Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1341

 

 

 

 

 

 

 

 

       2022         10          27                                        2022/ШЦТ/1341

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч О.Эрхэмбаяр,

шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-од холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, тодорхой оршин суух хаяггүй, урьд

... дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 64а, 109б, 168б, 64б дугаар зүйлүүдээр 1 жил 11 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэсэн,

... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 267.2, 123.4 дүгээр зүйлд зааснаар 2 жил 7 сар 13 хоногийн хорих ялаар,

... дугаартай шийтгэх тогтоолоор 6 жилийн хорих ялаар,

... шийтгэх тогтоолоор 3 жилийн хорих ялаар,

... дугаартай шийтгэх тогтоолоор 01 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2022 оны 07 сарын 29-ний өдөр эдлээгүй үлдсэн 03 сар 16 хоногийн хорих ялыг тэнсэж, хугацааны өмнө суллагдсан,

Цэнд овогт Б.Б (регистрийн дугаар:ух6504...).

 

Холбогдсон хэргийн утга: Шүүгдэгч Б.Б- нь 2022 оны 8 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн салааны эцэст байрлах иргэн Г.Ц-ын эзэмшлийн “Гэгээн” нэртэй цайны газарт нэвтэрч печь, ус буцалгагч, уртасгагч, хүнсний эд зүйлс зэрэг 37 нэр төрлийн эд зүйлс хулгайлан авч нийт 2,347,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1111 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.

 

2. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

4. Шүүх хуралдаанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон.

5. Шүүгдэгч Б.Б- нь 2022 оны 8 сарын 03-04-нд шилжих шөнө иргэн Г.Ц-ын эзэмшлийн “Гэгээн” нэртэй цайны газарт нэвтэрч эд зүйл хулгайлж, бусдад 2,347,600 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

5.1. Тус дүүргийн цагдаагийн байгууллагад гаргасан “... 2022 оны 8 сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах цайны газарт хулгай орсон байна...” гэсэн гэмт хэргийн таларх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 хуудас),

5.2. 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,  хэргийн газрын нөхөн үзлэг  хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 2-6, 8-17 хуудас),

5.3. Хохирогч Г.Ц-ын “...2022 оны 08-р сарын 04-ны өглөө 08 цагийн орчим ажил дээрээ ирэхэд манай цайны газарт хулгай орсон байдалтай дотор байх эд зүйл эмх замбараагүй болсон байхаар нь цагдаагийн 102 дугаарт дуудлага өгсөн юм. ...Би эд зүйлийн үнэлгээгээр гарсан 2,347,600 төгрөгөөс өөрийн хүлээж авсан 1,199,850 төгрөгийн эд зүйлсийг хасаж тооцоход 1,147,750 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлсийг хүлээж аваагүй байгаа тул миний зүгээс нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-30 хуудас),

5.4. “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 018 дугаартай “...нийт 37 нэр төрлийн эд зүйлсийн үнийн дүн 2,347,600 төгрөг” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 38-40 хуудас),

 

5.5. 2022 оны 8 сарын 05-ны өдрийн 04/542 дугаартай криминалистикийн шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэх 3 дугаартай гарын мөр нь MN000210011310, 2512336, 2601513 гэсэн дугаараар 3 удаа бүртгэгдсэн Бямба овогтой Батболдын зүүн гарын эрхий хурууны хээтэй тохирно...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 45-46 хуудас),

 

5.6. Хулгайд алдсан зарим эд зүйлсийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 20 хуудас),

 

5.7. Шүүгдэгч Б.Б-ын  “.... Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 67-69 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл) зэргээр  нотлогдон тогтоогдсон.

 

6. Шүүгдэгч Б.Б-ын шөнийн цагаар эзэнгүй байсан цайны газрын цоожийг тоосгоор цохиж эвдлэн нэвтэрсэн нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар орсон хулгайн гэмт хэргийн шинжийг хангаж байгаа бөгөөд уг нэвтрэн орсон обьект нь хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай цайны газар тул хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний “хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэх шинжийг хангасан.

 

7. Шүүгдэгч Б.Б- нь шунахайн сэдэлттэй, өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн түүнийг үйлдэл  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан.

 

8. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

9. Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:

9.1. Шүүгдэгч Б.Б- нь хохирогч Г.Ц-д нийт 2,347,600 төгрөгийн хохирол учруулсан болох нь “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 018 дугаартай “...нийт 37 эд зүйлсийн үнийн дүн 2,347,600 төгрөг” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 38-40 хуудас)-ээр тогтоогдсон.

9.2. Хохирогч Г.Ц-д 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 16 нэр төрлийн нийт 1,199,850 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг буцаан өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 20 хуудас)-ээр тогтоогдож байна.

9.3.  Иймд шүүгдэгч Б.Б-оос үлдэгдэл эд зүйлсийн үнэ болох 1,147,750 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Ц- (РД:дю88083069, Сонгинохайрхан дүүрэг 42 дугаар хороо Хайрхан 10-37 тоот)-д олгохоор шийдвэрлэв.

 

10. Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан.

 

            11. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, Эрүүгийн хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байхгүй тул хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү?  гэв.

 

            12. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

            13. Шүүгдэгч Б.Б-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд урьд өмчийн эсрэг гэмт хэрэгт удаа дараа шийтгүүлж ял эдэлж байсан, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршиг их биш, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

            14. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Б.Б-од энэ тогтоолоор оногдуулсан 02 жилийн хорих ял дээр түүнд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1196 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жилийн хорих ялаас хугацааны өмнө тэнссэн суллагдсан 03 сар 16 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн  эдлэх ялыг хугацааг 02 жил 03 сар 16 хоногоор тогтоох.

 

            15. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

            16. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын  2022.08.08-2022.10.27 өдрийг хүртэл цагдан хоригдсон 78 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Цэнд овогт Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.Б-ыг 02 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Б.Б-од энэ тогтоолоор оногдуулсан 02 жилийн хорих ял дээр түүнд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1196 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жилийн хорих ялаас хугацааны өмнө тэнссэн суллагдсан 03 сар 16 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн  эдлэх ялыг хугацааг 02 жил 03 сар 16 хоногоор тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Б.Б-ын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Б.Б-оос үлдэгдэл 1,147,750 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Ц- (РД:дю8808..., ...)-д олгосугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын  2022.08.08-2022.10.27 өдрийг хүртэл цагдан хоригдсон 78 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

8. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ДАШДОНДОВ