Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
Хэргийн индекс | 188/2022/1308/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1327 |
Огноо | 2022-10-25 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ж.Бат-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1327
2022 10 25 2022/ШЦТ/1327
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,
шүүгдэгч Э.З-,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.З-д холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тэсэлгээчин мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, ... оршин суух бүртгэлтэй, одоогоор ... түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Боржигон овогт Э.З (регистрийн дугаар:УГ8507...).
Холбогдсон хэргийн утга: 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр шүүгдэгч Э.З- нь согтуурсан үедээ ... тоотод байрлаж согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан хүмүүс дээр найзыгаа авах гэж очсон үедээ хохирогч Ч.Н-тэй үл ялих зүйлээр буюу ахыгаа өмөөрч маргалдан түүний нүүрэн тус газар нь өшиглөж, хамрын ясны ил хугарал, баруун хацрын шарх, 2 зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 10 сарын 12-ны өдрийн 1178 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.
2. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
4. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон.
5. Шүүгдэгч Э.З- нь согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан Ч.Н-гийн нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
5.1. Тус дүүргийн цагдаагийн байгууллагад гаргасан “... 2022 оны 9 сарын 06-ны ... тоотод зодоон болсон гэрээр нь дүүрэн цус болсон хүн нь ухаангүй хэвтэж байна...” гэсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 хуудас),
5.2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-7 хуудас),
5.3. Хохирогч Ч.Н-гийн “... ... тоотод байрлах ертөнцийн зүгээр баруун тийш харсан хаалгагүй хашаанд амьдардаг зүс таних залуугийн гэрт 14-15 цагийн үед ортол найз М.Э, зүс таних Ч.Н-, үл таних С, Э.З- гэх ах дүү хоёр архи уугаад сууж байхаар нь би дундуур нь ороод цуг архи уугаад байж байтал С гэх залуу намайг "Чи хаанахын ямар атаман бэ, новш вэ?" гээд согтуурхаад байхаар нь би "би атаман биш ээ" гэж хэлтэл С босож ирээд над руу дайраад байхаар нь би өөрийгөө хамгаалаад түлхээд унагачихсан юм. Тэгсэн хажуугаас тухайн залуугийн дүү Э.З- миний ахыг түлхдэг хэн бэ? гэж хэлээд миний нүүр лүү баруун гараараа алгадах үед нь би хоёр хацраа гараараа дараад доошоо тонгойтол миний хамрын дунд хэсэгт нэг удаа хөлөөрөө өшиглөсөн юм. Тэр үед би ухаан алдаад буцаж сэрээд найз М-ээр түшүүлээд гэртээ хүргүүлсэн юм. Тэр үед миний цус тогтохгүй байхаар нь 103 дуудаж үзүүлээд 2 ширхэг оёо тавиулаад, хамрынхаа зургийг авхуултал дотогшоо цөмөрсөн байна гэж хэлсэн юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 хуудас),
5.4. Гэрч Ч.Н-ын “...Би 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байдаг найз Амарбаясгалангийн гэрт архи уугаад сууж байхад гаднаас Наянхүү орж ирээд хамт сууж байсан Стай маргалдаад гадаа гаргаад зодсон ... Тэгээд тэр хоёрын дундуур нь орж салгаад 103 дуудсан юм. Наянхүү гаднаас орж ирээд Сг пизда наахуу бос гээд хоорондоо барилцаж аваад дээр доороо ороод байсан. Тэгээд бид хэд гэрт зодоо хийлээ талбай мундсан биш гээд гаргасан тэгээд удалгүй Сгийн хамраас цус гараад ороод ирсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11 хуудас),
5.5. Гэрч Б.М-ийн “...Тэгээд Наянхүү Баттүшигээс цамцаа авахаар орж ирээд Сухзаяатай ам мурийх шиг болсон. Тэгээд би орноос босоод иртэл С нь Наянхүүтэй барьцалдаж аваад дээр доороо гарсан байсан. Тэгтэл Э.З- нь ах болох Сг өмөөрч Наянхүү рүү дайраад Наянхүү хөлөөрөө Э.З-г жийж байх шиг байсан. Тэгтэл Энхтайван найз нараа өмөөрч Ч.Н- рүү дайраад байсан. Тэгээд Ч.Н- тэд нарыг салгах гэж байтал гэнэт Ч.Н-ийн нүүрнээс цус гараад байсан. Тэгээд Наянхүү надад хандаж манай гэрт намайг хүргээд өгөөч гэхээр нь би гарч гэрт нь хүргэж өгсөн. ... би дахин гадаа гарч хүний утсаар цагдаа болон түргэнд дуудлага өгсөн. Тэгээд эмч ирж үзэж байхад Наянхүү ухаан алдаад байсан. Тэгээд Ч.Н-г түргэн авч явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 хуудас),
5.6. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022 оны 9 сарын 09-ний өдрийн 12383 дугаартай шинжээчийн Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Ч.Н-гийн биед хамрын ясны ил хугарал, баруун хацрын шарх, 2 нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлийн аль ч үед өшиглөх үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь нийтдээ болон тус тусдаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 хуудас),
5.7. Э.З-гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар болон шүүх хуралдаанд өгсөн “...эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа. Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 82-83 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл) зэргээр нотлогдон тогтоогдсон.
6. Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангагдсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
7. Гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд хохирогч Ч.Н- нь эмчилгээнд зарцуулсан төлбөр гэж баримтаар 114,500 төгрөг (хавтаст хэргийн 61 хуудас), нэхэмжилсэн боловч эмчилгээ болон болон бусад хувийн хэрэглээний зардалд нийт 954,300 төгрөгийг (хавтаст хэргийн 55-61, хуудас) төлсөн. Хохирогч Ч.Н-гийн “эмчилгээний зардлыг бүрэн барагдуулж өгсөн тул цаашид Э.З-д гомдол саналгүй болно...” гэсэн хүсэлт (хавтаст хэргийн 89 хуудас) зэргээр энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч бүрэн төлсөн байх тул шүүгдэгч Э.З-г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
8. Улсын яллагчаас шүүгдэгч Э.З-г ажил эрхэлдэг тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял оногдуулж, 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан.
9. Шүүгдэгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, ялын хувьд хэлэх саналгүй гэв.
10. Шүүгдэгч Э.З- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас дээрх гэмт хэргийг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршиг их биш, хувийн байдлын хувьд үндэсний аврах бригадын химийн ажиллагааны салбар аврагч, тэсэлгээчин ажилтай, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд архидан согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан хүний биед халдсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн санал болгосон 550 нэгжээр торгох ялыг оногдуулах нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх шийдвэрлэв.
11. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Э.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.З-г 550 нэгжтэй тэнцэх хэмжээний 550,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Э.З-д үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Э.З-д мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохиролд 954,300 төгрөг төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ