| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамын Мягмаржав |
| Хэргийн индекс | 105/2019/1084/Э |
| Дугаар | 886 |
| Огноо | 2019-09-05 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 886
Б.Бт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Дэлгэрмаа,
шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Ч.Эрдэнэбат,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан:
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 1094 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1903004230240 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.
......................., 1988 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 5 шарын 1-17 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /....................../;
Б.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 07 цаг 20 минутын орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө “Хүнс хөдөө аж ахуйн яам”-ны урд замд “Тоёота Приус-30” маркийн 42-45 УБЦ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч У.Болормааг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ............................ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Быг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар Б.Бт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Баас нийт 9.845.182 төгрөгийг гаргуулж хохирогч У.Болормаад олгуулж, хохирогч У.Болормаа нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие зүйлчлэл болон гэм буруугийн тал дээр ямар нэгэн маргаан байхгүй. Харин надад оногдуулсан эрүүгийн хариуцлагын сонгох боломжтой хуулийн зохицуулалттай байна. Б.Б миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, мөрдөн байцаалтын шатанд болсон үйл явдлыг үнэн зөвөөр тогтвортой мэдүүлж ирсэн. Анхан шатны шүүхийн шатанд хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулах талаар хохирогчид хандаж байсан ба “Монгол Хьюндай” эмнэлгийн эмчилгээний үнэлгээг жишиг болгож 6 сая төгрөг төлөхөөр харилцан зөвшилцсөн боловч тухайн үед хохирогчийн байр суурь өөрчлөгдснөөс хохирлын мөнгийг шийдвэрлэж чадаагүй. Миний бие одоо байнгын тогтвортой ажил хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оноосон 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн гүйцэтгэх боломжгүй байна. Тус ял нь ойролцоогоор 5 сар хагасын турш ажиллахаар байгаа тул одоо эрхэлж буй ажлаас халагдах улмаар миний гэр бүлийн санхүүгийн нөхцөл байдалд хүндрэл үүсэх, улмаар ажилгүй болох хүндрэл үүсээд байна. Анхан шатны шүүх хуралдааны дараа хохирогч Болормаад 6.000.000 төгрөгийг төлж барагдуулж үлдсэн 3.845.182 төгрөгийг 2019 оны 12 дугаар сард төлж барагдуулахаар харилцан тохирч хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсан. Миний бие тогтвортой ажлын байранд ажиллаж байгаа, санхүүгийн тогтвортой эх үүсвэртэй болсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтэд тустай ажил хийлгэх” ялыг тус зүйлд заасан торгох ялын доод хэмжээгээр өөрчилж, миний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Ч.Эрдэнэбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэргийн зүйлчлэл болон хууль зүйн талаас гомдол санал байхгүй. Хохирогч 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд хандаж хүсэлт гаргасан байдаг. Үлдсэн 3.800.000 төгрөгөө авчихвал шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэхэд татгалзах зүйл байхгүй гэсэн байдаг. 6.000.000 төгрөгийг шүүгдэгч Б.Б хүнээс зээлж хохирогчид төлсөн байдаг. Үлдсэн хохирлыг төлөх шаардлагатай байгаа. Иймд шүүгдэгч Б.Бын гаргасан гомдлыг хангаж өгнө үү.” гэв.
Прокурор Б.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хурал болоход хохирол төлөгдөөгүй байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Б.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 07 цаг 20 минутын орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө “Хүнс хөдөө аж ахуйн яам”-ны урд замд “Тоёота Приус-30” маркийн 42-45 УБЦ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч У.Болормааг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
хохирогч У.Болормаагийн “...2019 оны 4 дүгээр сарын 22-ны өглөө 07 цаг 20 минутын үед Баянзүрх дүүргийн нутаг Хүнс хөдөө аж ахуйн яамны урд замд явган хүний гарцаар хойноос урагш чиглэлтэй 8 настай охин Гоомаралын хамт зам хөндлөн гарч явтал 1, 2 дугаар эгнээгээр явж байсан машинууд зогссон. Би цааш явж байтал 3 дугаар эгнээгээр “Тоёота Приус” маркийн автомашин орж ирээд миний зүүн гар талаар мөргөсөн. ...” /хх 20-21/,
гэрч Д.Нямсүрэнгийн “...2019 оны 4 дүгээр сарын 22-ны өглөө 07 цаг 20 минутын үед манай найз залуу Б.Б манай ахын эзэмшлийн “Тоёота Приус-30” маркийн 42-45 УБЦ улсын дугаартай автомашиныг жолоодоод би машин дотор зүйрмэглээд явж байтал машин тоормослоод нэг эмэгтэй хүн хашгирах чимээ гарахад сэрээд хартал Баянзүрх дүүргийн нутаг Хүнс хөдөө аж ахуйн яамны урд замд явган хүний гарцан дээр машинд мөргүүлсэн эмэгтэй уйлаад сууж байсан. ...” /хх 46/ гэх мэдүүлгүүд,
зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 2-4/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-6/, хохирлын баримтууд /хх 23-37/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5003 дугаартай дүгнэлт /хх 50/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.
Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Б.Быг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Б.Быг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган зорчигч У.Болормааг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхээс Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус зүйлд заасан торгох ялын доод хэмжээгээр өөрчилж өгнө үү.” гэсэн шүүгдэгч Б.Бын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан бөгөөд шүүх гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний хүсэл зоригт нийцүүлэх бус тухайн гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирол, хор уршиг, түүнээс үүсэх үр дагавар зэргийг харгалзан үзэхээс гадна шүүгдэгчийн хувийн байдал, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг сайтар тодруулсны эцэст Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биеэр эдэлснээр шүүгдэгч гэм буруугаа ухамсарлаж ойлгох, нийгэмших, цаашлаад дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 1094 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 1094 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ