (хавтаст хэргийн 4 хуудас),

5.2. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 78-82, 86-89 хуудас),

5.3. Хохирогч Ч.М-ын “...Болороо багшийн бууны нохой, сугны үс  чи тэр Болороо багшийгаа дууд... Болороо багш чинь хүрээд ирлээ одоо та нар нийлж намайг зодох гэж байгаа юм уу гэж хэлэхээр нь би нүүр рүү нь мангасдаад үсдэж чирч унагаагаад  дээрээс нь хэд хэдэн удаа өшиглөсөн, Энхчимэг босч ирээд намайг үстээд авахаар нь би зөрүүлж үстээд газарт унаад ноцолдсон юм. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-15 хуудас),

5.4. Хохирогч Х.Э-ийн “...Чикэн хаусын гадаа Мягмаржаргал "Чи бол хэн ч биш ш дээ, Болороо багш бол чиний хажууд мундаг, над дээр хүрээд ирж л байгаа биз дээ" гэж хэлээд даналзаад намайг шууд мангасдахаар нь түлхэх гэтэл шууд үснээс зулгааж угзарч татаж унагаагаад толгой руу өшиглөөд, дээрээс нулимаад миний зүүн талын хавирга руу нэг удаа өшиглөсөн. Тухайн үеийн болсон процесс “Чикэн хаус” зоогийн газрын гадна камерын бичлэгт тод бичигдсэн байсан бөгөөд би өөрийн гар утас дээрээ хураагаад авчихсан байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-9 хуудас),

5.5. Гэрч Б.Б-ийн “... би Энхчимэгийг "Чи багш хүн байж үйлчлүүлэгч нартайгаа юу хийж байгаа юм бэ явъя" гэж хэлэхэд чамд хамаагүй гээд ойртуулахгүй байсан учир ярилцаж чадаагүй. Ингээд Энхчимэг Мягмаржаргалын нүүр рүү нулимахад Мягмаржаргал Энхчимэг рүү салаавч гаргаад, гараараа нүүр рүү нь түлхээд үснээс нь зулгаагаад дээрээс нь хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд Энхчимэг босож ирээд Мягмаржаргалын өөдөөс дайраад дахин нэг нэгнийгээ үснээс нь зулгаагаад байсан. Энхчимэг багш зодуулсандаа ч юм уу шаралхаад л Мягмаржаргалын араас хөөцөлдөөд зодолдох гээд байсан. Энхчимэгийн хажууд зогсож байтал намайг зодууллаа гээд шууд шууд үснээс зулгаагаад түлхэхэд би газарт уначихсан юм. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-19 хуудас),

5.6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Ханхүүгийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гаргасан 7418 дугаартай: “...Ч.М-ын биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, уруулд өнгөц шарх, зүүн бугалга, шуу, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн 48-72 цагаас дээш хугацааны өмнө үүссэн гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 хуудас),

5.7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гаргасан 7226 дугаартай: “...Х.Э-ийн биед зүүн нүдний зовхи, зүүн хацар, хүзүү, баруун бугалга, баруун шуу, нуруу, баруун,  зүүн гуя, баруун шилбэ, зүүн өвдөг цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хүзүү, зүүн шуу, баруун, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 40-41 хуудас),

5.8. Х.Э-ийн “...би өөрийн гэм буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 95 хуудас),

5.9. Ч.М-ын “...би үйлдсэн хэргээ зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 103 хуудас) зэргээр  нотлогдон тогтоогдсон.

6. Хохирогч нарын биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч нарын архидан согтуурсан үедээ үл ялих зүйлээр буюу хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, харилцан бие, биеэ зодсон үйлдлүүдийн улмаас үүссэн, тэдгээрийн уг хохирлыг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

   7. Шүүгдэгч Ч.М-аас хохирогч Х.Э-ийн эрүүл мэндэд учирсан хохиролд 150,000 төгрөг төлсөн, хохирогч Ч.М-аас гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд зардал нэхэмжлээгүй тул шүүгдэгч Х.Э-, Ч.М- нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

8. Эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал:

            8.1. Улсын яллагчаас шүүгдэгч Х.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,

            шүүгдэгч Ч.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, санал тус тус гаргасан.

 

            8.2. Шүүгдэгч Х.Э-: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, адилхан хэрэг үйлдсэн байхад торгох ялыг ялыг биелүүлэх хугацааг өөрөөр тогтоох санал гаргаж байгааг зөвшөөрөхгүй гэсэн.

            8.3. Шүүгдэгч Ч.М-: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, торгох ял оногдуулж өгнө үү? гэсэн.

 

            9. Шүүгдэгч Х.Э-, Ч.М- нар анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ч.М-  хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролд гарсан зардлын 150,000 төгрөг төлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

            10. Шүүгдэгч Х.Э- нь ажил хөдөлмөр эрхэлдэг, шүүгдэгч Ч.М- тодорхой эрхэлсэн ажилгүй ч гэсэн орлого олдог болох нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн дансны зарлагын хуулгаар тогтоогдсон, шүүгдэгч нарын хувьд гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршиг их биш, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд архидан согтуурсан үедээ үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож шийдвэрлэв.

 

            11. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Халх овогт Ч.М, Боржигон овогт Х.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Э-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгох ялаар,       Ч.М-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Х.Э-, Ч.М- нарт үүрэг болгосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Х.Э-, Ч.М- нарт мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, шүүгдэгч Ч.М- нь хохиролд 150,000 төгрөг төлсөн, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

         6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                                                                                                      

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ