Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/14

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

улсын яллагч Д.Аянагүл,

шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ын *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2207000000173 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* суманд төрсөн, *******тай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт ******* тоотод оршин суух,

******* овогт *******ын ******* /РД:*******/.

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ны байрны гадна тавьсан иргэн Б.ийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл дотор цэнэглэж байсан Самсунг А-51 загварын 450,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг,

2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ны нутаг дэвсгэрт “Багахангай дүүргийн наадам” зохион байгуулж буй газарт байрлах монгол гэрээс иргэн Б.ийн эзэмшлийн Самсунг-52 загварын 720,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авснаар бусдад бага хэмжээнээс дээгүүр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэг. Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар.

          1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудыг дүгнэвэл   шүүгдэгч Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ны байрны гадна тавьсан иргэн Б.ийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл дотор цэнэглэж байсан Самсунг А-51 загварын 450,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг,

2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ны нутаг дэвсгэрт “Багахангай дүүргийн наадам” зохион байгуулж буй газарт байрлах монгол гэрээс иргэн Б.ийн эзэмшлийн Самсунг-52 загварын 720,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авснаар бусдад бага хэмжээнээс дээгүүр хохирол учруулсан байдал буюу үйл баримт тогтоогдлоо.

1.2 Нотлох баримтын үнэлгээ.

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтууд болон дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тодруулбал:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******н өгсөн: “....Гэм буруугаа хүлээж байна. Уг нь би тэр утсыг санаатайгаар хулгайлъя гэж бодоогүй. Алдаа гаргасандаа уучлал гуйж байна. Хоёр утас хулгайлсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.ийн эзэмшлийн гар утсыг нууцаар, хууль бусаар авсан хэргийн хувьд:

1. Хохирогч Б.ийн холбоо, мэдээллийн хэрэгслээр цагдаагийн байгууллагад гаргасан мэдээлэл /хх-ийн 01 дэх тал/,

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 02-04 дэх тал/,

3. мөрдөн шалгах ажиллагаанд гэрч З.гийн өгсөн: “...Би ны 5 дугаар байрны авто зогсоол дээр өөрийн машинаа угаагаад байж байхад ******* алхаж ирээд “т хүргээд өгөөч, эгч д дээр очих гэсэн юм гэхээр нь би хүргэж өгсөн. Явах гээд хөдөлж хорооны урдуур өнгөрөх үед Хороон Засаг дарга Б. хорооны урд зогсож байгаад намайг зогсоогоод уулзаад “Миний утсыг авсан уу” гэж Г.*******гаас асуухад “аваагүй” гэсэн. Тэгээд би хөдөлж яваад т хүргэж өгөөд буцаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дэх тал/,

4. мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.ийн өгсөн: “...Би өглөө ажил дээрээ байж байхад манай дүү " ******* 8-9 цагийн орчимд дээр ирээд “эгчээ би энэ гар утсыг худалдаж авлаа 100,000 төгрөг дутуу байна” гээд надаас 100,000 төгрөг аваад авчирсан гар утсаа надад үлдээгээд явсан. Самсунг маркийн цэнхэр өнгийн ардаа 4 камертай ямар нэгэн хагарсан, цуурсан сэвгүй гар утас байсан. Би гар утсыг хулгайн гар утас гэдгийг нь мэдээгүй. 100,000 төгрөгийг төрсөн дүүгээсээ нэхэмжлэхгүй ээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14, 54 дэх тал/,

5. “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ний 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 01/40 дугаартай алдагдсан Б.ийн эзэмшлийн Самсунг А-51 загварын гар утсыг 450,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 26 дахь тал/,

6. мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Г.*******н өгсөн:“Би 2022 оны 8 дугаар сарын 16-ны орой найз нарын хамт архи ууж яваад нд танил гэх айлд хоносон тэгээд 2022 оны 8 дугаар сарын 17-ны өглөө 08 цагийн орчим явах санаатай унаа хайгаад Багахангай дүүргийн хорооны ажлын байрны өмнөх зогсоол дээр цэнхэр өнгийн Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл зорчигч талын цонх нь онгорхой зогсож байсан. Би хэний машин гэдгийг мэдээгүй 1 дүгээр хороо явах уу гэж асуух гээд яваад очсон чинь дотор нь хүн байхгүй, машин нь асаалттай байсан. Тэр үед би онгорхой байсан машины цонхоор гараа оруулаад зорчигч талын суудал дээр байсан цэнхэр өнгөтэй Самсунг маркийн гар утсыг зөвшөөрөлгүй аваад явсан /хх-ийн 39 дэх тал/,

7. мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.ийн өгсөн: “Би 2022 оны 8 дугаар сарын 17-ны өглөө 08 цаг 10 минутын орчим ажил дээрээ ирсэн тэр үед гар утасны цэнэг дууссан учир машин дотроо зорчигчийн урд талын суудал дээр цэнэглээтэй орхисон. Тэр талын цонх хагас хаалттай онгорхой байсан. Машин асаалттай байсан учир цоожлоогүй байсан. Би ажлын байр луугаа ороод 10 орчим минут болсон. Тэгээд гараад ирсэн чинь гар утас алга болсон байсан. Тухайн үед миний машины орчим зүс мэдэх Г.******* бөмбөг бариад явж байсан. Арай авчих байх гэж бодоогүй. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Тэр өдрөө миний гар утсыг олж өгсөн. Надад санал хүсэлт байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50 дахь тал/,

Хохирогч Б.ийн эзэмшлийн гар утсыг нууцаар, хууль бусаар авсан хэргийн хувьд:

1. хохирогч Б.ийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 187 дахь тал/,

2. Үүрэн телефоны “Юнител” ХХК-ий 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 50-01/7768 дугаартай албан бичиг /хх-ийн 98 дахь тал/,

3. “Хөрөнгө Эстимейт” ХХК-ий 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №01/61 дугаартай "... үнэлгээ 720.000 төгрөгөөр үнэлсэн...” үнэлгээний хураангуй тайлан /хх-ийн 103 дахь тал/,

4. мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.ийн өгсөн: “Би 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Багахангай дүүргийн баяр наадам болсон. Манай дүүргийн наадамд бүх аж ахуй нэгж байгууллага гэр барьж зочид төлөөлөгчдийг хүлээж авдаг. Энэ заншлын дагуу манай байгууллага 6 ханатай Монгол гэр барьж би үйлчилгээний ажилтан хийсэн. 15 цагийн үед гэрт хөл хөдөлгөөн ихтэй болж гэрийн зүүн урд хэсэг ширээн дээр би Самсунг А-52 маркийн гар утсаа тавьсан юм. Тэгээд нэг мэдсэн миний утас байхгүй болсон байсан. Гэрт хүмүүс өдөржин хүмүүс орж гарсан. Хэн авсан талаар мэдэх зүйл байхгүй. Би гар утсаа 2021 оны 9 сард “Сайн электроник” дэлгүүрээс 1.200.000 төгрөгөөр худалдаж авсан. Самсунг А-52 маркийн ягаан өнгийн үндсэн гадаргуутай, гадуур нь цайвар ногоон өнгийн силконон гэртэй ямар нэгэн сэв зураасгүй, , гэсэн эй-май кодтой 2 симтэй гар утас байгаа. Би гар утсаа гэрийн зүүн талын ширээн дээр орхисон гэдгээ сайн санаж байна. Г.******* манай байгууллагад байсан гэрт 3-4 удаа орж гарч айраг, архи уугаад дайлж, цайлуулаад халамцуу явж байсан. Гар утсыг хэн нэг нь гадаа гаргаж хаях боломжгүй” гэсэн мэдүүлэг/хх-ийн 120, 130 дахь талууд/,

5. мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.ийн өгсөн: “...Тухайн үед , нарын хамт ажиллаж байсан. гэрийн зүүн талын хэсэгт ширээн дээр гар утсаа тавиад байсан. нь дээл өмсөөд утсаа хийх хармаагүй гээд гар утсаа ширээн дээр тавиад байсан. Гэрт байж байхад 15 цагийн үед алга болчихлоо гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 136 дахь тал/,

6. мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.гийн өгсөн: “2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр манай эхнэрийн ах Г.*******тай уулзахад нэг гар утас барьчихсан “зарна” гэж байсан. Тэгээд би өөрийн эхнэр т 100.000 төгрөгийг бэлэн өгч худалдаж авч өгсөн. Самсунг маркийн цэнхэр-ягаан өнгийн ардаа 4 камертай ямар нэгэн хагарсан, цуурсан сэвгүй, шилэн наалт нь хагарсан гар утас байсан. 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс дугаарын Б. гэх саахалт айлын хүний дугаарыг гуйж хийж барьж байсан. Би Г.*******гаас 100,000 төгрөгөө нэхэмжлэхгүй" гэх мэдүүлэг/хх-ийн 106-107, 142 дахь талууд/,

7. мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.ийн өгсөн: “Би дугаарыг 2020 оны 3 дугаар сарын үед 3 дугаар ангид сурдаг охиндоо авч өгч байсан. 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр манай саахалт айлын Д. гэх хүн ... “эхнэрт бариулах гэсэн юм сим карт байна уу” гэхээр нь охиныхоо сим картыг түр хэрэглүүлэхээр өгсөн" гэсэн мэдүүлэг /хх-ийн 111-112 дахь талууд/,

8. мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Г.гийн өгсөн: “Дүүргийн Наадмын өдөр би Г.******* ахтай тоглоомын талбайгаас явж байгаад гэрүүдийн ардаас нэг цэнхэр өнгийн гар утас олсон. Тэр гар утсыг Г.******* ах авсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 133 дахь тал/,

9. гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 144- 145 дахь тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх   нотлох   баримтууд   нь   энэ   хэрэгт   хамааралтай,   хуульд   заасан   үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос   шүүхэд   шилжүүлсэн   хэргийн   хүрээнд   шүүгдэгчийн   гэм   буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн  үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.3.Эрх зүйн дүгнэлт.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Г.*******н  үйлдлүүд нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг тус бүр бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайлагдсан эд зүйлс болох Б.ийн эзэмшлийн Самсунг А-51 загварын гар утсыг 450.000 төгрөгөөр, Б.ийн эзэмшлийн Самсунг-52 загварын гар утсыг 720.000 төгрөгөөр тус тус үндэслэл бүхий үнэлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг нийт 1.170.000 төгрөгөөр тогтоосон бөгөөд энэ нь хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй хулгайлах гэмт хэргийн материаллаг шинжийг хангажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан.

Иймд шүүгдэгч Г.*******н дээрх үйлдлүүд нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байх тул түүнийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн тооцох нь зүйтэй.   

Шүүгдэгч Г.*******н үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Г.*******г үргэлжилсэн үйлдлээр “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.4. Хохирол, хор уршиг.

Хохирогч Б., Б. нарт эд зүйлийг биет байдлаар буцааж хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгч Г.******* энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар.

2.1. Талуудын санал, дүгнэлт.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх дүгнэлтийг гаргаж,   шүүгдэгчийн зүгээс хорих ялаар шийтгүүлбэл миний амьдралд их том хар толбо үүснэ. Цаашлаад хүүхдүүдтэй  ажиллах юм уу, сургуульд ажиллах гэхээр ийм газар яваад ирсэн гэвэл сөргөөр нөлөөлнө. Өнөөдөр би ийм байдалтай хурал дээр байгаа нь миний буруу, та бүхнээс уучлал гуйж байна. Хорихоос өөр ялаар итгээд шийтгүүлж өгнө үү гэсэн тайлбар, саналыг тус тус гаргав.

2.2. Эрүүгийн хариуцлага.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 59 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 58 дахь тал), эд хөрөнгө бүртгэлгүй талаарх лавлагаа (хх-ийн 85 дахь тал), сурагчийн хувийн хэрэг (хх-ийн 157-160 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Г.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг биет байдлаар нөхөн төлсөн зэргийг харгалзан 600 /зургаан зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.

Хэрэв шүүгдэгч нь 600 /зургаан зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг Г.*******д мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. ******* овогт *******ын *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тус хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д 600 /зургаан зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс биелүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг Г.*******д сануулсугай.

            5. Шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Г.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               П.БАЯСГАЛАН